СЭТГЭЛИЙН ГҮНД НЭВТРЭГЧ ТОЛЬ

2019-05-24  

Английн өгүүллэгийн үүсэл хөгжил нь Английн өдөр тутмын сонин хэвлэлийн үүсэл хөгжилтэй нягт холбоотой юм. Англи Улсад өгүүллэг нь 1880-аад оноос эхлэн өөрийн нэрт төлөөлөгчтэй уран зохиолын биеэ даасан төрөл зүйл болон хөгжиж эхэлжээ.

Өгүүллэг бичигчид голдуу ”Үеllоwbоок” буюу “Шар ном” эсвэл “Тhе Nаtiоnаl Оbserver” буюу “Үндэсний ажиглагч” хэмээх хоёр сонинд бүтээлүүдээ хэвлүүлдэг байлаа. “Үндэсний ажиглагч” сонинд өгүүллэгүүдээ хэвлүүлдэг байсан зохиолчдоос Р.Л.Стивенсон, Р.Киплинг нар ихэд алдаршиж, “Шар ном”-д бүтээлүүдээ хэвлүүлдэг байсан зохиолчдоос О.Уайльдын нэр алдар ихээхэн манджээ. “Шар ном”-д голдуу уран зохиолын, тодруулбал, өгүүллэгийн шинэ хэлбэр, агуулгыг эрэн хайж, элдвээр туршсан зохиолчид, “Үндэсний ажиглагчид” голдуу “хуучин”, шалгарсан өгүүллэгийн хэлбэрийг баримталсан боловч түүнийг огт өөр маягаар өрнүүлэн хөгжүүлэхийг эрмэлзсэн зохиолчид бүтээлээ нийтлүүлж байв.

XIX зууны сүүл, XX зууны эхэн үе бол дэлхий дахиныг донсолгосон, хуучин шинэ хоёрын тэмцэл туйлдаа хүрсэн цаг үе байлаа. Энэ нь урлаг, уран зохиолд хүчтэй нөлөөлсөн нь эргэлзээгүй. Тэр үед хүмүүс бурхан, шашинд итгэх нь багасч, үнэн ба худал, гоо сайхан ба муу муухай, буян ба нүгэл зэргийг хооронд нь ялгадаг олон зуун жилийн турш хэрэглэгдсэн, хувь хүнээс шалтгаалдаггүй байсан хуучин хэмжүүрүүд устан арилжээ. Тийм учраас урлагийн хүмүүс, түүний дотор зохиолчид өөрсдийн бүтээн туурвисан зохиол бүтээлийг үнэн болон гоо сайхны туйлын илрэл, илэрхийлэл мөн хэмээн үзэж эхэлсэн байна. Ийнхүү тэр үеэс эхлэн зохиолчдын уран бүтээлд “субъективизм” чухал байр суурийг эзэлдэг болжээ. Хуучны, зохиолч нь хүүрнэж, уншигчид хүүрнэсэнд нь итгэн уншдаг байсан өгүүллэгийн хэлбэр нэгэнт хуучирч, зохиолч ганц өөрөө бус харин хэд хэдэн хүн хүүрнэж байгаагаар, эсвэл гаднахь үйл явдал төдийлөн чухал бус, харин тэдгээр үйл явдал хүний дотоод сэтгэлийн гүнд хэрхэн тусаж буй нь илүү чухал гэдгийг үзүүлэхийг оролдсон шинэ маягийн өгүүллэгийг бичиж эхэлсэн байна.

Үүнийг үндэслэн Английн өгүүллэг биеэ даан хөгжиж эхэлсэн 1880, 1890-ээд онуудад хоёр янзын буюу хоёр хэлбэрийн өгүүллэг ноёрхож байсан гэж хэлж болно. Үүнд: сэтгэл зүйн зураглалын өгүүллэг ба “хуучин”, шалгарсан хэлбэрийн өгүүллэг энэ хоёр орно. Ялангуяа хоёр дахь хэлбэрийн өгүүллэг нь XX зууны эхээр цэцэглэн хөгжжээ. Эл хэлбэрийн өгүүллэгийг төлөөлөх зарим зохиолчдын нэрийг дурдвал, Р.Киплинг, Саки буюу Н.Мунро, С.Моэм нар юм. Уг хэлбэрийн өгүүллэг чухам яагаад ихээхэн дэлгэрч хөгжсөний учрыг олон янзаар тайлбарладаг. Зарим нь, уг хэлбэрийн өгүүллэгүүд “хуучны, эртний хэлбэртэй, уур амьсгалтайдаа” бус харин зохиолчид ийм хэлбэрийн өгүүллэгт санаатайгаар эрт эдүгээгийн түүх, үйл явдлын уур амьсгалыг чадварлагаар шингээснээс тэр гэнэ. Нөгөө хэсэг нь, нийгмийн хямрал, үймээн будлианы үед зохиолчид ч, уншигчид ч богино хэмжээний зохиолыг илүү сонирхож байсан учраас гэж тайлбарлана.

