-Ажлын байрыг олноор бий болгоно. Ард иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.
- Жирийн ард иргэд, ААН-ийн нуруун дээрхи татварын дарамтыг бууруулна.
- Шинээр татвар нэмэхгүй. Мэргэжлийн засгийн газар байгуулна.
- Төрийн албан хаагчдыг хоморголон халдаг явдлыг таслан зогсооно.
- Төр, засгийг тогтвортой байлгана.
- Эрдэнэсийн сангаас ард иргэддээ ногдол ашиг хуваарилна.
- Ард иргэдийн төлөө ажиллана.
Чихэр бурам шиг амттай ийм сайхан амлалтыг МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийг нь дэмжиж ард иргэд МАН-д санал өгч, 65 суудалтай болгож, Засгийн эрхийн жолоог атгуулсан. Сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш 3 жил өнгөрлөө.
Юу болов ? Юу амжуулав, тэд? Дараагийн сонгууль эхлэхэд ердөө жил гаруйн богинохон хугацаа үлдлээ. Дүгнээд үзвэл, МАН ард иргэдээ "мурижээ". Мэргэжлийн Засгийн газар байгуулсангүй. Яам, тамгын газрыг нөгөө л "цүнх баригчдаар" дүүргэснийг дээр дооргүй хэлж ярьж, бичиж, шүүмжилж байна. Томилгоо үргэлжилсээр, хүмүүсээ байршуулсаар. Хэлсэн ярьснаа сонгуулийн өдөр л "залгижээ".
Өөрийн Засгийн Газраа унагав. Намаа хуваав. Тэр хэмжээгээр төрийн албыг талцууллаа. Ажлын байр, ажилгүйдэл Монгол улсын нэг номерын асуудал хэвээр үлдэв. Үүнийг дагаад ядуурал өргөжлөө. Улс орон бүтээн байгуулалт хийх амлалтаа биелүүлсэнгүй. Төсвийн орлогыг ард иргэд, ААН-ийн татварыг өсгөж бүрдүүлэх л ажлыг "гардлаа".
Татварын хуулийг шинээр баталж, ард иргэд, ААН-д татварын дарамтыг хуульчиллаа. Бүх төрлийн татварыг өсгөлөө. Хамгийн сүүлд жолоочийн хариуцлагын даатгал нэг жилийн 35,000 төг байсныг 85,000 төг болгон 170 хувиар өсгөж, ард иргэдийн нуруун дээрх татварын дарамтыг нэмэгдүүллээ.
Усны үнийг 5-р сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Мөн энэ сараас эрчим хүчний үнийг нэмэх шаардлагатай болсон тухай Эрчим хүчний сайд Даваасүрэн, Эрчим Хүчний зохицуулах Хорооны дарга О.Тлейхан нар мэдэгдэж эхэллээ.
- Үнийг нэмэхдээ цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх компанийн саналыг харгалздаг. Хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс хянах, бодит тариф мөн эсэхийг хянах, баталгаажуулах ажлыг манай хороо гүйцэтгэдэг. Одоогоор үнэ нэмэх саналыг 35 компани ирүүлээд байна. Өнгөрсөн жил дөрвөн том салхин станц ажилд орсон. Тарифын зөрүү гарсан. Тиймээс хуулийн дагуу тариф хөдөлгөх зайлшгүй шаардлага гарч байна" гэдэг үгийг Эрчим Хүчний зохицуулах Хорооны дарга МАН-ын зүтгэлтэн О.Тлейхан хэлээд, сууж байна.
-Өртөг, борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсч, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсон нь үнэн. Гэсэн тайлбарыг эрчим хүчний сайд Даваасүрэн хэвлэлд өгснөөс үзэхэд цахилгааны үнийг нэмэх гэж буй нь ойлгомжтой болж байна. Гэтэл ашиггүй ажиллуулсны хариуцлагыг улс төрчид, салбар хариуцсан дарга нар хариуцах ёстой бус уу? Яагаад энэ алдагдлыг ард иргэд үүрэх ёстой гэж ?
Эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажиллах тогтолцоонд шилжиж, улмаар ашигтай ажиллаж байна гэж АН-ыг (2012-2016) Засаг барих үед Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт хэлж байсныг санаж байна. Яахлаараа ашигтай ажиллаж байсан салбарыг алдагдалтай ажилладаг болгодог байна аа? Тэгэж харагдуулах хэрэг зорилго хэнд байна вэ?
Дээр нь, хамгийн сүүлийн жишээ гэхэд л, Эрдэнэс ТТ компаниас ард иргэдэд ногдол ашиг хуваарилна гэдгээр сүүлийн 2 жил шоу хийлээ. Өгөх болохоор гараа татдаг, авах болохоор гараа халаасанд нь дүрдэг ийм л төр засагтай учирсан байна. Яах ёстой билээ, Монгол түмэн минь. Ташуурдуулаад л, нуруугаа авахуулаад л... дарамтлуулаад .. Дарлагдсан, нухлагдсан ард иргэдийн өмнөөс хэн дуугарах, хэн өмгөөлөн босох ёстой юм бэ? Ганц хэвлэл мэдээлэл биш байх. Ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг, зорилготой нөгөө Монголын Үйлдвэрчний Эвлэл ингэхэд хаана байна? ...
Ц.ЭНХБАТ