ӨМНӨД МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ НУТГААР...

2019-06-19  

Хилийн боомт дээрх сургууль ба боомтын цаадах малчных

Зураг 1 : Медиа тур-2019 төсөлд оролцсон Монгол, Хятадын сэтгүүлчид 

МСНЭ “Медиа тур-2019” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.  Төслийн хүрээнд “70 жилийн гэрч” сэдэвт Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын хоёр дахь ээлжийн багийнхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Үхай хот, Алшаа аймаг, Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Яргай хотоор аялаж, тус бүс нутгийнхны ололт, амжилттай танилцлаа.

Төслийн багт манай төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөөс гадна ӨМӨЗО-ны ЗГ-ын хэвлэл мэдээллийн алба, Одон ТВ, “Солонго” мэдээллийн төв, “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлчид хамрагдав. Аялан сурвалжилга Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  70 жилийн ойн  жилд болж байгаагаараа онцлог юм.

“Ганц мод” хилийн боомт дээрх “Цун Линь” олон улсын сургуулиас бидний аялан сурвалжлах ажил эхлэв. Захирал В.Уул биднийг тосон мэндчилж сургуулиа танилцууллаа. 2012 онд байгуулагдсан, нийт 315 хүүхэдтэй тус бага сургуульд 54 монгол хүүхэд сурдаг аж. Тэд бүгд нүүрс тээврийн жолооч нарын хүүхдүүд гэж Монголоос ирээд 3 жил ажиллаж буй  Ж.Дулмаа багш хэллээ. Эдгээр хүүхдүүд монгол хэлний хичээлээс гадна хятад хэл, монгол бичиг үздэг байна. Сургалт үнэ төлбөргүй. Хэдийгээр төвөөсөө хамгийн алслагдсан сургууль боловч морин хуур, уран зураг, дуу бүжгийн анги танхим, номын сан, компьютер болоод байгалийн шинжлэх ухааны лаборатори, биеийн тамирын заал гээд томоохон хот, суурин газрын сургуулийн сурагчидтай адил сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлжээ.

 Зураг 2 : Ганц модны хилийн  боомт дахь Олон улсын сургуулийн монгол сурагчдын анги

“Гар гараасаа хөтлөлцсөн , сэтгэл сэтгэлээ холбосон үндэстний нэгдэлтэй эе зохицонгуй сургууль” гэж монгол бичгээр, хятадаар, кирилл үсгээр урт цагаан самбар дээр томоор бичээд хананд өлгөсөн нь нүдэнд содон туслаа. Эе, эвийг эрхэмлэсэн  сургуулийн уриа гэж ойлгогдохоор байна.

Хилийн боомтын бага сургуулиас хөдлөөд хөтөлбөрийн дагуу түр саатан сурвалжлах дараагийн газар маань боомтоос холгүй амьдардаг, 58 настай малчин Д.Эрдэнэхишигийнх байлаа. “Өвс бэлчээрийг сэргээх төрийн бодлого”, “бэлчээрийн даацын хэмжээгээр мал малладаг”, нийгэмлэгийн гишүүн малчин байна гэдэг хүн хүч, хөрөнгөө нэгтгэнэ гэсэн үг”, “чармайхгүй бол яаж баяжихав” гэхчилэн жинтэй, харин манайд үгүйлэгдэж байна уу даа гэмээр үг, санаа түүний ярианаас хөвөрнө.

Тэрбээр говийн тэмээний тоо толгой цөөн, маллах хүн хүч тарамдуу, зах зээлийн мэдээлэл хомс зэрэг нь тэмээн сүргийг өсгөж үржүүлэхэд муугаар нөлөөлж буйг ажиглаж мэдээд малчин олныг дайчлан тэмээгээ өсгөх, бүтээгдэхүүнийг нь нэмэгдүүлэх, тэмээний соёлыг өвлүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Ингээд 2011 онд Төгрөг  багийн “Говийн Эрдэнэ “ тэмээний нийгэмлэгийг санаачлан байгуулжээ. Эрдэнэхишиг нийгэмлэгийнхээ тэргүүнээр ажилладаг. Түүний хариуцсан нийгэмлэгт 36 өрх бий. Нийгэмлэгийг улсаас дэмждэг юм байна. Зам тавьж, худаг гаргаж өгсөн гэж тэрбээр ярив. Тэд тэмээний соёлын наадмыг хоёр удаа зохион байгуулсан гэнэ. Малчдын орлого нь ч жилээс жилд нэмэгдэж буйг ярина лээ. Нэгдээд, нягтраад хамтдаа амжилтад хүрч буй жишээг эл нийгэмлэгийнхэн харуулж байна.

