ТОРОЙ БАНДИЙН НУТГААР

2019-03-18  

(Аян замын тэмдэглэл)

Нэг: Сайн эрсийн тангараг

Эрийн хийморь сэргээсэн

Шилийн Богд сонсож бай...

Эр чадлаа гайхуулсан

Халхын сайн эрс дуулж бай...

Торой Банди, Тогос Чүлтэм

Ганган Төгс, Гархи Банзар

Царцаа Гомбо, Цахиур Төмөр

Харцага Бор, Хагархай Цэнд

Хүрэл Дампил, Хүрмэн Шар

Хангай Базар, Харлаг Дорж

Хаяагаа хадрахгүй

Харснаа авахгүй

Сайн нөхрөөс урвахгүй

Сариг ингэ авахгүй

Эрийн сайнаар ноёдыг дийлж

Хүлгийн сайнаар талыг туулна...

( Бага нуур үдэлж, цай унд барилаа) 

Найз Чинбат Шилийн Богд руу явах саналыг найзуудын дунд гаргаад арав гаруй хоносны дараа санал хоёр хуваагдаж жолооч Баянмөнхийг оролцуулаад Чинбат, Ариунбаатар, Цагаанхүү бид тав явахаар болж 2019 оны 3-р сарын 9-ний өглөө 08:00 цагт тов зарлагдаж аяны жолоог  заллаа.     Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм. -Энэ жилийн ажил эхлэхээс өмнө Богд ууландаа (Шилийн Богд) гарч хийморио сэргээж, ажил үйлс, амь насаа даатгаад ирвэл зүгээр дээ гэсэн Чинбатынхаа үгэнд олзуурхаж саналыг дуртай хүлээж авсан хүн бол би юм. Шилийн Богдын тухай ойлголт минь "Тунгалаг тамир"  кинонд харсанаас илүүгүй тул ёс заншил сайн мэдэхгүй, хамт явах нөхдийн үгийг дагахааас цаашгүй. “Уулын оройд гараад Сайн эрсийн тангарагийг уншина даа хө” гэж Чинбатыг хэлэхээр нь дээрхи тангарагийн үгийг цээжлэх гэж оролдсон минь энэ. Замдаа “Номин”-гийн салбар дэлгүүрээр орж ууландаа өргөх өргөлийн зүйл авав. Зарим нь сүү өргөхгүй л гэнэ. Зарим нь архи өргөхгүй л гэнэ. Будаа өргөвөл цагаан будаа дэмий, арвай авах ёстой л гэнэ. Манайхан жаахан маргах дуртай улс л даа. Учрыг нь олохгүй бага зэрэг эргэлзсэний эцэст аль алинаас нь авч цүнхэллээ. 

Холын замд хоёр машинтай гарах нь зөв гэж  тохирсон байв. Амгалангийн замд Цагаанхүү "Пажеротой" биднийг тосож, нийллээ. Хол замд,  тэгээд ч хаврын улирал тул хоёр тэрэгтэй ханиндаа гарах нь тохиромжтой гэж Чинбат, Цагаанхүү нар үзсэн байлаа. Харин дүү Ариунбаатар өөр бодолтой байгаагаа хэллээ. Шинэ тэрэг,  хуучин тэрэгний  явдал таарахгүй, тэгээд ч Цагаанаа ах тэргэндээ юу ч хийдэггүй хүн, замын ая даахгүй гэж итгэл үнэмшилтэйгээр хэлсэн тул Цагаанхүүгийн тэргийг Ариунбаатарын ажил дээр орхиж нэг машиндаа бөөгнөж аялалын зам шуударлаа. Хэдийгээр маргах сонирхолтой хүмүүс хэдий ч Ариунбаатарын саналыг үг дуугүй дагалаа. Төмөр замын авто засварын заводын даргаар томилогдсон Ариункагийн ажлын байрыг " шалгалаа". Хуучин өмсөж байсан формоор нь Төмөр замд хариуцлагатай ажил хашиж байсныг бид мэдэх юм. 

