“1 сая төгрөгийн цалинтай байж 3 саяын утас бүү ав”
Бид өдөр бүр мөнгөтэй харьцдаг. Яг үүн шигээ үргэлж л санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байдаг. Магадгүй та “Яагаад надад мөнгөний асуудал үүсчихэв” гэж гайхаж байсан л байх. Харин үнэхээр яагаад гэдэг ээ бодож олсон уу? Та 600 мянган төгрөгийн цалинтай байлаа гэж бодъё. Хэдийг нь “цааш нь хийдэг” вэ. Магадгүй хадгалах мөнгө илүү гардаггүй, яг л хэрэгцээгээ хангаад таарчихдаг байх. Тэгвэл цалин тань 800 мянга болж нэмэгдлээ. Тэгвэл та энэ 200 мянгаа хадгалах уу. Мөн л хэрэгцээгээ хангаад дуусчихсан уу. Яг үүнд л бидний асуудал байгаа юм.
Үүнийг Хаан банкны ................ С.Энх-Ирээдүй энгийнээр тайлбарлахдаа “Хүн хэдий хэмжээний орлоготой байх нь сонин биш, харин орлогоо хэрхэн зарцуулж байгаа нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хэрэгцээг хангахдаа бусдаас тусламж хүсэхгүй байхыг л санхүүгий эрх чөлөө гэнэ. Тиймийн тулд бид бусдын дор орохгүй, гутлаа чирэхгүй явъя гэж бодож байгаа бол олсон орлогоосоо далд хийж сурах хэрэгтэй. 1 сая төгрөгийн цалинтай байж 3 саяын утас бүү ав” гэсэн юм. Энэ бол санхүүгйн сахилга бат бөгөөд хадгалж чадвал бид санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн үг.
Энэ илтгэлийг бүрэн эхээр нь сонссон азтай хүмүүс бол англи хэл дээр эсээ бичиж, шалгаруулалтад тэнцсэн 100 шилдэг оюутнууд билээ. American Chamber of Mongolia-ийн зүгээс гурав дахь жилдээ “АчЧамын ментор” өдөрлөгийг амжилттай зохион байгуулж буй нь энэ.
Өдөрлөгийн гол зорилго нь АчЧамын гишүүн компаниуд болох ХААН банк, ЭМ-СИ-ЭС, Ард санхүүгийн нэгдэл, Herbalife Nutrition, Porsche зэрэг 10 орчим копанийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийг урьж, оюутнуудад практик зөвлөгөө өгөх, панел хэлэлцүүлэг өрнүүлэх, ажил мэргэжлийн туршлагаасаа хуваалцахад оршиж байгаа юм.
Зочин лекторууд санхүүгийн эрх чөлөө ба сахилга бат, банк хаашаа явж байгаа вэ зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнчлэн оюутнууд намтараа хэрхэн зөв бичих, ажилд орох ярилцлагын үеэр ямар ур чадвараа тодотгон ярих гэх мэт сургалтыг тэдэнд бодит чадвар олгож байнэ хэмээн онцолж байлаа. Өнөөгийн оюутан залуусын санхүүгийн мэдлэг хэр байхаас шалтгаалж ирээдүйг монголын өнгө төрх тодорхойлогдоно. Тиймээс ч оюутнуудтай ийнхүү тулж ажиллаж байгаа хэмээн зохион байгуулагчид онцолж байсан юм. Түүнчлэн санхүүгийн сахилга батыг иргэдэд суулгахын тулд Хаан банкны зүгээс интернэт банкны хэрэглэгчдэдээ зориулан инноваци нэвтрүүлж байгаа талаар хэлж байлаа.
О.НАНСАЛМАА