ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, СУДЛААЧДАД МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОЛОО

2018-12-18  
IMG_7890
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал олгох тухай” зарлиг гаргаж, өнөөдөр 2018 оны шилдэг судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртээв.

2018 оны Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдаар:

  • Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам;
  • Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Б.Хонгорзул нар эрдэм, шинжилгээний ажлаараа шалгарлаа.
“ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, СУДЛААЧДАД ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

“Хүний биеийн олон эд эрхтний гажиг үүсэхэд оролцдог шинэ генүүдийг илрүүлэн баталж, энэ төрлийн хам шинжийн үүсэх молекул механизм, учир шалтгааныг тайлбарлах; удамшлын шалтгаант гажиг үүсгэдэг синдромуудын ген, мутаци, молекул механизм, нийлэгждэг уураг, тэдгээрийн харилцан үйлчлэлийг судалж, өвчин үүсэх механизм, түүний явцыг танин мэдэх, улмаар оношлох, эмчлэхэд ач холбогдол бүхий “Хүний генетикийн гажиг үүсгэгч зарим генүүдийн харилцан үйлчлэл” сэдэвт судалгааны бүтээл туурвисан Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам;

Хүмүүсийн өдөр тутмын мэдээлэл технологийн ашиглалтын явцад бий болж байгаа байршил болон цаг хугацааг агуулсан их хэмжээний өгөгдлүүдийн тусламжтайгаар нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, төрөл бүрийн эрсдэлийн үнэлгээ хийх, улмаар агаарын бохирдол, хот дахин төлөвлөлт, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг судалсан “Байршил болон цаг хугацааг агуулсан том хэмжээний өгөгдлийн мэдээллээс улс орны хэмжээнд хүмүүсийн үйл ажиллагаа, төлөв байдлыг онтологи болон статистикийн аргаар шинжлэн урьдчилан таамаглах нь” сэдэвт ажил гүйцэтгэсэн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа;

Өнчин тархины үүдэл эс нь E-Cadherin наалдагч уургийн тусламжтайгаар өөр хоорондоо мэдээлэл дамжуулагч Notch signal-г идэвхжүүлдэг, энэ нь өнчин тархины үүдэл эсийн олшролыг зохицуулдаг болохыг тогтоож; өнчин тархины үүдэл эсүүд бусад эрхтэн тогтолцооны зарчимтай адилгүйгээр өөр хоорондоо мэдээлэл дамжуулан, өөрсдийн үйл ажиллагаа, үүдэл эсийн олшрол, хуваагдлыг зохицуулдаг болохыг баталсан “Үүдэл эс ба түүний үүр” сэдэвт судалгааны ажил хийсэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Батчулууны Хонгорзул нарт Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2018 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?