"Комментатор" нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат Монголын эдийн засаг, Танхимын асуудлаар МХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн Хасын гэх тодотголтой эдийн засагч Ч. Ганхуягтай ярилцлаа.
-Та сайхан хаваржиж байна уу? Маш их ачаалалтай ажиллаж байх шиг анзаарагдана.
-Сайхан хаваржиж байна. Та өнөтэй сайхан өвөлжиж, сайхан хаваржиж байна уу? Зүгээр сууж чадахгүй, завгүй гүйж, юм юм руу давхиж ороод, өөрийгөө ороогоод байх юм даа. Та хэдийгээ ч их зовоох юм.
- Манай Монголын нийгэмд болохгүй, бүтэхгүй зүйл их байна. Олон салбарт хамааралтай. Түүнийг өөрчлөе, өөд нь татья, болохгүй зүйлийг нь шинэчлэе гэсэн зөв эерэг, тан шиг ижил бодолтой хүмүүс байна. Монголын бизнесийн дээвэр байгууллага болох Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 20 дугаар Их Хурал болно. Бизнесийн салбар бол Монголын нийгмийн нэг том салбарын нэг. Хөгжлийн гол хөдөлгөгч хүч тэнд төвлөрдөг.
- Албан ёсоор 3500 компанийг нэгтгэдэг. Түүнээс татвараа тогтмол төлдөг, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог 900 орчим компани бий. Гэхдээ тус байгууллагын гишүүн байсан ч, байгаагүй ч,Танхимын үүрэг бол нийт баялаг бүтээгч, татвар төлөгч, бизнес эрхлэгч, ажил олгогч энэ газруудыг төлөөлөх ёстой. Баялаг бүтээгч нар гэж нэршээд буй 170 гаруй мянган компани улсын бүртгэлд бүртгэлтэй байдгаас тэн хагас нь буюу 70, 80 гаруй мянга нь үйл ажиллагаагаа эрхэлж буй тооцоо бий. Тэдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж, татвараа төлдөг 30-40 мянган компани байдаг. Энэ бүхэн нь нэг талдаа тоон статистик боловч, нөгөө талдаа өнөөгийн нийгмийн мөн чанар, дүр төрхийг бодитойгоор илэрхийлж байна. Сангийн сайд 10 их наядын төсөв оруулж ирээд 11 -12 их наядын зарлагатай төсөв батлуулсан. Төсөв нь 3-4 хувийн алдагдалтай. Гэхдээ энэ тооноос нэг зүйлийг анзаарвал, төсөв бүрдүүлж буй 10 их наяд гэдэг бол асар их хэмжээний мөнгө. Түүнийг баялаг бүтээгч нар л хөдөлмөрийнхөө үр дүнд бий болгосон. Тэр бүрдүүлсэн төсвийн мөнгийг Монгол улс хөгжилдөө, дэд бүтэцдээ, боловсрол соёл урлагтаа, эрүүл мэндийн салбартаа зарцуулж буй. Улсынхаа эдийн засгийн энэ их хүнд ачааг нуруундаа үүрч, дааж чаддаг энэхүү бизнесийн салбарын оройн манлай нь болсон Танхимаа сайн ажиллуулж чадахгүй байна. Амандаа ус залгичихсан юм шиг бизнес эрхлэгчид дуугаа хураажээ. Аквариумын загас шиг нүд нь л бүлтгэнээд, улс төрчдийн өгсөн үртэсээр хооллож байна. Тун өрөвдөлтэй дүр зурагтай.
- Манай Control.mn сайтын уриа ч бас ижил. Аквариумын алтан загас шиг дуугүй байснаас, намгийн ногоон мэлхий шиг чөлөөтэй гуаглах нь дээр гэсэн уриан дор бид ажилладаг.
- Гахайн ферм гэж зохиол бий. Популизмын, улс төрчдийн гахайнууд фермийн эздийг хөөж явуулаад, өөрсдөө бүхэл бүтэн фермд эзэн суусан тийм түүхийг уг зохиолд өгүүлдэг. "Гахайн ферм" зохиолын үйл явдал, Монголын нийгэмд яг өнөөдөр өрнөж байна. Бид хүлцэнгүй хонь шиг, номхон, ноолуулсан морь шиг болжээ. Гахайнууд зүсэн бүрээр дүрээ хувиргаж, эзэн суужээ. Халтар ноорхой хувцас ч өмсөж, ард түмэнд таалагдах гэж талбай дээр гарч, жагсаал цуглаанд иргэдийг турхирч, жагсагчдад мөнгө төлж, хүссэн, санасан бодлогын өөрчлөлтийг хийж, тулгаж байна. Гэтэл бизнес эрхлэгч бид шударгаар татвараа төлдөг атлаа нийгмийн "зохиолыг" захиалж чаддаггүй нь гунигтай. Уул нь бизнесийн холбоодууд, бизнесийн өмгөөллийн байгууллагуудын тархай бутархай байдлыг танхим нэгтгэж, манлайлж, нэгдсэн зохион байгуулалттайгаар төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, улмаар хамтарч, энэ өсч өндийж байгаа эдийн засгаа улам эрчтэй хөгжүүлэх , өрсөлдөх чадвар, бүтээмж, инновацийг ярьдаг, технологийг нэвтрүүлдэг, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болгох ажлыг зохион байгуулдаг, зэргэлдээх 2 хөрш улстайгаа холбогдож, төр засгийн хооронд хэлэлцсэн, экспортод учирч байгаа асуудлуудыг шийддэг байх хэрэгтэй. Бизнес эрхлэгчидтэй уулзаж явахад тулгамдсан олон асуудал ярьдаг. Амьдрал дээр цагаан захтан дарга нар бөөн саад тотгор учруулдаг. Энэ олон саад тотгорыг арилгахын төлөө ханцуйгаа шамлаад орьё. Хэлд ч, хөлд ч орьё, гараа хөдөлгөж, тархи толгойгоо ажиллуулья. Энэ бүхний төлөө та бүхний тугчин чинь больё, тугийг чинь бариад урд чинь алхая, цагаан хоолой чинь больё. Та нар уураг тархи минь бай. Тэр болохгүй, бүтэхгүй асуудлуудаа надаар дамжуулаад, миний дуу хоолойгоор нэгтгэж, танхимын дээвэр дор бултаараа нэгдэж байгаад шийдээд явъя гэдэг саналыг дэвшүүлж байна.


