Б.ПУНСАЛМАА: “АЙЛ” НЭВТРҮҮЛЭГ АЙЛ БҮРИЙН ХОЙМОРЬТ ЗАЛАРЧ, ХЭН БҮХЭНД НЭГИЙГ БОДОГДУУЛНА

2019-05-17  

“Айл” нэвтрүүлэг айл бүрийн хойморьт заларч, хэн бүхэнд нэгийг бодогдуулж буй. АН-ын дөрвөн эмэгтэйн хөтлөн явуулдаг уг төсөл нэвтрүүлэг Иргэн төвтэй сайхан нийгмийг цогцлоох зорилготой.

Төслийн санаачлагчид нь УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар байгаа бол төслийн продюсерээр Нийслэлийн АН-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаа ажиллаж байна.  Төслийн багийн гишүүд өөр өөрийн үүрэгтэй бөгөөд яг л иргэдийнхээ амьдрал дунд нь хутгалдаж, айл болгоны хаалга тогшдогоороо онцлогтой. Мөн Гэр бүлийн өдрийг тохиолдуулан шагналын өндөр сантай “Манайх гэдэг айл” видео бичлэгийн уралдаан зарлаж, шилдэг бичлэгүүдийг тодруулжээ. 

Энэ талаар төслийн продюсер, Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.

 -“Айл” төсөл айл бүрт гэрэл гэгээ нэмээд чамгүй хугацаа өнгөрлөө. Төсөл амжилттай хэрэгжиж, АН-ын эмэгтэйчүүд айл бүрийн хаалга тогшоод ажлаа урамтай урагшлуулж байна. Энэ төслийг чухам яагаад хэрэгжүүлэх болсноо бидэнд хуваалцаач?

 -Иргэндээ хандсан нийгэм хамгийн сайн сайхан нийгэм байдаг. Тиймээс айл бүрийн тулгамдсан асуудлуудыг олж илрүүлэхээс гадна төрийн ямар шийдвэр, шийдлүүд бидний амьдралд үүргээ гүйцэтгэж байна вэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй болсон. Нийгмийнхээ эс ширхэг бүрт хүрсэн төсөл хийгдэж байгаад бид их баяртай яваа. Төслийн санаачлагч нь М.Батчимэг гишүүн юм.

Харин одоо төсөл маань өргөжөөд З.Нарантуяа гишүүн, С.Одонтуяа Засаг дарга болон миний бие оролцож, төсөлт нэвтрүүлгүүдээ амжилттай үргэлжлүүлж байна.

 -NTV телевизээр “Айл” нэвтрүүлэг цувралаар гарч, үзэгчид ч сайн ашиглах болсон. Сэдвүүдээ яаж сонгодог юм бэ?

 -Одоогоор гурван сэдэв дээр зургаан нэвтрүүлэг хийгдсэн. “Айл” гэдэг пэйж хуудас нээсэн. Энэхүү пэйж рүү хүмүүс өөрсдөө хандаж, энэ сэдвүүдийг хөндөөч ээ хэмээн санал тавьдаг. Бид анх нийгэмд тулгамдсан 20 орчим сэдвийг пэйж дээрээ хөндөж, хүмүүсээс санал асуусан. Гэр бүлийн хүмүүжил, эмээ өвөөгийн асуудал, ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл гээд маш олон асуудал бий. Энэ дундаас дэргэд нь байдаг мөртлөө төдийлөн сайн анхаарч чадахгүй байсаар байгаа сэдэв бол ахмад настнууд буюу эмээ, өвөөгийн асуудал байсан. Хүмүүс ч гэсэн эмээ, өвөөгийн асуудлыг яриач ээ гэж маш ихээр санал болгосон. Ингээд энэ сэдвийг анх барьж авсан.

Одоогоор манай хүн амын 300 мянга гаруй нь өндөр настнууд эзэлж байгаа. Ахмад гэдэг ангилалд 65-аас дээш насны хүмүүс ангилагдана шүү дээ. Ахмадуудад маань асуудал үнэхээр байдаг юм байна гэдгийг айлуудын хаалга тогшиж, судалгаа, уулзалтуудыг хийх явцдаа харсан. Энэ бүх уулзалтад иргэд маань нааштай хандаж, чин сэтгэлээсээ бидэнтэй сэтгэлээ уудалж, тулгамдсан асуудлаа ярьсанд гүнээ талархаж байна.

-Эмээ, өвөө нарт маань сэтгэл эмзэглүүлэх асуудал зөндөө бий. Та бүхэн юуг анзаарч, ямар шийдэлд хүрэв?