Дээр нэрийг нь дурдсан зохиолчид цугаараа Их Британи хэмээх “их гүрний” зохиолчид байсан юм. Их Британи хэмээх их гүрний, улс төрийн утгаар хэлвэл, нар нь жаргаж эхлэх үетэй эл хэлбэрийн өгүүллэгийн хөгжил цэцэглэлт таарсан нь санаандгүй хэрэг биш билээ. Тухайлбал“Бодит” ба “Ер бусын” хэмээх хоёр чанарыг чадамгай эвлүүлэн холбож уран бүтээлдээ оруулж чадсан нь Р.Киплингийн гавьяа юм. Р.Киплинг киноны “монтажийн” техникийг чадмаг ашиглан өгүүллэг туурвидаг байсан. Р.Киплингийн ур чадвар ер бусын хачин зүйлийг ердийн мэт болгоход чиглэгдэж байсан бол, Сакигийн өгүүллэг яг эсрэг чиглэлтэй гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, жирийн дасал болсон зүйлээс ер бусын, сонин хачин зүйл рүү тэмүүлж, сонин хачин чанартай болгож хувиргах чиглэлтэй гэж хэлж болно. С.Моэмийн хувьд, голдуу ер бусын орчин тойрноос болж, эсвэл янз бүрийн дарамт шахалтанд орсон хүн хэрхэн хувиран өөрчлөгдөж, жирийн бус, туйлын тогтворгүй байдалд орохыг ажиглан бичдэг юм. Тийм хүмүүсийн тухай, эмнэлгийн туршилтан дор буй хүмүүсийн тухай бичиж байгаа болов уу гэлтэй ямар ч нарийн ширийн зүйлийг орхилгүй, бүхий л талаас нь судлан бичихийг эрмэлзэж байв. Үүнтэй холбогдуулан С.Моэм бол эмчийн мэргэжилтэй байсныг санахад илүүдэхгүй билээ.

XX зууны шинжлэх ухааны гайхамшигт нээлтийн нэг нь “Харьцангуйн онол” юм. Эл онол зөвхөн шинжлэх ухааны хөгжилд нөлөөлөөд зогсоогүй XX зууны бүхий л соёл урлаг, уран зохиолд асар хүчтэй нөлөө үзүүлж, ер нь хорвоогийн амьдралын утга учрыг гагцхүү шинжлэх ухаан, соёл урлаг, уран зохиол, гүн ухаан зэрэг хүний оюун ухаантай холбоотой бүх салбарын уулзвар дээр ухаарч болохыг ойлгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан одоо Английн өөр нэг хэлбэрийн өгүүллэгийн хөгжлийг авч үзье. Английн зарим зохиолч аливаа “туйлын” буюу “эцсийн”, урт удаан хугацааны турш үргэлж хүчин төгөлдөр хэвээр байдаг “Үнэн” гэж байхгүй, аливаа “үнэн” нь харьцангуй чанартай хэмээн үзэж, асар богино буюу хормын төдий хугацаа л жинхэнэ “үнэнд” ойртон очиж чадна, тийм учраас асар богино хугацааг ихээхэн үнэлж байх хэрэгтэй хэмээн тооцож, асар богино хугацаа болон тэрхүү хугацаанд болж буй үйл явдлын ач холбогдлыг товойлгон үзүүлэхийг эрмэлзсэн өгүүллэг бичиж эхэлсэн юм. Хоромхон зуурын богино хугацаанд болж буй ганцхан үйл явдлыг дүрслэн үзүүлэхэд өгүүллэг нь хэлбэрийн хувьд тун тохиромжтой байсан тул тийм хэлбэрийн өгүүллэг уншигчдын сонирхлыг татаж эхэлсэн юм. Зохиолчид харьцангуйн онол, харьцангуйн тухай сургаалийн нөлөөн дор иймэрхүү хэлбэрийн өгүүллэг бичихдээ хүүрнэн өгүүлэх аргаа өөрчилсөн байна. Тэд бүр анхны хуудаснаас эхлээд үйл явдал хэрхэн өрнөх вэ, баатруудын хэнийх нь зөв, хэнийх нь буруу вэ гэдгийг мэддэг зохиолчийн хүүрнэн өгүүлэх “хуучин” аргыг халж, “шууд бус, тодорхой бус”, нэг ёсны “харьцангуй”, чөлөөтэй өгүүлэх аргыг хэрэглэж эхэлсэн байна. Ийм аргыг юуны түрүүнд Ж.Жойс, В.Вулф, К.Мансфилд нарын зохиолчид өрнүүлэн хөгжүүлжээ. Эл аргаар бичсэн өгүүллэгүүд зарим үед бүхэл бүтэн романтай тэнцэхүйц гүн гүнзгий утга санаатай байлаа. Тухайлбал, Ж.Жойсын “Улисс” роман түүний “Дублин хотынхон” гэдэг номд нь орсон өгүүллэгүүдээс урган гарчээ. Эдгээр зохиолчид тухайн асар богино цаг хугацааны үнэ цэнийг, түүгээр дамжуулан хүний дотоод ертөнц, сэтгэл санаа ямагт “үл ойлгогдом” гэдгийг харуулахыг хичээж өгүүллэгүүдээ бидний уламжлал ёсоор заавал байх ёстой хэмээн ойлгодог “эхлэл”, “төгсгөлгүй”-гээр бичиж байв. Иймэрхүү төрлийн өгүүллэгт зохиолч нь бүхнийг шүүн таслагч, урьдаас мэдэгч байхаа больж, харин олон баатруудын нэг нь болсон учир баатруудын хэлснээс гадна үл хэлсэн нь туйлын чухал утга учир, ач холбогдолтой юм гэдгийг үзүүлэхийг оролдож, оролдлого нь ч бүтэмжтэй болж байлаа.