- Аливаа байгууллагын үйл ажиллагаа удирдагчтай холбоотой. Танхимын үйл ажиллагаа үр нөлөө багатай, өөрийн орон зайгаа бусдад алдсан байдалтай үлбэгэр сулбагар явж байна уу гэж харагддаг. Бизнесийг хөгжүүлэх, бизнесийн байгууллагыг төлөвшүүлэх, шинэ бизнесийг бойжуулах, дундыг нь өсгөх , бизнес хөгжих хууль эрх зүйн орчинг сайжруулах ёстой гэж бодно. Энэ бүхэн дээр их дутуу ажиллаад байгаа гэж хараад байгаа юм. Нэг л дутуу ...
- Танхимд хийх үндсэн хоёр л ажил бол бий. Нэг нь сурталчилах, нөгөөх нь өмгөөлөх. Энэ хоёр дээр танхим олигтой, дорвитой хөдлөхгүй байгаа. Өөрчлөе, шинэчлэе. Хариуцлагын тогтолцоог, ил тод, зөв засаглалын, олон улсын жишигт нийцсэн тэр тогтолцоог бүрдүүлье гэж зорьж буй. Гишүүддээ үзүүлэх үйлчилгээ, гишүүдийн дуу хоолойг сонсох тэр сувгуудыг чөлөөлж, бөглөөсийг нь арилгая. Нээлттэй хаалганы бодлого явуулья. Ил тод байдлаар санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлангаа тавьдаг болгоё. Зөвхөн гишүүдэд бус, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдэд ч тайлагнадаг болохыг зорилгоо болгож байна.
Яагаад гэвэл МХАҮТ-ын санхүүгийн тайланг сайтаас нь олж харж чадсангүй. Тэр мөнгө нь хаана хадгалагдаж, яаж зарцуулагддаг юм, төсөв нь юу байдаг юм гэдгийг ил тодоор мэдэх боломж алга. Танхимын жилийн орлого 4 тэрбум юм байна. 7 орчим тэрбум төгрөгийг өмнөх танхимын дарга Дэмбэрэл өвлүүлсэн нь бий. Санхүүгийн үйл ажиллагааг олон нийтийн, төрийн бус байгууллагын, Монгол улсын хуулинд нийцүүлээд нээлттэй ил тодоор, шилэн тунгалаг байдлаар явуулах учиртай. Бид төр засгийг шилэн бай гэж шаарддаг. Гэтэл гишүүнчлэлтэй олон нийтийн байгууллага нь хаалттай байж болохгүй гэсэн үндсэн санааг дэвшүүлж буй. Энэ санааг минь бизнес эрхлэгчид эрүүл саруул ухаанаар ойлгож, дэмжинэ гэж найдаж байна.
- Яаж ч санасан, Танхим бол маш дэвшилтэт байгууллага байх ёстой.
- Танхим бол өөрөө оройлж, манлайлж явах ёстой байгууллага. Тэгтэл өнөөдөр төрөөсөө хоцорчихсон. Төр нь цахимд шилжчихээд байхад нийгмийн тэргүүлэх салбар болох бизнесийнхэн фэйсбүүк дээр гишүүдийнхээ группыг ч ажиллуулж чадахгүй явж байна. Би нэр дэвшсэнийхээ дараачаар фэйсбүүк дээр тэр группыг сая л нээлээ. Тэр сүлжээгээрээ дамжуулан гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, тэднийхээ оролцоотойгоор шийдвэрлэх асуудлаа тодорхойлно. Асуудлаа хэлэлцэнэ. Бизнест саад учруулсан төрийн завхралыг хэлэлцэнэ. Авилгал нэхэх, ЖДҮ гэдэг сангаас зээл авахад учрах саад, улаан цайм л нэхэх авилгын 10 хувийн асуудал зэрэг бизнесмэнүүдэд байнга учирдаг гомдлыг хэлэлцэж, шийддэг болох. Улс төрчид өөрсдийн гэр бүлийн компаниудад бидний төсвийн мөнгийг хуваарилдаг, түүгээр зогсохгүй бизнесийн хамтрагч найз нөхөд, төрөл төрөгсөдийнх компаниуд шударга бизнес эрхлэгчидтэй өрсөлдөж, бизнесийг нь булаан авч, нухчин дарж байгаа увайгүй явдлуудыг ч зогсоох ёстой. Үүний эсрэг нэг нэгээрээ тэмцээд бид амжилт олохгүй. Өнөөдөр бизнесийн асуудлаар таньтай ярилцаж буйдаа олзуурхаж байна. Ганц ганцаараа бол аквариумны загас шиг амаа үдүүлдэгийг амьдрал харууллаа. Популист улс төрчидийн балаг, авилгачин, шударга бус төрийн албан хаагчид нийгмийг өнөөгийн байдалд оруулсан.