Малчныхаас жуулчны том цэнхэр автобусандаа суугаад бид Баяннуур хотын зүг хөдөллөө.

Элсэн цөлөөс баян бүрд

Зураг 3: Зүүн гараас малчин Д.Эрдэнэхишиг, ӨМӨЗО-ы Намын Хорооны Ухуулгын газрын гадаад хэлтсийн дарга Үндэсбат, МСНЭ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Өмнөговь аймгийн салбарын тэргүүн, сурвалжлах аялалын багийн ахлагч С.Номинцэцэг

Энэ хот Өмнөговь аймагтай хил залгаа оршдог төдийгүй олон жилийн нөхөрсөг хамтын ажиллагаатай юм билээ. 1.7 сая хүн амтай Баяннуур хот “Бүс ба Зам” хөтөлбөрийн чухал цэг аж. Зам зуур харж байхад эгнүүлэн тарьсан гоёмсог хэлбэртэй өндөр өндөр модод, тариалангийн талбай ногоорон харагдах нь нүд баясгаж, сэтгэл сэргээмээр. Говь цөл газрыг  “ойн хот” шиг шахам  болгосон нь үнэхээр гайхалтай. Биднийг ахалж явсан МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Өмнөговь аймгийн сэтгүүлчдийн салбарын тэргүүн С.Номинцэцэг эндхийн хөрс, байгаль цаг агаар яг л манай Өмнөговийнх шиг. Манай говьд ч ингэж тарьж арчилбал адилхан л ургана гэлээ. Автобусны цонхоор ажвал энд тэндгүй мод бут суулгаж, цэцэрлэгжүүлэлт, хот тохижилтын ажлыг нямбай гэгч нь  хийж буй хөдөлмөрч, хичээнгүй хүмүүс харагдана.  Өнгө алагласан орон сууцны шинэ хороололуудтай, цэвэрхэн хот юм. Хүн ам нь манай Улаанбаатартай ойролцоо ч замын түгжрэл мэтийн олныг бухимдуулах зүйлгүй тайван хот гэдэг нь мэдрэгдэж байлаа.

Хөтөлбөрийн дагуу бид Баяннуурын Радио, ТВ-ээр зочилж, хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан хэвлэлийн хурал хийж, Баяннуур болон Өмнөговь аймгийн хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол болов.  Баяннуур хотын өндөр зэрэглэлийн үхрийн аж ахуй, жимс ногооны аж ахуй, органик сүүний үйлдвэр, нарны эрчим хүчний технологийн парктай танилцлаа.

Эдгээр газраар орж  үйлдвэрийн менежер, хөтчийн тайлбарыг сонсохнээ бүгд л богино хугацаанд асар их бүтээн байгуулалт хийсэн нь биднийг гайхашруулав. Амжилтын нууц нь нэгдэж,нягтарч, хамтарч ажиллах, төр засгаас нь дэмжлэг үзүүлэх юм байна гэж мэдрэгдсэн. 40 га талбайд 220 гаруй ногооны хүлэмжинд өндөр үр ашигтай ногоон, улаан чинжүү, улаан лооль, хаш, тарвас, амтат гуа, алим, гүйлс  зэрэг олон төрлийн хүнсний ногоо, жимс тарьдаг Кан Ерлай хэмээх аж ахуйтай танилцлаа. 40 гаруй өрхийг нэгтгэсэн энэхүү ногооны аж ахуй өндөр настан, тариалангаа эрхэлж чадахгүй байгаа хүмүүсийн газрыг нэгтгээд хамтаараа ногоо, жимсээ тариад ашгийг нь хуваадаг юм байна.  80 настай хүн ч бий гэж  аж ахуйн менежер ярьж байсан. Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэдэг л энэ байх даа. Ногоочин өрх бүр жилд хоёр удаа ургацаа тариалж, акр талбай бүрээс 40-50 мянган юанийн орлого олдог аж.

