ӨЛЗИЙ-ОРШИХ ШИГ САЙХАН ХҮНТЭЙ ДАХИЖ УУЛЗАХГҮЙ БОЛСОН ГЭДЭГТЭЭ ТУЙЛААС ХАРАМСАЖ БАЙНА

2019-04-05  

Бид дотно үерхээгүй ч, бие биенээ хүндэлдэг байсан. Түүнтэй цөөхөн уулзаж, ховорхон утсаар ярьсан ч, үлдээсэн сэтгэгдэл гүнзгий. Монголын дугуйн спортын хөгжилд түүн шиг бодитой хувь нэмэр оруулсан хүн цөөхөн гэж би хувьдаа боддог. Түүн шиг дугуйн спортод хайртай, түүндээ сэтгэлээ шингээж чадсан, амь амьдралаа зориулсан дугуйчин ховор. Би мэргэжлийн дугуйчин биш ч, бусдын адил дугуй унах дуртай. Тэр жил, 1996 он санагдана, Бээжин ороод буцахдаа дугуйгаа шинэчлэх санаа төрсөн. Монголын ЭСЯ-ны хойхно орших дугуйн дэлгүүрээс Монголын Гадаад хэргийн сайд Туяа 100 ам.доллараар дугуй худалдан авсныг ЭСЯ-ны жолооч Жадамбаас сонсоод тэр дэлгүүрийг бараадсан. Нүд булаам олон дугуйнаас 100 ам.долларын үнэд багтах дугуй сонгох санаатай эргүүлдэж байтал, өндөр, чийрэг биетэй, нүднийхээ дор хөхөвтэр мэнгэтэй залуу ойртож ирээд,

- Та дугуй сонирхож байна уу? -Тийм. Энэ дугуй ямар бол, зөвлөөч? 

-Ямар үнэд багтааж авах гэж байгаа юм бэ? Хямдхан дугуй авбал хог шүү дээ. Очоод л хаяна.

-Гайгүй шиг дугуй авчихмаар байна. Энэ дугуй ямар бол гээд цагаан өнгийн дугуйг татвал, -Хэрэггүй. Танд би дугуй шиг дугуй зааж өгье гээд нэг шар өнгийн дугуйг буулгаад ирэв.

-Үнэ нь хэд вэ? гэвэл -300 ам.доллар. -Миний төлөвлөснөөс 3 дахин их юм байна.

-Энэ дугуй сайн дугуй. Үнээ хэзээ ч, хаана ч барина. Та унахаа болиод зарахдаа тулбал манай дугуйчид булаацалдаад л авна.

-Үнэтэй юм даа, дугуй гэхэд, -Машины үнэтэй ч дугуй бий. 20, 30 мянга, бүр 100 мянган ам.долларын ч дугуй бий. Та алдахгүй ээ.

Ийм нэгэн яриа бидний дунд Бээжин хотын унадаг дугуйны дэлгүүрт өрнөсөн. Тэгэж анх танилцсан. Түүнээс хойш тааралдвал мэндтэй устай зөрнө, сүүлдээ уулзаж, хөөрөлдөх, хааяа нэг утас цохих.

Нэг удаа утсаар ярихдаа - Загасчилж байхад шөрмөс татах хэцүү шүү гэвэл, өөрт тохиолдсон түүхээс хуучилж билээ. -Тэр жил гадаадад дугуйн уралдаанд оролцож явтал шөрмөс нь татсан байна. Бариа ойртсон байдаг. Жийж чаддаггүй. Тэгэхээр нь өөдөөс ирэх багийн гишүүндээ шөрмөс татлаа, уух юм гэж дохитол ус аваад ирж. Тэгэхээр нь ус бишээ пиво гээд буцаагаад гүйлгэсэн тухайгаа хуучилсан. Тэрбээр шөрмөс татахад тавиулах хамгийн найдвартай арга бол пиво гэдгийг түүнээс мэдэх болсон. Түүнээс хойш уухгүй ч гэсэн хөргөгчиндөө пиво хадгалах болсон. Энэчлэн амьдралд хэрэгтэй олон зүйлийг түүнээс таньж мэдсэн. Одоо хүртэл би түүний зөвлөгөөгөөр авсан Жиант дугуйгаа унадаг. Яг л хэвэндээ. Чанартай юм гэдэг цагийн уртад шалгардаг юм байна. Өнгөрсөн намар, Лхагвасүрэн хүү маань унаж яваад гадаа орхитол, эмээлийг нь урт гартнууд авч одсон байсан. Энэ тухай хэлтэл, ирээрэй, манай дэлгүүрт бий гэж уриалгахан хэлсэн.

"Комментатор" нэвтрүүлгийн зочноор урьж сайхан яриа хөөрөө дэлгэнэ ч гэж сүүлд ярилцсан. Энэ бүхэн одоо нэгэнт өнгөрчээ. Тэр гайхалтай тамирчин байсан. Мөн гайхалтай менежер ч байсан. Монголын залуу дугуйчдыг гадаад ертөнцтэй холбосон хүн бол яах аргагүй Өлзий-Орших. Гэхдээ тэр рекламанд дургүй. Сахилга бат, дэг, ёс зүйг чандлан сахидаг байсан гэ мэдэрдэг.

Бас нэгэн түүх хуучлая. Нэгэн олон улсын уралдаанд дугуйчид өөр хоорондоо тохирч, нэгнийгээ дэмжие гэж тохирсон тухай тэр хөөрсөн. Гараанаас өмнө хэсэг дугуйчид нэгнээ дэмжих тухай хэлцсэн байдаг. Тэгтэл энэ хэлцэлд оролцсон вьетнам дугуйчин гэрээ хэлцэл зөрчиж түрүүлсэн гэдэг. Олон улсын дугуйчдын баг түүнтэй тооцоо хийж, нэвширтэл нь гөвсөн ч гэдэг. Дугуйчид амь нэгтэй байдаг юм гэдгийг тэр надад энэ түүхээр ойлгуулсан. Спорт бол зөвхөн амжилт биш, хүн чанар гэдгийг тэр надад мөн л ингэж таниулсан.

Ийм нэг сайхан хүнээ Монгол алджээ. Монголын хувь дутжээ. Өлзий-Оршихыгоо алдсанаа Өвөрхангайн Арвайхээр хотод л мэдлээ. Тэнгэр таалаг, нөхрийг минь.

 

 

Ц.ЭНХБАТ

 

 

МАНАЙ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС ...

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Тэр нь 2000 оны Азийн аваргын тэмцээн. Өлзий ах яг барианд орохын наана вьетнам тамирчин ярьсанаа зөрчиж түрүүлсэн юм гэдэг. 2019-04-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?