Үндсэн хуулиараа бид чөлөөт нийгмийн , эрх чөлөөтэй иргэд, уул нь. Үндсэн хуулиндаа хувийн хэвшил манлайлсан зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгосон. Үүнийгээ А, Б -гээс нь өгсүүлээд хэрэгжүүлье.
Авилгалаас салья. Улс төрчдийн халаасыг нь түнтийлгэдэг олон санг нээлттэйгээр, ил тодоор ажиллуулья. Татварын мөнгийг эргээд юунд зарцуулагдаж байгааг нь тайлангаар авдаг больё. Баялаг бүтээгчдээ оролцооч гэж уриалж байна. Олон жил ярилаа , одоо хийцгээе.
- Та Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшсэнээ зарласан. Гэтэл танд саад тавих оролдлого гарч байна. Монголд аливаа нэг сонгуулийн өмнө сонгуулийн хууль дүрмийг өөрчилдөг зүйл Танхимыг тойрсонгүй. Сүүлийн 3 жилд удирдах зөвлөлд ажилласан хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг өөрчлөлтийг хийж буй дуулдлаа.
- Дүрэмд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг бүх хурлаар шийдээд хүчин төгөлдөр болгоно гэсэн заалт байгаа. Хайрцаглах боломжгүй. Танхимын гишүүн баялаг бүтээгчид хайрцганд орохгүй. Улс төрчдийн тэр арга техник хар Пи-ар, царцааны нүүдэл гэдэг арга хэмжээнүүдэд бид автахгүй. Хүн бүр дор бүрнээ өөр өөрсдийнхөө сонголтыг хийнэ гэж би итгэж байна. Яагаад гэхээр, энэ бол аль нэг спорт, урлагийн холбоо биш юм. Бидэнд нийтлэг эрх ашиг бий. Тогтвортой, төр засагтаа үгээ хүргэдэг болгоё гэдгийг хэн ч эсэргүүцэхгүй байх. Дүрэмдээ бид мэргэжлийн холбоодуудын дуу хоолойг авдаг заалтыг тусгах хэрэгтэй. Учир нь жижиг дунд бизнесийн дуу хоолойг шийдвэрт оруулдагийг тооцно. Шийдлийн чанартай өөрчлөлтийг оруулж өгөхгүй бол, цөөн хэдэн хүн жилээс жилд улиран сонгогдсоор байх болно. Түүнийг хална.
Зөвхөн надад зориулаад дүрэм өөрчлөөд, миний нэр дэвших эрхийг хасна гэдэг ойлголт бол ардчилсан , чөлөөтэй, хүний эрхийг дээдэлсэн гэдгээ тунхагласан Монгол улсад хол явахгүй. Тийм явцгүй бодлоосоо салцгаа гэж тэргүүлэгчдэд нь хэлье, гишүүддээ сонгох эрхийг нь өг. Дөрвөн жилд нэгхэн удаа эрх барьдаг гишүүдийнхээ тэр эрхийг нь битгий үгүй хийгээрэй гэж хэлье. Эс тэгвээс гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй Та бүхэн тулах болно. Нуулгүй хэлэхэд би бизнесийнхэнтэй, мэргэжлийн холбоодтой уулзалдаж, боломжгүй нэгтэй нь бол утсаар ярьсан. Энэ сонгууль бол зөвхөн бизнесийн холбооны асуудал биш. Монголын нэлээн том, нөлөө бүхий байгууллагын, цаашдын Монголын бизнесийн хөгжил, өрсөлдөх чадвар, бидний өмнө тулгардаг авилгал хээл хахууль, худал хуурмагыг устгахад үүрэг гүйцэтгэх тийм байгууллагын хувь заяаны асуудал шийдэгдэх гэж буй хариуцлагатай цаг мөч. Бүгдээрээ зориг гаргая, итгэл, эрхийг нь олгооч гэж гишүүддээ хандаж байна. Би танхимын тэргүүний мандатаа авч байж, яаж ажиллаж болдгийг үзүүлмээр байна. Би сэтгэлээ өгч ажиллаж чаддагаа өмнө нь ажилласан Оюутны холбоо , Монголын Сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгчээр ажиллахдаа харуулсан.
Бодлогын томоохон асуудлыг бид шийдвэрлэж болно. Миний бие 1997 оноос хойш хийсэн бизнесийн салбарт зүтгэсэн. Танхим бол зөв залбал хүчтэй, нөлөөтэй байгууллага. Ийм байгууллагыг удирдаж, салбарт учраад буй санхүүгийн бэрхшээл, банкны өндөр хүү, экспорт, шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлыг зүй зохистой шийдвэрлэнэ. Төрийн байгууллагуудтай хамтарч мөнгө ханшны зөв бодлогыг хэрэгжүүлнэ, Боломж шавхагдашгүй.
- Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчид Танхимын одоогийн дарга Лхагважав , Амартүвшин мөн Буян компанийн захирал Жаргалсайхан нар өрсөлдөж буй. УИХ-ын сонгуулийн өмнөх жил учир мэргэжлийн ийм томоохон байгууллагын удирдлагад улс төрийн намууд ихээхэн ач холбогдол өгдөг нь гэм биш болсон.

