Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт 6 сарын хугацаатай “Онцгой” байдал тогтоох тухай Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрт биечлэн ажиллаж байна. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрт очсон даруйдаа 9 ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол дөнгөж сая тус үйлдвэрийн Тэргүүн захирал, Санхүү эрхэлсэн дэд захирал нарын өрөөг лацадлаа. Дахин 5 даргын өрөөг лацдах юм байна.
“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлын хүрээнд зарим удирдлагууд хууль, хяналтын байгууллагад саатуулагдан шалгагдаж байгаатай холбогдуулсан цаашид ТУЗ нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон. Эрдэнэтийн олж буй ашиг Монгол улсын эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой учраас үүсээд байгаа нөхцөл байдлыг цэгцэртэл болтол хэвийн үйл ажиллагааг нь тасалдуулалгүйгээр засгийн газар хяналтандаа авч байгааг ЗГХЭГ-ын дарга онцоллоо.
Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 мянга гаруй ажилчдыг үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулахгүй тул тайван ажлаа хийхийг хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ онцолсон юм.
Түүнчлэн Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн тоог цөөлөх бодлого барьж байгаа бөгөөд өнөөдөр ажил үүргээс нь чөлөөлсөн удирдах албан тушаалтнуудын оронд шинэ хүн томилохгүй, ажил үүргийн зохицуулалтаар хэвийн ажиллагааг хангах юм байна.
Э.УУГАНЗАЯА