“САРАНД ДУРЛАСАН БҮСГҮЙ”-ТЭЙ ТАНИЛЦ

2019-02-12  
nyamaa
Тун удахгүй буюу хоёрдугаар сарын 13-нд ийм нэгэн шинэ бүтээлтэй та бид танилцах гэж байна. Ж.Нямаагийн анхны уран бүтээл, энэхүү номын нээлт хоёрдугаар сарын 13-нд Интерном номын их дэлгүүрт болно. Ингээд шинэ номын талаар илүүц нуршихаас түдгэлзэн, номын өмнөтгөл үгийг хүргэж байна. “Сарны бүсгүй”-тэй саатан танилцаарай.

САРАНД ДУРЛАСАН БҮСГҮЙ

Ээвэр толгод хөрсөнд тань эрдэмт их өвгөд нойрсдгийг

Энгүй арвин элснээс тань зөөлөн цагаан чихэр ургадгийг

Эхийн сэтгэл лүгээ адил таныхаа хайранд зон олон минь амирладгийг

“Ээ, миний амирлангуй говь нутаг минь ээ…” гэж уулга алдан шүлэглэсэн бүсгүй бол залуу яруу найрагч Жамбалын Нямаа юм. Тэрбээр хотын ганган бүсгүй…

Ийм бүсгүйгээс хөдөөгийн, тэр дундаа говийн тухай шүлэг ундарсан нь гайхалтай. Гэсэн ч түүнд төрөлхийн өгөгдөл бий ажээ. Ж.Нямаа хөдөө нутагт ишиг хурга эргүүлж, ботго тором сөөглөж, тугал бяруу сүүлдэж өссөн охин юмсанж. Чухамдаа хөдөөгийн сайхныг хар нялхаасаа мэдэрч өссөн хүнээс л ховор нандин үгс урсан гардаг. Манай нэр цуутай яруу найрагч, зохиолчид хөдөө нутгаас төрж гарсан байдгийн учир ч ийм билээ.

Ж.Нямаа бүсгүйд хөдөө нутагт төрж өссөн нэгэн амин чухал зүйл байна. Тэр нь эрчимлэг сайхан монгол хэлний ид шид юм. Энэ сайхан хэлний баялагтай авьяас онгод нэгдэн сүлэлдэж гэмээнэ яруу найрагч төрдөг.

Ж.Нямаа найраг шүлгийн онгодоор жигүүрлэхийн зэрэгцээ үргэлжилсэн үгээр авъяас билгээ сорьж хэд хэдэн богино өгүүллэг бичжээ. Тэрээр  Монголын утга зохиолын уужим дэлгэр талбарт ийн хос морьтой давхин орж ирснээ анхныхаа номоор илтгэж байна. Түүний энэхүү номдоо түүвэрлэж оруулсан “Аавын урласан сувдан даруулга”, “Нар тоссон харц”,“Ханьмаа”, “Хэлмэгдсэн хайрын үнэр”, “Хатанзаяа” зэрэг өгүүллэгүүдэд олон сайхан санаа, тэр тусмаа хүмүүн байхын утга учрыг нээсэн гүн агуулга шингээстэй ажээ.

Номын шүлгүүд бүсгүй хүний, ээж хүний, гэргийн, охин үрийн, итгэлт найзын, эх оронч иргэний сэтгэлээр урлагдсан байх агаад “Амин үнэр”, “Эр нөхрөө эрхлүүл”, “Хүнлэг цэцэгс”, “Их газрын чулуу”, “Саранд дурласан бүсгүй” зэрэг түүний бүх шүлгээс нь “элсэн цагийн түмэн ширхгүүд шиг… урсаад л өнгөрөх амьдралд” “хүн ширхгүүд” болж төрсөн бид “дэлхийн амьсгалаас бүрддэг гадаад цагийн хүрд”-ийг “хүний сэтгэлээс ургадаг дотоод цагийн хүрдтэй”-гээ шүтэлцүүлж чадваас “амьдрал гэдэг оршихуйн дээд ухаан” болохыг сэрж мэдрэх ажгуу.