-Ний нуугүй хэлэхэд, би өөрөө ч МАН -аас нэр дэвшиж байсан. Сангийн дэд сайдаар нь, мөн Батболд ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2012 онд СБД-т нэр дэвшиж байсан, бага хурлын гишүүн. МАН-д өөрчлөлт шинэчлэлийг хийхэд Батболд даргад эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж, тусалж байсан түүхтэй. Бага хурлын гишүүнээсээ татгалзаж, намын гишүүчлэлээсээ түдгэлзэж байж Танхимд ажиллана. Олон мянган бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаална гэж гарч ирчихээд, аль нэг намын талд үйлчлэх нь зохимжгүй. Бизнесмэнүүдэд өөрсдийн итгэл үнэмшил гэж байгаа. Тэр итгэл сэтгэл рүү нь нулимж болохгүй. Нөгөө талаасаа бол энэ 2020 оны УИХ-ын сонгуульд МХАҮТ-ын тэргүүний албан тушаал дээр дөрөөлж дэвших, сонгогдох мөрөөдөлтэй байж болохгүй. Нэр дэвшигчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүйгээ илэрхийлж байж өрсөлдөхийг уриалж байна.
Та бүхэн Монголын олигархи улс төрчдийн дүр төрхийг мэднэ.
Бүгд маш том бизнестэй. Монголын ард түмнийг тэд басамжилж ханахаа больсон. Өөрсдөө төрөөс төрсөн тэрбумтан байж, юм л бол 30 гэр бүл гэдэг нэр томъёо гаргаж , дүүжилж ална, буудацгаая гэж уриалаад хий хоосон цээжээ дэлддэг энэ байдлыг ялгаж салгана. Би нэр дэвшихээ ил тод зарласан нь сонгуульд шинэ соёл нэвтрүүлж байна гэж хувьдаа дүгнэж байна. Дэвшихээ эрт зарлаж болохгүй, чамайг буудаад эхэлнэ гэж улс төрийн хүрээнд ярьдаг. Буудуулна, шүршүүлнэ гэж айх юм бол сонгуульд нэр дэвших хэрэггүй. Сонгогдоод гараад ирвэл түүнээс ч ихээр "буудуулна." Буудуулах муу үйл хийсэн юм бол дэвшээд ч хэрэггүй. ТББ-ын үйл ажиллагаанд намуудын оролцоог заагладаг болно гэдгээ над шиг зарлахыг хүсэж байна. Сонгогдвол, МАН-ын бага хурлаасаа, гишүүнээсээ гарна.
Нэг зүйлийг хэлэхэд, намайг ялах боломжгүй. Миний үйл хэрэг, дэвшүүлж буй үзэл санаа, итгэл үнэмшлийг ялах боломжгүй учраас тэгэж хэлж байна. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой гэдэг. Амьдрал баян, дээрээс нь урт. Худал хуурмаг юм хэзээд илрээд гараад ирдэг. Шинэ цагийг дуудаж авчрахын тулд хурлаа зарлангуут нь би нэр дэвшихээ зарласан. Мөрийн хөтөлбөрөө уралдуулъя, бие биенийхээ арыг ухах биш шударгаар өрсөлдье. Энэ бол төрийн бус, олон нийтийн байгууллага. Энд зөвхөн гишүүдэд хамааралтай асуудал гэж байхгүй. Нээлттэй тавь, миний мөрийн хөтөлбөр миний хийх гэж байгаа зүйл шиг. Сэтгүүлчдэд нээлттэй хэвлэлийн бага хурал хий. Балбуулах зүйлээс битгий ай. Бизнес эрхлэгчийн хувьд би хэнийг ч дэмжиж болно. Гэхдээ илэн далангүй, чин сэтгэлээсээ хандаж байгаа тэр хандлагыг харахгүй бол бид дэмжих боломжгүй. Зүгээр л хийх гэж байгаа зүйлээ ярь, ярилц, мэтгэлцүүл. Олон хүн тал талаас нь ярьж хэлэлцээд ирэхээр үнэн зөв нь гарч ирж, олны хамгаалалтанд орчихно. Ийм хандлагаар ажиллаж суръя, цөмөөрөө.
Танхимыг бизнесийн ариун сүм гэж би нэрлэх дуртай. Ариун сүмдээ муу зүйл оруулахыг цээрлэнэ.
- Таныг дэвшилтэт, Монголын сэхээтэн гэж нэрлэдэг. Тэгвэл та танхимыг удирдахаар сонгогдвол, хамгийн түрүүнд хийх ажлаасаа нэрлэвэл?
- Би мөрийн хөтөлбөрөө гаргахдаа үндэслэлээ бичиж үзлээ. Хоёр хуудас болж байна. Хоёр гурвуулаа нийлж дэвшүүлсэн саналаа хоёр зуун бизмесмэнээр хэлэлцүүлж байж боловсруулсан. Хийх ажил бол маш их байна. Жагсааж бичихэд арав гаруй хуудас болсон. Ажлаа ерөнхийд нь 2 багцалсан. Эхнийх нь удирдлага засаглал, дотоод үйл ажиллагаагаа цэгцлэх. Хоёрдахь нь л сонгуулиа хэрхэн явуулах, удирдах удирдуулах ёс, ил тод байдал, цалин хөлс, үйл ажиллагаа гээд бүхий л ажлаа тайлагнадаг, хариуцлага тооцдог болох. Асуудал маш ойлгомжтой.
