Ш.ГАНБОЛД: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХУВИЙН НЭГ КОМПАНИ БАЙСАН БОЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ ДАМПУУРСАН

2019-06-10  

Аль ч салбарын удирдах албан тушаалд хэн нэгнийг томилохдоо мэргэжилтний мэдлэг, ур чадвар , ажлын туршлагыг харгалзахаа нэгэнт больсон. Эрх баригч улс төрийн нам, тодорхой улс төрчийн хүсэл сонирхол давамгайлах болсон. Тэд " халаасны дуулгавартай" өөрсдөдөө үйлчлэх нэгнийг томилдог тогтолцоо нэгэнт тогтсон. Энэ сэдвийг тойрч Монголын цагдаагийн байгууллагад 30-аад жил ажиллаж, ЦЕГ-ын дэд дарга болтлоо дэвшсэн, хурандаа цолтой Ш.Ганболдтой хөөрөлдлөө.

Таныг Цагдаагийн байгууллагын бэлтгэгдсэн, тогоонд нь " чанагдсан", чадварлаг боловсон хүчин гэдгийг салбарынхан чинь зөвшөөрдөг. Тухайн үед Х.Тэмүүжин сайд ч энэ бүхнийг харгалзан ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд Таныг томилсон. Гэхдээ төд удалгүй өөрөө огцруулсан. Үүний шалтаг, шалтгаан нь яг юу байв, эргээд харахад? Ийм асуулт асуусанд бүү эмзэглээрэй. -Ажлаа бодож л ийм шийдвэр гаргаагүй, тэр хүн. -Монголд эрх зүйн шинэчлэлийг жинхэнэ утгаар хийх гэж очсон гэдгээ Х.Тэмүүжин сайд хэлж байсан. Тэгэхээр яахаараа “ажлаа бодолгүй” шийдвэр гаргана гэж. Таныг томилж, гэхдээ бас буулгаж. Хуулийн ертөнцөд " бие биенээ зуух " нь түгээмэл гэж дуулсан. Та ч бас зуулттай явдаг юм биш үү?

Зуулт алга. Үнэн нь л тэр. Хов живнээс болж ийм шийдвэр гаргасан хүнийг ажлаа бодсон гэж би хэлж чадахгүй. -Бидний яриа бас хоосон хов жив болчих вий гэж болгоомжлох юм. Та баримттай яриач. -Барилгын нэг компанийг шалгах тухай асуудлыг би хөндсөн. Тэр үг сайдын сонорт хүрсэн байсан. Тэр нь сайдын хөндүүр цэг байсан хэрэг. Ердөө л энэ. -Албан тушаалаасаа буусан шалтгаан чинь энэ юм байж. Тэгвэл , нийгмийг донсолгоод буй, хууль хэрэгжүүлэгчид, тэр тусмаа танай цагдаагийн байгууллагынхан Эрүүдэн шүүх арга барилдаа идэгдсэн тухай таны байр суурийг сонсъё. -1998 оны 10 дугаар сарын 2-нд Монголын төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хороосон аймшигт аллага, бас 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэрэг бол Монголын цагдаагийн байгууллагын ажлыг шалгасан. Энэ хоёр шалгалтад хуулийн байгууллага бүдэрсэн.

