Хотын соёл хаанаас эхэлдэг вэ. Бие биетэйгээ соёлтой харилцах, эсвэл дэгжин, чамин хувцаслаж, гадаад хэлээр гангарахаас эхэлдэг юм болов уу. Эсвэл нийгмийн сүлжээнд идэвхтэй “амьдарч”, буруу бүхнийг шүүмжлэн суухыг хэлэх үү. Угтаа бол соёл гэдэг нь адгуусан амьтдаас ухамсарт сэтгэхүйгээрээ ялгардаг ганц амьтан болох хүнд л байх ёстой шинж чанар. Үүн дээр тулгуурлан их хотын соёл гэдэг зүйл яригдаж буй. Таны эрх миний эрхээр хязгаарлагдана гээд томъёолчихсон. Нэг үгээр хэлэхэд таны хийж байгаа үйлдэл бүхэн нөгөө хүнд нөлөөлнө. Гэтэл нийслэлд хэр соёлтой иргэд амьдарч байгааг ганцхан зүйлээр аваад үзье.
Улаанбаатар хотод олон өндөр барилга, байшин сүндэрлэж байна. Тэр олон гоё, ганган байшин барилгын булан тохой, орц, хонгилыг манай залуучууд гаргаахгүй ашигладаг. Ганц байшингийн булан тохой ч биш, гудамж талбай, хаа таарсан газраа “онилж” нус, шүлс, цэр, тамхины ишний “бөөгнөрөлийг байгуулах” нь байдаг л үзэгдэл болов. Гудамжинд таарсан хэн нэгэн нусаа нийн, шүлсээ хаяж, хоолойд тээгэлсэн цэрээ бөөгнөрүүлж байгаад чулууддаг дүр зургийг хараагүй хүн байхгүй биз ээ. Тамхины иш ээ сурамгай гэгч няслах нь бараг тэмцээн зохиох хэмжээнд хүрсэн гэлтэй. Харин нэг үеэ бодвол гудамжинд бие засах нь арай багассан шиг.
Уг нь энэ бол их хотын иргэд жаахан хичээхэд шийдвэрлэчих асуудал. Шийдвэрлэхийн тулд 2017 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хэдий энэ асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрлээ.
Биенээ хүндлэх, соёлч боловсон зангаараа дэлхийд тэргүүлдэг улсын нэг бол Япон. Тус улсад ч энэ асуудал тулгарч байжээ. Тэд хатуу чанга хууль, торгуулийн аргаар иргэддээ ухамсарлуулж чадсан гэдэг. Өдгөө тэнд зөвхөн хувь хүний ухамсраар л шийдвэрлэгддэг асуудлын нэг болжээ. Гэтэл бидэнд хууль батлуулж, торгууль ногдуулсан ч дээрдсэн юм алга.
Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийн нэг тод жишээ нь та гудамжинд шүлсээ хаяснаар олон төрлийн халдварт өвчнийг нийгэмд тарааж байгаа гэдгийг ухамсарла !!!
Их хотын хөдөлгөөнд оролцож буй иргэдээс дараах асуултад хариулт авлаа.
Та гудамжинд шүлсээ хаяснаар олон төрлийн халдварт өвчин нийгэмд тараадаг гэдгийг мэдэх үү?
С.Сайнзаяа (Чингэлтэй дүүргийн иргэн):
-Энэ талаар анх удаагаа сонсож байна гудамж талбайд алхам тутамдаа шүлс цээр хаясан байдаг. Тэр бүр доошоогоо харж явдаггүй болохоор гишгээд л явдаг. Иймэрхүү мэдээллийг иргэдэд тараагаасаа гэж боддог, тэгвэл хүмүүсийн гудамж талбайд хамаагүй нус цээрээ хаях нь багасах болов уу? Би хувьдаа өнөөдөр сонсож байна. Гэхдээ би шүлсээ гудамжинд хаядаггүй.
Б.Саруултуяа (Хан-Уул дүүргийн иргэн)
-Мэдээж мэднэ. Би өөрөө эрүүл мэндийн байгууллагад ажилладаг. Энэ олон шүлснээс маш олон нян бактери тараадаг. Иргэн хүн мэдэхгүй шүлсэн дээр гишгээд дараа нь гэртээ ороход гэртээ олон төрлийн халдварт өвчний нян авчирсан байдаг. Ялангуяа хаврын улиралд нян бактерийн үрждэг цаг. Үүнийг мэддэг учраас ойр дотны хүмүүс хүүхдүүддээ байнга гудамжинд шүлсээ хаяж болдоггүй талаар сануулдаг. Ер нь энийг заавал сануулж хэлэх шаардлагагүй манайхан хувь хүний ухамсараар энийгээ больсон дээр гэж үзэж байна.
Г.Бат-үүл (Баянзүрх дүүргийн иргэн)
- Би энэ талаар мэднээ. Гэхдээ угаасаа хуулиар гудамж талбайд шүлсээ хаяхыг хориглосон байдаг биз дээ. Ийм хууль хүртэл хэрэгжүүлэх шаардлагагүйгээр иргэд өөрсдөө ухамсарлаж болдоггүй юм уу. Өөрсдийн хойч үр хүүхдүүдээ бодмоор юу даа. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаас гадна нийслэлийн өнгө үзэмжэнд ч муугаар нөлөөлж байна. Гадны жуулчид манайд ихээр ирдэг. Зарим нэг нь Улаанбаатарыг бохир хот гэж хэлдэг байх аа.
З.НУРЖАН