- Өнөөгийн Танхимын дарга, ерөнхийлөгч нь зэрэг гол 4 хүн нь Их Хурлаас сонгогддог дүрэмтэй учир хэн хэндээ ч захирагддаггүй, тайлан тавьдаггүй бүтэцтэй. Захаасаа бие биенээ АТГ-д өгч шалгуулаад эхэлсэн. Нэг баг болж ажиллаж чаддаггүй бүтцийн том алдаа байна.
- Тийм, тэгэж ярих юм бол, нэр дэвшиж буй Амараа маань удирдах зөвлөлийн гишүүн. Манай Лхагва бол дарга нь. Оюунчимэг дарга тэнд 30 жил ажилласан. Тэр Сарандаваа гээд залуу байна. Энэ хүмүүс нь бүх гишүүдээс мандат аваад гарчихсан болохоор бие биенийхээ үгийг авдаггүй. Лхагважав болохоор удирдах зөвлөлөөс сонгогдсон ч удирдаж хүчирдэггүй. Тэгсэн хэрнээ Удирдах зөвлөлийн дарга сэтэртэй. Тэр хүмүүс бүгд л туршлагатай, сайн санаатай юм хийе гээд л очсон байх. Гэхдээ ажиллах нөхцөлийг нь дүрмээрээ хаасан. Тиймээс тэдгээр хүмүүс хоорондоо л түлхэлцэхээс биш гадагшаагаа ажиллах боломжгүй болсон. Би гишүүддээ бүгдэд нь хэлж байгаа, өөрчлөлтийг хийе гэвэл эрх мэдлийг нь өгнө шүү, хэн ч гарсан байсан. Гадагшаа хандаж ажиллах, гишүүд рүүгээ, төр засаг руугаа хандсан ажлуудыг эрхлэнэ. Мэргэжлийн олон холбоодуудыг татаж оролцуулахгүй бол танхим дээр энэ бизнесийн нарийн ширийн рүү өнгийж орох боломж байхгүй. Оролцооны арга, олон нийтийн хүчин дээр тулгуурлах ёстой. Олны хүч оломжгүй далай гэдэг. Удирдах тэр суудлыг мэргэжлийн холбоодод, бизнесийн бүх төлөөллүүдэд олгох ёстой. Нөгөө талдаа гадаад харилцаа бүр орхигдсон. Танхимын удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч байхад, гүйцэтгэх захирлаа дарга гээд бас нэрлэчихсэн. Энэ бантанг нь арилгах учиртай. Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч нь Монголын бизнесийг гадаад ертөнцөд төлөөлдөг боломжийг нээж өгөх ёстой. Наанадаж гадаад хэлний мэдлэг, харьцааны өндөр соёлыг эзэмшсэн байх ёстой. Монголын бизнесийн салбарыг гадаад ертөнцөд төлөөлж, өнөөдрийн 21 дүгээр зууны дэлхийн зах зээлд өрсөлдөх тэр хүн гадаад хэл эзэмшээгүй байх ёсгүй. Маш энгийн, үлгэр домог, хэтрүүлэг шиг сонсогдож байж магадгүй , гэхдээ л бодит үнэн бол энэ. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн форумд орчуулагчтай чинь оруулахгүй. НҮБ-ын хурал дээр орчуулагчтай чинь оруулахгүй. Орчуулгын зардлыг хэн ч хариуцахгүй. Юу хэлэлцэж буйг ядаж сонсож ойлгодог, цаашилбал чөлөөтэй харьцах түвшинд бэлтгэгдсэн хүмүүс байх ёстой. Монгол улс хоцроод байгаа шалтгаан ийм л энгийн зүйл дээр илэрдэг. Хэлээ суртлаа бизнесээ хөгжүүлэг. Энэ асуудал дээр заавал намайг гэж байгаа юм биш, гэхдээ шаардлага, шалгуур тавих нь шударга өрсөлдөөний зарчим. Монголын бизнес эрхлэгчдийн бизнес хөгжин дэвжиж, улсдаа ч татвараа төлдөг байх ёстой. АТГ-ын элдэв зөрчилгүй, банкинд өр зээлгүй байх ёстой. Хэл устай, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн гадаад улс оронд тодорхой хэмжээнд танигдаж, мэдэгдсэн лидер хүнээ урдаа тавиад ард нь жагсаад явах нь өнөөгийн шаардлага.
Аймшигтай хүнд асуудалтай тулгарсан бизнесмэнүүд байна. Бизнес санаа нь байж байдаг, боломж нь байхгүй тийм иргэд ч байна.
Танхимын үгийг улс төрчид сонсдог болно гэж итгэж байгаа. Танхимд хийх тулгамдсан ажил тамтаггүй их. Хэлэлцэж буй хөдөлмөрийн, татварын багц хууль бий. Мөн хувьчлалын хөтөлбөр хэрэгжихгүй байна. Монголчууд хувьчлалд оролцож чадахгүй байна. Хөрөнгийн биржээ яагаад хөгжүүлэхгүй байна, яагаад бид нар бондоо гаргаж чадахгүй байна. Банкны өндөр хүүтэй зээлэнд хүлэгдээд, банкны төлөө ажиллаад байдаг байдлыг хэзээ өөрчлөх вэ? Нээлттэй засаглал, компанийн зөв удирдлага гэж ярьдаг. Үүнийг ч бид нар хийнэ. Шарк танкыг өдөр тутам, ЖДҮ санг нь ажиллуулаад танхим дээр зээлийг нь гаргаж өгдөг, хөрөнгө оруулалтыг нь хийж, хооронд нь зуучилдаг, тийм ажлуудыг бид хийх ёстой. Сэтгүүлчдийн эдийн засаг, санхүүгийн боловсролыг нь дээшлүүлж байгаад олон түмнийг цэнэглэх ажилд мөнгө төсөв гаргаж байгаад ажиллахыг дэмжинэ.