Яагаад? -Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг нь гэмт хэргийг илрүүлэх, хэв журам сахиулах шүү дээ. Тэр үүргээ биелүүлж чадаагүй. Яагаад гэвэл, манай цагдаагийн байгууллага зах зээлийн чөлөөт энэ нийгэмдээ тохирсон хэв маягтаа орж чадаагүй байсан. Бүр энгийнээр хэлье. Бидний дуулсан дууг хэн ч дагаж дуулдаггүй. Бидний хийсэн хоолыг хэн ч идэхгүй байсан л гэсэн үг. Хэрэв урлагийн хамтлаг юм уу , хоолны нэг хувийн компани байсан бол аль хэдийнээ дампуурсан. -Өөрчлөгдөөд байна, шинэчлэгдээд байна гээд л байдаг биш билүү? -Цагдаагийн байгууллагад сэтгэлгээний өөрчлөлт огт хийгээгүй. Хэлбэрийн хувьд тоочих юм бий. Цагдаагийн өмсгөл, хууль гээд нэрлэвэл байна, байна. Гэсэн ч хандлагадаа хэвээрээ. Цагдаагийн албан хаагч, бие бүрэлдэхүүний хувийн амьдрал нь хүссэн хүсээгүй зах зээлийн нийгэмд татагдаж, тэр шаардлагад хөлөө нийцүүлэх гээд зүтгээд байдаг. Харин албан ажил нь яг хуучнаараа. Энэ хоёрын зөрүүгээс болж шалгалтад бүдэрсэн. -Эрүүдэн шүүлтээсээ салахын тулд одоо Прокурорын дэргэд дахиад Мөрдөх алба байгуулах тухай ярьцгаагаад байх юм. Өмнө ийм л бүтэц байсныг Хүний эрхийн Комиссын дарга Бямбадоржоос өгсүүлээд санагалзаж байна. Тухайн үед мөрдөх албаныхан хамгийн жигшүүртэй гэмт хэргийн уурхай болж байна гээд л татан буулгаж байсан санагдана. Тэгэхээр Прокурорын дэргэд Мөрдөх албыг дахин байгуулах нь хэр зөв бэ? -Мөрдөх алба хэрэгтэй юу? гэж асуувал хэрэгтэй л гэж хариулна. Гол асуудал нь , энэ албыг хаанахын харьяанд байгуулах гэдэгт оршиж буй юм. -Таны бодлоор хаана, хэний харьяанд байгуулах нь зөв бэ? -Хууль зүйн яамны харьяанд. -Яагаад? -АТГ, Прокурор, Шүүх, Цагдаа, ШШГЕГ, ТЕГ бол гэмт хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд. Тэгэхээр эдний аль нэгэнд нь давуу эрх олгож яавч болохгүй. Чиг, үүргийн давхцал үүснэ. Эрх, үүрэг, хяналтын тэнцвэр алдагдана. Энэ үүднээс харвал, Прокурорын дэргэд Мөрдөх алба байгуулж болохгүй. Тэгээд ч "болдоггүй юм " гэдгийг амьдрал дээр харуулсан гашуун туршлагыг мартаж болохгүй. Хууль зүйн яамны харьяа Мөрдөх алба нь ТЕГ, АТГ, Шүүх, Прокурор, Цагдаа, ШШГЕГ-ыг шалгадаг байх ёстой. -Төрийн нэрийн өмнөөс ялладаг Прокурор нь бүх хэргээ, тэр байтугай шүүхийнхээ шийдвэрийг хянаж байна. Ялладаг, хянадаг хоёр үүрэг нэг саванд орсон учраас хүний эрх зөрчих, хууль гажуудуулах явдал газар авсан. Яллачхаад , дээр нь хянана гэдэг шударга, үнэний зарчмаас илт хазайж байна. Үүнийг яаж засах ёстой юм бэ? -Хяналт нь шүүхэд очих ёстой юм. -Тэглээ гээд дэвшил гарна гэж үү? -Үндэсний бөхөөр зүйрлэе. Шүүх бол хөлийн цэц. Гэмт хэрэгтний засуул нь өмгөөлөгч. Цагдаагийн засуул нь прокурор. Гэтэл өнөөдөр давс, чихэр, ташуур, танзуурыг холиод хутгачихсан. Ингэснээр бие биеэ үгүйсгэсэн, чиг үүргээсээ хазайсан. Баримт түшиж хэлье. "Дугархорлоогийн буюу Прокурорын Отгонбаярын", "Тойрон хүрээлэгчдийн хэрэг" , "Алт дилерийн хэрэг" гэсэн бөөн дуулиант хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ? Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо; -тэр хэргийн прокурор нь 35000 төгрөгөөр торгуулаад өнгөрсөн тухай ярьсан. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд “Нүүрс хөтөлбөр”-тэй холбоотой хэрэгт татагдсан нягтлан бодогч эмэгтэй Мөнгөнчимэг “Хагас жил хоригдоод шүүх хуралд ороход овгийг буруу бичсэн байсан” гэдгийг хэлсэн шүү дээ. Эндээс юу харагдаж байна? -Юу вэ? -Эрх мэдэл нь ихдээд, үүрэг нь гажуудсан тогтолцооны гажиг маш тод харагдаж байгаа юм. Хуулийн байгууллагууд нь гажсан ийм тогтолцоотой хоёр улс л байна. ОХУ, Монгол хоёр юм. -Хуулийн байгууллагуудын тогтолцоо буруу, гажсан, хазайсан гээд өндөр дуугаар ярьдаг хүн цөөн биш. Тэдний нэг бол Ц.Нямдорж сайд өөрөө. Тэгсэн мөртлөө засч залруулдаггүй.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэрхэн ажиллахаа саяхнаас маш ойлгомжтой хэлсэн. -Юу гэж? -Би тултал нь явна. Өөрчлөлтийг хийвэл хийсэн шиг хийнэ гэж. -Салбарын сайдын хэлсэн үг хэрэгжвэл сайхан л байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга, сайд Л.