ХОЁР: ЦАГААНХҮҮ ОРЖ ИРСНЭЭС ХОЙШ ДУУ ШУУ ИЛТ НЭМЭГДЭВ

Цагаанхүү

Ярианы сэдэв янз бүр байв. Эхлээд найз нөхдийнхөө тухай яриа өрнөв. Цогтоог төлөвлөлт сайтай найз нөхдөө зохион байгуулах ажлыг сайн хийдэг гэнэ. Чинбат, Энхбат нар хянуур няхуур нь дэндсэн улс л гэнэ, ер нь хоорондоо эв түнжин сайтай байдгаа ярьж байна. Ийнхүү элдвийг ярилцаж явсаар Багануур хотод ирж үдийн зоогийг “ Багануур” нэртэй замын ресторанд идлээ. Гурилтай шөл идэж, хонины шарсан хавирга, үхрийн жигнэсэн мах нэмж авцгаав. Тэндээс тамхи тариагаа бэлдэж аваад цааш хөдлөв. Хэнтий аймаг Улаанбаатараас 350 км зайтай гэнэ. Үдийн 14 цагт Чингис хаан хотод ирлээ. Гоёмсог хийсэн хаалган дээр зогсож биеийн чилээгээ гаргаж ганц нэг зураг авав. Арваад жилийн өмнө ирэхэд тохижилт муутай тааруухан хот байсан санагдана. Маш их ажил хийсэн нь илт байна. Хот руу орох үед замын хажуугаар босгосон хөшөө барималуудыг “Архелогийн малталтаас гарсан эд өлгийн зүйлийг дуурайлгаж хийсэн” гэж Ариунбаатар хэллээ. Орон сууцны барилга олон нэмэгдсэн байна. Хотод их саатсангүй, бензин аваад цааш хөдлөв. 

Хөдлөөд нэг их удсангүй Цагаанхүү тамхиа татна, кофегоо ууна гэж санал гаргасан тул замаас гарч хээр зогсов. Буух үед хойд талын дугуй жижиг бөөрөнхий чулуун дээр яг таарч дугуйн тэр хэсэг пөмбийж хоёр газар хурц ирмэгтэй зүйлээр зүссэн байсныг ажигч гярхай Цагаанхүү харсанаар дугуйгаа солих болов. Баруун-Урт хот орж олгой хаймар хийлгэе, анхаарал болгоомжтой явья гэж ярилцаад хээрийн цай уух ажилдаа орлоо. Цагаанхүү жижиг ширээгээ засаж салат, хиам, талх гаргаж, Чинбат том шилтэй вискиний баглөөг мулталснаар аялалын уур амьсгал улам ч халуухан  болж эхэллээ. Улаан сайд Сүхбаатар аймагт маш их зүйл хийсэн түүний нэг нь энэ зам юм гэж Ариунбаатар хэллээ. “Орон нутгийн тухай, зам харгуй, уул ус гээд Ариунбаатарт мэдэхгүй зүйл алга даа” гэж намайг хэлэхэд “Би жилдээ хоёр Сүхбаатар аймаг явдаг байсан” гэж хариу хэлэв. “Ариунка  бид хоёрын юм мэддэг гэж юу байдгийн” гэж Чинбат тэндээс адгахад, бүгд инээлдлээ. Цайлах ажил дуусаж хөдлөхдөө жижиг ширээгээ урдаа авч явдал дундаа покер тоглож, зам дөтлөв. 

