БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэн барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон бусад төлөөлөгчид оролцлоо. Нийслэл хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон бөгөөд хамгийн сүүлд 1986 онд шинэчлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар, уг байгууламж хоногт 230,000 куб метр ахуйн бохир усыг цэвэршүүлж байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250,000 куб метр усыг 3 үе шаттайгаар цэвэрлэж, халдваргүйжүүлэхээс гадна лагийг боловсруулан биохий гарган авах аргаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм. Цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэж, үйлдвэрийг бүхэлд нь хяналт удирдлагын ухаалаг скада системээр тоноглох аж. Шинэ Цэвэрлэх байгууламж Сонгинохайрхан дүүрэгт биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га буюу 61 хувийг төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламж эзэлнэ. Харин үлдсэн талбайд авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг шийдэх юм. Төслийг дотоодын болон БНХАУ-ын компаниуд хамтран 3 жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотод 225 үйлдвэр, аж ахуйн газар зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.8-4.1 дахин их химийн бохирдолтой усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлсээр байна. Энэ нь цэвэрлэх байгууламжийн төмөр бетон хийц, эд ангиудыг гэмтээж, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг бууруулдаг аж. Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн ус заасан хэмжээнээс 5.9-12.4 дахин их бохирдолтой байгаа бөгөөд энэ нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голыг их хэмжээгээр бохирдуулах болжээ.