“ГЯЛГАР УУТГҮЙ МОНГОЛ” ХӨДӨЛГӨӨНИЙ САНААЧЛАГЧ, СЭТГҮҮЛЧ М.БҮЖИНЛХАМ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2019-03-06  

Монгол улсад сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 106 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын мэдээ, мэдээллийн ууган байгууллага  “Монцамэ” агентлаг МСНЭ-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2016 оноос эхлэн жил бүрийн энэ өдөр Сэтгүүлзүйн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай болсон.

 “Алтан дүрмийн эзэн” цол тэмдэг, мөнгөн шагнал дагалддаг “Мэдээний шилдэг сурвалжлагч”-ийн шагналыг энэ жил “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхам, “ТВ5” телевизийн сурвалжлагч Г.Бадамлянхуа нар хүртэж, өнөөдөр үндэсний сэтгүүлзүйн 106 жилийн ойн баярын хурал дээр шагналаа гардаж авсан юм.

4 дэх жилдээ шилдгүүдээ шалгаруулж буй дээрх уралдааны энэ удаагийн шагналын эзнийг тодруулах шалгаруулалт ихээхэн өвөрмөц байсныг Үндэсний мэдээллийн “Монцамэ” агентлагийн орлогч дарга Ш.Батболд дурьдлаа. Тодруулбал цахим ертөнцөд нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүнлэгийн чиглэлээр дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүнд хүрсэн, цаашид өвч дэвжих, ирээдүйтэй, залуу үеийн сэтгүүлчдэд урам зориг өгөхийг зорьжээ. Тиймээс бэлтгэсэн мэдээ, сурвалжлага нь олон нийтийн анхаарлын төвд орж, зохих шийдэлд хүрч, эерэг өөрчлөлт авчирч, нийгэмд манлайлал үзүүлсэн дээрх 2 сэтгүүлчийг ийнхүү шилдгээр шалгаруулснаа тэрээр онцлов.

“Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөний санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхамын хувьд 2 жилийн өмнөөс дээрх ТББ-аа байгуулан, цахим ертөнцөөр гялгар уут, хог хаягдлын хор хөнөөлийг таниулсан мэдээ, сурвалжлагуудыг тогтмол хүргэж байсны дүнд МУ-ын Засгийн газар нэг удаагийн гялгар уутыг хориглох тогтоол, шийдвэрийг гаргасан нь хүн ардын эрүүл мэнд, байгал орчинд ээлтэй шийдвэр болсон юм. Сэтгүүлчид өөрсдийн ажил мэргэжлийн онцлог, боломжийг ашиглан нийгэмд ээлтэй зүйл хийж чаддагийн бас нэгэн жишээ гэдгийг тэрээр онцолсон. Тэрээр “Гялгар уутгүй Монгол” фэйсбүүк хуудас, өөрийн хувийн хаяг, зарим хэвлэл мэдээллийн байгууллага, www.ecobujin.mn вэбсайтаар хог хаягдлын менежменттэй холбоотой бүр төрлийн мэдээллийг видео, зураг, текст хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаа юм.

Тэгвэл “ТВ5” телевизийн Улстөр, мэдээллийн албаны сурвалжлагч Г.Бадамлянхуа “Ээжийгээ алдаад удаагүй нялх үрс орон гэргүй боллоо” сурвалжлагаараа олон нийтийг хамарсан хандивын аян өрнүүлж, 7 хоногийн дотор 90 гаруй сая төгрөг цуглуулж, Д.Батмөнхийн гэр бүлийг 2 өрөө байртай болгосон юм. Мөн хүүхдэд нь жилийн 10 гаруй сая төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт үнэгүй хамрагдах боломж олгосноороо ийнхүү шилдгээр шалгарчээ.

 

 

Э.УУГАНЗАЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?