МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЖИГДЭРСЭН, ТЭРГҮҮНЭЭР НЬ ХЭН СОНГОГДОХ БОЛ?

2019-02-28  

Монголын Үндэсний бөхийн холбооны үйл ажиллагаа өнгөрсөн жилээс доголдож бөхчүүд барилдах газаргүй жил шахам болсон. Бөхийн холбоог 30 орчим жил удирдаж ирсэн  Р.Нямдорж, Д.Данзан нар 21 аймгийн бөхийн холбооны төлөөллийг цуглуулж наймдугаар “Их Эе”-ийг гуравдугаар сард хуралдуулсан. Бөхчүүд  санал нэгтэйгээр дархан аварга, улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг  тэргүүнээр сонгож үйл ажиллагааг нь улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар хариуцаж явуулах үүрэг хүлээсэн байдаг. Удирдах зөвлөлд нь улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд И.Доржсамбуу нарын тэргүүтэй хүмүүс томилогдсон.

Энэ үеэс л эрийн хийморь шингэсэн Монгол  бөхийн өргөөнд чөтгөр шүглэсэн мэт мод чулуугаар зэвсэглэсэн этгээдүүд удаа дараа халдсан. Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулсан,  нэр  нүүрээ нуусан этгээдүүдийн балгаар монгол  бөхийн  өргөөг цагдаагийн байгууллага хамгаалалтандаа авсан байдаг. Наадмын өмнөхөн улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар  сорилго барилдааныг  өргөөндөө зохион байгуулахаар шүүхэд хүсэлт гаргаж бөхийн өргөөг нээлгэсэн ч өнөөх нөхдүүд дахиад л уулгалан дайраад лацдуулчихсан. Энэ үймээний үеэр хаалга өшиглөсөн,  чулуугаар  цонхыг нь хагалсан залуу шүүхээс зургаан жилийн ял авсан тохиолдол гарсан.

Ингээд л хоёр талын тамга тэмдгээ булаацалдсан  шүүхийн маргаан үргэлжилж өнөөг хүртэл эцсийн шийдвэр нь гараагүй л байгаа.

Ц.Магалжав нар намрын  улирлын нээлтийн барилдааныг монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болсон тухай  зар тарааж бөх сонирхогчдыг баярлуулсан ч өмнөх өдөр нь өнөөх л А.Сүхбат хэдэн залуусаа дагуулж очоод л түгжүүлчихсэн удаатай. Энэ удаа бүр хадам аав дархан аварга Х.Баянмөнх, яруу найрагч Ү.Хүрэлбаатар,  хуульч Б.Билгүүн нараар хүчээ зузаатгаад очиж санасандаа  хүрсэн. Бөхчүүд болон бөх сонирхогчдын бухимдал дээд цэгтээ тулчихсан.  Оны дараахан дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар  эвийн цагаан хадаг барьж “Одоо хамтдаа очиж бөхийн өргөөгөө нээе”гэж тохирч гар хөл бариад шүүх рүү явсан байдаг. Гэсэн ч Л.Чинбатын гэх бөхийн холбооны хамт олон  “Х.Баянмөнх  манай холбоог ганцаараа төлөөлөхгүй. Шүүхийн шийдвэр аль нэг талдаа гартал өргөөг нээхгүй гэсэн бичгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хаягласан байдаг”. Ингээд л хоёр аваргын өргөөгөө нээх хичээл зүтгэл арга мухардсан. Гэтэл  хэн нь  ч юм өргөө нээхээс татгалзсан бичгийнх нь зургийг дараад олон нийтийн сүлжээнд тавьчих нь тэр. Манайхан   ч массаараа  дайраад газар доогуур чихчих шахсан даа.  Ноён Чинбат ч олны хэл амнаас түвэгшээсэн үү яасан өөрийн телевизийн  байрандаа хурал зарлаж  зөвшилцөснөөр монгол бөхийн өргөөг нээхээр болсон. Энэ удаа харин хэн нэгэн  өргөө рүү мод чулуу барьж дайрсангүй. Өнөөх А.Сүхбатын бараа сураг ч алга. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаануудыг үзэхээр бөхийн хорхойтнууд  өргөөндөө тухласан. Улмаар монгол бөхийн өргөө хэвийн үйл ажиллагаандаа орсон. Урлаг соёлынхон ч бөхийн өргөөнд тоглолтоо хийх зар тараагаад эхэлчихэж.

Эх орончдын баяр Монгол ардын намын 98 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болохоор товлогджээ. Бай шагнал өндөртэй барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат нар барилдах сураг дуулдаад эхэлсэн байна. Сар шинийн барилдааны түрүү бөх Р.Пүрэвдагва, үзүүр Ц.Содномдорж нар л лав зодоглох бололтой. Шилдэг залуу харцагууд ч барилдах биз. Эх орончдын баяраар гоё барилдаан үзэх нь ээ бид.

Ямартаа ч бөхийн өргөөний үйл ажиллагаа жигдэрчихлээ. Одоо харин Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат нарын хэн нь Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж уламжлалт барилдаануудыг  үргэлжлүүлэн зохион байгуулах нь олны анхаарлын төвд байна. Энэ хоёр эрхмийн шүүхийн маргаан одоо хэрнээ эцэслэн шийдвэрлээгүй л байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр аль ч талдаа гарсан    ч “Их Эе”-ийг дахин хуралдуулж шинэ тэргүүнээ сонгох юм гэсэн. Ингэхдээ хоёр талаас тэнцүүхэн төлөөлөл  оруулж тэргүүнд нэр дэвших аж. 21 аймгийн бөхийн холбооны төлөөлөгчид бөхөд ямар ч хамааралгүй Л.Чинбатыг дэмжиж саналаа өгөх нь юу л бол.  Үндэсний бөхийн дархлаа дархан аварга Б.Бат-Эрдэнийг дэмжээд тэргүүн болгочих магадлал өндөр. Иймээс Монголын Үндэсний бөхийн холбооны үйл ажиллагааг  урьдын адил улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар хариуцаад авч явах болов уу. Удахгүй Зэвсэгт хүчний ой, дөрвөн уулын хишиг барилдаан, арслан аварга цолтны хүндэтгэлийн барилдаанууд хуваарийн дагуу болно. Тэгээд л наадам.

   

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?