Монголын бизнесийн акулуудын 20 дугаар Их Хурал 2 цаг орчим маргалдсаны эцэст 12.00 цагт дөнгөж эхэллээ. Маргааны суурь нь одоогийн ерөнхийлөгч Лхагважав " царцааны нүүдэл" ашиглаж буйг хэсэг төлөөлөгчид эрс эсэргүүцэв. Аймаг бүрт таслах эрх бүхий 1 мандат буюу нийт 21 эрх олгож ирснийг 200 гаруй мандатын эрх болгож бүртгэснийг нэр дэвшигч Ганхуяг болон бизнес эрхлэгчид зөвшөөрөхгүй гэдгээс маргаан дэгдсэн байна. Гишүүний татвар үл төлөгч, танхимын жинхэнэ гишүүн бус тэдгээр 200 гаруй төлөөлөгчид МХАҮТ-ын жинхэнэ гишүүний адил Их Хуралд таслах бүрэн эрх эдлүүлэх нь хууль зөрчсөн үйл явдал болно гэж тэрхүү эсэргүүцэгч тал илэрхийлсэн байна. Улс төрийн сонгуульд үүнийг "царцааны нүүдэл " гэж нэрлэдэг. Нэг удаагийн царцааны нүүдлээр саналд нөлөөлдөг оролдлогыг хэн бүхэн мэдэх болсон. Харин өнөөгийн ерөнхийлөгч Лхагважав энэхүү царцааны нүүдлийг дэмжиж буй юм байна. Тэрбээр энэхүү 200 гаруй төлөөлөгчид таслах эрх бүхий мандат олгоно гэдэг байр сууриа хатуу баримталлаа. Маргаантай эхэлсэн 20-р Их Хурал шүүхээр эхэлж, шүүхээр төгсөнө гэж төлөөлөгчдийн зарим нь дүгнэж байна. Хөдөө орон нутгаас ирсэн гишүүн бус 200 гаруй хүнд төлөөлөгчдийн мандат олгох нь буруу гэж нэг тал нь үзсэн. Нөгөө талаас, энэ 200 хүнийг хуралд оролцуулахгүй бол хурлын ирц хүрэхгүй гэдэг асуудал бас тулгарчээ. Ийм нөхцөлтэйгээр хурлыг Лхагважав эхлүүллээ.
Ц.ХИШГЭЭ