ШАР МӨРНИЙ СУВД УХАЙ ХОТООР АЯЛСАН НЬ

2019-06-21  

Медиа тур-2019

(Үргэлжлэл)

Ухай бол Шар мөрнөөр хүрээлүүлсэн элсэн цөл дэх уул, ус тэгширсэн сайхан байгальтай нуурын хот юм байна. Шар мөрөн  Хятад үндэстний эх- Хатан гол гэдгийг манай монголчууд андахгүй билээ. Хятадын өргөн уудам нутагт баруунаас зүүн тийш хэдэн мянган километрт мяралзан урсаж Ухай хотын орчимд эргэлтийн тойрог үүсгэснээрээ элсэн цөл дэх үзэсгэлэнт баян бүрдийг буй болгожээ. Ухай гэдэг нь Удын тохой, Хайравын тохойг нийлүүлж дуудсан монгол нэр гэнэ.

1958 онд Ухайд нүүрс гарч эхэлснээс хойш аж үйлдвэржилт эрчимтэй хөгжиж, эдүгээ Өвөрмонголын баруун хэсэг дэх химийн технологи,  аж үйлдвэрийн томоохон төв төдийгүй  торгоны замын эдийн засгийн бүс нутгийн чухал газарт тооцогдох болсон аж. Ухай бас л Баяннуур хотын адил говь, цөлд цэцэглэн хөгжиж буй үзэсгэлэн төгөлдөр ногоон хот. Хотын өнцөг булан бүрт гоёмсог мод, бут, цэцэг, зүлэг, цэцэрлэгт хүрээлэн, жижиг таримал ойн төглийг харж болно. Ийм ч болохоор “Үндэсний ногоон загвар хот” хэмээх алдар цол авсан гэх мэдээлэл бидэнд өгсөн таницуулгад байсан юм.

Үйлдвэрийн ногоон хот  социализмын үеийн манай Улаанбаатар шиг 560 мянган хүн амтай, сэлүүхэн, цэгцтэй. Ямартаа л Отгоо маань  ( Хөтөлийн “Сайханы мэдээ” сонины эрхлэгч ) энэ хотод чинь  хүн амьдардаг юм уу, гудамжаар нь хүмүүс явж харагдахгүй юм гэхэв. Ийн явсаар бид нуурын эрэг дээрх гоёмсог, тохилог зочид буудалд ирлээ. Өрөөнийхөө цонхоор ажвал хэлбэржүүлж засаж ургуулсан мод, цэцэг, зүлэг ногоо сэтгэл татам өнгөлөг цэмцгэр, агаар  цэвэр тунгалаг.

Хөтөлбөрийн дагуу  Дархан –Уул аймаг, Ухай хотын хамтын ажиллагааны нэг жилийн гэрээ байгуулах ёслолоор энэ хот дахь аялал маань эхлэлээ. Хоёр хот багагүй хугацаанд хамтарч, туршлага солилцон харилцан төлөөлөгчдөө солилцон ажиллаж байгаа юм билээ.

Гандир уулын орой дээрх Чингис хаан

Албан ёсны уулзалтынхаа дараа бидний үзэж харсан сонин содон юм гэвэл тус хотын урд талаар дүнхийх Гандир уулын орой дээрх Чингис хааны хөшөө байлаа. 700 жилийн өмнө Чингис хааны цэргүүд Шар мөрнийг гатлан баруун зүг дайтаж явжээ.

Ухай хотын аялал жуулчлалын газрын орлогч дарга Лю Жан Жи хөшөөний талаар танилцуулав. Хөшөөний өндөр нь 88,9 м. Гаднахыг гууль, зэсээр өнгөлж, гол хэсгийг  нь бетоноор хийсэн. 21 мянган кв.м талбайтай тус барилгын  суурь хэсэгт  буюу нэгээс гурван давхарт нь Чингис хааны түүхийг харуулсан музей байгуулна. Уулын бэлээс хөшөө рүү гарах дүүжин лифт барина. 2014 оноос эхэлж бүтээн байгуулсан энэхүү хөшөө цогцолборыг энэ оны сүүлээр бүрэн ашиглалтад оруулна гэлээ.

