ТӨСВӨӨ ХЯНАДАГ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН БҮЛГҮҮД БАЙГУУЛАГДЖЭЭ

2019-03-20  

Төр засгийн бодлого болохгүй байна, цалин хөлс хэтэрхий доогуур түвшинд байна, ажилгүйдэл их байна гэх мэтчилэн та өнөөдрийн нийгмийг үнэлдэг үү. Би ч мөн адил. Үүнийгээ бид иргэн хүний оролцоо гэж боддог. Үнэндээ энэ нь зөвхөн хоосон шүүмж юм.

Иргэний оролцоо гэдэг үүнээс арай өөр. Миний, таны амьдардаг гудамж талбай, байрнаас эхлээд баг хороонд нэн шаардлагатай юу байгааг өөрийн амьдралын шаардлагатай харьцуулан тодорхойлж түүнийгээ шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хүргэнэ. Шийдвэр гаргагч нь иргэдээс ирсэн саналыг үнэлж, хамгийн их эрэлттэй, хийх шаардлагатай ажилд хөрөнгө төсөвлөн хэрэгжүүлдэг. Товчхондоо энэ нь иргэдийн оролцооны нэг хэлбэр юм.

2012 оноос Орон нутгийн хөгжлийн санг төр засгийн зүгээс шинээр байгуулан ажиллуулж эхэлсэн нь иргэдийн оролцоог идэвхжүүлэх хамгийн том түлхэц болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолдог.

Гэхдээ иргэн бүр энэ үүргээ ухамсарлан оролцоондоо анхаардаггүй. Тэднийг идэвхжүүлж, оролцооны ач холбогдлыг ойлгуулах нь төр засгийн үүрэг юм. Сүүлийн үед энэ үүргийг иргэний нийгмийн байгууллагууд манлайлан хэрэгжүүлэх болсон билээ. Үүний нэг нь “Захиргааны шинэ санаачлага” төрийн бус байгууллагынхан юм.

Захиргааны шинэ санаачлага ТББ-ынхан “Иргэдийн хяналтын бүлэгтэй загвар хороод” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Төсөвт иргэдийн хяналтын тогтолцоог орон нутгийн анхан шатанд бүрдүүлж цаашид түгээн дэлгэрүүлэх зорилготой уг төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн хороодыг сонгон авсан байна. Эдгээр хороонд ИНХ-ын дэргэд иргэдийн хяналтын бүлэг байгуулж хороондоо хэрэгжиж байгаа ОНХС-ийн төсөл хөтөлбөр төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих иргэдийг чадавхжуулах зорилт тавьжээ. Мөн иргэдийн хяналтын бүлгийн журмыг ИНХ-аар батлуулж үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжийг бүрдүүлж, цаашид бусад хороонд дэлгэрүүлэх замаар орон даяар энэ санаачлагыг өрнүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Төслийн багийнхан дээрх сонгож авсан хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нартай хамтран хяналтын бүлэг байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Үүний үр дүнд Сүхбаатар дүүрэгт гэхэд 3, 6, 14, 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 5, 10, 28 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд Иргэдийн хяналтын бүлэг байгуулагджээ.