Оюун-Эрдэнэ ч Ц.Нямдоржийг дэмжиж, санаачилгатай буй нь харагдаад байгаа. Оюун-Эрдэнэ хууль эрх зүйн салбарыг бусдаас арай өөр өнцгөөс харж байна гэж иргэд үзэж буй. Тиймээс өөрчлөх, шинэчлэх магадлал өндөр байна гэх найдвар төрөх юм. -Сайдын хэлснээр, өөрчлөлтийг тултал хийх хэрэгтэй. Түүнээс дутуудуулбал ямар ч үр дүн гарахгүй. Харин ч дутуу алагдсан баавгай сэхэл аван босч ирээд барьж иддэг аюул байдгийг сайтар санах хэрэгтэй. -Хийсэн шиг хийх гэдгийг Та хэрхэн ойлгож байна? -Бүр ул, үндэс сууриар нь өөрчлөх. Үндсээр өөрчлөхгүй бол өөрчлөлт, шинэчлэлт болохгүй. Дахиад л өндийнө, эргээд л соёолно. Хогийн ургамал тэгдэг биз дээ. -За үндэс сууриар нь өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Таны бодлоор... -Хамгийн эхний ээлжид Үндэсний Аюулгүй байдлын яам юм уу, Дотоод явдлын яам байгуулах ёстой. Бүрэлдэхүүнд нь цагдаа, хил, шүүхийн байгууллагуудыг багтаана. Учир нь эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг шуурхай зохицуулж ажиллах шаардлагатай байдаг юм. ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ гээд хууль сахиулах байгууллагуудын холбоо мэдээлэл нэг байх ёстой. Ингээгүйгээс болж шуурхай ажиллагаа алдагддаг. Шуурхай ажиллаагүйгээс болж, ажлын үр дүн юу болох вэ, ойлгомжтой, тийм үү. Жишээ нь, 2013 оны дөрөвдүгээр сард Ховдын Булган суманд цагдаа алагдсан. Яаралтай хил хаах шаардлагатай боллоо. Бөөн асуудал... Яагаад гэвэл хуулийн байгууллагууд нь хоорондоо ямар ч холбоо ажлын уялдаа байхгүй. Хууль зүйн яам бичгийн, бодлогын чиг үүрэгтэй юм чинь юу ч хийж чадахгүй. -За ямар ч байсан уялдаа холбоогоо сайжруулж мэдээлэл холбоо нь нэг дор байх ёстой юм байна. Үүнтэй маргахгүй байх аа. Чиг үүрэгтэй холбоотой бас нэлээд сонирхол татаад байгаа нэг асуулт асууя. Сүүлийн үед нэг их сүр дуулиантайгаар “гүйцэтгэх ажиллагаа” явууллаа гэцгээх болжээ. Гүйцэтгэх ажиллагаа гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Баривчилж байгаагаа хэлээд байгаа юм уу? -Гүйцэтгэх ажиллагаа гэж буруу нэршил. Сая Худалдаа хөгжлийн банкны Орхон нарыг саатуулж байгаагаа гүйцэтгэх ажиллагаа гэх юм. Оперативно розыскной деятельности /ОРД/ буюу шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа/ШЭСА/. -Тэгвэл Гүйцэтгэх ажил гэж яг юуг хэлээд байдаг юм бэ? - Нууц ажиллагаа. Нууц мэдээлэл, баримт сэлт олох ажил. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдэхэд хэрэгтэй мэдээлэл, баримт сэлтийг олох үүрэгтэй ажилтан нь тагнуулын ажилтан. Түүнээс биш аливаа асуудлыг шийдвэрлэгч биш. -Өнөөдөр хууль дээдлэх тухай яриад хэрэггүй болсон юм биш үү. Хуулийн өмнө тэгш байх зарчим алдагдсан. Хуулийг тодорхой зорилгоор , хэн нэгэн хүнд юм уу, бүлэгт зориулан ашигладаг болжээ. Гэмт хэрэгтнийг олж илрүүлэх биш, бүр хаацайлан хамгаалах хууль баталж байна. -Хуулиа дээдлэхгүй байгааг таны л адил харж байна. -Та яг хаанаас, юунаас олж харснаа хэлж болох уу? -“Алтан Дорнод Монгол”-ын Тордайн Ганболд их хэмжээний доллараа бусдад алдсан тухайгаа хэлж, Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга гээд бүгдэд хандсан байдаг. Иргэний энэ гомдол мэдээллийг хэн нь ч тоогоогүй. Холбогдох байгууллага, албан тушаалтанд хэлэлгүй мэдэгдэлгүй өнгөрсөн. “Гэмт хэргийг нуун дарагдуулж болохгүй”. Энэ бол хуулийн заалт. Гэмт хэргийн тухай мэдсэн бол мэдэгд. Энэ бол хууль. Энэ нь иргэн хүнд хуулиар ногдуулсан үүрэг. Үүнийг хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй. Хуулиа дээдлээгүй. Бас нэг жишээ. Телевизийн ярилцлагад орсон манай Ерөнхийлөгч байсан нэг биш хүн “... Тэрнийг тэгж гуйгаад байхаар нь би тэгж тусалсан” гэж ярьсан. Хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг хүний гуйлтаар, хөндлөнгөөс үймүүлснээ, зөрчсөнөө ингэж нэг их дурсамж маягаар яриад байх юм. Хууль эс дээдэлснээ гавьяа болгоод байгаа хэрэг шүү дээ.

