ҮЗЭГ БИЙРТЭЙ ХОС МОРЬТОН

2019-04-20  

“Монголын Шилдэг Нийтлэл” 99 боть цувралын 91-р ботийн нээлт Дархан хотноо боллоо.

“Эсээний галерей” нэртэй энэ ботид Дархан хотноо ажиллаж амьдран бүтээлээ туурвидаг, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэнгийн шилмэл нийтлэлүүд оржээ. Нийтлэлийн ном зургаан үндсэн бүлэгтэй бөгөөд уран зургийн эсээгээр эхэлж байна.

Номын өмнөх үгэнд Соёлын Гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Цэндийн Энхбат дурьдахдаа “Рагчаасүрэн нь уран зургийн сэтгүүл зүй хэмээх шинэ бичлэгийг бий болгосон. Эдгээр эсээнүүд нь амтархан, бүр дахин дахин уншмаар бичигдсэн. Телевизээр үзэж буй мэт, радиогоор сонсож байгаа юм шиг, дэргэд нь зогсож буй мэт амьд, дүрсэлж бичсэн нь гайхалтай уран бичлэг ” хэмээн үнэлжээ.

Номын нээлтэн дээр ахмад багш Өнөрийн Дэлгэр хэлэхдээ “Уран зургийн эсээ нийтлэлүүдийг нь уншихад сэтгүүлч Рагчаасүрэн нь үзэг, бийр сэлгэн унасан хос морьтон гэдэг нь харагдаж байна” гэсэн юм.



​Нийтлэлийн ном уран зургийн эсээгээр эхэлж Дархан хотын тухай “Эргэж ирмээр хот”, “Оддын тохиолт нутаг” нийтлэлүүд, Дарханчуудын тухай “Элсний арван гуравын нэг”, “Голомт сахигч”, “Номын сайн газарч” зэрэг хөрөг, тэмдэглэлүүдээ сэтгүүлч толилуулжээ.

Номонд орсон сонирхол татах нэг бүлэг нь сэтгүүлчийн зурсан зураасан зургууд. Сэтгүүлчийг “Эх орны манаа” сонины хилчин сурвалжлагчаар алба хааж байсан тэр цагт өмнөд хил дээр тайван биш, хил зөрчих тохиолдол олонтоо гардаг байсныг таталбар зургуудаас нь харж болно. ​

Монголын Шилдэг Нийтлэлийн 91-р ботийн эзний, хүмүүсийн ажил амьдралын эгзэгтэй агшинг буулган дүрсэлсэн гэрэл зургийн сурвалжлага ч номонд нь мөн багтжээ.

 

 

 

С.ЭРДЭНЭЦЭЦЭГ / ДАРХАН ХОТ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?