Улмаар Чингис хааны тахилгын ёсыг үндэсний бэлгэдлийг илэрхийлсэн энэхүү хөшөөний дэргэд хийх аж.  Мөдхөн Эзэн Чингис хааны сүрлэг хөшөөг тойрсон аялал жуулчлалын томоохон бүс нутаг энд цэцэглэн хөгжих нь  Лю Жан Жи даргын ярианаас мэдрэгдэж байлаа.

Ухайд жилд 3 сая орчим жуулчин ирдэг, 7 тэрбум юанийн орлоготой. Энэ нь тус хотын нийт орлогын 8,9 хувийг эзэлдэг гэнэ. Ер нь зөвхөн Өвөр Монголд ч биш Хятадын хэмжээнд аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого баримталдаг юм байна гэж бодогдсон. Тал нутгийн аялал жуулчлал, цас мөсний аялал жуулчлал, элсэн цөлийн аялал жуулчлал, түүх соёлын газрын аялал жуулчлал гэх мэт. Жуулчид элсэн дээрх автомашины уралдаан, нууран дээрх завины аялал, усан үзэм түүх, гол дээр загасчлахыг илүү  сонирхох нь түгээмэл болжээ. 

Хятадын уран бичлэгийн хот

Ухай хот уран бичлэгээрээ Хятад даяараа алдартай.  Улсдаа хамгийн томд тооцогддог Уран бичлэгийн урлагийн ордон музей энэ хотод байдаг аж.  Ордныг уран бичлэгт дуртай хүмүүсийн санаачилгаар 2014 онд барьж байгуулсан  бөгөөд өнөөдөр уран бичлэг сонирхогчдын заавал очих ёстой газрын нэг болсон гэнэ.

Сүүлийн  жилүүдэд Ухай хот дахь уран бичлэг сонирхогчид тууштай өсч байгаа тухай ордны тайлбарлагч ярьж байсан.

10 мянга гаруй хүн уран бичлэг сонирхдог төдийгүй нийгмийн олон бүлэг буй болжээ. Уран бичлэгийн орон нутгийн засаг захиргааны холбоо, Эмэгтэй уран бичээчдийн , Бизнес эрхлэгчдийн, Залуу уран бичээчдийн холбоо гэх мэтээр төрөлжин үйл ажиллагаагаа явуулна. 2018 онд Хятадын Каллиграфийн Холбооноос тус хотыг “Хятад каллиграфийн хот” гэж алдаршуулан нэрлэжээ. Ухай хот Олон Улсын Каллиграфийн үзэсгэлэнг таван удаа амжилттай зохион байгуулсан туршлагатай. Энэ ордноос сургуулийн хүүхдүүдийн дунд  хүртэл уран бичлэгийн уралдааныг байнга зохин байгуулдаг нь бахархууштай.  Олон зуун хүн уран бичлэгт суралцаж, дурлаж, түүний үнэ цэнийг ойлгож бас цуглуулдаг юм байна.  

Хятадын бага, дунд сургуульд уран бичлэгийн хичээл заадаг нь үндэснийхээ соёл, үнэт зүйлсийг хадгалах, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, сурталчлахад чухал ач холбогдолтой байдаг бололтой. Өвөр Монголын хот, аймгуудад ихэнхи байгууллага, үйлчилгээний газруудын хаягийг хятад, монгол бичгээр аль алинаар нь зэрэгцүүлж бичсэн харагдсан. Монгол бичгээр хэвлэгддэг сонин, сэтгүүл ч цөөн бус.  Гэтэл манайд  үндэсний үнэт өв монгол бичгээрээ уншдаг, бичдэг нь хэд бол. Тэр тусмаа төрийн байгууллагууд 2025 оноос албан хэргээ кирилл болон монгол бичгээр хослон хөтөлж эхлэнэ гэж байгаа. Бид бэлэн үү гэх эмзэглэл, бодол толгойд орж ирж байлаа.