“Иргэд төсвөө хянана” гарын авлагыг бэлтгэв

Хороод дээр Иргэдийн хяналтын бүлгийг байгуулж буй хамгийн гол шалтгаан бол иргэд төсвөө хянах мэдлэгтэй чадвартай болж буй явдал юм. Нэг үгээр хий хоосон шүүмжлээд суух бус өөрсдөө оролцоод сайжруулаад эргээд түүнийхээ ашиг шимийг хүрт гэсэн санаа. Ингэхийн тулд иргэдэд төсвөө хянах тодорхой арга зүй зайлшгүй хэрэгтэй. Захиргааны шинэ санаачлага ТББ-аас Иргэдийн хяналтын бүлэгт зориулсан “Иргэд төсвөө хянана” гарын авлагыг бүтээжээ. Энэхүү гарын авлага нь зөвхөн иргэд төсөв хянахад зориулагдаад зогсохгүй ОНХС-г хариуцаж байгаа төрийн байгууллагын хүмүүст туршлага, мэдлэг олгохоор өргөн далайцтай, мэдээлэлтэй бүтээл гэдгийг албаныхан онцолж байсан юм.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн нэг Баянзүрх дүүрэгт 3 хороон дээр иргэд хяналтын бүлэг байгуулан идэвхтэй ажиллаж байна. Тус дүүргийн хувьд 2019 онд ОНХС-ийн хөрөнгөөр 22 ажил хийгдэхээр төлөвлөгдсөн тухай БЗД-ийн ЗДТГ-ын Төлөвлөлт гүйцэтгэлийн хянатын шижинлгээний хэлтсийн Хяналт мониторингийн албаны дарга Ю.Ариунхишиг ярилаа. Тэрээр “ОНХС-ийн хөрөнгөөр хийж байгаа ажил үр бүтээмжтэй байна уу, зарцуулалт зөв байна уу, миний хүсч байсан ажил бүтээн байгуулалт мөн үү, зорилтот хүмүүстээ хүрч чадаж байна уу гэдэгт иргэдийн хяналт чухал. Иргэдийн өөрсдийнх нь оролцоо байна гэдэг хэн нэгэнд өөрийнхөө амьдралыг даатгах биш өөрсдөө бас хариуцлагатай байх ёстойг харуулж байгаа явдал. Иргэдийн хяналтын бүлэг өмнө нь ч манай дүүрэг дээр байгуулагдаж байсан. Үр дүнтэй ажилласан байдаг. Захиргааны шинэ санаачлага ТББ-аас бэлтгэн гаргасан “Иргэд төсвөө хянана” гарын авлага маш сайн мэдээлэлтэй, мэдлэг олгохоор бүтээл болжээ. Энэ гарын авлагыг зөвхөн иргэдээр зогсохгүй ОНХС-гийн үйл ажиллагааг хариуцдаг мэргэжилтнүүд ч уншиж судлах шаардлагатай бүтээл гэж харж байна” гэв.

Иргэд ийм оролцоотой болжээ

Ингэж төсвөө хянах боломжтой гэдгээ мэдэж аргазүйд суралцсан иргэд бодит амьдрал дээр сурснаа хэрэгжүүлж эхэлжээ. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байгуулагдсан хяналтын бүлгийнхэн хорооныхоо 2-А байрны ншхэн гарашийн ашиглалтад мониторинг хийж эхэлжээ. 6 дугаар хорооны хяналтын бүлгийн гишүүд 5 дугаар байрны гадна талын фасадны ажилд хяналт тавьж ОНХС-аас санхүүжиж байгаа ажил гүйцэтгэл муутайг тогтоосон байна. 14 дүгээр хорооныхон камержуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ОНХС-аас 30 сая төгрөг зарцуулж суурилуулсан камер бүрэн ажиллаж чадахгүй байгааг илрүүлсэн байна. Энэ мэтчилэн иргэд төсөвтөө хяналт тавьж гүйцэтгэл хангалтгүй ажлуудыг сайжруулахад гар бие оролцож байна.

С.Цэрэнпүрэв: Иргэдийн оролцоо сайжраад зогсохгүй хууль эрхзүйн орчин ч сайжирч байна

Иргэд төсвийн зарцуулалтад оролцоод эхлэх нь зөвхөн иргэдийн ахуй амьдрал сайжраад зогсохгүй хууль эрх зүйн орчныг сайжруулах ач холбогдолтой гэж Захиргааны шинэ санаачлага ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв ярьж байна. Тодруулбал, ОНХС-ийн үйл ажиллагааны журмын төсөлд хэд хэдэн санал өгснөөс журмын 9.4-д ОНХС-ийн журмын хэрэгжилтэд иргэд иргэний нийгмийн байгууллагууд хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу хяналт тавина гэсэн санал тусгагдсаныг тэрээр онцлов.

Захиргааны шинэ санаачлага ТББ-ынхан иргэдийн оролцоог хангах төслийг өмнө хэрэгжүүлж байсан сайн туршлагатай ажээ.

 

 

 

Б.ЗАЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?