МОНГОЛЫН ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.СОНИН МЭНДЧИЛГЭЭ

2019-05-20  

Дэлхийн Өрхийн эмч нарын өдрийг 2010 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 19-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд энэ өдөр нь улс орны эрүүл мэндийн системд өрхийн анагаах ухааны эзэлж буй байр суурь, хүрсэн ололт амжилт, иргэн төвтэй эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүн амд цогц, тасралтгүй хүргэхэд мэргэшсэн өрхийн эмчийн гүйцэтгэж буй онцгой үүрэг роль, оруулж буй хувь нэмрийг тодруулан харуулах, эрүүл мэндийн системд үзүүлж буй үр нөлөөг үнэлэн дүгнэх чухал ач холбогдолтой өдөр юм.

Өрхийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өрхийн эмнэлгээр дамжуулан ард иргэддээ хүргэдэг шинэ тогтолцоог Монгол улсад 1999 оноос нэвтрүүлсэнээс хойш 20 жилийн хугацаа өнгөрчээ. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2019 оны Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга зүй, эрдэм судлалын ажлыг дэмжих, судалгааны үр дүнг тооцож өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлох зорилгоор онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна.

Астана-гийн 2018 оны Тунхаглалд Эрүүл мэндийн анхан шатны тусламж бол “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-д хүрэх гол арга зам гэдгийг тунхагласан билээ. ДЭМБ-аас Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт /БНЭМХ/ гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлэх ба бүх нийтийн гэдэг нь бүх хүмүүст гэсэн үг бөгөөд ялгаварлан гадуурхалгүйгээр, хэнийг ч орхигдуулах ёсгүй гэж тодорхойлсон болно.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хүчирхэг тогтолцоонд суурилсан эрүүл мэндийг дэмжих, урдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх гээд өргөн хүрээг хамарсан чанартай тусламж үйлчилгээ байх ба эдгээр тусламж үйлчилгээг авсанаар иргэн, үйлчлүүлэгч санхүүгийн эрсдэлд орохгүй байх ёстой юм. 
Улс орон бүрийн эрүүл мэндийн систем, хүн амын өвчлөл, эрүүл мэндийн байдал, нийгэм эдийн засаг, улс төрийн тогтолцоо өөр өөр тул тухайн орон бүр өөрсдийн онцлогтоо тохируулан чухамхүү ямар тусламж үйлчилгээнд нийт иргэдээ хамруулахыг өөрсдөө шийдэх юм.

Монгол улсад ЭМАШТҮ-г ард иргэддээ өрх, сум, тосгоны ЭМТ-д үнэ төлбөргүй үзүүлж байгаа боловч энэхүү тусламж үйлчилгээнд нийт иргэдээ ижил тэгш бүрэн хамруулна гэсэн албан ёсны тушаал шийдвэр өнөөг хүртэл гараагүй байна. Нөгөөтэйгүүр, өрх, сумын эмчийн бичиж өгсөн эмийг иргэд эмийн сангаас авахдаа багагүй хэмжээний мөнгийг зарцуулж байгаа нь ялангуяа ядуу эмзэг бүлгийнхэнд хүндээр тусаж, өрхийн эмчийн хийж буй эмийн эмчилгээ угтаа төлбөртэй болж, санхүүгийн эрсдэлд орох нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд эмийн хөнгөлөлтийг зөвхөн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд орсон эмээр хязгаарлах бус мөн хүн амын орлогын түвшингээс хамааруулан эмийн хөнгөлөлт олгож байх нь зүйтэй байгаа юм.

Зарим судалгаагаар манай ЭМАШТҮ-ний чанар хангалтгүй байгаа нь харагдаж байна. Иймд чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай үндсэн 5 элемент болох мэргэжилтэй хүний нөөц, ажлын байрны нөхцөл, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн хангалт, цахим мэдээллийн систем, санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч, тусламж үйлчилгээний чанарыг хэмжих үндсэн 7 үзүүлэлт, тухайлбал үр дүн, аюулгүй байдал, үйлчлүүлэгч төвтэй байх, цаг алдалгүй тусламж үзүүлэх, тэгш шударга байх, үр ашигтай байх, тусламж үйлчилгээ нь нэгдмэл, цогц, зохицуулалтай байх гэсэн үзүүлэлтүүдийг өдөр дутмын ажилдаа тусгаж ажиллах шаардлагатай байна. 

Өрхийн ЭМТ-ийн “хаалга баригч”-ийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллах зорилт бидний өмнө тулгарч байна.
Энэ жилийн уриа “Өрхийн эмч – Таны төлөө бүхий л амьдралын тань туршид анхаарал тавьж халамжилна”.

Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа өрхийн эмч мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэе.

 

 

 

МОНГОЛЫН ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?