Өгүүллэг нь үргэлжилсэн үгийн зохиолын хамгийн бага хэмжээний, богинохон хугацаанд унших бололцоотой төрөл мөн учир түүнийг гоозүйн үнэ цэн бүхий нэгэн цул нэгж хэмээн үзэж болно. Энэ талаараа болон мөн өгүүллэг нь голдуу орон зайтай, харин роман нь цаг хугацаатай холбоотой байдаг учраас өгүүллэгийг зарим талаар нь уран зургийн бүтээлтэй ойртуулж харьцуулан үзэж болох юм. Үүнээс гадна тухайн асар богино цаг хугацааны үнэ цэнийг нээж харуулахыг эрмэлзэж өгүүллэг туурвиж байсан зохиолчид, өгүүллэг бол дан ганц зогсонги “орон зай бус” бөгөөд Гертруда Штайны хэлснийг үгчлэн орчуулбал, “үргэлжилж буй одоо үе”, “хоромхон зуур орших”-ыг нээн харуулах ёстой гэж үзэж байсан юм. Ийнхүү асар богино хугацааны хөдөлгөөнийг үзүүлэхийн тулд зохиолчид нэр үг, тодотголыг аль болох цөөн хэрэглэж, харин үйл үг, үйлт нэрийг аль болохоор олон хэрэглэхийг эрмэлздэг байжээ.

Гэвч аливаа шинэ зүйл, шинэ үзэгдэл, тэр тусмаа шинэ үзэл бодол төрмөгц тун удалгүй түүний яг эсрэгийг номлосон санаа бодол бий болдог бөгөөд энэ нь хүн төрөлхтний хөгжлийн нэг жам буйзаа. Ж.Жойс нарын баримталж байсан үзэл бодлын яг эсрэгийг номлосон О’Коннор, С.О’Фаолэйн нарын зохиолчдын өгүүллэг уншигчдын сонирхлыг татаж эхлэв. Тэд Ж.Жойс нарын хэт субъектив үзэл санаандаа баригдсан зохиолч өөрийн дотоод ертөнцөд хэт анхаарч, улмаар уншигчдаа төдийгүй зохиолынхоо өгүүлэмжийг бүрмөсөн алдаж гээх аюултай тулгарна, энэ арга явж явж зохиолч ба уншигч хоёрын хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэхийн оронд дан ганц зохиолч болон түүний өгүүлж буй юм хоёрын хоорондын нэг ёсны “нууц” харьцааг бий болгоно гэж шүүмжилж байлаа. Эдгээр зохиолчийн үзэл бодол болон өгүүллэгийнх нь санааг ухааран ойлгохын тулд Британийн нэрт яруу найрагч У.Б.Йейтсийн хэлснийг мэдэх хэрэгтэй юм. “Зохиол бүтээлээ урьдаас сайтар төлөвлөн бодолгүй уран зохиолын төгс төгөлдөр бүтээлийг дан ганц мэдрэмж, тааварлах чадвартаа найдан бүтээж болохгүй. Харин төгс төгөлдөр бүтээлийг урьдаас зориуд жорыг нь сайтар тааруулан бичиж бүтээж болно хэмээн үзэж зохиол бүтээлээ туурвидаг зохиолч байдаг билээ. Ийм зохиолч явсаар байгаад сүүлдээ гагцхүү цэвэр уран зохиол, уран бүтээлийн тунамал бөгөөд жирийн бус үзэл санааны ертөнцөд умбадаг юм. Ийм зохиолч зөвхөн төгс төгөлдөр бүтээл л туурвихыг эрмэлзэн хөөцөлдөж, бусад зохиолчоос хөндийрөн сондгойрч, эцэстээ тодорхой шинэ соргог санаа бодолгүй уран бүтээлч болж хувирдаг. Тэгвэл ардын төсөөлөл, уран зөгнөл нь эцэс төгсгөлгүй бөгөөд тоолж баршгүй олон олон дүрийг бүтээж чадах билээ. Харин эдгээр дүр цаанаа гүн гүнзгий утга санаа, үзэл бодлыг агуулсан байдаггүй юм. Ардын уран сайхны  зөгнөлийн бүтээсэн үлгэр түүх нь ерөнхийлвөл алив хууль, тухайлбал, ёс суртахууны хуулийг хэрэгсдэггүй бөгөөд тэдгээр дүр нь дүрэлзэн асаж буй гал дундаас хүүхдүүдийн олж хардаг олон янзын дүр лүгээ адил билээ. Иймэрхүү хоёр янзын зохиол ба зохиолчийг хотын соёл иргэншил ба хөдөөний амьдрал хоёроос олж харж болно. Хөдөөнийхөн нэг нэгнээсээ хөндийрч сондгойрсон байх нь маш ховор тохиолдоно. Тэд нар голцуу ижилхэн ажлыг эрхлэн аж төрдөг бөгөөд амьдрал болон үхлийн тухай эцэг эхийнхээ хэлснээр л төсөөлөн ойлгож байдаг юм. Харин юм хүүрнэх буюу үлгэр түүх ярихдаа, ер нь уран сайхны зөгнөлтэй холбоотой юманд туйлын чадамгай байдаг” гэж хэлсэн юм. Дээр дурдсан зохиолчид эл үгийг гүн гүнзгий тусган авч зохиол бүтээлээ туурвиж байжээ. Тэдхот болон хотын соёл иргэншлийг хөдөө нутаг болон хөдөөний амьдралтай зэрэгцүүлэн харьцуулж, хөдөөний энгийн амьдралын давуу талыг харуулахыг эрмэлзэж байлаа.

