Казах түмний “Бүргэдийн баяр” 12 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Доомбор хөгжмийн эгшиг дор "Бүргэдийн баяр" эхэлж, эмээлийн бүүрэгтэй эрдэнийн чулуу, мөнгөн хөөмөл эдлэл шигтгэн, гар аргаар хатгасан гоёмсог хээтэй малгай, хүрэм өмссөн бүргэдчид гартаа сүрд жигүүртнээ өргөсөөр талбайд гарч ирэв. Гадна дотныхон гэлтгүй үзэгч олон гайхан баясаж баяр хөөрөөр тус наадмыг сонирхон үзсэн юм.
“Нүүдэлчин-2019” ан хийх Казах түмний уламжлалт баяр Богдхан уулын Жаргалантын ам, Чингисийн хүрээ жуулчны баазад зохион байгуулагдаж, энэ баярыг монголчууд төдийгүй гадаадын олон жуулчид, элчин сайдын яамны зочид төлөөлөгчид сонирхон үзэв.
Баян-Өлгий аймгийн долоон сумаас ирсэн нийт 20 бүргэдчин оролцсон бөгөөд 14-77 настай. Үүнээс эрэгтэй 19, эмэгтэй нэг бүргэдчин байсан юм. Тус наадмын үеэр Казах түмний үндэсний дуу хөгжимтэй урлагийн тоглолт, өөрсдийн гараар урласан цүнх,түрийвч зэрэг олон төрлийн үзэсгэлэн худалдаа болсон юм.
Бүргэдээ дуудах, Шырга, Көкбар буюу тулам булаалдах зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулагдлаа. Нартай сайхан амралтын өдөр гэр бүл найз нөхдөөрөө цэвэр агаараар амьсгалж, уралдаан тэмцээн сонирхон бүргэдтэй зураг даруулж өнгөрөөлөө.
Тус арга хэмжээнд оролцохоор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас ирсэнхамгийн ахмад бүргэдчин НажкенТабысбектэй ярилцлаа.
-Таны хувьд бүргэд сургаж, бүргэдээр ан агнах нь үе дамжсан уламжлал уу. Та хэзээнээс бүргэд сургаж эхэлсэн бэ?
-Тиймээ. Бид үе дамжсан бүргэдчид, өвөг дээдсээсээ уламжлан авч 18 наснаасаа бүргэдээ сургаж, ан агнаж эхэлсэн. Одоогоор 50 гаруй жил болж байна.
-Энэ сайхан өв уламжлалаа хойч үедээ яаж өвлүүлж байна вэ?
-Бүргэд сургаж ан агнадаг хоёр дүүгээс гадна хүү,охин минь байгаа. Охин хоёр жилийн өмнөөс бүргэд сургаж эхэлсэн. АНУ-д зохион байгуулагдсан бүргэдээр ан хийх уралдаанд нийт зургаан хүүхэд оролцсоноос манай охин нэгдүгээр байр эзэлсэн. Миний хүү мөн монголын шилдэг бүргэдчинээр шалгарсан, тогтмол энэ арга хэмжээнд оролцдог. Миний хувьд энэ анх удаагаа оролцож байна.
-Таны бүргэд хэдэн настай вэ, хэдэн кг жинтэй вэ. Улаанбаатар хот руу яаж тээвэрлэж авчирсан бэ?
Миний сургасан бүргэд нэг настай дөрөв орчим кг жинтэй. Баян-Өлгийгөөс онгоцоор тээвэрлэн авчирсан.
-Бүргэдээ хэрхэн яаж асарч, сургадаг вэ?
-Бүргэдийг хооллохдоо улирлын онцлогыг харгалзана. Хоолыг сонгож өгдөг. Зун хамгийн их хоол иддэг үе. Харин есдүгээр сараас эхлэн идэшний хэмжээг багасгадаг. Ингэснээр бүргэд анх хийх бэлтгэлээ хангаж эхлэх үе. Бүргэдийн биеийн байдлыг анзаарч харна. Тухайлбал гуяа, хүзүүг нь харж байж хоолыг нь тааруулдаг.
-Бүргэдийг үзэх гэж гадна дотны хүмүүс ихээр ирдэг үү?
-Бид өөрсдөө хувиараа жуулчдыг хүлээж авдаг уулын догшин бүргэдийг гартаа хэрхэн сургадаг талаар сонирхож хүмүүс их ирдэг юм.
-Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
-Баярлалаа.
Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 гаруй хувь нь 1-4 настай бөгөөд 5-6 нас хүрмэгц нь байгальд нь эргүүлэн тавьдаг байна. Ингэж буцаах нь бүргэдийн нөхөн үржих,тоо толгой өсөхөд ихээхэн ач холбогдолтой байдаг. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд харцага овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам харах хурц хараатай үнэг, хярс, туулай, тарвага зэрэг амьтдаар хооллодог. Бүргэд амьдрах нас нь 30-50 жил үргэлжилдэг байна.
З.НУРЖАН