Дархан-Уул аймаг 100 гаруй мянган хүн амтай. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 4000 иргэн байдгийн 1000 орчим нь тулгуур эрхтэний бэрхшээлтэй юм. Тэд гурван жилд нэг удаа тэргэнцэр авдаг ч амархан эвдрэх, сэлбэг хэрэгсэл олддоггүй бэрхшээл их тулгардаг байна. Тиймээс "Тэргэнцэртэй иргэдийн холбоо"-ны тэргүүн З.Зоригоохүүгийн санаачилгаар Дархан сумын 5 дугаар багийн 3 дугаар байранд "Тэргэнцэр засварын төв" байгуулагдан нээлтээ хийлээ. Тус төвд гурван ажлын байр шинээр бий болжээ. Нэг тэргэнцрийг засварлах хамгийн бага өртөг нь 5000 төгрөг байх юм байна. Засварын төвийн үйл ажиллагаанд зориулан Дархан сумын Засаг Даргын тамгын газраас 600 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
О.Хишигсүрэн