ГУРАВ: ИЙМ ГЭРЭЛ ШӨНӨ ТААРДАГ, ЭРГЭЭД ХАРВАЛ АРД ЧИНЬ ГАРЧИХСАН БАЙДАГ 

Сүхбаатар аймагт ирж олгой хаймар хайж, дугуйгаа янзалж хоёр орчим цаг саатлаа. Жанжин Сүхбаатарын нутаг гэдгээр түүний хөшөө дурсгалын зүйлээр элбэг. Манай Их сургуулийн ангид Батхүү гэж Сүхбаатар аймгийн залуу байсан. Түүнийг сурагласан боловч сургийг нь гаргаж чадсангүй. Бид Сайран хөлтийн Батхүү гэдэгсэн. Тэрээр Сайн эрийн нутгийн хүүхэд гэж зүтгэдэгсэн.

Ариунбаатар Сүхбаатар аймгийн хүргэн юм байна. Асгат сумын ойролцоо хаваржиж байгаа хадам дүү рүүгээ утасдаж хоол хийж байхыг үүрэгдэв. Асгат сум руу хоёр ч хүнтэй ярьж мах чанаж байгаарай гэж хэллээ. Үдшийн бүрий тасрахаас өмнө хадам дүүгийнд очихгүй бол тал газар төөрөх аюултай гэсэн тул яаравчлав. Замын машин тэрэгтэй хүмүүсээс асууж, утсаар холбоо барьж явсан хэдий ч гэрийнх хажуугаар өнгөрөх дөхөв. Нохой боргох чимээнээр айлын гадаа ирсэнээ мэдлээ. Нохой хорихоор гэрийн эзэн бололтой хөрслөг бор залуу гарч ирэв. Энэ үед “Зүүн аймгийн нохой том толгойтой, том гэдэстэй хүмүүст халгаатай” гэсэн Нэмэхээгийн үг санаанд орж билээ. Гэрийн эзнийг Эрдэнээ гэдэг. - Энэ өвөл цас орсонгүй, мал усгүй хэцүү байна. Би малчин болсоноос хойш ийм жилийг үзсэнгүй, өдөрт хоёроос доошгүй удаа худаг дээр очиж мал усалж байна . Тал газар цасгүй болохоор түймэр гарах магадлал ихтэй байдаг гэж бидэнд хуучлав. Удалгүй гэрийн эзэгтэйн хийсэн борцтой шөл бэлэн болж, гэрийн эзэгтэй хоолоо  аягалан хоёр гардан барив. Хүн бүр хоёр хоёр аяга хоол "цохилоо". Гал дээр хийсэн борцтой хоолны амт гэж тасархай. Бид хоёр хоёр аягыг туучихаад байхад нөгөө дуу ихт Цагаанаа маань ганц аяга хоолоо баралгүй суув. Биднийг дуурайж,  дан гурил, шөл хийхийг хүслээ. Борцоо нүдэж дэвтээж хийсэн бол манай Цагаанаад ийм хүндрэл учрахгүй л байсан даа. Эднийхээс Асгат сум 19 км байдаг гэнэ. Сумын төв орох замд машины гэрэл тусч байгаа мэт гэрэл гарахад Ариунбаатар “Ийм гэрэл байдаг, эргээд харвал ард чинь гарчихсан байдаг” гэж сүнс мүнстэй холбоотой юм яриадахав. Асгат суманд ирж, нэг айлын гадаа зогсоход,  Ариунбаатар гэрт орж,  удалгүй жижиг хувинтай зүйл барьж гарч ирсэн нь адууны мах байв. Өөр нэг хүнтэй утсаар ярьж сумын төвөөс замчилж гаргаж өгөхийг хүсэв. Х-триал унасан том биетэй залуу эхнэрийн хамт бидэнд зам зааж өгч үдэж өглөө. Сумын тамгын газрын дарга хийдэг, эхнэр нь сургуулийн захирал гэнэ. Бас л хайрцагт хийсэн зүйл өгсөн нь чанасан үхрийн мах, шөлийг нь шилэн саванд хийж өгчээ. Замын хоол хүнс элбэг боллоо. -Замд төөрөөд байх зүйлгүй, замын тэмдэг олонтой болсон, айлтгүй гэж тэрбээр биднийг тайвшрууллаа. Үнэхээр ч 140 орчим км яваад зорьсон газраа төвөггүй хүрэв. Тал газар явж үзээгүй мань мэт нь энд үнэхээр явж чадахгүйгээ мэдлээ. 

