Сонгуулийн хуулийн 4 хувилбарыг УИХ хэлэлцэж байна. Одоогоор; -Том мажоритар -бүс нэг буюу бүсчилсэн тойрог -жижиг мажоритар -нэг улс нэг тойрог.
Ийм хувилбараас " Нэг тойрог, нэг улс" гэсэн хувилбарыг өнөөгийн УИХ сонгож байна гэж эх сурвалж мэдээллээ.
Энэ ямар хувилбар гэдгийг энгийнээр зүйрлэвэл, "Хурдан морины уралдаан" юм. Нэг гараанаас бөөндөө гарна. Эхний 76 -г тасалж, пайз зүүж, эрхжүүлнэ гэсэн үг.
Энэ хувилбарын сул тал нь: - Поп улстөрчид УИХ-д олноор сонгогдох магадлал өндөр. Залуу болон анх удаа шинээр нэр дэвшигчид сонгох магадлал тун бага. Дээр нь жижиг намуудыг шахах хувилбар өндөр.
Мөн Баян-Өлгий аймгаас гишүүн сонгогдох нь үндсэндээ хаагдана. Давуу тал нь: Улс төрийн том, МАН, АН, МАХН зэрэг намд илүү боломж олгоно. Тэдгээр намуудын танигдсан лидерүүд нь сонгогдох бүрэн боломжтой. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Энхбаяр болон Нямдорж, Бат-Эрдэнэ (аварга), Сумьяабазар (аварга), М.Энхболд, Бат-Эрдэнэ (Ажнай), А.Сүхбат (аварга), Батзандан, Лу.Болд, Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Мөнхцэцэг болон Чойжамц (хамба) зэрэг хүмүүс төвөггүй сонгогдоно.
Гэхдээ иргэдэд танигдсан, зөв гэж үзсэн зарим нэг хүн мөнгө төгрөг тараалгүй УИХ-д цөөн тоогоор боловч сонгогдох боломж нээлттэй. Сонгуулийн ийм хувилбарыг өнөөгийн УИХ сонгож байна.
Ц.ХИШГЭЭ