ТҮҮНЭЭС ЯМАГТ ГЭРЭЛ ГЭГЭЭ ЦАЦАРЧ БАЙДАГ

2019-05-22  

Номын зохиогч Рагчаасүрэн ѳѳрийн номын редактор, үзэг нэгтэн Ц.Энхбатад сэтгүүл зүйн бүтээлийн дээжээсээ ѳргѳн барилаа

-Сэтгүүлч гурван янз байх шиг байна. Нэг нь харыг хөөдөг. Муу муухайг ил гаргадаг гэсэн утгаар нь хэлж байна. Ийм сэтгүүлч заавал байх ёстой. Хоёр дахь нь гэгээлэг. Сайн сайхныг бичдэг. Гурав дахь нь саарал сэтгүүлчид. Амьдралаа залгуулах гэсэн амьжиргааны сэтгүүлчид. Ийм гурван төрлийн сэтгүүлчид Монголд байна гэж таксины жолооч Батбаяр итгэлтэй хэллээ. Түүнтэй Рагчаасүрэн бид хоёр анх уулзаж, өөрсдийгээ сэтгүүлч гэж танилцуулсны дараа тэр ингэж хэлсэн. Бид оройтсон ч гэсэн Ц.Дашдондов гуайтайгаа очиж золгохоор такси хөлсөлсөн нь ийнхүү яриа үүсэхэд хүрлээ. Рагчаасүрэн бид хоёр ;- Бид хоёр аль ангилалд багтах бол гэж саяхан танилцсан таксины жолооч Батбаяраар хэлүүлчих санаатай егөөдвөл,

- Бид жолоогүй, жолоодлогогүй нийгэмд амьдарч буй. Иргэд нь хар толгойгоо л мэдэж амьдардаг болсон. Хүүхдийг хүртэл дүгнэж чадахаа больсон. Тэгэхээр өөрөө өөрийгээ л дүгнэнэ гэсэн үг хэмээн хариулав. Тэгтэл Рагчаасүрэн,- Аан, би өөрийгээ бол оллоо. Би бол гэгээлэг зүйлийг түгээгч юм бол уу даа. Энхбат анд минь нийгмийн гүн лүү орогч юм байна даа гэж хэлснээр бид хөгжилдэн инээлдэв. Ингэж зам зуур хөлсөлсөн таксины жолооч маань Рагчаасүрэнг гэгээлэг сэтгүүлч хүн юм гэдгийг тодорхойлчихсонтой би санал нэгдэв. Рагчаасүрэн маань бусдын төлөө, нийгмийг гэгээрүүлэхийн төлөө төрсөн хүн.

Цэрэгт байхаас "Эх орны манаа" сонины сурвалжлагчаар ажиллаж байхдаа л сониндоо өөрийн гар зураг, мэдээгээ нийтлүүлж ирсэн. Хожим, тухайн үеийн Эвлэлийн Төв Хорооны дарга Л.Түдэв зохиолчийн дэмжлэгээр Москва хотын Комсомолын дээд сургуульд элсэж, уран зураг, жүжиг, киноны урлагт шимтэн суралцсан нь түүний "Уран зураг" ном ( 2019), "Пикассо ирлээ" ном ( 2012), алдарт Битлз хамтлагийн дууны тухай "Өчигдрийг хайрла" эссэ ном ( 2015), "Галерей" сонгодог уран зургийн эссе нийтлэлийн ном ( 2001) бичих хөрс суурь нь болсны гэрч нь түүний уншигч Та бид юм. 

Сонин тохиолдлоор, энэ өдөр миний бие "Комментатор" нэвтрүүлгийн зочноор Монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч, мөн л сэтгүүлч мэргэжилтэй, уран зураг цуглуулагч Ц.Элбэгдоржтой түүний уран зургийн цуглуулгын талаар ярилцсан билээ. - Хүн бүр зураг зурдаг, дор бүрнээ зураач. Монголын суут яруу найрагч Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар, Чойном бүгд л зураг зурдаг байсан тухай хөөрөлдсөн.