ДӨРӨВ:  ЭЭРЭМ ТАЛД ТОЛГОЙ МААНЬ 180 ГРАДУС ЭРГЭСНИЙГ МАРГААШ ӨГЛӨӨ НЬ МЭДЭВ

Миний толгой эргэж зүг чигээ алджээ.  Энэхэн хооронд толгой 180 градус эргэснийг маргааш өглөө нь мэдсэн юм. Шилийн Богдоос 14 км зайтай арваад гэр бүхий буудалд ирж хоноглох гэсэн боловч сул гэр алга байв. Бүгд эзнээ олжээ. -Уулын ойролцоо модон байшин бүхий хоноглох газар байгаа гэж тэндхийн нэгнээс сонсож тийш хөдлөв. Хөдлөх үед гэрэл гарч байснаа удалгүй унтарсан тул бага зэрэг төөрч будилсан ч, олж очив. Томоо гэгчийн хашаанд тав зургаан байшин байна. Машины чимээгээр нэг хүн гарч ирж гар чийдэнгээрээ даллалаа. Жар орчим насны эрэгтэй,  эмэгтэй хоёр угтаж 5 ортой нэгэн өрөөнд биднийг оруулав. Ойрд галлаагүй бололтой тэс хүйтэн өрөө биднийг угтлаа. Ариунка, Баянмөнх хоёр оронгуутаа оронд орж нам унтав. Цагаанаа ч удалгүй унтахаар хэвтэв. Чинбаа бид хоёр галч нөхрийн гал түлэхийг харж нэлээд суув. Пийшиндээ нүүрс чихэж газаар үлээлгэсэн боловч гал өрдөж чадсангүй. Гэр осгом хүйтэн, мань эр дотроосоо жаахан "халаалттай" байлаа. Эцэст нь зуухны тагыг авч харснаа, - хүхээ нь тагларсан байна гэж оношлоод баахан нүүрс ухаж аваад, авчирсан  хувинтай аргалынхаа хагасыг хийж дахин галлаад, - Одоо оролдоод хэрэггүй, сайхан дулаацна, та нар бандаажтай ч унтаж  болно гэлээ. Тэгэж хэлэхдээ ширээн дээр тавьсан вискинээс нүд салгахгүй байсан тул 100 гр-ийг хийж өгөхөд тун ч дуртай хөнтрөв. Удалгүй гал дүржигнэтэл асаж,  өрөө халуун дүүглээ. Шөнийн 4 цагийн орчимд Цагаанаа бие засаад орж ирэнгүүтээ шатаж дууссан нүүрсэн дээр үлдсэн аргалыг хийчихээд хэвтэв. Удалгүй хоолой гашуу оргиж байж суух аргагүй болсон тул пийшин рүү хартал пийшингийн таг тойроод аргалын цог уугиж өрөө тасалгаа битүү утаа болсон байв. Би босож, түүнийг нь  цэвэрлэж цонхоо онгойлгож утааг гаргав. Сүхбаатарт өглөө 06 цаг 45 минутад нар мандана гэж интернэтээр харсан тул 5 цаг 30 минутад сэрүүлэг тавьж босцогоолоо.

ТАВ: ШИЛИЙН БОГДДОО ХҮСЛЭЭ ШИВНЭЛЭЭ

Өглөө 7 градус орчим хүйтэн байв. Шилийн Богд хүртэл 3 км явж уулынхаа талд хүрэв. Шилийн Богдод гарч нар харж, хийморио сэргээхээр ирсэн залуучууд олон байна. Арваад машин хүн байсан. 30 орчим минут өгсөж байж оройд нь хүрлээ. Олон мянган жилийн тэртээ дэлбэрсэн сөнөсөн галт уул юм байна. Ойр орчим нь олон галт уулын хүрээ харагдаж байна.

