Улс орнуудын байгалийн баялгийн засаглалыг үнэлдэг дэлхийн хэмжээний индекст Монгол улс 2018 онд авч болох 100-64 буюу хангалттай оноо авч, дэлхийн 89 орноос 15 дугаарт эрэмбэлэгджээ.
Тодруулбал Баялгийн засаглалын индекс гэдэг нь 150 судлаач, 149 нэн чухал асуултанд хариулж, 10,000 орчим холбогдох баримт бичгийг судалж боловсруулсан нийт 81 улсын 89 салбарт хамрах томоохон үнэлгээний нийлбэр ажээ.
Монгол улсын Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд “Нийтийн баялгийг ашиглах талаар байгуулсан гэрээнүүдийн ил тод байдлыг хангах” үүргийг хүлээсэн байдаг. Нээлттэй засаглалын зарим түншлэлийн хүрээнд тодорхой ахиц гарсан ч олон чухал гэрээнүүд нууцын зэрэглэлд байсаар байгааг Байгалын баялгийн засаглалын сангаас гаргасан дүгнэлтэд дурьдсан байна.
Монгол улсын Засгийн газрын түвшинд хийгдсэн гэрээнүүдээс Оюутолгойн зэс алтны уурхайн төсөлтэй холбоотойгоос бусад энэ түвшний ямар ч гэрээг ил тод болгоогүй байгааг засаглалын мэргэжилтэн Роб Питман:
-”Харамсалтай нь Монголд гэрээний тогтолцоо, түүний бүтэц далд хэлбэртэй байсаар байна. Газрын тосны салбарт гэхэд 25 идэвхтэй талбайд 23 компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан хэдий ч нэг нь ч ил болоогүй” байна гэжээ.
“Нээлттэй нийгэм форум”-ын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын албатай хамтран байгуулсан “Монгол улсын эрдэс баялгийн гэрээний мэдээллийн сан”-д одоогийн байдлаар 274 гэрээг байршуулж, нийтэд ил болгосон байна.
Орон нутгийн засаг захиргаатай байгуулсан ус, газрын ашиглалт, байгал орчны хамгаалал, дэд бүтэц хөгжүүлэлт, ажил эрхлэлт зэрэг асуудлын орон нутагт хамаарах харилцааг зохицуулсан эдгээр гэрээг байршуулсан ч гэлээ Засгийн газрын түвшинд байгуулсан гэрээнүүд нууц хэвээрээ байгаа гэжээ. Энэ нь Монгол улсын үндэсний баялгийн сантай холбоотой засаглалын сорилтуудад манай улсыг хойш татаж буй үзүүлэлт юм байна.
Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас Засгийн газар, Төрийн өмчит компаниудын газрын тос, уул уурхайн компаниудтай байгуулсан хүчинтэй байгаа бүх гэрээг шинэчилсэн жагсаалтыг нийтлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Э.УУГАНЗАЯА