ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ДЭЛХИЙН АВАРГААР ХЭН ТОДРОХ БОЛ ?

2019-04-26  

55 дахь удаагийн ширээний теннисний ДАШТ Унгар улсын нийслэл Будапешт хотод 6 дахь өдрөө үргэлжилж байна.

Баг, нэгбүрчилсэн, холимог, дан хосын аваргыг нэг дор шалгаруулах нь тамирчдад, ялангуяа топ тамирчдад дэндүү их ачаалал өгч байна гэж үндэсний холбоод дүгнэлт гаргасныг үндэслэж ОУШТХ 2002 оноос хойш, тэгш жилд багийн төрөл, сондгой жил бусад төрлүүдээр буюу нэг бүрчилсэн, дан хос, холимог хосын төрлөөр тэмцээнийг зохион байгуулах болсон. Энэ тогтсон журмаар Унгар улсад болж буй ДАШТ нь нэгбүрчилсэн, дан, холимог хосын төрлийн аваргуудыг тодруулна. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн урьд өмнөхөөс илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна. Эрэгтэй нэг бүрчилсэн төрөлд 16 жилийн дараа анх удаа хоёр өөр улсын тамирчид аваргын алтан медалын төлөө өрсөлдөх нь тодорхой боллоо. Сүүлийн 16 жил дараалан Хятадын тамирчид өөр хоорондоо аваргын төлөө тоглож байсан бол хамгийн сүүлд 2003 оны дэлхийн аваргаар Австри, Өмнөд солонгосын тамирчид аваргын төлөө тоглож шуугиан дэгдээж байсныг санаж байна. Тэр тоглолтонд Австрийн Шлягер түрүүлж, мөн анх удаа хамгаалагч ( Солонгосын) мөнгөн медальд хүрч байсан. Энэ удаагийн дэлхийн АШТ-ний сенсаацийн эздээр Хятадын теннисчин Фан Жен Донг, Сү Син нарыг нэрлэж буй. Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, эхний нэг, хоёрт бичигдэж байсан Хятад улсын теннисчин Сү Син, Фан жен Донг нар шигшээ тоглолтын 32 , 16-д мултарснаар ДАШТ-ийг орхисон.

Фан жен Донг

1997 онд төрсөн. 22 настай энэ тамирчин 16 насандаа Хятадын шигшээ багт дуудагдсан. Дэлхийн хэмжээний олон том тэмцээнд Хятадын нэр төрийг өндөрт өргөсөн амжилт гаргасан тамирчин. Дэлхийн цомын аварга, тивийн аварга зэрэг бүх цол гуншинг тэр авсан. Гэсэн хэдий ч ДАШТ-ний нэг бүрчилсэн төрөлд аваргалж үзээгүй. Түүнийг аваргална гэдэг хүлээлт их байсан. Тэрбээр шилдэг 16-д Хятадын тамирчин багийн гишүүн Лиан Жин Күнд хожигдсоны дараа; -Магадгүй, миний гол алдаа сэтгэл зүйгээ сайн бэлдэж чадаагүйтэй холбоотой байх. Дэлхийн аварга болохыг би маш их хүссэн. Аваргалах ёстой гэдэг бодолдоо дэндүү эрт автсан. Түүнээсээ гарч чадсангүй. Энэ сэтгэл зүйгээ барьж дийлсэнгүй гэж сэтгүүлчдэд хандаж хэлсэн юм. Би ч мөн, энэ жилийн ДАШТ-д түүнийг түрүүлнэ, аварга авах цаг нь ирсэн гэж бусдын адил итгэж найдаж байснаа нуухгүй. Энэ жил боломжоо алдлаа. Гэхдээ дөнгөж 22 настай түүнийг дахиад гурван ч удаагийн дэлхийн аварга хүлээж буй.

