Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Шинэ жил эргүүл хяналт нэгдсэн арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгэж байх явцад бүлэглэж хулгай хийдэг 12 настай 4 хүүхдийг илрүүлж, тус цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж байна. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг интернет тоглоомын газруудаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн гадуур хувцасны халааснаас гар утас, бэлэн мөнгө, түрийвч зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар хулгайлан авч, Тэди төв, ТҮЦ зэрэг газруудаар хямд зарж, PC тоглодог бөгөөд одоогоор 7 үйлдэл нь тогтоогдон шалгагдаж байна. Цаашид энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулж байна. /жич: БЗД-ийн Хаан PС, Багшийн дээдийн Чампионс РС, Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр байрлах Х MAJOR, Ботаникийн эцсийн буудалд байрлах давхрын PС нэртэй тоглоомын газруудад эд зүйлсээ алдсан иргэд БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандана уу.