Коммунизмын сүнс Монголд орж ирээд хаалга үүд тогшоод яваад байна. Баян хоосны ялгааг гаргаж, хүмүүсийг баян болгоё гэхээсээ илүүтэй баячуулаа буцаагаад ядуу болговол тэр баян хоосны ялгаа арилчихна гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй шүү дээ.
Бүгд баян больё гэхээс илүү баячуулаа ядуу болгоё гэдэг сэтгэлгээнээс залуусаа, ахан дүүсээ бүгдээрээ салья.
-Танхимаас гадна Улаанбаатар хотын бизнесийн танхим , мөн Монголын бизнесийн зөвлөл гэж байгууллага зэрэгцэн оршдог. Түүнээс Монголын бизнесийн зөвлөлийг их хүчтэй, нөлөөтэй болж байгаа юм байна, гадаадын олон хөрөнгө оруулагч тэнд төвлөрсөн юм байна, Монголын улс төр, бизнесийн салбарт лобби хийдэг том бүлэг гарч ирээд манай танхимыг дарчихав уу гэж харж байсан. Та юу гэж үзэж байна тэрийг.
- Би өөрөө CEO клубыг үүсгэн байгуулж байсан 2007 онд. Танхимын дэргэд Дэмбэрэл даргатай хамтарч байгаад байгуулж байсан. Яг тэр үед бизнесийн зөвлөл байгуулагдаж байсан. Талийгаач Питер Морров байгуулж байсан, одоо Бямбасайхан захирал удирдаж байгаа. Улаанбаатар хотын танхимыг 2014 онд байгуулж байсан. Монголын эдийн засгийн форумыг 2009 оноос хойш зохион байгуулсан. Бид бол оролдлогуудыг хийсэн, бизнесүүд нэгдэх, нэгдсэн дуу хоолойтой болох. Хувь хүнийхээ хувьд би үүнийг оройлж манлайлж явахыг хүссэн. Одоо Монголын бизнесийн хамгийн том байгууллагын даргаар сонгогдож, тэр үед эхлүүлсэн үйл ажлаа нэгмөр зангидаж, дуусгах тэр боломжийг Их Хурлын төлөөлөгчид надад олгох болов уу гэж найдаж байна. Барилгачдын Ассоциаци, Хүнсний, Газар тариалан эрхлэгчдийн ассоциаци, Банкны холбоо гээд маш олон хүчтэй байгууллага гишүүнээр ажилладаг. Энэ бүхнийг нэгтгэх, танхим дээрээ уулзаж төвлөрдөг ийм төв цэгийг үүсгэхийг хүсэж байна. Миний мөрийн хөтөлбөрийн уриа: "Бизнес, манлайллын хүчээ нэгтгэе." Бизнесүүд өнөөдөр тэр шударга ёс, тэр гэгээлэг ирээдүйг манлайлж, өөрсдийнхөө үлгэр дуурайллаар ойртуулж, хөгжлийг хурдасгая. Энэ өөрчлөлтийг танхимаасаа эхэлье. Бүх бизнесүүдээ татан оролцуулья, сайн жишээгээр сайхан ирээдүйгээ нааш нь татаж авчирья гэсэн санааг агуулсан. Сарнисан хүчээ нэгтгэхийг зорьж буй.
- Гахай жилд ер нь сүрэглэж, олуулаа болдог юм бишүү.
- Өнөөдөр янз бүрийн дохиог хараад байвал яг л тэр цаг нь ирчихсэн . 20 гэсэн тоог ХХ гээд биччихсэн байгаа. Тэр бол "Хүчтэй Хамтдаа " гэх "Ард" санхүүгийн нэгдлийн уриа байна. Түүнийг илэрхийлж байгаа юм. Би 20 дугаар их хурлын логог нь харчихаад ихэд билэгшээсэн. Дээр нь намайг Хасын Хуягаа гэдэг. Ийм бэлгэ тэмдэг, дохиог харвал сайхан л билэгдэлтэй их хурал болох байх.
- Салбар салбар дор бүрнээ өөрчлөлт, дэвшлийг хүсэж , тэмүүлж байна. Бизнесийн салбар эрүүлжээд, эрч хүчтэй хөгжил өөд тэмүүлбэл, улс орны хөгжил, ард иргэдийн амь амьжиргаанд нэмэр болно.
- Бизнес ямар их "өвчилснийг" харья Танхимын сонгуулийг олон нийт хэрхэн хэрхэн анхаарч байгаагаас ажиглаж болно. Хөгжих, хөдлөх, өөрчлөлт хийхийн тулд бизнесүүд нэгдэж байж, бугласан идээ бээрээ шахаж чадна. Бид өөрсдийнхөө төлөө өөрсдөө дуугарахгүй бол нэг "сайн" улс төрч гарч ирээд нэгэн өдөр бидний асуудлыг шийдээд өгнө гэдэг үлгэр болохыг бид мэдэрсэн. Хэн ч , ямар ч нам нь төрийн эрхэнд гарч ирсэн ч, бизнесийнхэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тууштай тэмцэх ёстой гэдэг итгэл үнэмшил бидэнд төрсөн.
