Монголын газар нутагт БНХАУ-ын төрийн өмчит компаниудад 20, түүнээс дээш жилийн хугацаатайгаар газар нутгаа олгох үйл ажиллагаа идэвхжих болов. Хамгийн ойрын жишээг дурдая. Багануурт, төвөөс 5 км-ийн зайд 20 мянган га газрыг Цахилгаан станц бариулах нэрээр Хятадын төрийн өмчит компанид Ардчилсан Нам Засгийн эрх барих үед тус намын лидерийн нэг, тухайн үед Үйлдвэрлэл Хөдөө Аж ахуйн Яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын оролцоотойгоор олгогдсон байдаг. Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалт бүхий энэ Цахилгаан Станцыг БНХАУ өөрийн хөрөнгөөр барьж, ашигийг нь тэд 20 жилийн хугацаанд хүртэж, энэ хугацаа дууссаны дараа Монголын талд Станцаа хүлээлгэн өгөх гэрээг нь Эрдэнэбат хамгаалан, ашигтай гэж зүтгэж буй.Тэгвэл 20 жилийн дараа энэ цахилгаан станцыг хүлээн авна гэдэг нь энгийнээр хэлбэл, "эдэлгээ нь дууссан, их засварт орох шаардлагатай, үнэ өртөг нэхсэн машинтай" ижил гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Түүнээс гадна, 20 жил Монголд амьдрах Хятад иргэд аль хэдийнээ Монголд суурьшсан байна гэх болгоомжлолыг иргэд дуулгаж байсан.
Тэгвэл Нийслэл Хотын өнөөгийн удирдлагын санаачилгаар, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дэмжлэгтэйгээр Тяньжин Хотын "Тяньжин фүүдс" төрийн өмчит компанид Агро Парк барих зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт 50 га газар олгох шийдвэр гаргасан байна. Саяхан, 2019 оны 3-р сарын 27-ны өдөр "Тяньжин Фүүдс" компанид газар олгож, хүлэмжийн АА эрхлүүлэх төслийг хэлэлцүүлэхэд Мөнхчулуун тэргүүтэй гишүүд эсэргүүцэж унагасан байдаг.
Тэгвэл Монголд Агро Парк байгуулах энэхүү төслийг өөр компаниар дамжуулан хэрэгжүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга тухайн өдөрт нь гаргасныг ЗГХЭГ-ын ажилтнуудаас дуулсан гэж Мөнхчулуун тэргүүлэгч өөрийн цахим хуудсандаа бичсэн байна. Энэ шийдвэрийг ажил болговол ямар хортой үр дагавар хүлээж буйг;
-Хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө
-Хөрсийг бохирдуулна
-Дотоодын, хөл дээрээ дөнгөж тогтож буй энэ чиглэлийн бүх аж ахуйг татан унагана.
-Монголчуудын эрхэлж буй нийт хүлэмжийн талбайн хэмжээ нь 50 га хүрэхгүй. Тиймээс дотоодын аж ахуйн нэгжийг залгисан гадаадын монополь компани Монголын хүнсний зах дээлд ноёрхлоо тогтооно. Ийм л аюул тосож, нүүрлэж байна. Энэ төслийг анх хэлэлцэхэд ч эсэргүүцсэн, цаашид эсэргүүцэх болно Мөнхчулуун тэргүүлэгч байр сууриа илэрхийллээ. Орос орон газар нутгаа Хятад иргэдэд 49 жилээр түрээслүүлснээс болж асар их хохирол амсаж байна. Тэд Хятадуудыг хөөж явуулах, үйл ажиллагааг нь зогсоох гээд хүчрэхгүйдээ хүрсэн. Хүлэмжийн бизнес эрхлэхдээ түргэн ургуулах, өнгө тодруулах зориулалт бүхий химийн бодисыг тонн тонноор ашиглаж, хөрсийг бохирдуулж, газар нутгийг нь химийн хортой бодисын агуулах болгож, ард иргэдийн эрүүл мэндийг хордуулж байгааг дөнгөж саяхнаас илрүүлж, Орос орон тэр чигтээ шуугиж байна. Гэвч төр засаг нь, хуулийн байгууллага нь дээгүүрээ хөдөлдөггүй. Ийм л байдал Орос оронд нүүрлэжээ. Тэгвэл яг энэ үйлдэл Монголд давтагдахгүй гэж хэн ч хэлж чадахгүй.
"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ
"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