Нэгийг нь “модернист” буюу “шинэчлэгч”, нөгөөдөхийг нь “уламжлалт” хэмээн нэрлэж болохуйц ийм хоёр урсгалаас гадна Английн өгүүллэгийн хөгжилд “чөлөөт” хэмээн нэрлэж болох урсгал тодорхой хувь нэмэр оруулжээ. Эл чиглэл нь “шинэ өгүүллэг”-тэй ижилхэн мэт санагдах боловч түүнээс хэд хэдэн шинж чанараараа нэлээн ялгаатай юм. Тухайлбалэнэ чиглэл өнгөрсөн улирсан руугаа эргэн хандаж, “шинэ өгүүллэг”-ийн чиглэлийн “хуучирч” хэрэггүй болсон хэмээн үзэж “устган нураасан” олон “саад”-ыг дахин сэргээжээ. Хэрэв “шинэ өгүүллэг”-ийн чиглэл зохиолын баатар нь өөрийн гэсэн үүх түүхтэй гэдэгт болон нэгэн тодорхой чиглэлээр тууштай өрнөн хөгжсөн зан чанартай байж болно гэдэгт гүнээ эргэлзэж байсан бол “чөлөөт” өгүүллэг бичиж байсан зохиолчид чухамхүү баатрын зан чанарт гол анхаарлаа төвлөрүүлж, түүнийг судалж, задлан шинжилж, ер бусын чанарыг нь олохыг хичээж, баатрын зан чанар нь хувирч өөрчлөгддөггүй, нэгэн цул тууштай чанар бүхий зүйл хэмээн үзэж байв. Ийнхүү “чөлөөт” өгүүллэг бичдэг зохиолч ерөнхий хэв шинжит бус харин ер бусын, сонин гойд зүйлийн тухай, тийм хүний зан чанарын онцлогийн тухай зохиол бүтээл туурвиж байлаа. Түүнээс гадна “чөлөөт” өгүүллэг бичдэг зохиолч нь “шинэ өгүүллэг” бичдэг зохиолчийг бодвол нийгмийн амьдрал хүнд хэрхэн нөлөөлдгийг ихэд анхаарч байв. Үүнийг Дэлхийн нэгдүгээр дайныг бодвол Дэлхийн хоёрдугаар дайн нь Баруун Европын орнуудын нийгмийн амьдралд асар хүчтэй нөлөөлсний учир хэмээн тайлбарлаж болно. Үүнээс гадна хэрэв “шинэ өгүүллэг”-ийн зохиолчид зохиол бүтээлээ голцуу Дэлхийн нэгдүгээр дайны үед туурвиж байсан бол “чөлөөт” өгүүллэгийн зохиолчид зохиолоо Дэлхийн хоёрдугаар дайны үед бичиж байсан юм.“Чөлөөт” өгүүллэг нь нийгмийн амьдралыг ихээхэн анхаарах болсноороо романтай төстэй бөгөөд урьд өмнө роман бичдэг байсан зохиолчид өгүүллэг бичиж эхлэхдээ чухамхүү “чөлөөт” өгүүллэг туурвиж эхэлсэн нь санаандгүй хэрэг бишээ. Энэ чиглэлийн зарим зохиолчдыг нэрлэвэл В.С.Притчет, Г.Грин, А.Вилсон, Ж.Кари нар юм.

