ТЭТГЭВЭР ТОГТООХ ХУГАЦААГ ГУРАВ ДАХИН ХУРДАСГАЖЭЭ

2019-05-01  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр яамны харьяа газрууд төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэсэн юм. Төр, хувийн хэвшил нийлсэн 100 гаруй байгууллага төв талбайд үйлчилгээ үзүүлснээс Нийгмийн даатгалын байгууллага иргэдэд эрэлттэй байлаа.

Иргэд НДЕГ-аас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох талаарх тооцоолол хийлгэж,  хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл авах, тус газраас нэвтрүүлээд буй гар утасны аппликейшний бүртгэл баталгаажуулах, сайн дурын даатгалын гэрээ байгуулж, шимтгэл төлөх, дэвтэр баталгаажуулах үйлчилгээг авч байсан юм. Өдөрлөгт НДЕГ, нийслэл болон төвийн зургаан дүүргийн мэргэжилтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан учраас иргэдэд  чирэгдэл, хүлээгдэлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж байв.

Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн орлогыг 178.8 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж 5.1 мянган ажил олгогч, 37.5 мянган албан журмын даатгуулагч, 18.2 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч, 14.3 мянган малчныг сайн дурын даатгалд шинээр хамруулсан байна. Ингэснээр 45.9 мянган ажил олгогч, 1.1 сая иргэнийг нийгмийн даатгалд хамруулан  638.5 мянган иргэнд нэг их наяд 791.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардал олгож, үйлчилгээ үзүүлсэн байна.

“Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”-ийн хүрээнд төлсөн шимтгэл, авсан үйлчилгээнийхээ мэдээллийг хянах боломж бүхий “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Даатгуулагч нийгмийн даатгалын лавлагаагаа гэрээсээ  авах боломжийг бүрдүүлж, ажил олгогчид тайлангаа тоон гарын үсэг ашиглан илгээж, хэлтэс рүү очих шаардлагагүй болсон. Мөн тэтгэвэр тогтоох хугацааг гурав дахин хурдасгаж, нийгмийн даатгалын үйлчилгээг үдийн цайны завсарлагагүй хүргэж эхэлсэн нь ажил олгогч, даатгуулагчдынхаа ажлыг хөнгөвчилж, цагийг хэмнэсэн олон ажил хийсэн байна.

Харин энэ оныг “Танд ойрхон- Найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан. Цааснаас татгалзаж, мэдээллийг цахимжуулах, иргэдийн ажлыг хөнгөвчлөх, ажилтнуудынхаа харилцаа, ёс зүйг сайжруулахад анхааран ажиллаж байгаа аж. Тухайлбал, иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсныг өөрчилж, иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцох болсноор даатгуулагчийн ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгийг хэмнэж байна. Мөн нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж, завгүй даатгуулагчиддаа хүрч үйлчилж эхэллээ. “Явуулын үйлчилгээ” нь малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх бөгөөд нийслэлд долоо хоногт хоёр удаа, аймагт сар бүр нэг удаа тогтмол зохион байгуулж байгаа аж.

Иргэд нийгмийн даатгалын байгууллагад илгээсэн өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг нарийвчлан харах, давхар хянах боломжтой болжээ. Ингэснээр төрийн үйлчилгээний эргэх холбоо сайжирч өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн явцыг хурдасгахад бодит нөлөө үзүүлж байна гэж үзэж байгаа юм.

Харин тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд  18 хувиас 10 хувь болгон бууруулснаар 47.9 мянган тэтгэвэр авагч 53.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг нөхцлөөр авсан байна. Даатгуулагч, ажил олгогчийн дөрвөн төрлийн мэдээллийг агуулсан вэб сервисийг Хур системд байршуулснаар төрийн болон бизнесийн байгууллагууд иргэдэд хурууны хээгээр нь үйлчилгээ үзүүлж байна.

Сайн дурын даатгуулагч гэрээгээ онлайнаар сунгах, тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

“Даатгуулагч танд урьдчилан зөвлөе-туслая” аяныг зохион байгуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь ойртсон иргэдэд урьдчилан зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг хороо, хэсэг, сум, багтай хамтран зохион байгуулж байна. Тэтгэмжийн тогтоолт, олголт, хяналтын шат дамжлагыг багасгаж, даатгуулагчдад хялбар байдлаар өөрчилжээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?