- Бизнесийг дээрэмддэг тухай яриа хөөрөө ил далд болж эхэлсэн. Нэг ч удаа компани байгуулж хөдөлмөрлөж үзээгүй, татвар төлж үзээгүй байж, насаараа хөдөлмөрлөсөн бизнес эрхлэгчдээс илүү баяжсан. Хөрөнгө нь тэрбум тэрбумаар хэмжигдэж буй. Энэ улс төрчдийн дээрэмд хамгийн ихээр өртсөн хүмүүс бол нөгөө л бизнес эрхлэгчид.
- Бизнес эрхлэгчид маань өөрсдөө ганц хоёр нээнтэгнээс болж, улс төрчдөд хамраа дөрлүүлсэн. Энэ байдлыг зогсооно. Улс орон популизмд гүн нэрвэгдлээ. Венесуэл улс бол цагтаа дэлхийн 4 дэх том эдийн засагтай орон байсан. Тэнд популизм дэгдсэнээр иргэний дайнд өртлөө. Украйн гэж ямар өндөр хөгжилтэй, хүчирхэг улс байлаа. Өнөөдөр юу болж хувирав. Газар нутгийн хэсгээ ч алдлаа.
Буруу алхам, улс төрийн буруу сонголт ямар асуудалд хүргэдгийг хөгжилтэй Югослав улсын түүхээс бэлхнээ харж болно. Иргэний дайн гарснаар Югослав улс хэд хэд задарсан. Серби далайн гарцгүй болчихлоо. Гүрж улсаас үзэсгэлэнт Абхазийг хэдхэн жилийн өмнө Оросууд өөртөө нэгтгэсэн. Тусгаар тогтнол, эрх чөлөө гэдэг ийм эмзэг. Бид маш их ухаан зарах хэрэгтэй. Бидний үндэсний язгуур эрх ашиг бол тусгаар тогтнол, Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал. Үүнийг л эрсдэлд оруулахыг оролдсон хэн бүхэн урвагчид. Бид ингэхэд хаа хүрээд популизмаа зогсоох юм. Аль хүртэл худал ярьж таалагдаад, сонгогдох боломжтой юм бэ?
- Та бол нийгмийн онцгой идэвхитэй хүн. Олны танил. Өнгөрсөн оны сүүлчээс хэсэг залуус улс орныг ирээдүйд удирдаж, жолоодож болох " Түмний 76" хүнийг хайж, иргэдээр нэрлүүлж эхэлсэн. Олон хүнийг нэрлэсэн. Тэдгээр олонд танигдсан, олны итгэлийг даах хүмүүсийн дунд таны нэр орж ирсэн нь санамсаргүй биш байх гэж санаж байна.
- Би мөнгө төлж тийшээ ороогүй шүү. Сая таниас анх удаа сонслоо.
-Зорилго нь туйлын ариун учраас бохир мөнгө оролцуулдаггүй гэдгээ Монгол улсын хөгжлийн гарцыг эрэлхийлж буй тэдгээр залуус тодотгосон байдаг. Улс орныг зөв хүмүүсээр удирдуулья гэсэн үзэл санааг хэрэгжүүлэхээр зорьж буй юм билээ. Тэр эрж хайж буй хүмүүсийн нэг нь Таныг байгаасай гэж олон нийт үзсэн хэрэг.
-Баярлалаа. Намайг итгэж, нэрлэсэнд.
2008 онд "чоно эдийн засаг" гэдгийг бид зарласан. Яагаад бар эдийн засаг биш юм бэ? гэж асуудаг. Баруудыг харахаар дандаа худалдаан дээр хамгийн хямдхан, иргэд нь хамгийн хямд хөдөлмөрөөр, хямдхан хувцас, хямдхан электроник бараа бүтээж, хийж ирсэн түүхтэй байдаг. Сингапур, Солонгосын хувьд аж үйлдвэрийн томоохон комплексуудыг барихын өмнө өөрсдөө далайн боомтуудын үүргийг гүйцэтгэж гарч ирж байсан түүхтэй. Бидэнд тэр хүчин зүйл нь байдаггүй. Монгол хүн бол үнэтэй, бас цөөхөн. Монгол эмэгтэйчүүд оёдолчин болох боломжгүй. Бид гангийн үйлдвэрээр явахгүй. Хятад, Оросоос илүү сайн ганг, тэднээс хямд үнэ өртгөөр үйлдвэрлэж чадахгүй. Бидний өрсөлдөх чадвар юу юм, тэгэхээр? Чоно шиг хийморьтой, чоно шиг ганцаараа, шаардлагатай үедээ сүрэглээд, ямар ч тохиолдолд дасан зохицоод амьдрах чадварыг эзэмших ёстой. Тэгэж ч ирсэн Монголчууд. Хөрш хоёр том гүрэн, энэ олон зуун сая хүн амын дунд, тусгаар тогтнолоо аваад үлдсэн. Чоно шиг хийморьтой ард түмэн. Чоно бол бараас ялгаатай нь сүрэглэдэг, хэрэгтэй үедээ. Замыг нь гаргаад цасыг нь яраад, мөсийг нь хагалаад явдаг альфа нь байя гэж зорьж байна. Итгэ, тэгээд дэмж. Би зүтгэе.
