ХДЭХ, Түгээмэл эрх, БОСС, Ногоон эвсэл зэрэг төрийн бус байгууллагууд санаачлан байгаль орчны төлөө ажилладаг Төрийн бус байгууллагуудыг удирдаж ажилладаг “эко эмэгтэйчүүд”-ийн чуулганыг анх удаа зохион байгууллаа. Чуулганаар байгаль орчныг хамгаалахад эмэгтэйчүүд хэрхэн оролцдог, хэрхэн ажилладаг талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, илтгэл хэлэлцүүллээ.
Эко эмэгтэйчүүд ганц энэ удаад чуулган хийгээд зогсохгүй цааш цаашдаа олон асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэж, үр дүнд хүргэхэд анхаарч ажиллах юм байна. Юун түрүүнд Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх санаачилга гаргаж, олон талт сурталчилгаа нөлөөллийн ажлыг хамтран хийхээр боллоо.
Манай улсын дэлхийн өвд бүртгүүлэх урьдчилсан жагсаалт гарсан ч Хөвсгөл нуур багтаагүй байна. Гэвч Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур нь дан ганц монголын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн хамгаалж үлдэх баялаг хэмээн үзэж уг санаачилгыг тэд гаргажээ.
Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалалтыг шинэ түвшинд гаргаж, олон улсын хамгаалалтад оруулахаар ажиллаж буй энэхүү санаачилгыг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хороон дарга М.Оюунчимэг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Эко эмэгтэйчүүдийн чуулганд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй Төрийн бус байгууллагын төлөөлөл болсон эмэгтэйчүүд ирж дуу хоолойгоо өргөсөн юм. Тэд “Байгаль хамгаалах уламжлал ба эмэгтэйчүүд”, “Иргэдийн оролцоонд тулгуурласан хот төлөвлөлтөөр нийслэлийн орчны бохирдлыг бууруулх нь”, “Хариуцлагатай уул уурхай ба эмэгтэйчүүдийн оролцоо” зэрэг олон сэдвийг хөндөн хэлэлцсэн юм.
С.ЧИМЭГ