Хүн төрөлхтөн нэг л цэнхэр гаригтай билээ. Тиймээс энэ гаригаа ирээдүйн эздэд “ЦЭВЭР, ЭРҮҮЛ” үлдээх нь бидний үүрэг юм. Олон улс орнууд дэлхийг хамгийн ихээр бохирдуулж байгаа пластик болон нэг удаагийн хэрэглээнээс шил дараалан татгалзсаар байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 80 гаруй орон гялгар уут, хуванцрыг тодорхой байдлаар хориглосон бөгөөд манай улсын засгийн газарч энэ оны 3-р сарын 1-ний өдөр хорих тухай шийдвэр гаргасан.
Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр идэвхийлэн зүтгэж байгаа сэтгүүлч М.Бүжинлхамын эхлүүлсэн “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” улам л эрчээ авч олон нийтэд хуванцар, гялгар уутны хор хөнөөлийг таниулсаар байна. Тухайлбал тус хөдөлгөөн өнгөрсөн намар нийслэлийн 97-р сургуулийн 3000 сурагчид “Гялгар уут хуванцрын хор нөлөө, ангилалтын ач тус” хичээлээ заасан бөгөөд сурагчдаар дамжуулан 3000 аав ээж, ах дүү нарт нөлөөлж чаджээ. Энэ ажлыг биежин хэрэгжүүлэхэд БЗД-ийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс дэмжсэн байна.
Сургалтын дараа 97-р сургуулийн 3000 сурагч 100 гаруй кг гялгар ут, хуванцар цуглуулж дахиварын цэгт тушаасан бөгөөд аль хэдийнээ хог ангилах дадалтай болжээ. Энэ л үр дүн юм. Хүний дадал хандлага нэг л өдөр өөрчлөгддөггүй учраас Монгол улсынхаа ирээдүйн эздийг өнөөдрөөс бэлдэх нь Сайхан ирээдүйн гол суурь болох юм.Монгол хүүхдүүд багаасаа хогоо ойлгодог, байгаль дэлхийгээ хайрлах ухаанд суралцвал тэдний үед бүх зүйл өөр болох нь гарцаагүй.
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа