Үсчин Түмэн бүх хүнд ижил тэгш хандана. Сайн ч засна. Үнэ хөлс нь ч боломжийн. Хотын төвд жижигхэн байр түрээсэлдэг. Олны хөлийн газар учир үйлчлүүлэгч үл тасарна. Тэр шинэ жил болох гэж буй учир орлого сайтай байлаа. Түрээсээ урьдчилаад төлчихсөн. Тэгтэл үсээ засуулахаар дэргэдэх цэцгийн дэлгүүрийн худалдагч орж ирэв. Үсийг нь гараа гарган сайхан засаж өглөө. Цэцгийн худалдагч мөнгө өгтөл, -Ах нь энэ долоо хоногийг дуустал иргэд олондоо үнэ төлбөргүй үйлчилнэ. Хангалттай орлого олсон гэж үсчин хэлээд төлбөрийг авахаас татгалзав. Цэцгийн худалдагч гайхан харснаа, -Баярлалаа гэж хэлээд дэлгүүр лүүгээ явлаа. Маргааш өглөө нь үсчин ажилдаа иртэл сагс дүүрэн сарнай цэцгийн баглаа, талархлын зурвас түүнийг тосов. Тэрбээр сэтгэл өндөр ажилдаа оров.
Дараа удаа үсчний газрын ойролцоох амтат боовны дэлгүүрийн худалдагч үсээ засууллаа. Мөн л төлбөрөө хийхээр гараа халаас руугаа явуулахыг харсан үсчин,- Хэрэггүй ээ, төлбөр тооцоо хийгээд хэрэггүй. Энэ долоо хоногийг дуустал өөрийн орчин тойрны иргэддээ үнэ төлбөргүй үйлчилж буй гэдгээ мөн л хэллээ. Худалдагч баярлаад гарч одов. Маргааш өглөө нь ажилдаа иртэл хамар сэнгэнэм сайхан үнэр ханхлуулсан, шинэхэн, халуунаараа, төрөл бүрийн амтат боовыг талархлын зурвасын хамт худалдагч мөн илгээсэн байлаа.
Харин энэ удаа тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүн шинэ жилдээ орох боллоо гээд үсээ засуулав. Ойр зуурыг бас үсчинтэй хөөрнө. Гишүүн ч чуулган хуралдахаа больсон тул зав зай ихтэй байгаагаа хуучилж, иргэдийн санал бодлыг тэрүүхэндээ тандаж байлаа. Үсээ засуулж дуусаад алтан картаар төлбөр тооцоогоо хийхээр сунгатал, -Гишүүн ээ, тойргийнхоо иргэдэд энэ долоо хоногийг дуустал үнэ төлбөргүй үйлчилж буй. Төлбөр төлөх шаардлагагүй гэж хэлбэл, -Нүд нь сэргэж, - Долоо хоног дуусахад хоёрхон хоног үлджээ дээ гэж лавласнаа, -Баярлалаа хэмээн ухасхийн одлоо. Маргааш үсчин ажилдаа иртэл үүдэнд нь хүмүүс бөөгнөрчээ. Өөр хоорондоо дарааллаа булаацалдан маргалдаж, зарим нь найр тавин тал засаж байх нь тэр. Гэтэл тойргоос нь УИХ-д сонгогдсон, үлдсэн 2 гишүүн, НИТХ-д сонгогдсон 4 төлөөлөгч, дүүргийн ИТХ-ын 3 төлөөлөгч, нийслэлийн Засаг дарга, орлогчтойгоо, дүүргийн засаг дарга орлогч, туслах, зөвлөхүүдтэйгээ, дээр нь тэдний эхнэр хүүхэд, хадам аав, ээжийгээ дагуулан ирсэн байлаа.
Ийм олон үйлчлүүлэгч тэднийхээр үйлчлүүлэхээр ирж байсныг үсчин амьдралдаа үзсэнгүй. Үсчин тэд бүхний үсийг үнэгүй засах болсоноо ухамсарлаж үүдээ нээлээ. Буруу хүнд гар сунгаж, тусалжээ. Сэтгэл нь хөндүүрлэх гэгчийг анх удаагаа мэдрэв. Улс төрчид энгийн нэгнээс өөр хүмүүс гэдгийг ухамсарлав. Тэр хайчаа аван, эрхмүүдийн тэргүүнд гар хүрч эхэллээ.
Ц.ЭНХБАТ ( Сэдэвлэн бичив)