 -Ахмад настны тухай хуулиас эхлээд бас бус хуулиудад хангалттай заалтууд орж ирсэн байна. Харин хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилтийг сайн биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд дүүргийн үүр, хороодын дарга, ажилтнууд тулж ажиллах ёстой болов уу. Ахмад настнуудад эдгээр ажил мэргэжлийн хүмүүс хуулийн бөгөөд эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ёстой гэж хуулиндаа заасан байдаг. Тэгтэл тэр хүмүүс маань айлын хаалга тогшиж ороод хуулийн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвөлгөө үйлчилгээ үзүүлэх нь битгий хэл эрүүл мэнд асаргаа үйлчилгээ үзүүлж байгаа нь бараг харагдсангүй.

Хоёрдугаарт ахмад настнуудад ганцаардал гэх том асуудал бий. Хэдийгээр тэд тэтгэвэртээ гарсан боловч хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс биш. Нийгэм дотроо бужигнаж явах ёстой хүмүүс чинь гэртээ тусгаарлагддаг. Нөгөө талаас тэтгэврээ бүгдийг нь зээлээр аваад ач, гучдаа өгчихдөг тохиолдол дийлэнхдээ. За ингээд гараад явъя ажлын байр байхгүй, мөнгөний боломж үгүй болдог. Иймээс ахмад настнуудыг ажиллуулах ажлын байр бий болгох ёстой юм байна гэж төслийн багийнхан үзсэн.

Төрийн болон хувийн хэвшлийнхэн маань ахмадууддаа зориулсан ажлын байр бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Мэдээж ахмад настнуудыг ажилд авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Харин ахмад настныг илүү олноор ажиллуулах татварын болон бусад хөнгөлөлтийн хөшүүрэг хэрэглэвэл зүгээр юм болов уу. Мөн тэтгэврийн зээл авдагтай нь холбогдуулаад тэтгэврийн зээлийн даатгал гэх мэтээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зүйлс харагдсан.

-Ахмадууд тусгаарлагддаг, ганцаарддаг гэснээс Явуулын үйлчилгээ гэж гэж хуулинд нэг заалт бий. Энэ хэрэв хэрэгжвэл ахмадуудад маань бас их өгөөжтэй юм болов уу гэж бодогдсон.

-“Ахмадын тухай хууль”-ийн 7.1.3 дээр Явуулын үйлчилгээ гэж байдаг. Явуулын үйлчилгээ гэдэг нь ахмад настнуудыг өглөө гэрээс нь цэцэрлэгийн хүүхдүүд шиг автобусанд суулган авч яваад уулзаж ярилцах, насаараа хийсэн бүтээсэн, сурсан мэдсэнээ залуустаа заах орчин бүрдүүлэхийг хэлээд байгаа юм. Мэдээж орой нь гэрт нь эргэж хүргэж өгнө. Энэ сайхан зүйл хуулиндаа суусан боловч санхүүжилт нь хаанаас орж ирэх вэ гэдэг нь тодорхой тусгагдаагүйгээс хэрэгжилт байхгүй байна.

Нэг байгууллага үүсч эхэлсэн нь Японы хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллага байв. Уг нь үүнийг Иргэний оролцоотой, олон нийтийн байгууллага хийхэд тохиромжтой үйлчилгээ учраас ТББ-ууд маань энэ ажлыг авч хэрэгжүүлвэл их буянтай, зөв зүйтэй ажил болно гэж уриалмаар байна. Нэвтрүүлгийн эхний төсөл сэдэв маань ийнхүү амжилттай өрнөсөн. Бид хамгийн дээд, нандин хүмүүстээ анхаарал султай байдаг юм байна шүү, үүнийг анхаарах болжээ гэдгийг төсөл нэвтрүүлгээрээ харууллаа.

 -Хоёрдугаарт эмэгтэйчүүдийнхээ асуудлыг  та бүхэн хөндсөн шүү дээ. Хөдөө орон нутгаар хаагуур яаж ажилласан бэ? Сонингоосоо хуваалцаач.