Ж.Нямаа Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрж өсчээ. Говь хээрийн бүсэд багтдаг энэ сайхан нутагт мөнөөх алдарт Их газрын чулуу, Ярхийн уул зэрэг үзэсгэлэнт газрууд байдаг. Газар, тэнгэр хоёрыг холбосон захгүй цэнхэр далай цэлэлзэн мэлтийх зэрэглээт мандал дундаас их цэрэг довтлон ирж яваа мэт шовх шовх оргилууд босон суун өндөлзөн бүжих нь энэ насандаа харж мэдрэх нэгэн гайхамшиг. Энэ бол Их газрын чулуу бөгөөд баруун талаас нь хөлөг онгоцны хитэг өндийн гарч ирэх шиг болдог говийн эгэл жижигхэн уул бол эртний соёлыг нэвт шингээсэн Ярх уул. Зүс ихэрлэж, өнгө нийлсэн зүүрмэг бор толгодтой, туулж барамгүй энэ их газрыг дуулж л бармаар, чухам уртын дуу ингэж л төрдөг болов уу гэмээр буман өнгөөр бие биедээ уусч шингэсэн зэсэн улаан толгод бүхий энэ сайхан нутагт төрж өссөн Нямаа бүсгүйгээс говийн тухай шүлэг ундрахгүй бол өөр хэнээс ундрах билээ. Их газрын чулууныхаа тухай тэр бас шүлэглэжээ. Элбэг баян байгаль эхээс заяасан “Их газрын чулуу”-г найрагч бүсгүй маань “Чулуун цэцэрлэг” гэж онцолжээ.

Уудам сайхан орондоо хүчирхэг цуурай түгээдэг

Улам улам дээшээ тэмүүлсэн газар дээрх солонгон чулуу

Дэлхийд цуурайтах уртын дуугаа түрэн түрэн шуранхайлдаг

Дэндүү гайхамшигт байгалийн тайз чулуу… гэх мэтээр шүлэглэжээ. Үнэхээр л энэ сайхан хайрхан бийрээр татсан юм шиг тэнгэрийн цэнхэр өнгөн дундаас бичиг дүрс мэт дээш доош цоройсон хадан уулсын ноёлог шовх оргилууд хөлгүй усан зэрэглээн дотроос даллан угтах шиг л агаарт өндөлзөн цоролзоно.

Ай… Монголын цэлийсэн их тал нутаг. Ижилхэн дов толгод өртөөлөн ярайсан, ингэн буйлаагаар чимсэн даруухан говь нутаг. Ийм л хөрс шороон дээр өсч торнисон Нямаа бүсгүй “Их газрын чулуу”-гаа магтан дуулж, үүлт тэнгэрийн доорх газрын диваажин намхан бор толгодынхоо налж намирсан салхинд бүүвэйлэгдэж, саранд дурлах нь аргагүй ч юм уу даа.

Говийн хэцээс арван тавны сар өнгийхөд

Горхины чимээ шиг нандин хайр уянгаллаа

Гоёхон ертөнцийн бүтэн сарны туяанд

Говь нутагтаа зүрх минь уягдаж сэтгэл хайллаа… хэмээн “Саранд дурласан бүсгүй” шүлэгтээ өгүүлжээ. Үдшийн тэнгэрт ододтойгоо ханьсах ихэмсэг саранд дурласан хүн бол Нямаа бүсгүй өөрөө. “Саранд дурлах” гэдэг энэ дүрслэл яруу найргийн ертөнцөд, тэр тусмаа дорнын утга зохиолд ихэд онцгой байр эзэлдэг. Саранд дурлаад шүлэг тэрлэж явсан эрэгтэй найрагчийн хамгийн тод жишээ бол Хятадын суу билэгт яруу найрагч Ли Бай юм. Харин Ж.Нямаа эмэгтэй хүн, гоо үзэсгэлэнгийн тэнгэр бүсгүй хүний төлөөлөл болж,

Үдшийн тэнгэрт ододтойгоо ханьсах ихэмсэг саранд би дурлалаа

Үүрдийн биш ахархан амьдралд өөртөө би дурлалаа

Үргэлжид намайг гэх бүл нэгтэндээ дахин дурлалаа

Үе үеийн тэнгэрлиг найзууддаа омогшиж би дурлалаа

Үнэндээ энэ дүүрэн саран дурлалын уянга юм аа

Үгээр хэлшгүй тийм хүчтэй яруухан туяа юм аа

Үдшийн бүрийгээс үүрийн туяаг холбох ухаарлын аялал юм аа

Үргэж наадах шувуухайнд сүр нэмэх шөнийн гэгээ юм аа… хэмээн найраг шүлгээ хэлхэн дуулжээ.

Залуу насны хөг уянга ийм л байдаг. Цаашдаа түүний шүлэг улам хэрсүү болж, уянгын халилаас утгын гүн рүү нэвтэрч энэхэн хорвоог ярууслаар дүүргэх биз ээ. Цэл залуухан найрагч бүсгүйг уран бүтээлийн дардан гэрэлт ирээдүй хүлээжбуй.

“Онгодын сав нь бялхаж, оюуны тэнгэр нь цэлмэг байх болтугай” хэмээх үгэн цацлаар Ж.Нямаагийнхаа анхны номд нь мялаалга өргөе! Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

 

 

Б.ОЙДОВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?