Ухай хот ба улаан дарс

Сонирхол татсан дараагийн хөтөлбөр маань Хансэн ( “Hansen Winery Group” ) дарсны үйлдвэртэй танилцах аялал байлаа. Франц орон,  францчуудыг амтат дарсгүйгээр төсөөлшгүй. Хаана сайн дарс байна, тэнд франц хүн байдаг гэдэгчлэн Хансэн үйлдвэрт биднийг тосон угтаж ажлаа танилцуулсан хүн бол тус үйлдвэрийн технологич, шаламгай, дайчин, алиа хошин маягийн франц эр байлаа. Тэрээр  энэ үйлдвэртээ  10 жил ажиллаж байгаа гэв. Хаа холын Европ зүгийн хүн Азийн энэ оронд яагаад ирчихэв гэхэд хятад бүсгүйтэй гэрлээд ирсэн гээд инээв.

Дарсны үйлдвэрийнхээ дэргэд сонин үзмэрүүдтэй музейтэй юм.

Элсэн цөлийн усан үзэм их чихэрлэг. Вино нэрэхэд маш тохиромжтой. Ийм усан үзэм хар хүрэн өнгөтэй.  Цөлд тарьсан 1 кг усан үзэм 100 юанийн үнэтэй. (Манайхаар 40 мянга орчим төгрөг) Үйлдвэр 3000 мү ( 15 мү газар нь 1 га-тай тэнцэнэ ) талбайд  усан үзэм тариалдаг  гэж франц технологич ярьж байсан. Тариалсан нийт ургацынхаа 80 хувийг вино хийхэд зориулдаг аж. Эднийх 7 хоногт 70 мянган лонх дарс үйлдвэрлэдэг, Хятаддаа борлуулахаас гадна Австрали, Герман, Сингапурт экспортолдог юм байна.

Танилцуулгынхаа дараа биднийг улаан дарсаараа дайллаа. Өндөр чанартай улаан дарсыг амтархан шимэх зуураа сайн дарс үйлдвэрлэлийн нууц нь юу вэ гэхэд тэрбээр ганцхан үгээр “ love” гэж хариуллаа. Бодвол  ажлаа чин сэтгэлээсээ хийх, ажилдаа дурлах гэсэн үг байх л даа.

Тиймдээ ч Хансэн бренд зөвхөн үндэсний хэмжээнд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болсон төдийгүй  олон улсын  100 гаруй төрлийн  шагнал авчээ.

Сүүлд нь биднийг дарс үйлдвэрлэдэг усан үзмийнхээ тариалангийн талбайд аваачив. Талбайгаа Шар мөрнөөс усалдаг аж. Дөрвөлжин талбай бүрийг дөрвөн талаас нь хашиж эгнээ эгнээгээр жигдхэн тарьсан өндөр өндөр модод цайз мэт харагдаж байх юм. Манайхны зарим нь яагаад ингэж модоор талбайгаа хашсан юм бэ гэж асуухад салхины хамгаалалт болгож тарьсан гэлээ. Эдгээр өндөр модод 20 жил болж  байгаа гэх.

Өвөр монголын дарсны соёлын аялал жуулчлал жуулчдыг татах бас нэгэн өвөрмөц маршрут  болжээ.

 

 

 

Б.ОДСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Enkh:Saikhan ayalal gaihaltai bichij 2019-06-21
Магнай:Сониохолтой тэмдэглэл байна 2019-06-21
Р.Отгоо:Нүдээр үзэж чихээр сонсож явснаас илүү их мэдээлэл авлаа. Сайхан бичжээ. Аргагүй л гярхай мэдлэгтэй багш хүний ажил бна. Одсүрэн эгчдээ амжилт хүсэе. 2019-06-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?