Улсын аварга, арслангуудыг айлгадаг аймгийн цолтнууд олон болжээ. Заалны барилдаанд аймгийн цолтой залуу бөх их, бага шөвөгт шалгарах нь энгийн үзэгдэл болсон байна. Дээх нь үед аварга, арслангууд амын бөхөө алчуур шиг сэгсэрчихээд л тугны зүг ханддаг байсан тухай ахмад бөх сонирхогчид хуучилдаг.
Харин өнөөдөр зүүн, барууны магнай бөхчүүд заалны барилдааны нэг, хоёрын даваанд өвдөглөх нь энгийн үзэгдэл болсон байна. Залуу бөхчүүдийн барилдааны ур чадвар, арга техник улсын цолтнуудаас нэг их дутахааргүй болчихсон. Аварга арслангуудыг айлгаж буй залуу хүчтэнүүдийг цувралаар танилцуулж байна.
Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
Булганы Түмээг хаяна гээд амлачих хүчтэн өнөөдөр алга. Өнгөрсөн жилийн сар шинийн барилдааны дөрвийн даваанд аварга Г.Эрхэмбаярыг халз хутгачихад нь дараагийн даваанд амлах хүчтэн байсангүй. Түрүү бөх Баярхүүгийн Бат-Өлзийтэй тунаж барилдаад тахим буулгасан. Аймгийн заан цолтой бөх тавын даваанд тунаж хүч үзсэн нь тухайн сар шинийн барилдааны содон өнгө болж түүхэнд бичигдэж үлдсэн юм. Улсын аварга Н.Батсууриас авахуулаад өнөө цагийн шилгүүдтэй бүгдэнтэй нь өгөө аваатай барилддаг. 2018 оны Шинэ Үндсэн хуулийн ойн барилдааны үеэр дархан хагалж өшиглөх мэхээрээ аварга Батсуурийг тонгойлчихоод туг тойрч байсан зартай бөх. Энгийн үед төлөв даруу, бөхийн дэвжээнд дайчин шаруу энэ залуу улсын цолд хүрэх нь цаг хугацааны асуудал биз ээ.
Батсүхийн Зоригтбаатар
Уран, дайчин барилдаантай бөх ч олон л доо. Нэг хоёрын даваанд бужигнуулаад л барилдаанаа өндөрлүүлнэ. “Тэр чинь мөн ч эвгүй шүү дээ” гэж дурсагдаад дуусдаг бөхчүүд бий. Архангайн Зоригтбаатар бол өөр шүү. Ямар ч том цолтонтой таарсан айна гэж үгүй. Дайрсаар байгаад л дуусгана. Жин, массаар илүү нь ноёлж барилдаж буй өнөө үед бөх, морь жижигддэггүйн жишээг биеэрээ үзүүлж байгаа. Э.Оюунболд, Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, М.Бадарч гээд мундагуудыг бүгдийг нь хазайлгачихсан элдэвтэй залуу. Бөхийн өлгий нутгийн энэ залуу ирэх жилийн наадмын начны даваанд зогсож л байна шүү. Нутгийн ах цолтнууд нь дэвжээд өгөх биз. “Жижиг” Сүхбат аваргын гал цогтой барилдааныг өнөө цагт Зоригоо үзүүлж байна даа.
Энхбатын Сумьяабат
Гавьяат багш Бүдээбазарын Адьяахүүгийн шавь нарын дундаас арслан Оюунболд, заан Пүрэвсайхан, начин Даш нарын тодорчихсон бөхчүүд бий. Харин өнөө цагт тодорч буй хүчтэн нь Энхбатын Сумьяабат. Өнгөрсөн жилийн Булганы наадамд түрүүж арслан болсон залуу цол дагаж бяр нэмээд байгаа. Намраас хойш барилдаануудад үзүүлсэн амжилтууд нь үүнийг гэрчилнэ. Пүрэвийн Бүрэнтөгс, Оргихын Хангай нарын шилгүүдийг давж шуугиулсан энэ залууг хаяна гээд амлах бөх ховор болсон шүү. Булганы дараагийн улсын цолтон нь Сумьяабат ч байж мэдэх юм.
О.ДАШ