Энэ уул хэрвээ хүн байсан бол ихийг өгүүлнэ дээ. Хүннү гүрний их хаан Модун Шаньюгийн “Газар бол улсын үндэс бурхан гуйсан ч бүү өг” гэхийг, их эзэн Чингис хааны “Алд бие минь алжаавал алжаатугай Ахуй төр минь бүү алжаатугай. Бүтэн бие минь алдарвал алдартугай, Бүрэн улс минь бүү алдартугай” гэж хэлэхийг, 200-аад жилийн тэртээ нутаг орон минь Манжийн түрэмгийлэгчдэд эзлэгдэж түмэн олноороо зовж зүдрэхийг, Шилийн сайн эрчүүд Торой Банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, Цахиур Төмөр нарын тангараг өргөхийг, тэд баяд ноёд манж нараас  авчирсан адуу малаа өвөрт нь хэрхэн нууж байсныг, ядарсан олон ардуудад тарааж өгсөнийг юу эсийг өгүүлнэ... Уулан дээр гараад ийм юм бодож зогслоо.

Зохиогч Нарангэрэл, Торой бандийн хөшөөний дэргэд

Шилийн Богд уул улсын хилээс зарим газартаа 5 км хүрэхгүй шахам ойрхон юм. Уулын бэлд байх самбарт санамж болгож “Буун дуу гаргахыг хориглоно” гэсэн байна лээ. Нар 6 цаг 45 минутад мандлаа. Талын дундаас гэнэт гараад ирэх юм билээ. Газар тэнгэрийн заагт бага зэргийн үүлтэй байсан нь нарыг илүү тод харагдуулдаг юм байна. Хурсан олон гурвантаа “Хурайлж” нарандаа идээнийхээ дээжийг өргөж хүслээ шивнэцгээлээ. Овоонд өргөсөн будаа сүү хоёр барьцалдан наалдсан нь ихээхэн зохимжгүй харагдсан тул сүүгээ наранд өргөж будаа архийг овоог тойруулж өргөв. Ариунка  хомоол дээр арц уйгуулж биднийг бүгдийг нь ариуллаа. Ууланд шувуу огт үзэгдэхгүй тул будааг иддэггүй гэнэ. Ийнхүү эрийн хийморь сэргээсэн Шилийн Богд ууландаа гарч нэгэн хүслээ гүйцэлдүүлэв. Ганцхан гэм нь толгойны эргээ гарахгүй нар баруун хойноос л мандсан даа. Шилийн Богдоос буухдаа галт уулын тогоо руу орж буулаа. Энд арваад азарга адуу багтдаг байсан гэсэн шүү.

Өглөө 8 цагт өнөөх байрандаа ирэв. Жуулчны баазын нэрийг “Хөх тэнгэр” гэсэн сүртэй нэртэй. Шөнө бидэнд өрөө галлаж өгсөн хүн биднийг угтахдаа тэгэж танилцуулсан юм. Цай хэрэгтэй байна гэвэл,-  өшөө юу байна гэх юм. Цай чанаад ирэхээр чинь өшөө юм байж болно гэж Ариунбаатар хэлэв. Гарах хоорондоо давстай юу, давсгүй юу гээд асуугаад амжина лээ. Сайхан цай чанаад иржээ. Бид хоолны сав  гуйж авчруулж, замд өгсөн махаа шөлөнд хийж буцалган идлээ. Өнөө нөхрийн хамт вискинээс 100 гр татлаа. Нэрийг нь Батхаан гэдэг гэнэ. Эндхийн эзэн үү, галч уу, үйлчлэгч үү, манаач уу мэдсэнгүй. Асуух гэтэл “Би эндхийн хүн биш, Халх голоос ирсэн.  Халх голын САА-д тариаланч байсан, одоо ч удахгүй Халх гол руугаа явж тариагаа тарина даа гэлээ. 