“Чөлөөт” өгүүллэгийн зохиомж нь юуны түрүүнд баатрын зан чанарыг нээн харуулахад чиглэгдсэн байх бөгөөд В.Притчетийн хэлсэнчлэн, “чөлөөт” өгүүллэг бичигчийн уран чадвар, хүний дотоод амьдрал буюу зан чанарыг өөрийгөө ямарваа нэгэн үйлдэл юмуу эсвэл үгээр илчлэн харуулах үед эгзэгийг нь тааруулж “барьж авах”-ад орших ажээ. “Уламжлалт” өгүүллэгийн зохиомжийг бодвол, “чөлөөт” өгүүллэгийн зохиомж нь сургаалын чанар, үүрэгтэй бус юм. Мөн “шинэ” өгүүллэгийн зохиомжийг бодвол “гуйвашгүй үнэн” хэмээхийг айлдахыг эрмэлздэггүй бөгөөд харин хүний зан чанарын онцлог, ер бусын талыг нь нээн харуулахад чиглэгдэнэ.“Чөлөөт”өгүүллэгийг ямар нэгэн талаар Францын “импрессионист” зураачдын бүтээлтэй зүйрлэж болно. “Чөлөөт” өгүүллэг зохиогчид импрессионисттай нэгэн адил урлаг, уран зохиолын бүтээлийг эргэцүүлэн бодож тунгаан ойлгох гэж хичээгээд хэрэггүй, харин тэр дор нь сэтгэлээрээ мэдрэн хүлээн авах хэрэгтэй хэмээн үзэж байжээ. Тийм ч учраас тэдний зохиол бүтээлд өнгө гэрлийг хослуулсан ерөнхий уур амьсгал ихээхэн үүрэгтэй байсан ажээ. В.Притчет А.Чеховын уран бүтээлийг ингэж тайлбарлаж байсан нь учиртай. “Чехов бидэнд амьдралыг тухайн үеийн санаа сэтгэлийн байдал юмуу, эсвэл ямар нэгэн номлол сургаалаар ухааран ойлгож, барьж авахад хэцүү байдаг, харин амьдрал нь нар сүүдэр хоёрын дунд ямагт тэртээ алсаас гялалзаж, хүний зүрх сэтгэлийг татаж байдаг загас лугаа адил юм гэдгийг байнга сануулж байдаг” гэжээ.

“Чөлөөт” өгүүллэг нь өөр нэг талаараа кинотой адилхан билээ. Тухайлбал, кино амьдралтай ямар талаар ойр байдаг вэ гэвэл амьдралын “дэлгэцнээ” байнга огт санаандгүй хүмүүс, юмс үзэгдэж байдагтай адил киноны дэлгэцнээ гол баатартай цуг олон жирийн хүн гудамжинд юмуу эсвэл өөр нэгэн газар үзэгддэг билээ. Тэд амьдрал хэмээх орон зайд чөлөөтэй оршиж байдаг бөгөөд ямар нэгэн тодорхой цаг хугацаанд нэг нэгтэйгээ учран уулздаг. Түүнээс гадна кинонд баатруудын үг, үйлдлээс гадна тэднийг хүрээлэн буй орчин, ерөнхий уур амьсгал, баатруудын зан чанар, дүрийг бүтээхэд ихээхэн үүрэгтэй байдаг лугаа адил “чөлөөт” өгүүллэгт баатруудыг тойрон буй орчин тэдгээрийн тухай бид бүхэнд ихийг тайлбарлан хэлж, тэднийг ойлгоход тусалдаг билээ.

Английн өгүүллэгийн талаар товч хэлбэл ийм бөгөөд хэрэв энэ номыг уншаад уншигч авгай англичууд юу бодож, юу мөрөөддөг, юунд баярлаж, зовдог, амьдралын утга учрыг хэрхэн ойлгож байдгийг ухаарахад тань өчүүхэн төдий тус болвол бидний үүрэг биелэв гэж үзнэ.

Ийнхүү 1991 онд хэвлэгдсэн “Хатсан гар” хэмээх Английн өгүүллэгүүдийн түүвэр номонд орсон, 1986 онд бичсэн оршилд 2019 онд дахин хэвлэгдэхэд нь бараг гар хүрэлгүй ганц хоёр үг, үсгийн алдаа зассан боллоо.

Харин энэхүү Английн өгүүллэгүүдийн түүврийн нэрийг өөрчилж “Сохрын орон” хэмээн нэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Уншигч Та болгооно уу.

 

Н.ЭНХБАЯР

2019 он.

"Сохрын орон" номонд орсон өгүүлэг Х.Э.Бейтс "НЭГ Л ӨДӨР" 

Их үд. Уул лугаа адил үүлс нэг нэгэндээ тээглэн бүдчиж тэнгэрт хөвнө. Гэрэл гэгээ муутай, нойр хүргэм өрөөнд цонхны ойролцоо залуухан эмэгтэй бөгтийн суугаад хүн орж ирэх, нар жаргах, тушаал заавар буух зэрэг тодорхой цагт заавал болох нэгэн зүйлийг хүлээж буй мэт огт үл хөдлөх аж. Нэг гарынхаа арыг аажуухан илж, уйтгартай нь аргагүй хөмсгөө зангидаж, уруулаа жимийнэ. Сүүдэр буусан талыг мөн л гунигтайгаар харснаа баруунтаа ургасан ой руу харцаа хандуулна. Нарны зурвас гэрэл туссан баруун уулс руу харна. Уулсын хооронд нэг харахад хар сорви мэт, нэг бодоход толгой хоргодоход тохирсон анир чимээгүй газар мэт санагдах ой модыг харцаа хэсүүлэн харна. Хамаг юм холилдон хутгалджээ. Нөгөө өрөөнд үе үе төгөлдөр хуурынхар, цагаан товшлууруудын доороос гарах ид шидэт ая дуугарч бүсгүйн сэтгэл зүрхийг эзэмдэн бишрүүлээд магадгүй нэг минут хэртээ бүхий л бие цогцсыг нь бүрэн эзэгнэснээ нам гүм болов. Гэвч энэхүү эргэлзэл дүүрэн хөгжмийн ая эгшиглэж дуусмагц өнөөх л янзаараа нэг гарынхаа хуруунуудаар нөгөө гарынхаа арыг тэмтчин базалж, дахиад л санаа сэтгэл нь үймэн түгшинэ.