-Бид хөдөө орон нутгийн ажил эрхлэлт буюу эмэгтэйчүүдийн амьдралыг сурвалжилж явсан. Их сонирхолтой нэвтрүүлэг болсон. Монгол Улс хэтэрхий их уул уурхай, улс төрд суурилсан бодлого, үзэл баримтлалтай болсон мэт харагддаг. Их сонирхолтой нэвтрүүлэг болсон. Монгол Улс хэтэрхий их уул уурхай, улс төрд суурилсан бодлого, үзэл баримтлалтай болсон мэт харагддаг. Гэтэл үндсэндээ үйлдвэрлэгч болохгүй бол Монгол Улсын эдийн засаг тогтвортой, өсөлттэй байна гэдэг хэцүү. Үйлдвэрлэгч болохын тулд эмэгтэйчүүд буюу Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарынхан өөр өөрсдийнхөө хэмжээнд хөгжих гэж хичээж байгааг удирдах дээд төвшнийхөн анхаарах ёстой. Тэр тусмаа Завхан аймагт хийсэн уулзалтаар маш бахархууштай олон Жижиг, дунд үйлдвэрийнхэнтэй танилцаж ярилцлаа. Эсгий, ноос, ноолуураар маш гоё бүтээгдэхүүн, хувцас хийж байна. Дээл хувцас, хүнсний бүтээгдэхүүнүүд ч үйлдвэрлэдэг. Аливаа үйлдвэрлэлийн хамгийн том асуудал нь борлуулалт, зах зээл. Гэтэл эдгээр хүмүүс гайхамшигтай нь ямар ч борлуулалтын асуудалтай тулгарахгүй хэрэглэгч багатай байхын зовлон мэдэрдэггүйг хараад бахархсан. Орон нутгийн иргэд, нийслэл хот, гадны улс орнуудаас ч захиалга ирүүлдэг нь тухайн хүмүүсийн бүтээгдэхүүний чанарыг илтгэж байгаа юм. Хүмүүс яах гэж хот руу орж суурьшдаг юм бэ. Си энержи буюу хамтын хүчийг үүсгэн, илүү их зүйлийг бүтээж өөрсдийн амьдралд өөрчлөлт хийх гэж хот орж ирж компани хоршоо байгуулан ажилладаг. Гэтэл интернет хөгжсөн энэ үед заавал хот руу орно гэхгүйгээр орон нутагтаа хамтын хүчээр үйлдвэрлэл явуулж, сайхан амьдарч болж байна. Интернетээр захиалга, сургалтуудаа авч, сурталчилгаагаа хийчихэж байна. Интернетээр олон ажлыг амжуулж болж байна. Олон сайхан бахархам зүйлсийг харлаа.

-Сайхан мэдээ байна шүү. Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэл орон нутагт хэр байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал хүнд байна. Энэ асуудал дээр хамгийн сайн ажилласан нь Завхан аймаг гэж үзсэн. Завхан аймаг Нэг цэгийн үйлчилгээ буюу Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг төв гэж байгуулсан байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд тэнд түр хугацаагаар байршдаг. Байгуулагдаад хоёр жил болж байгаа уг газарт анх хандах, хүрч ирэх хүн цөөхөн байсан бол жил ирэх тусам тоо нь нэмэгдэж байгаа гэсэн. Хүчирхийллийн эсрэг ажиллаад байхад тоо нь өсөөд байгаа нь сайн үзүүлэлт үү, муу үзүүлэлт үү гэтэл тухайн байгууллагын ач холбогдлыг ойлгож эхэлсэнтэй холбоотой асуудал болсон. Тэнд ирсэн хүүхэд, эмэгтэйчүүд сэтгэл заслын эмчилгээ хийлгэж цаашлаад бүр мэргэжлийн чиг баримжаатай ч болдог.

Жижиг, дунд үйлдвэрүүддээ хуваарилж, ажилтай, орлоготой болгоод, хүүхэд, багачуудыг нь цэцэрлэг, сургуульд хуваарилдаг юм байна. Завхан аймаг энэ чиглэлээр маш сайн ажиллаж байна. Бусад аймгууд үлгэр дууриалал авч, Завханы хүчирхийллийн эсрэг төвийг орон нутагтаа нээвэл томоохон ажил болох болов уу. Энэ байгууллагад нэг хүндрэлтэй зүйл ажиглагдсан нь төсвийн асуудал. Орон нутгийн анхан шатны байгууллага төсвийг нь жилдээ нэг удаа хуралддаг хурлаараа шийдэх үүрэгтэй байдаг.

Энэ мэт гурван сэдвийн хүрээнд зургаан нэвтрүүлэг хийсэн. Айл гэдэг пэйж хуудсан дээр маань иргэн бүр өөрсдийн үзэл бодол, сэтгэлээ уудалж, хандаад хувь нэмрээ оруулаарай. Төрийн удирдах төвшинд хүргүүлэх саналуудаа харамгүй бичээрэй, тэр болгоныг бид судалгааны төвшинд маш нямбай судалж, амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно.

-Нэвтрүүлгүүдийн хажуугаар иргэд, гэр бүлүүдэд урам хайрлах зорилгоор “Манайх гэдэг айл” нэртэй видео бичлэгийн уралдаан зарласан юм билээ?