Галч Батхаан

Цагаанхүү: -Чи надаас дүү байх гэвэл,- Би 1951 онд төрсөн. ТМС төгсөөд Халх голын САА-д ирээд трактор барьсан. Улсын 3 удаагийн аварга комбайнч хүн шүү гээд пиджакаа өмсөөд ирье гээд гүйлээ. Удалгүй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ХАА-н тэргүүний ажилтан тэмдэг зүүсэн пиджакаа өмсчихсөн орж ирэв. Энгэрт зүүснээ зааж, -эднийг чинь би ардчилал гарахаас өмнө 26 насандаа авчихсан байлаа гэж нэмж  сагсуурхах маягтай тодотголоо. 10 жилийн ажлыг 5 жилд хийж явсан “Гавшгайч” хүн дээ би гэж залуу сайхан цагаа дурсаад улс биднийг харахгүй байна гэж хэлээд гомдлын нулимас гаргах дөхлөө. Гэхдээ одоо цаг сайхан болж байна гэж өөдрөгөөр хэлж биднийг үдэж билээ.

ЗУРГАА: ТОРОЙ БАНДИ МИНИЙ ТОЛГОЙНЫ ЭРГЭЭГ ГАРГАВ

Алтан овоо, Дарьганга, Торой Бандийн хөшөө гээд дараачийн аялалдаа гарав. Торой Бандийн хөшөөнд очих гэж бага зэрэг хазайсаныг Ариунбаатар миний утсан дээр байсан JPS-ийг ашиглаж амархан олов. Домогт шилийн сайн эр Торой Банди буюу Нанзаддорж нь Дарьгангад 1830 онд төрсөн бөгөөд эцэг нь багад нь нас барж эхийн хамт тарчигхан амьдарч байгаад ноёд, баяд, хятадын худалдаачдын адууг хулгайлж ядууст өгдөг сайн эрийн замыг сонгожээ. Дарьгангынхан Торой Бандийнхаа домог түүхийг цуглуулж, хөшөөг нь босгож, дуунд мөнхөлж чаджээ.

Цастын цагаан ууланд нь

Цантаа нь үгүй Торой доо

Цаад найман хошуунд нь

Баригдаа нь үгүй Торой доо...

Торой Бандийг байхад нь хөө

Торгоны сайныг өмслөө дөө

Торой Бандиас хойш хөө

Тостой даавуу ч олдсонгүй...

Тэр битгий хэл 1957 онд “Торой Банди” хэмээх жүжиг тавьж байсан байна. Торой Бандийн хөшөөг зураач Ж.Дүүрэнтөгс 1999 онд бүтээжээ.

Торой Бандийн хөшөөнд удаан саатсангүй. Аяганд нь архи дүүргэж үлдсэнийг нь өөртөө хийж хүртлээ. Хамт зургаа хамт татуулав. Торой Банди миний толгойны эргээг гаргаж өгөв.