Хамаг юм холилдон хутгалдаж, учир начир нь үл олдоно. Бүсгүй удалгүй явах аж. “Би эндээс явлаа. Энд байж чадахгүй нь” хэмээн оройжин амандаа хэдэн зуун удаа үглэжээ. Гэвч үнэн хэрэг дээрээ явах гэж оролдсон ч үгүй. Бүсгүй аанай л суусан хэвээр, цаг хугацаа дэргэдүүр нь урсан өнгөрсөөр л. Тархи толгойд нь ганцхан бодол салахгүй эргэлдэнэ. “Өнөөдөр би эндээс явна. Энд би бүр ядарч туйлдлаа. Би хэзээ ч санаснаа хийж чадахгүй юм. Амьдрал маань юу ч биш боллоо”.

Энэ бүхнийг хэлж, бодож байхдаа эмэгтэйн нүүр царайд баярлаж хөөрсөн шинж тэмдэг огт байхгүй бөгөөд харин ч урьдаас сайтар төлөвлөж байгаад ажлаа амжуулдаг нямбай хүн лүгээ адил бодох нь: “Тэгээд юу юугаа авч явах вэ? Сарнай цэцэг хатгасан хөх өнгийн хувцсаа авах уу? Тэгье. Өөр юу авах вэ? Өөр юу байдаг билээ?” Тэгснээ: “Өнөөдөр би эндээс явна. Би гэж хэзээ ч юу ч хийж чадахгүй хүн юмаа” хэмээн дахин бодно.

Энэ ч үнэн байлаа. Эмэгтэй амьдралдаа өөрийгөө хүчилж хэзээ ч, юу ч хийж байгаагүй ажээ. Өглөө оройтож босно. Өглөөний цайгаа удаан ууна; ер нь унших, хувцас хунараа засаж янзлах, хоол ундаа идэж уух, төгөлдөр хуур тоглох, үдшийн цагт хөзөр тоглох, орой орондоо орох гээд л юу ч хийсэн туйлын удаан хөдлөнө. Хийх юмтай байсаар өдөр өнгөрүүлэхийг бодох тул тийнхүү зориуд удаан хөдөлдөг байжээ. Үнэндээ ч өдөр хоног солигдон өнгөрөх боловч энэнээс өөр юу ч хийдэггүй байжээ.

Гэвч өнөөдөр заавал нэг юм болох гээд байлаа. Үүнээс хойш хэзээ ч орой болгон хөзөр тоглож байхгүй, ер нь нэг нэгнээсээ ялгарахын аргагүй ижилхэн цуврах орой бүр аав нь нөгөө л хэлдэгээ хэлнэ. “Өнөөдөр миний аз бүр харьчихжээ. Хөзрийн тамга гарчихсан гэж бодсон буруутав аа!” гэж. Одоо би орой болгон “Нэлли, арван цаг болсон байна, явж унт” гэж хэлүүлж байхгүй. Орой болгон уйтгартай нь аргагүй шатаар дээш өгсөж унтлагын өрөө рүүгээ явахгүй. Өнөөдөр эндээс явна. Явахыг нь хэн ч мэдээгүй боловч үнэхээр явахаар санаа шулууджээ. Өнөө оройн галт тэргээр Лондон орохоор шийдсэн аж.

“Явна аа. Харин юу юугаа авдаг юм билээ? Сарнай цэцэг хатгасан цэнхэр хувцсаа авна. Өөр юу авдаг билээ байз?”

Хөдөлгөөнгүй удаан суусан болохоор бие нь хөшиж шатаар дээш арайхийн мацав. Дүрслэн өгүүлвээс эмэгтэй нэг газраа олон жилийн турш хөдлөлгүй суусаар байгаад түүний ухаан санаа, бие бялдар аль аль нь хөшжээ. Тэгсэндээ уурлаж бухимдсан мэт юм хумаа сандчин цуглуулж, юуны өмнө өнөөх хөх хувцсаа цүнхэндээ хийж, дээрээс нь саяхан санасан хэд хэдэн юм нэмж шидэв. Эмэгтэй цүнхээ түгжив. Нэг их хүнд болсонгүй. Мөнгөө дахин дахин тоолж үзлээ. Яг л хүрэхээр ажээ! Бүх юм ян тан бүтэхээр бэлэн болов. Эмэгтэй явах нь эргэлзээгүй боллоо!

Эмэгтэй доошоо бууж, харанхуй болсон өрөөндөө сүүлчийн удаа орлоо. Зочдын өрөөнд цайны аяга таваг харшилдах дуу, энэ гэрийн тэсэхийн аргагүй зэвүүн дуу чимээ сонсдоно. Эмэгтэй өлсөхгүй байлаа. Найман цагийн үед Лондонд очих тул одоо хоол идвэл бүх л замын турш дотор нь муухай оргино. Хоол идэхээ азнасан нь дээр байлаа. Галт тэрэг зургаа арван наймд хөдөлдөг. Галт тэрэгний хөдөлгөөний цагийн хуваарийг дахин харав. “Элдэнд зургаа арван гуравт, Оулдад зургаа арван наймд, Лондонд долоо тавин гуравт тус тус зогсоно“.

Эмэгтэй төгөлдөр хуур дээр вальс хөгжим тоглолоо. Эл хөгжмийн дан-да- да, дан-да-да хэмээх удаан, нойр хүргэм ая хэсэг хэсгээр сонсдох бөгөөд зүрх сэтгэлд уйтгар гуниг шивнэж шимшрүүлнэ. Өрөөнд зэгсэн харанхуй байсан тул эмэгтэй товшлуураа бараг олж харахгүй байлаа. Наадаж буй аяндаа тохируулан “Элдэнд 6.13, Оулдад 6.18” хэмээн байн байн хэлж, цаг андуурахгүйг ч, мартахгүйг ч хичээнэ.

Хөгжим тоглож байхдаа бодсон нь: “Би дахин хэзээ ч энэ вальсыг тоглохгүй. Энэ ая энэ өрөөний байдлыг тэр чигээр нь шингээжээ. Сүүлчийн удаа тоглож байгаа минь энэ!” Вальс хөгжмийн ая нөгөө л нойрмог янзаараа гулсан гулссаар дуусав. Эмэгтэй нэг хэсэг нам гүм суулаа. Өрөө нь хав харанхуй тул нэгэн нууцыг агуулж буй мэт. Вальсын ая хэдийн замхран арилжээ. Тэгтэл хажуугийн өрөөнд аяга, таваг харшилдан тажигнах дуулдаж, “Би одоо явлаа” гэсэн бодол дахин төрлөө.

Эмэгтэй суудлаасаа босож, өрөөнөөс аяархан гарав. 3амын хоёр талаар ургасан өвс үдшийн салхины аясаар найган сэрчигнэх нь олон хүн алгаа зэрэг зөөлөн үрж буй мэт сонсдоно. Үүнээс өөр чимээ гарахгүй бөгөөд эмэгтэйн алхах гишгэх нь хөнгөн тул түүний гарч явсныг хэн ч сонссонгүй. Замаар уруудан явахдаа “Одоо л санасан минь бүтэх нь! Ашгүй одоо л биелэх нь” гэж бодож байв.

“Элдэнд зургаа арван гуравт, Оулдад зургаа арван наймд”.

Элдэн рүү явах уу, эсвэл Оулд руу явах уу гэдгээ мэдэхгүй тул яахаа шийдэхээр замын уулзвар дээр саатан зогсов. Элдэн рүү явбал тэнд түүнийг таних хүн байхгүй нь сайн. Харин Оулдад таньдаг хүн таарч баахан дэмий юм ярьж магадгүй. Тэгвэл Элдэн рүү явсан нь дээр, ямар хамаа байх вэ. Одоо ер нь юунд санаа зовох вэ дээ. Нэгэнт гэрээсээ гараад явж байгаа болохоор бүр яваад өгсөнтэй ялгаагүй!

Сэтгэл нь хөөрч догдолсон учир амьсгаа авах тоолонд цээж нь оволзон бие нь халуу шатна. Юу юу авч цүнхэндээ хийснээ эргэн санах гэж оролдсон боловч хамгийн түрүүн авч хийгээд дээрээс нь олон юм хийсэн “сарнай цэцэг хатгасан цэнхэр хувцсаа” л санаж байв. Гэвч одоо энэ чухал биш. Мөнгө халаасанд нь байгаа, бусад юм нь ч гэсэн нэгэн адил бүрэн бүтэн байгаа гэж бодоход сэтгэлнь уужирч цаашаа явах тусам улам тайвширна. Гэвч тэрхүү уужран тайвширсан сэтгэл нь дотроо зуу зуун үл мэдэг сэтгэлийн хөдөлгөөн, итгэл, эргэлзлийн аль алиныг нь агуулсан байв. Одоо дахин вальс хөгжмөө тоглохгүй, сүүлчийн удаа хөзөр тоглосон, одоо ганцаардах, бусдаас айн захирагдаж дарагдах, удаан хөдөлгөөн энэ бүхэн бүгдээрээ, аймшигт амьдрал нь бүхэлдээ ард нь хоцрон үлджээ.

“Ингээд би явлаа!”

Гадаа дулаахан, амгалан сайхан санагдаж байлаа. Бие нь хөнгөн шингэн, үл мэдэг чичрэх нь сайхан санагдана, шөнийн зөөлөн салхи энхрийлэн илэн таалж байна уу даа гэж бодмоор. Одоо нэгэнт айдгаа авдрандаа хийжээ. Харин ч “Намайг өөрөө яваад өгсөн гэхэд хүмүүс итгэхгүй байх. Гэхдээ нээрээн л би өөрөө явж байна шүү дээ” гэж бодоход хор шар нь буцлах шиг, уур омог нь дүрэлзээд явчих шиг боллоо.