Та ЦЕГ-т өндөр албан тушаал хашиж байсан. Таны үед Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг олноор хольж сольж байсан. Та үүнийг зогсоох боломж байгаагүй гэж үү? -Даргын албан тушаалын марафон яаж өрнөдгийг харсан. Улс төрийн шийдвэр гэх нэрийн дор УИХ-ын гишүүд гуйлт, шахалт, шахаас хийж, хууль сахиулах байгууллагын ажил болоод албан хаагчийн томилгоонд нөлөөлж, хэрхэн үймүүлдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Албан тушаал үлдээлгүй шахдаг, тэд. Нэг ч хүний мэдэлгүй гэдгээ ойлгосон. Би тэр дундаас хоёрхон хүнийг, тухайлбал, Дорнодын Цагдаагийн газрын даргын томилгоо, Өмнөговийн Цагдаагийн хэлтсийн тасгийн даргыг авч үлдэх гээд хүчрээгүй. -Цагдаагийнхан хөрөнгөжсөн... Цол мөрдсөөрөө айлгаж байна. Энэ бүгдийг арилгана, цэвэрлэнэ... гээд Х.Тэмүүжин сайд асан, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр чанга дуугарч гарч ирснийг санаж байна. -Экс Ерөнхийлөгч хөрөнгөлөг хурандаа, цагдаа нарыг ажлаас зайлууллаа гэж хашгираад яг эсрэгээр нь хийсэн. “Баян хүн таван хаанд нүүртэй” гэж үнэхээр үнэн үг байна лээ.