-Тийм ээ, энэ нэвтрүүлгийн хажуугаар бид гэр бүлийн видео бичлэгийн уралдаан зарласан. Нэг талаасаа гэр бүлд үүсч байгаа асуудлыг олж илрүүлж, хуулийн төвшинд засч залруулах гэж байгаа боловч айлын эс ширхэг бүр ямар аз жаргалтай байна вэ гэдгийг сурталчилах зорилготой юм. Зохион байгуулсны дараа Монгол хүмүүс ийм гэгээлэг, сайхан хүмүүс шүү гэдгээ дахин баталсан гэж бодож байна. Сар гаруйн хугацаатай видео бичлэгийн уралдаан зарлахад 500 орчим бичлэг ирүүлсэн. Тэдгээрээс 350 орчим нь шалгуурт тэнцэж, зарим нь бичлэгийн чанар зэрэг бусад асуудлаас болж хасагдсан. Энэ 350 гаруй бичлэгийг 4 сая 800 хүн үзэж, хоорондоо лайк, шейр хийсэн нь монголчуудын бие биедээ урам хайрласан, сайхан гэгээлэг хүмүүс болохыг харуулсан. 4 сая 800 гэдэг нь давтагдсан тоо шүү дээ, би гэхэд л зарим бичлэгийг хэд дахин давтан үзэж урам, хайр мэдэрч байсан. Хайр түгээсэн уралдаан боллоо гэж бид урамшиж байна.

Цаашид ч гэсэн энэ төслийг үргэлжлүүлээч ээ гэвэл төслийн багийнхан хамтарч ажиллахад нээлттэй байна. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан бид өчигдөр сонгон шалгаруулалтаа хийж түрүүлсэн бичлэгүүдийг урамшуулан, олон нийтэд зарласан.

-Ямар гэр бүлүүд шалгарсан юм бол оо. Түрүүлсэн гэр бүл нь Хайнаньд гэр бүлээрээ амарна гэсэн. Хүний амьдралын хамгийн сайхан нь дурсамж шүү дээ. Төслийн продюсерийнх нь хувьд асуухад шагнал нь их зөв санагдсан шүү?

-Нэгдүгээр байрт Б.Батболдын гэр бүл, хоёрдугаар байрт С.Эрдэнэсэнгийн гэр бүлийн видео бичлэг, харин гуравдугаар байрт залуу гэр бүл Э.Данзандаржаагийг гэр бүлийн хамтын бүтээлүүд тус тус шалгарч, түрүүлсэн гэр бүл нь Хайнаньд амрах эрхийн бичгээр шагнагдсан. Өчигдөр шалгарсан гэр бүлүүдтэй уулзаж, шагналыг нь өгөөд ёстой л сэтгэл догдлуулсан сайхан өдрийг өнгөрөөлөө. Шагналын талаар бид нэлээд ярилцсан. Гар утас, мөнгөн шагнал гээд л янз бүрээр санал дэвшүүлж ярилцсан. Эцэст нь гэр бүлд дурсамж шиг сайхан зүйл үгүй, тиймээс гэр бүлээр нь хаа нэг тийшээ явуулж амруулбал түүн шиг сайхан дурсамж, түүх гэж байхгүй хэмээн ярилцаад Хайнань явуулах шийдвэр гаргасан.

-Ингээд ярианыхаа төгсгөлд үр дүнгийн талаар асууя. Танай нэвтрүүлэг бусдыг бодвол гарц гаргалгаа хайсан, шийдвэрт хүрч болохуйц, үр дүн нь харагдахуйц төсөл. Төслийн үр дүн, бүтээмж хэр харагдаж байна вэ?

-Монгол Улсад хууль хангалттай их байна. Онгойлгоод үзэхээр лоозонгийн чанартай, маш гоё үг, өгүүлбэрээр бичсэн хуулиуд байна. Хуулийн хэрэгжилтэн дээр л бүх шатандаа ажиллах хэрэгтэй байна. Манай төсөл нэвтрүүлгийн хувьд бүх түвшний байгууллага иргэдийн гүүр болж ажиллана гэж харж байгаа. Бид иргэдтэйгээ уулзаж байна төслийн санаачлагчид маань хууль тогтоох хэрэгжүүлэх дээд байгууллагад ажиллаж байна иймд асуудлын голыг нь олоод шийдлийн гарцыг хайхад хамгийн дөхөмтэй төсөл гэж харж байгаагаа илэрхийлье. Мөн манай Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны зүгээс гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэх найруулгын төслийг орон даяар хэлэлцэж иргэдээсээ саналыг нь цуглуулж шийдвэр гаргах түвшинд уламжилж улмаар ерөнхийлөгчид гардуулж өгөхөөр зэхэж байна. Энэ хууль маань 1999 онд анх батлагдаж гарснаас хойш өнөөгийн орчин үеийн гэр бүлийн харилцаанд үүсдэг олон асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтууд нь сул байна гэж үзсэн.

Ингээд бидний хийж байгаа ажлууд маань иргэн төвтэй нийгмийн оролцоог хангахад бүхэлдээ чиглэгдэж байна гэж хэлж болохоор удалгүй сайн үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дариа :Монгол улсыг маш хүнд байдалд унагасан АН бүү дахин хуур та нарт санал өгөхгүй бүр цаашаа тонилцгоо 2019-05-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?