Ярилцлагын төгсгөлд анд нөхөр Рагчаасүрэнгийн номын дардасыг гаргаж, "Эх орны манаа сонин"-д хэвлүүлсэн байлдагч, сурвалжлагч Рагчаасүрэнгийн зургийг түүнд үзүүлбэл, - Харандаагаар зурсан зураг үнэ цэнтэй байдаг. Цэргийн хээрийн амьдралыг сайн зуржээ гэж Элбэгдорж ерөнхийлөгч их л тоосон. Ингэж жирийн нэг жолооч, улсын жолоодогч нар Рагчаасүрэнг минь өндөр үнэлсэн. Сонин санагдсан нь, огт санамсаргүйгээр нэг өдөр тэд ингэж нөхрийг минь үнэллээ.

Рагчаасүрэнтэй олон жил нөхөрлөлөө. Бидэнд ижилсэх юм бий. Тэр надаас ах ч, сэтгэлээр ямагт залуу. Сайхан сэтгэл, зөвийг сэдэх нь дундуршгүй. Бусадтай ам мурийж байхыг харсангүй. Инээж л явна. Зарим талаараа бид хоёр төстэй. Ахуй амьдралаа үл тооно. Тууштай. Хэнэггүй юм шиг аашилна. Ижилхэн чөлөөт стилээр хувцаслах дуртай. Зарим хүмүүс биднийг ах дүүс үү гэнэ. Ийм л хоёр. Намайг бодвол Рагчаасүрэн маань урлагийн талын мэдлэг гүнзгий, хөрвөх чадвар сайтай, бүтээмж өндөртэй нэгэн. Нэг л мэдэхэд, радио зохиол биччихсэн, баримтат кино, телевизийн нэвтрүүлэг хийчихсэн, зураг зурчихсан, жүжгийн зохиол, ном туурвичихсан байх. Эвлэлээр явсан болоод ч тэр үү, манлайлагч, шинийг эрэлхийлэгч зан чанар ямагт илэрдэг. Уран зургийн сэтгүүл зүйн шинэ бичлэгийг бий болгосон нь түүний л илрэл гэж харж байна.

Чеховын Дугтуйтай хүн өгүүллэгээс “Түшмэлийн өглөөний цай“ 

Андынхаа "Түшмэлийн өглөөний цай" эссег ( энэ номд орсон) өмнө нь Control.mn сайтаасаа уншиж л байсан. Амтархан, бүр дахин дахин уншмаар бичсэн. Телевизээр үзэж буй мэт, радиогоор сонсож буй мэт, дэргэд нь зогсож буй мэт амьд, дүрсэлж бичсэн нь гайхалтай. Амьд бичлэг. Энэ бол Монголын сэтгүүл зүйн бичлэгт Рагчаасүрэнгийн оруулж ирж, нутагшуулж буй бичлэгийн шинэ өнгө аяс гэж үнэлэхэд ч багадна. 

Энэ зэрэг олон бүтээл "Эсээний галерей" номд багтсан тул өмнөх үгээ үүгээр өндөрлөе.

"Эсээний галерйе"-гаар тавтай морил.

"Одонгоор шагнуулсан түшмэл"

 


 

 

Цэндийн ЭНХБАТ ( МУСГЗ, сэтгүүлч, Рагчаасүрэнгийн хамтран зүтгэгч)
2019.03.27 Метро малл, Control.mn сайтын оффис.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
В.Алзахгүй :Ө.Рагчаасүрэн олон талтай хүн. Маш өвөрмөц сэтгэнэ. Хөнгөн, шингэн. Ц.Энхбат маань "Эвлэлээр дамжсан болохоороо,,," гэж бичжээ. Эвлэл үнэхээр том школа байсан юм. Эвлэлийн ШКОЛА гэж чухам юу байсан талаар би бичье. Одоо их олон хүнд үгүйлэгддэг юм билээ. 2019-05-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?