Цаг хүрэхгүй давхиад Дарьганга суманд ирлээ. Тал нутгийн сум цэгцтэй цэвэрхэн санагдсан. Дарьганга ястан нь Сүхбаатар аймгийн Дарь овоо, Ганга нуур орчмын нутагт оршдогоос ийм нэртэй болсон гэлцэнэ.  Дарьганга ястанг 1690 оны орчим Манж чин улсын эзэн хааны төмөр сүргийг адуулахаар Цахар, Халх, Өөлд, хошуунаас таслан авч байгуулж байжээ. Мөнгөний дархчуул, мөнгөн эдлэл урлалаараа Дарьгангачууд алдартай. Дарьганга сум аймгийн төвөөсөө 180 км, Улаанбаатар хотоос 780 км хол зайтай. 2,8 мянган хүн амтай. Далайн түвшинээс дээш 1100-1770 өндөрт өргөгдсөн, эртний сөнөсөн 200 гаруй галт уул байдаг байна. Алдарт Шилийн Богд уул, ард түмний бишрэлт Алтан овоо, элсэн манхан хөвөөлсөн Ганга нуур гээд үзэж харах юм элбэгтэй, монгол орны хурдан хүлгийн өлгий нутаг юмаа. Алтан овоо нь Төрийн тахилгат уул гэж нөхөд минь хэллээ. Алтан овоог Шилийн Богдоос өндөр гэж Ариукаг хэлэхэд Шилийн богд өндөр гэж Чинбаа зөрлөө. Шилийн Богд алсуур тойрч гардаг тул гарахад гайгүй байсан. Алтан овоо огцом юм билээ. Ариукад чирэгдэж Алтан овоонд гарав. Алтан овоондоо идээ будаагаа өргөж хүслээ хэллээ. Алтан овоонд хүмүүс их ирдэг тул ойр орчмынх нь газрыг аятайхан тохижуулсан байна. Сумын төвөөс ирэх автозамыг бетондож хийсэн нь үнэхээр чанартай болжээ. Нэг ажигласан зүйл бол аль ч уул овоонд гарахын өмнө тэнд байгаа самбар санамж бичгийг уншиж байх нь зөв юм шиг санагдав. Юу болох, юу болохгүй тэнд бүгдийг бичсэн тул дагаж мөрдөх учиртай. Сумын төвийн гол гудамжныхаа замыг бас бетондож хийсэн нь сумын төвийнхөө тохижилт хөгжилд анхаардагийг илтгэнэ.  Сумын төвөөс аймаг ортол 4-5 цаг явах тул хоол идээд хөдлөхөөр боллоо. Бинтэй хар шөл хуушууртай захиалав. Цагаанаа зөөлнөөр нь гульяш идэв. Тэндээсээ хөдөлж Баруун-Уртаар дайрч Чингис хотын Автовокзалын зоогийн газарт оройн  зоог барьж Улаанбаатарыг чиглэлээ. Хоёр жилийн өмнө би Архангай аймагт орчин үеийн шийдэл бүхий автовокзал барьж ашиглалтад өгөхөд Чингис хотод мөн барьж байгаа сураг дуулдсан.  

ДОЛОО: НАЙЗ НАЙРТАА ХАНДАХ ХЭЛЭХ ҮГ БУЮУ ТӨГСГӨЛ 

Нэг зүйлийг хэлэхгүйгээр орхиж болохгүй санагдлаа. Талдаа 800 гаруй км аялж хоол, унааг дааж ая тухтай зорчуулсан найз Чинбат болон түүний жолооч Баянмөнх нарт тусгайлан баяр хүргэх нь зүйтэй. Замын турш хөтөч хийж хадмуудынхаа чанасан махаар дайлж явсан Ариункадаа баярлалаа. Зам зуур хөгжилтэй зүйл ярьж уйдах завгүй байлгаж, хөзөр тоглож биднээс мөнгө хожсон ч түүгээрээ Чингис хотод зоог барьсан Цагаанхүүдээ баярлалаа. Дараагийн аялалд бүр олуулаа явж, зам зуураа наргиж цэнгэж явбал сайхан юм гэж бодогдлоо. Хоёр өдөр болоход нэг шил архи дуусгаж чадаагүй болохыг дашрамд нь дурдья. Уншигч авхай Та бүгд ч гэсэн Шилийн Богдыг зориорой. Хийморь чинь сэргэж, ажил үйлс чинь бүтнэ. 

 

 

 

 

Монгол улсын зөвлөх инженер Ц.Нарангэрэл

2019.03.09-10 Шилийн Богд

   

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сугар:Таныы бичсэн их таалагдлаа. Дарьганга миний төрсөн нутаг. Хэрэв хувийн чат бичвэл найз Батхүү чинь олоход туслаж болохоор санагдлаа. 2019-03-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?