АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Б.ЛХАГВАСҮРЭН ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

2019-02-05  

 

БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН
(1945 – 2019)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн хүнд өвчнөөр 2О19 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр насан эцэслэж, манай уран зохиол, соёл, урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсонд гэр бүл, үр хүүхдүүд, ач гуч, ах дүү төрөл төрөгсдөд нийт зохиолчдынхоо өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Монголын ард түмний бишрэлийг төрүүлсэн их найрагч Б. Лхагвасүрэн 1945 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт төржээ. 1963 онд Худалдааны техникум төгсөж, 1973 онд Москвагийн кино урлагийн дээд сургуульд суралцаж байжээ. 1963 оноос Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч 1968 оноос МЗЭ-ийн дэргэдэх үлгэрийн танхимд жүжигчин, “Утга зохиол” сонинд зураач, Монголын радиод редактор, Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор ажиллаж байлаа. 199О-1992 онуудад МЗЭ-ийн даргаар ажиллаж, зах зээлд шилжсэн нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн цоо шинэ нөхцөлд зохиолчдын байгууллагыг удирдаж, чөлөөт сэтгэлгээ олон урсгалт уран зохиолыг хөгжүүлэх талаар идэвх санаачилгыг гарган хөдөлмөрлөж байсан юм. Б.Лхагвасүрэн 1992-1995 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдон урлаг, соёлын хуулиудыг санаачилсан төрийн зүтгэлтэн юм. 1992 онд АНУ-ын Аризон мужийн Дэлхийн Их сургуулийн соёлын доктор цол хүртжээ. 

1993 онд “Уянгын тойрог” “Цагаан тэнхлэг” номоороо Төрийн шагнал, 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2ОО3 онд Ардын уран зохиолч, 2О17 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ. Б.Лхагвасүрэн “Уянгын тойрог” “Цагаан тэнхлэг” тойрог номоороо шинэ үеийн яруу найрагт ур чадврын гайхамшгийг харуулсан давтагдашгүй содон өвөрмөц урлах арга барил, хэлбэр агуулга, урлагийн гоо сайхны философи сэтгэлгээний шинэчлэлт хийж түүнийг уншигч түмний бахархал, хайр хүндэтгэл төрүүлсэн ард түмний бишрэлт хайртай яруу найрагч болгосон юм.”Ангир уураг”, “Хос уянга-, “Гашуун өвс” “Сул асгарсан сувд” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Алтан нөж”, “Үгүйлэгдсэн хайр” “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон урансайхны кино зохиолуудыг туурвиж, олны зүрх сэтгэлд мөнхөрсөн нийтийн дууны шилдэг шүлгүүдийг туурвижээ.

Бавуугийн Лхагвасүрэн яруу найрагч зохиолчийн бие хүнийхээ хувьд эх орон, ард олондоо туйлын хайртай галтай эх оронч, нийгмийн шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй үнэнч шударга байж, хурц мэргэн, бодомжтой гүн сэтгэлгээний үгээрээ үе үеийг ухааруулж ирсэн оюун санааны манлайлагч байсныг буян хишгээ үлдээж, буцаж ирэхээргүй аяндаа мордсон өдөр бахархан дурсаж байна.

Зохиолч бидний хайртай анд нөхөр, хурц цэцэн, оюун санааны эх ундарга болсон сүр жавхаалаг уран үгийг эзэгнэгч, монгол үндэстний хэмжээний гэгээ татуулсан их найрагчийн омголон бадрангуй гэгээн дүр төрх, нөхөрсөг халуун сэтгэл, шинэ санааны эзэгнэл бүхий яруу дуулаач,
төр нийгэм соёлын гарамгай зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн таны үлдээсэн бүхэн монголчуудын сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болноо.

Ум сайн амгалан болтугай.

 

 

МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
МЗЭ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?