Сэдвээ жаахан өөрчилье. Өнөөдөр ялангуяа улс төрчид ч юм уу албан тушаалтны амнаас “Тэр тухай цаг нь болохоор хэлнэ...” гэсэн нэг тийм шүд зуусан, заналхийлсэн үг их унах юм. Энэ нь нэг талаас өс хонзонгийн шинжтэй нөгөө талаас хэн нэгийг дарамталсан мэт харагддаг“...цаг нь болохоор хэлнэ” гээд байгааг Та юу гэж боддог вэ? -Энэ буруу. Хуульд нийцэхгүй. Энэ үг яриа бол заналхийлэл, дарамт мөн. -Эрүүдэн шүүлт, дарамтгүйгээр гэмт хэрэг илрүүлж чаддаг болохын тулд яах ёстой гэж Та бодож байна? -Хүн тамлан зовоож эсвэл хүнийг хоол, цайгаар дайлж, цайлан хэрэг шалгана гэдэг аль аль нь байх ёсгүй. Хууль сахиж, хэрэгжүүлэхгүй, дагаж мөрдөхгүй байгаа нь өнөөгийн нийгмийн бэрхшээл. Нийгмийн сэтгэлгээний гажуудал эвдрэл. -Энэ гажуудлыг хэрхэн залж залруулна гэж? - Хууль сахиулах ажиллагааг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах шаардлагатай. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудын тогтолцоо чөлөөт зах зээлийн нийгмийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн байх ёстой. Бид хуучин нийгмийнхээ энерци, сэтгэлгээгээр яваад байгаа юм. Одоогийн манай энэ тогтолцоонд хувь хүний үзэмж, улс төрийн нөлөө орох завсар зай, гажуудал ихтэй. Хуулиа мөрдөж хэрэгжүүлснээс тодорхой хувь улс төрч, намын үгийг дагах нь хамаагүй амар болчхоод байгаа юм. Тэгэхээр “Шударга бусын хонгил” гэгч үүсээд байна л даа. -Сүүлийн үед ялангуяа улстөрчид өс хонзонгийн журмаар хууль хяналтын байгууллагад ханддаг болсон мэт харагдах боллоо? -Манай хууль сахиулах байгууллага баримтад тулгуурлан асуудлыг шийддэг байх ёстой. Сургаар юм уу ховоор асуудлыг шийдэж огт болохгүй. -Цагдаагийн байгууллагад улсаас жил бүр төсөв хөрөнгө чамлахааргүй өгдөг. Гэхдээ цагдаагийнхан хөрөнгөжөөсэй гэсэндээ биш цагдаагийн ажил сайн байгаасай гэх үүднээс... Тэгвэл цагдаагийн байгууллагыг хэрхэн шинэчлэх ёстой вэ. Дотор нь байсан хүний хувьд Таны бодол? -Үйл ажиллагаа, үрэлгэн биш, үр дүнтэй, ил тод байх ёстой. Бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, сургалт, ажлын үнэлгээ бүгд зах зээлийн нийгмийнхээ мөн чанарт нь таарсан байх ёстой. Манайх хийсэн ажлынхаа тоогоор биш, үр дүнгээрээ ажлаа дүгнүүлдэг байх учиртай юм. Цагдаагийн ажлын үр дүн нь хүмүүс амар тайван амьдрахаар илэрнэ. Хууль ёс хэрэгжиж байгаад итгэдэг, алба хаагчид цагдаагийн удирдлагадаа итгэдэг, хүндэлдэг, бахархдаг, даган дууриадаг байх ёстой. Цагдаа бол цэрэгжсэн хууль сахиулах байгууллага. Цагдаа бол тушаалыг ёсчлон биелүүлдэг цэргийн байгууллага биш. Өнөөдөр, Монголын Цагдаагийн байгууллага аквариум болжээ. Энэ аквариумынхаа усыг ч сольдоггүй. Аквариумынхаа усыг солиогүй байж загасаа солих хэрэг байна уу. -Тэгвэл аквариумын усыг солихын тулд яах ёстой гэж? -Цагдаагийн байгууллагынхан хэрэг илрүүлэх ур чадвартай, бас хүнийг хайрлах, энэрэх гоо зүйн өндөр мэдлэгтэй байх учиртай юм. Үүнийг бүр эхний сургалтаас л тэдэнд суулгаж өгөх хэрэгтэй. Зөвхөн нэг талыг барьж нөгөө талыг орхигдуулснаас өнөөдрийн яриад байгаа эрүүдэн шүүх ажиллагаа үүсч байна. -Эмэгтэй хүн алт ачаад энэ орны нэг хязгаараас нөгөө хязгаар хүрэхэд ч айх аюулгүй амар тайван болголоо гэж Их Эзэн Чингис хаанаараа бахархан хэлсэн үг байдаг. Чингис хаан улс орноо тийм амар тайван аюулгүй болгож чаджээ. Өнөөдөр Монгол Улсыг цагдаагийнхан маань ийм сайхан болгож чадах болов уу? -Ердөө л энэ. Цагдаагийн ажлын үр дүн бол иргэнээ ямар ч айх аюулгүй болгох. Түүнээс биш торгох, шийтгэх бол цагдаагийн дотоод ажил нь. Хотын төвөөс нэг эмэгтэй харанхуй шөнө яваад Сансар орохдоо ямар ч айдасгүй явж чадаж байвал цагдаагийн ажлын үр дүн. Цагдаа сайн ажиллаж байна гэсэн үг. -Таныг Цагдаад сэтгэл зүрхээ өгсөн гэдгийг мэднэ. Гэтэл таныг улс төрчид хүчээр зайлуулаад удлаа. Энэ хугацаанд юу харагдав. Яагаад ингэж асуув гэхээр “Эр хүнийг мөнгөгүй үед нь, эмэгтэй хүнийг будаггүй үед нь хайрлах ёстой” гэсэн үг байдаг юм. -Үнэн үг байна. Биеэрээ харлаа, үзлээ. Гэхдээ найз нөхөдгүй боллоо гэж харамсахгүй байна. Харин ч сайхан шигшээд, цэвэрлээд өглөө. -Цаг зав гарган, илэн далангүй ярилцсанд баярлалаа.

 

Ярилцсан Ц.ХИШИГЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Элбэгдоржийг баривчлаач 2019-06-10
Будаа:Баабарын бандаашны бөөс 2019-06-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?