Ямар нэгэн өөр шалтаг шалтгаан надад байхгүй. Төрийн ч , хувийн ч ажлын арвин туршлага хуримтлуулсан. Монголд хамгийн сайн банкыг нь байгуулж, Хятадад мөн Киргиз улсад хөрөнгө оруулалт хийж байсан. Энэ бол бахархах ёстой факт гэж бодож байгаа. Банк санхүүгийн салбарт Орост, Японд очиж багшилж, консалтинг хийдэг байсан. Дэлхийн мундагуудтай хурлууд дээр мэтгэлздэг байсан. Мухаммед гэдэг нөхөртэй нобелийн шагнал авахаас нь өмнө би мэтгэлцэж байсан, Белгийн хааны өмнө. Голландын хатан хаан надад хатан хаан болохоосоо өмнө Монголд хүрэлцэн ирж, Дэлхийн банкны шагналыг гардуулж байсан. Бичил зээлийг хөгжүүлэх сангийн үйлсийг Дэлхийн банкнаас үнэлсэн учраас надад тэр шагналыг өгч байсан. Өнөөдрийг хүртэл, Давосын эдийн засгийн чуулганд Монгол улсаа төлөөлөх гол нүүр царай болж оролцож ирсэн. Энэ тухайгаа би нэг их ярьдаггүй. Энэ удаа харин дурдлаа.
- Гадаад ертөнцөд таны нэр нүүр, танил талын хүрээ их тэлсэн гэдгийг бэлхнээ харж байна.
-Гүүгл дээр Ганхуяг гээд хийгээд үзээрэй.
- Клинтонтой уулзсан бизнесменүүд тийм ч их олон биш байх. Тони Блэртэй ч мөн адил.
-Клинтонтой би хоёр удаа, Тони Блэртэй бол гурван удаа уулзаж байсан. Ямар нэгэн албан тушаалаар дулдуйдаж ороод зургаа авхуулж байсан юм биш шүү. Би өөрийнхөө нэрээр өөрөө дугаарлаж зогсож байгаад, цагийг нь авч уулзаж байсан. Хүлээн авалтанд нь уригдсан. Би 2009 оны сошиал интерпренер шагналтай. Монголд надаас өөр тийм хүн байхгүй. Би Дэлхийн залуу манлайлагч. Дэлхийн эдийн засгийн форумыг Монголд анх таниулсан. Маш олон ТББ-уудыг би байгуулж ажиллаж байгаа. ОУ-ын байгууллагуудын удирдах зөвлөлд байсан, одоо ч байгаа. Монголын анхны бичил санхүүгийн хурлыг 2008 онд хийгээд, Энхбаяр ерөнхийлөгч нээлтийн үгийг нь хэлж байсан түүхтэй. Монголд Хас банкаар дамжуулж хамгийн олон зээл санхүүг оруулж ирж байсан. Алдсан түүхүүд надад бас бий.
- Монголд байгаа ОУ-ын байгууллагын ихэнх хүмүүс өөртэй тань ажил төрлийн холбоотой байхыг анзаарсан.
- Хэдий хувийн хэвшилд ажиллаад байгаа ч гэсэн ОУ-ын байгууллага, гадны элчин сайдын яамдууд бүгдтэй нь бид холбоотой ажиллаад байгаа. Тэгэхээр айх хэрэггүй, би бүх боломжоо, өөрийн хуримтлуулсан туршлагаа, мэддэг чаддагаа, өөрийн танилын холбоо сүлбээгээ бизнесүүддээ нээж өгч байгаад Монголын бизнесийг дэлхийд өрсөлдөх чадвартай болгохын төлөө явна. Залуучууд их дэмжиж байгаа. Технологийг, энэ цахим шилжилтийг ашиглаж "Хөрөнгө оруулагч үндэстэн" гээд чуулга уулзалтуудыг хийхийг мянга мянган залуус дэмжиж уухайлж байгаа. Танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсон сонгогдоогүй бүхий л бие, сэтгэлээ зориулна.
- Та цалингүй ажиллана гэдэг санаа дэвшүүллээ. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүст ч цалингүй ажиллах шаардлага тавибал яасан юм гэж бодогдлоо.
- Тэр бол дэмий. Сингапурын улс төрчид хамгийн өндөр цалинтай улс төрчид, хагас демократ. Японых мөн адил. Тэд түүн дээр нь хариуцлага тооцох боломжтой болж байгаа юм.
Шударга ажилла гэж байгаа бол шударга цалин буюу, өндөр цалинг өгөх ёстой. Миний танхим дээр очиж байгаа бол энэнээс өөр асуудал шүү. Энэ бол ядарсан бизнесүүдийн татвараар орлогоо бүрдүүлдэг газар, тэгээд ч би өөрөө эрхэлдэг бизнестэй тул татгалзаж байгаа юм. Энэ бол олон нийтийн ажил.
Эргээд харахад 20 гаруй жил бизнесийн салбарт зүтгэжээ. Өөрийгээ ч хэн болохыг харуулсан гэж санадаг. Намайг гудамжинд гаргаад шидэхэд би босоод л ирсэн. "Ард" санхүүгийн нэгдэл гэдэг компанийг би бий болгосон. Өөрийгээ компани босгох ур чадварыг эзэмшсэн санхүүч гэж үнэлдэг. Хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт бол надад өөрт байдаг.
- Та бидний ярилцлага өндөрлөж байна. Өмнөх ярьсан чоно шигээ Монголын бизнес эрхлэгчдийг манлайлж, оройлж яваарай. Их хурлын ажиллагаа, сонгуульд тань амжилт хүсье.
- Баярлалаа. Альфа гэж чоноо илэрхийлж байгаа. Сүмбэр, оргил гэсэн үг.
Буулгасан: О.Гоо-Оюун
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна