Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайг Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар "Номин холдинг" ХХК-д олгогдсон бөгөөд иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан билээ.
Ийнхүү дүүргийнхээ иргэдийн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус барилгыг барих зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг хотын даргад бичгээр уламжилж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан иргэдтэй газар дээр нь ирж уулзан уг газрыг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулж, газрын маргааны асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус ногоон байгууламж бүхий талбайг дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн болгож, иргэдийг амар тайван, ая тухтай таатай орчинг бий болгож өгнө хэмээлээ.
Мөн Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дүүргийн удирдлагуудаар дамжуулан тус ногоон байгууламж бүхий талбайг жишиг цэцэрлэгт хүрээлэн болгоход дэмжин ажиллана гэдгээ мөн илэрхийлсэн байна.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