Зураг 4 : Цөлийн цагаан будааны талбай

Бидэнд  бас элсэн цөлийг жинхэнэ баян бүрд болгож байгаатай танилцах завшаан тохиов. Эхнийх нь Дэн Кеү Шены аж үйлдвэрийн бүсийн нарны эрчим хүчний паркийн баруун хэсэгт байрлах  цөлийн органик  цагаан будааны бааз, хоёр дахь нь Улаан бух элсэн цөл дэх Шэнмү группын органик сүүний үйлдвэр (Sheng MU Group Organic Milk).  Хуурай элсэн цөлийн, хужирлаг  66.7 га талбайг Бээжин хотын Рэньчуан технологийн группын дэмжлэгтэйгээр боловсруулан сайжруулж үржил шимтэй тариалангийн талбай  болгосон байна. Өөрөөр хэлбэл элсэн цөлийг арвин ургац өгдөг баян бүрд болгон өөрчилжээ. Ус хадгалах технологиор цөлд тарьсан цагаан будаа нь ургалт сайн, 70 хувь усыг хэмнэдэг,  илүү шим тэжээлтэй гэж ярьж байсан.

Одоогоос арваадхан жилийн өмнө байгуулагдсан Шэнмү группын органик сүүний үйлдвэрийнхэн цөлд  90 сая мод тарьсан гэхэд Та итгэх үү. Модод нь  салхи халхлах, элсний  нүүдлийг барихад ихээхэн тус нэмэр үзүүлсэн байна. Гэтэл өнөөдөр манайд бэлчээрийн доройтол газар авч, газар нутгийн багагүй хэсэг цөлжилтэд өртөөд буй. Тэрчлэн хүн амын бараг тал шахам хувь нь оршин суудаг нийслэл хотод ногоон байгууламж хүрэлцээтэй бий билүү гэж бодогдов. Хэдхэн жилийн өмнө Зүүн Европын нэгэн орноос УБ-т  ирсэн манай төслийн зөвлөх мод нь хааччихсан юм бэ гэж асуухад орчиндоо нүд дассан бидэнд асуулт нь харин сонин содон санагдаж билээ. ДЭМБ-аас нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хамгийн багадаа 9 ам метр байх ёстой гэж зөвлөдөг бол УБ-т ердөө 3,2 ам метр  юм байна. ӨМӨЗО –ы Хөх хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нь 8 ам метр гэдгийг хэвлэлээс олж харлаа.  

Шэнмү групп  байгуулагдсан цагаасаа одоог хүртэл Улаанбух элсэн цөлд 7.5 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 14.6 мянган га талбай бүхий элсэн цөлийг өөрчлөн органик бэлчээр болгожээ. Энэхүү бэлчээртээ 100 мянга гаруй үнээ тэжээж, сүүний үйлдвэр нь өдөрт 1300 тонн  сүү боловсруулж, органик тараг,сүү,  чацарганатай тараг үйлдвэрлэж Хятад даяараа 30 гаруй муж хот төдийгүй Хонконгд борлуулдаг аж.  Тус компанийн органик сүү нь Хятадын олон улсын органик хүнсний үзэсгэлэнгийн алтан медалийг 7 удаа хүртжээ.Хятад улсдаа Европын Холбооны  органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын гэрчилгээ авсан цорын ганц аж ахуйн нэгж юм байна.

 

 

СЭТГҮҮЛЧ Б.ОДСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРАГ Н.БАТМӨНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:ЗУРАГ ТАВИАЧЭЭ 2019-06-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?