"УРВУУЛАГЧ" ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН ӨНГӨ

2019-01-07  

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатарын “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн өнгө, онцлогийн талаарх ярилцлагыг хүргэж байна .

- Гахай жил ямар онцлогтой жил вэ?

- 2019 оны жилийн хувьд ард иргэдийн амьдрал ахуй дээшилсэн жил гарч байна. Мөн газрын шим өгөөж дэлгэрсэн жил болох нь. Үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац арвин, хүнсний хангамж сайжирна.

- "Урвуулагч" нэрийн утгыг тайлбарлаж өгнө үү?

- "Урвуулагч " хэмээх жаран жилд оноосон ёгт нэрийн нэг. "Шар тос дотроос өтдөг" гэдэг ардын үг байдаг. Магадгүй монгол төрийн үйл ажиллагаа зөв чиг замдаа орохын үүд нээгдэж, ард иргэдийн амьдрал ахуй дээшилсэн сайхан жил гарч байгаа гэж ойлговол зохилтой юм.

- “Шороон үхэр”-ийн зурлагыг тухайн жилийн өнгийг тодорхойлогч хэмээн авч үзэх нь түгээмэл байдаг. Энэ жилийн "Шороон үхэр"-ийн зургаар жилийн өнгө ямар харагдаж байгаа вэ?

- Ер нь гарч байгаа шинэ оныг шинждэг олон зурлага байдаг. Монголчууд бид "Шороон үхэр”-ийн зурлагыг голчлон шинждэг уламжлалттай. Энэ жилийн хувьд,

Үхэр нь: 

Шороон үхрийн толгой нь шар, бие, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр, омруу, туурай, өвчүү нь цагаан, ходоод нь ногоон, ногт нь цагаан, цулбуур нь шар, амаа хамхиад, сүүлээ баруун тийш нь шарвасан байна.

Үхэр хариулаач нь: Царай нь цагаан, малгайгаа баруун гартаа барьсан, дээл нь улаан, бүс нь хөх, гэзэг үсээ чихнийхээ урдуур унжуулж боосон, зүүн хөлдөө цагаан гутал өмссөн, баруун гутлаа зүүн талынхаа бүсэнд хавчуулсан, олсоор томсон бургасан хөх шилбүүр барьсан, хүч чадал бага өвгөн хүмүүн, үхрийнхээ зүүн талд тайвнаар алхаж явна" гэж дүрслэгдэв.

Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал:​ Өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) сайн, залууст (дунд суудалтан) дунд, нялхаст (түмэн олон) муу ажээ. Их хүмүүн амгалан сайн, ард иргэдийн амьдрал улам доройтох. Төрийн хууль цаазын хэрэгжилт чангарах, хулгай дээрэм элбэгших.

Уушги, бүдүүн гэдэс, амьсгалын замын өвчин, зарим газарт хавдар, боом, хүйтэн, лусын, бадган чанарын өвчин гарах.

Жилийн эхээр салхи, цасан шамаргатай. Гуу, суваг, тал, нам доор газар, жилийн сүүлчийн улиралд хяруу,цас элбэг. Зун, намар, дунд саруудад хур бороо, мөндөр, цас элбэг буух.Газрын шим арвижин үр тариа, төмс, нарийн ногоо, цэцэг навч, үр жимс боловсрон ургац арвин. Хүнд сайн, малд муу.

- Шинэ жилийнхээ заслыг хэзээ хийлгэвэл тохиромжтой вэ. Шинийн 15-нд багтаж хийлгэх ёстой гээд сүм хийдүүд дээр дараалал их үүсдэг. Заавал энэ хугацаанд багтаж заслаа хийлгэх ёстой юу?

- Монгол тооллын шинэ он гарч байна. Гарч байгаа жилдээ сайн сайхан байхын тухайд аливаа цээрийг арилгаж засал ном хийлгэдэг уламжлалтай. Шинийн нэгэндээ зүг мөрөө зөв гаргах нь чухал. Дараа нь жилийн засал номоо хийлгэ. Шинийн 15 дотроо айл гэрийнхээ жилийн ноён нурууг даатгаж Монголчууд бидний олон зуун жил шүтэж дээдэлж ирсэн ариун нандин бурхан шүтээн оршин буй Гандан хийдүүдэд очоод  их хөлгөн судрууд болох Алтан ганжуур, Сундуй, Жадамба, Алтангэрэл, Улаан юм, Цэвэгмэдийн чого, Мандал өргүүлэх хэрэгтэй.  Шинийн 15 дотроо жилийн засал ном хийлгэвэл сайн, эс амжвал дараа нь хийлгэж болно.

- Ирж буй гахай жилд тусгайлан засалтай ямар ямар жилтнүүд байгаа вэ?

- Жил орогсод /гахай жилтэй хүмүүс/:

“1947, 2007” онд төрсөн  бол 13, 73-ны жил нь “хүү” махбодтой бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.
1935, 1995” онд төрсөн  бол 25, 85-ны жил нь “нөхөр” махбодтой бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий тавиул.
“1923, 1983” онд төрсөн  бол 37, 97-ны жил нь “дайсан” махбодтой бөгөөд эдийн гарлага тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог хуруулж, Лусад балин өргө.
“1971” онд төрсөн  бол 49-ний жил нь “эх” махбодтой  бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг айлдуул.
“1959” онд төрсөн  бол 61-ний жил нь “өөрийн төрсөн жилтэй адил” махбодтой бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Бум цац “талби”, “Цэдэв-Насан бүтээл” үйлдвээс сайн.

“Жил орсон” хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засаж сэрэмжил. Эм хүнийх “үдэж дагадаг” тул орсны дараа ч засал хийлгэ.

“Жилээ угтаж ордог 4 жил”-бар, могой, бич, гахай: “жилээ барьж ордог 4 жил”-хулгана, туулай, морь, тахиа: “жилээ дагаж ордог 4 жил”-үхэр, луу, хонь, нохой болой.

Могой жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад. Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, замд явбал Далх тахь.

Бич, бар жилтнүүд “шишид” буюу “бага харш” буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, Амин золиг гаргуул.

Туулай, хонь жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.

Нохой жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм буй. Маналын чого, Сахиусаа тахь.

Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.

Мэнгэ нь голлосон жилүүд: 1920, 1929, 1938, 1947, 1956, 1965, 1974, 1983, 1992, 2001, 2010, 2019 онд төрөгсөд Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуулна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?