АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХЭСГИЙН АХЛАГЧ НАР “НҮД, ЧИХ” БОЛЖ АЖИЛЛАНА

2019-04-15  

Агаар, орчны бохирдлын эсрэг “Хүчээ Нэгтгэе” чуулган эхэллээ. Иргэн бүрийн оролцоо агаар, орчны бохирдолтой тэмцэхэд чухал. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэсгийн ахлагч нарыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, хяналт тавьж ажиллах боломжоор ханган, хамтарч ажиллахаар боллоо.

Энэ ажил Чингэлтэй дүүргээс эхэлж байгаа бөгөөд өнөөдөр тус дүүргийн 700 гаруй хэсгийн ахлагч чуулганд оролцож байна. Нийслэлийн төвийн 6 дүүргийн 200 гаруй мянган гэр хорооллын өрхийн 1 жилийн түлшний хэрэглээ 1.2 сая тонн. Хэрэв өрх бүр дулааны алдагдалаа бууруулж, гэр, байшингаа дулаалвал түлшний хэрэглээ жилд 30 хувиар буурах боломжтойг мэргэжлийн байгууллагууд тооцож гаргасан.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад иргэд төртэйгөө хамтарч эхэллээ

Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатарын төвийн 6 дүүргийн гэр хорооллын өрхийн түлшний хэрэглээ 2 дахин буурч 600 мянган тоннд хүрнэ. Тиймээс сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх арга, заавар, гэр, байшингаа хэрхэн дулаалах талаарх мэдээллийг төвийн 6 дүүргийн 5000 орчим хэсгийн ахлагч иргэдэд өгч ажиллах нь бодит үр дүн гаргах хамгийн чухал ажил юм. Хэсгийн ахлагч нар хариуцсан өрх бүртээ төрөөс хэрэгжүүлж буй агаар орчны бохирдлын эсрэг зөв мэдээллийг тогтмол өгч ажилласнаар агаар, хөрсний бохирдлыг иргэдийн оролцоотойгоор бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Нийслэлийн төвийн 6 дүүргийн 5000 орчим хэсгийн ахлагч цаашид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны албан бус гишүүд гэсэн статустай болох бөгөөд төр иргэний түншлэлийн тод жишээ болж ажиллах юм.

ОББҮХ-ны Ажлын албаны дарга Ч.Гантулга: Ирэх өвөл утаагүй байх эсэх нь иргэдийн оролцооноос хамаарна

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд /ОББҮХ/ гэрээтээр ажиллахаар болсон Чингэлтэй дүүргийн 648 хэсгийн ахлагч өнөөдрийн чуулганд оролцож байна. Тэд өрх бүрт агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖЯ, ОББҮХ, НЗДТГ-аас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг тогтмол өгч, гарын авлага мэдээллээр ханган, гэр байшингаа хэрхэн дулаалах талаар зөвлөгөө өгч, сайжруулсан шахмал түлш хэрэглэх тал дээр  хяналт тавьж ажиллах юм. Өөрөөр хэлбэл иргэн иргэндээ мэдээлэл өгч, хяналт тавьж ажиллана гэсэн үг. Ингэснээр хүн бүр агаар, орчны бохирдлын эсргэг нэгдэж бодит үр дүн гарна. Ирэх өвөл утаагүй байх эсэх нь иргэдийн оролцооноос хамаарна.

Г.Цэвэлсүрэн: Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг иргэддээ цаг тухай бүрт нь хүргэж, хяналт тавьж ажилласнаар үр дүн гаргана гэж итгэж байна

/Чингэлтэй дүүргийн 17-р хорооны 14-р хэсгийн ахлагч/

Манай хэсэг 4 мянга гаруй иргэнтэй. ОББҮХ-нд гэрээт ажилтнаар орсноор иргэддээ цахилгаанаар халаалтаа шийдэж, түүхий нүүрс түлэхгүй, гэр, байшингаа дулаалж байж бид утаагүй Улаанбаатарт амьдарна гэдэг мэдээллийг өгч ажиллахаар боллоо. Миний хариуцаж байгаа хэсгийн айлуудын 90 гаруй хувь нь сайжруулсан түлш хэрэглэхийг  дэмжиж байгаа. Төрөөс агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг иргэддээ цаг тухай бүрт нь хүргэж, хяналт тавьж ажилласнаар агаарын бохирдлыг бууруулахад үр дүн гаргана гэж бодож байна.

 Э.Амгалан: Иргэд маань өөрөөсөө эхэлж асуудлыг шийдэх хэрэгтэй байна

/Чингэлтэй дүүргийн 15-р хорооны иргэн/

Хэсгийн ахлагчийнхаа өгсөн мэдээллийн дагуу өнөөдрийн чуулганд хамт сууж байна. Бид  амьдарч буй орчноо цэвэр байлгахыг илүүтэй хүсдэг. Ингэхийн тулд мэдээж хувь хүн өөрөөсөө эхлэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Төрөөс хэрэгжүүлж буй ажил хаана очоод гацах нь нэг талаас иргэн хүний ухамсарын асуудал гэж хардаг. Тиймдээ ч тулгараад байгаа асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо хамгийн чухал. Бүх нийт агаар, хөрсний бохирдлын эсрэг хүчээ нэгтгэнэ гэж найдаж байна. Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө биш ирээдүйнхээ төлөө энэ ажилд дуу нэгтэй байх ёстой шүү дээ. Ер нь энэ алхмыг хийснээр хойч ирээдүйдээ үлдээж буй бас нэг том өв гэж бодож байна.

Н. Доржпалам: Сайжруулсан түлш түлэхийг бүх нийтээр дэмжиж байна

/Чингэлтэй дүүргийн 14-р хорооны засаг дарга/

Төрөөс өмнө нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон талын ажил хийж байсан ч доривтой үр дүн гараагүй. Иргэд ч тухайн үед төрийн бодлого, шийдвэрийг төдийлөн сайн дэмждэггүй байсан. Энэ удаад  харьцангүй дэмжиж, нааштай хүлээж авч байна. Манай хорооны иргэдийн хувьд энэ удаа эсэргүүцэл багатай байна. Яагаад гэхээр иргэд өөрсдөө маш их хордож байна. Ялангуяа манай таван буудал хавьд агаарын бохирдол маш их. Тэр ч утгаараа иргэд сайжруулсан түлш түлэхийг нийтээр дэмжиж байгаа. Ямар ч байсан түүхий нүүрс түлэхгүйгээр халаалтаа шийднэ гэдгээ илэрхийлж байгаа. Төрийн санаачилсан ажлыг бодит үр дүнд хүргэхийн тулд иргэдээ мэдээллээр хангаж, хяналт тавьж ажиллана.

Ийнхүү агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс баримтлан хэрэгжүүлж буй ажлыг  хэсгийн дарга нараар дамжуулан өрх бүрт мэдээллийг хүргэх, хяналт тавих нөлөөллийн ажил эхэллээ. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо хамгийн чухал.

 

МАНАЙ НЭВТРҮҮЛГҮҮД
 
"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 
 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?