Сү син:

Сү Син дэлхийн чансаагаар 2-т эрэмблэгдэж байгаа ч энэ удаа шилдэг 32-т Францын тамирчин Симон Гоузи-д 4:2 харьцаагаар хожигдсон. 8:3-аар илүүрхэж явсан 3 дахь үеийн тоглолтонд хэт тайвширч, баригдаж хожигдсоноос болж, 6 дахь тоглолтоо хяналтаас алдсан гэж түүний хожигдлын тухай бичиж буй. Үнэндээ тэр гайхамшиг гэж болохоор сайхан боломжоо ашиглаж чадаагүй. Сугалаа бол маш чухал. Түүн шиг сайхан, хөнгөн гэж хэлж болохоор сугалаа түүнээс өөр хэнд ч таараагүй. Дээд хэсэгт Хятадын томчууд бүгд шавсан бол, түүний орсон доод хэсэгт цорын ганц Хятад тамирчин л байсан. Гол өрсөлдөгч болох теннисчид нь Германы Тимо болл, Их наран улсын алтан хүү Харимото нар байсан юм. Харимото дээр хасагдаж, Тимо бол хатгаа тусаж, халуурсны улмаас тэмцээнээ орхисон. Ийм л оноолт түүнд таарсан байсныг " гайхамшигтай оноолт" гэхээс өөр нэр олж хэлж чадахгүй нь. Дээр нь, Хятадын теннисний түүхэнд солгой, ази барилттай тамирчин дэлхийн аварга болж байгаагүй түүхийг тэр эвдэж болох байсан. Тэр энэ бүх боломжийг нэг дор алдсан. Тэр шинэ гэгээн түүхийг бичихийн оронд, Хятад улсын, дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй тамирчин шигшээ 32-д хасагдсан " хар бараан" түүхийн анхны эзнээр тодорлоо.

Томоказү Харимото

Алтан хүүгийн хувьд олон зүйлийг бичих илүүц биз. Ганцхан зүйлийг тодотгоход тэрбээр бүх рекордыг эвдэж буй. 2016 оноос эхлэн дэлхийг шуугиулж буй энэ хүүгийн ачаар Япон улсын ард иргэд ширээний теннисийг илүү мэддэг болсон. 2018 оны Япон улсын нээлттэй тэмцээнд дэлхийн галзуу шилдэг тамирчид болох Хятадын МА ЛОНГ, ЗАН ЖИКЕ нарыг дараалан хожиж аварга болж өөрийгөө баталж байсан. Харин тэр ДАШТ-д аз муутай оролцож буй. ДАШТ-ний шилдэг 16-ийн босгыг тэр давж үзээгүй "рекордоо" энэ жил ч давтлаа.

Тимм болл

Домог болсон Германы алдарт тамирчин одоо хүртэл тоглож байгаа боловч түүний хувьд олимп, дэлхийн аваргын одгүй тамирчин гэж цоллогддог. Дэлхийн аваргын нэг бүрчилсэн төрөлд ганцхан хүрэл медальтай тэрбээр энэ жилийн сугалаа маш гоё таарч аварга болох боломж бүрдсэн байсан ч тэмцээний дундаас өндөрлөх аргагүйд хүрсэн нь харамсалтай. Шилдэг 16-д тоглохоосоо өмнө өндөр халуунтай байсны улмаас тоглолтыг орхихоос өөр байсангүй.

Ма Лонг

Хятад луу гэж нэрлэгддэг. 1988 оны луу жилтэй бөгөөд бэртлийн улмаас олон сар тоглоогүй ч дэлхийн аваргад форм сайтай оролцож байна. Түүний хувьд магадгүй дахиад хэн ч, хэзээ ч эвдэж чадахгүй рекордыг тогтоох боломж бий, Гол асуудал нь Хятад луу боломжийг ашиглаж чадах уу? Түүний хувьд сугалаа маш хатуу таарсан. Дэлхийн аваргад дараалан 3-н удаа аварга болсон Дэлхийн хүн байхгүй. Ма Лонг 2013 2015 оны дэлхийн аварга.

Жун Мизутани:

10 гаруй жил Япон улсын ширээний теннисний багийг чирч авч яваа түүний хувьд дэлхийн аваргын нэг бүрчилсэн төрөлд медаль авч үзээгүй. Түүний хувьд энэ жил шилдэг 32-т хожигдон тэмцээнийг дуусгасан. Мизутани хараа муудаж хараагаа тэглүүлэх хагалгаа хийлгэснээс болж бөмбөгөө харж чадахгүй болсон нь гол шалтгаан байсан байж болох юм.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?