Гар нь цуцаж, ачаа нь хүндэрсэн юм шиг санагдав. Цүнхээ зүлгэн дээр тавьж, өөрөө дээр нь түр амсхийн суув. Ингэж суух нь орой харанхуй өрөөнд сууж байсантайгаа адилхан бөгөөд үнэхээр ч бээлийтэй гараараа нөгөө гарынхаа арьсыг илж эхлэв. Вальс хөгжмийн нэг хоёр эгшгийг санав... Тэнэг төгөлдөр хуур! Түүний хамгийн доод “си” товшлуур нь үргэлж хөггүй байдагсан! Ёстой хөгийн юм! Лондон хотыг төсөөлөн бодох гээд чадаагүй тул сэтгэл дотроо нөгөө л үгээ давтан хашгирав. “Би одоо бүр явлаа!” Тэгж хэлэхэд өөрт нь урьд урьдаас илүү бахтай санагдана.

Галт тэрэгний буудалд цорын ганц чийдэн асаж тал тал тийш базаахгүйхэн шаравтар гэрэл тусгах боловч тэглээ гээд улам л харанхуй болсон юм шиг санагдаж, дотор нь улам бачимдана. Тэгээд ч галт тэрэгний буудал дээр ганц ч хүн харагдахгүй байлаа. Хүйтэн, хоосон талбай дээгүүр цааш нааш холхиж байхдаа дотно санагдах өөр дуу дуулдахгүй байгаад сэтгэл гонсгор байв. Тэртээ хол харанхуйд хэдэн улаан гэрэл огт солигдохгүй юм шиг гөлийн асна. Гэвч эмэгтэй “Би эндээс явна, явна” гэж дахин дахин үглэснээ, “Би бүх хүнийг үнэн голоосоо үзэн ядаж байна. Би өөрөө өөрийгөө танихааргүй болтлоо өөрчлөгджээ” гэж хэлэв.

Эмэгтэй галт тэрэг ирэхийг тэсэж ядан хүлээнэ. Амьдралдаа анх удаа яг хэдэн цаг болж байгааг мэдэж байсан болохоор хачин санагдана. Эмэгтэй цувныхаа ханцуйг шуужээ. Юу юугүй зургаа гуч боллоо! Даарах шиг болов. Төмөр замын дагуу дандаа улаан гэрэл ассан нь түүнийг дооглож байгаа мэт. “За, өнөө зургаа гуч нь ч боллоо. Тэгэлгүй дээ!” Эмэгтэй хэнэггүй байхыг хичээнэ. “Галт тэрэг цагаасаа хожимдож байна л даа. Өөр яав л гэж” хэмээн өөрийгөө тайвшруулахыг оролдох боловч хүйтэн болоод ч тэр үү, яг үнэнийг хэлэхэд айдас нь улам нэмэгдэж, удалгүй өөрөө ч энэ үгэндээ итгэхээ больжээ...

Эргээд алхаж явахад өнөөх аварга том үүлс улам доошилсон байх бөгөөд түүний санаа сэтгэлийг улам ихээр зовоон бачимдуулна. Салхи ч мөн адил уйтгартайяа улин улин үлээж, санаа сэтгэлд нь гашуудал харууслыг шивнэнэ. Урьд өмнө иймэрхүү юмс түүний санаа сэтгэлийг үймүүлж байсан түүх байхгүй. Харин одоо өөрийнх нь баларсныг, ирээдүйд амсах зовлон, уйтгар гунигийг хэлээд байх шиг санагдана. Эмэгтэйн урам зориг мохжээ. Гадаа үнэхээр хүйтэн байсан боловч чичрэх ч тэнхээгүй явлаа.

Гүн нойронд автсан мэт тас харанхуй өрөөнд “Өнөөдрөөс өөр өдөр байхгүй биш. Нэг л өдөр явахдаа л явна. “Нэг өдөр” хэмээн өөрийгөө тайтгаруулж суулаа.

Эмэгтэй дув дуугүй суусаар. Хажуугийн өрөөнд хөзөр тоглох бөгөөд эцэг нь гэнэт: “Би хөзрийн тамга гарчихсан гэж бодсон юм” гэж хэлэв. Хүн инээх сонсдоно. “Дандаа аз дутна шүү. Үргэлж аз дутна. Үргэлж шүү!” гэж эцгийнх нь хэлэх сонсдоно.

Ямар муухай юм бэ! Үүнийг яаж тэвчих юм бэ! Нэг юм хийж үүнийг зогсоох хэрэгтэй! Нээрэн байх суухын арга алга.

Эмэгтэй нөгөө вальс хөгжмөө тоглож эхлэв. Нэгэн зэрэг нойр хүргэм, сэтгэл шимшрүүлэм аяыг сонсож өөрийн эрхгүй нулимс асгаруулав.

“Ямар өнөөдрөөс өөр өдөр байхгүй биш! Би явахдаа л явна. Нэг л өдөр!” хэмээн өөрийгөө зоригжуулна.

Тэр өдрөөс хойш нөгөө вальс хөгжмийн аяыг дарах тоолондоо доошоо тонгойн уйлж, “Нэг л өдөр! Нэг л өдөр!” гэж дахин дахин хэлэх аж.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?