ХАВРЫН СҮҮЛ САРЫН ШИНИЙН 15-НИЙ ЭЛ ӨДӨР МАХАН ХООЛЫГ ТЭВЧЬЕ

2019-04-19  

Билгийн тооллын 08, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд Монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ. Учир нь дүйчэн гэдэг нь "Их цаг" гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг, харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.

Хэдийгээр гол амин зуулга нь мал аж ахуй боловч олон зуун жил Буддын шашныг шүтэж дээдэлж ирсэн Монголчууд бид зуны гурван сар, намрын эхэн сардаа махан хоолыг тэвчиж, айраг цагаагаар хооллодог, мал гаргахыг цээрлэдэг уламжлалт соёлтой ард түмэн байжээ. Саяхныг хүртэл Монголчууд махнаас өөр өргөн хэрэглээний хүнсгүй атлаа жилдээ 3 хоног тутмын 2-д нь махан хоолыг тэвчдэг байв.

Өнөө цагийн хот суурин газрын Монголчууд бид өвөлдөө -30, -40 хэмийн хүйтэн гэрт унтахаа болисон, жилийн 4 улирлын турш адуу малаа дагаж нүүдэл суудал хийдэггүй, байнга биеийн хүч шаардсан хөдөлмөр эрхэлдэггүй атлаа өвөл зунгүй өдрийн 2-3 махан хоол идэж байна. Тиймээс эс шингэснээс үүдэлтэй элдэв олон зүйлийн өвчнөөр өвчилж, хүн амд ногдох нас баралтаар дэлхийд дээгүүр орж байна. Түүнчлэн махан хоол нь тэр олон үхэр, адуу, хонь, ямаа, тахианы амийг зольж ирсэн нэхэл хатуу, хүнд хоол гэдгийг ойлгодог хүмүүс ховордож, зун намартаа махан хоолыг тэвчдэг уламжлал, мал сэтэрлэдэг ёс бараг л мартагджээ.

Иймийн тул Монгол ахан дүүс та бүхэндээ ухаант мэргэн ардынхаа үлгэр авахуйц ёс уламжлалыг сэргээж, үйлийн үр, шүтэн барилдлагыг санан санан, энэрэхүй нигүүлсэнгүй сэтгэлээр эзлүүлэн зун намрын цагт болон сар бүрийн билгийн тооллын 8,15, 25, 30-ны өдрүүдэд, Бурхан багшийн дүйчэн өдрүүдээр, зулын 25-нд махан хоолыг тэвчиж, цагаан ногоон хоол идэж, буян номд шамдаарай хэмээн сануулан айлтгаж байна.

Та зөвхөн дүйчэн өдрөөр л махан хоолыг тэвчиж, буян номд шамдах ёстой юм байна гэж бүү эндүүрээрэй. Бусад өдрүүдэд ч болж өгвөл махан хоолыг тэвчиж, бусдад туслаж, буян номд шамдаж, өтгөс буурлууд болон ядуу дорой хүнд өглөг өгч, уур тэргүүтэй нүгэл хилэнцийг тэвчиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Ингэснээр бид өөрсдийн болон гэр бүлийнхээ цаашлаад улс эх орныхоо амар амгалан байдалд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт хийж буй юм шүү.

Таны бие эрүүл, оюун саруул, сэтгэл тунгалаг байх болтугай.

 

 

ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХЭНТИЙН СОНГУУЛЬД ХЭН ЯЛАХ ВЭ ?