Г.БИРВАА , Б.МӨНХБОЛД НАРЫН ӨРНИЙН БОЛОН ДОРНЫН ХӨГЖМИЙГ БУДДЫН ШАШИН -Ы УЛАМЖЛАЛТ ХӨГЖМИЙН ЗЭМСЭГТЭЙ ХАМСРУУЛАН ЭГШИГЛҮҮЛСЭН НЬ

2019-06-24  

Цэрэнтулгын ТҮМЭНБАЯР 
/Утга зохиолын магистр. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч/ 
Монголын Зохиолчдын Эвлэл

Ламын гэгээний мэлмий гийсний 380 жилийн ойд

Г.БИРВАА , Б.МӨНХБОЛД НАРЫН ӨРНИЙН БОЛОН ДОРНЫН ХӨГЖМИЙГ БУДДЫН ШАШИН -Ы УЛАМЖЛАЛТ ХӨГЖМИЙН ЗЭМСЭГТЭЙ ХАМСРУУЛАН ЭГШИГЛҮҮЛСЭН НЬ

Ламын гэгээн Эрдэнэ бандида хутагт, Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ой тохиож буй өнөө үед, түүний үндэслэсэн олон зүйлийн нэг нь Ламын гэгээний дацан хийдийн дуу хөгжим юм. Тэрхүү дуу хөгжмийг өнөө үед залгамжлан хөгжүүлж байгаа тухай тодорхой судалгааны ажил хэрэгтэй болж байна. Иймд Монгол улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.БИРВАА, Монгол улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.МӨНХБОЛД нарын ӨРНИЙН БОЛОН ДОРНЫН ХӨГЖМИЙГ БУДДЫН ШАШНЫ УЛАМЖЛАЛТ ХӨГЖМИЙН ЗЭМСЭГТЭЙ ХАМСРУУЛАН ЭГШИГЛҮҮЛСЭН НЬ сэдэвт илтгэл бэлтгэсэн юм. Энэ тухай ярихын өмнө Г.Бирваа, Б.Мөнхболд нарын өвөг дээдэс, тэдний нутаг ус, Ламын гэгээний талаар дурдахгүй өнгөрөх аргагүй юм. 
Г.Бирваагийн өвөг эцэг Дондог зайсан хэмээх хятад, манж хэлтэй, одоогийн Баянхонгор аймгийн Ламын гэгээний хойт хэсгийг хариуцдаг нутаг усандаа алдартай нэгэн байсан бөгөөд өвөг эцэг Гончиг Шаргалжуутын гол , Ламын гэгээний хүрээ хавиар нутаглаж байсан ажээ. Б.Мөнхболдын шашны бүтээл туурвих болсон нь аавынх нь төдийгүй 1870-аад оны үед амьдарч байсан өвөг эцэг “Гайхамшигт” Гончиг хэмээх хүнээс улбаатай нь гарцаагүй. Эдүгээ хүртэл түүх сударт “Гайхамшигт” Гончиг гэдэг нэрээрээ мөнхөрч үлдсэн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч байжээ. 
Г.Бирваа: “Аав Гончиг маань Төрийн дууч Дармаа гэдэг хүний шавь байсан бөгөөд “... Найрын даамал одоо багш шавь хоёр “Гайхамшигт”, “Басгалтай баахан улаан” хоёрыг дуулнаа гэхэд өвгөн Дармаа гуай “Гайхамшигт”-ыг хамт дуулья, харин “Басгалтай баахан улаан”-ыг одоо би барахгүй, миний хоолой дээр дороосоо хумигдсан, миний шавь “Гайхамшигт” ганцаараа дуулахыг найрын даамал зөвшөөрөхийг гуйя” гэснээс гадна “Төрийн дууч Дармаа дээшээ цойлох, шуранхайлах нь мөн ч гоё доо, гайхамшигт Гончиг ч мөн цараатай, ёстой эр хонгор дуутай, дээрээ цангинаад л, доод өнгө нь их аргил өтгөн шүү...” гэхчлэн уртын дуучдын тухай бишрэн магтаж, шүүмжлэн ярилцдаг байсан” хэмээн тэмдэглэсэн байна. 
“Их хал зовлон үзсэн өвгөн буурал Балжинням: “Хаврын адаг сараас эхлэн хоёр сарын хугацаанд уртын дуу дуулах авьяастай 17-20 насны залуусыг ирүүлж, Дархан давааны энгэрт хоёр гэрт байрлуулан дуугаа заадаг байсан юм. ... Төрийн дуучин Дармаа гуай шавь нартаа өвгөн шувуу хоёрын ярилцсан тухай “Жаргалтайн дэлгэр” дууг зааж байлаа. Хойтон жил нь ... бас л зэргэлдээ хошуудаас уригдан ирсэн уртын дуучид дуулж байгааг би өдөржин сонсож сонирхсон юм... Тарган дүр Бурханы найман тахилын тухай шүлэг өөрөө зохиож, гэгээн шавийн сайн дуучдаа цуглуулан тэд нараар аялгуу хийлгэсэн “Гайхамшигт” хэмээх айзам дуу шинээр зохиож ламын гэгээний шавийнхан дуулдаг болсон юм. Уртын дууны сургуульд танай аав залуухан хүү суралцаж байсан. Шинээр зохиогдсон” Гайхамшигт” дууг их сайн сурч, шинэ намба төрхөөр үнэхээр сайхан дуулдаг болсон. Ингэж дуулдаг дуугаараа аав чинь “Гайхамшигт” гэж алдаршсан юм шүү дээ... Гайхамшигт гэж гайхамшигтай сайхан дуу байсан. Цараа ихтэй, дээд өнгөндөө сэрүү татсан, цангинасан барилт гарган хадааж байснаа, гэнэт холын үсрэлтээр доош бууж, бараг суудал доргиулах дөхсөн, их бүдүүн аргил өнгөөр барилт хийн, хоолой амьсгалын цохилго хийдэг, олон өнгө ялгарамж гаргадаг мөн ч сайхан дуу байлаа” хэмээн хэлж билээ. гэж тэмдэглэжээ.
Уртын дуу нүүдэлчин монголчуудын амьдралаас төрж, монгол хэлээр дуулагдан өнөөг хүрч уламжлагдахдаа, хүн төрөлхтний бүтээлч суу билгийн гайхамшгийг илтгэн харуулсан бодит жишээ болсон бөгөөд энэ ч утгаараа 2003 онд ЮНЕСКО Монгол уртын дууг “Хүн төрөлхтний аман ба биет бус өвийн шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд “Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн билээ. Энэхүү хүн төрөлхтний үнэт өв-монгол ардын уртын дуунд Энэтхэг, Төвдийн буддын шашны дуун ухааны сэтгэлгээг шингээсэн бодол бясалгалын дуулал гарч ирсэн гэдэг нь Г.Бирваа, Л.Эрдэнэчимэг, С.Юндэнбат нарын бичсэн зохиол бүтээлээс харагдаж байна.
Ламын гэгээнийн дацан хийдүүд Монголын бурханы шашинд зурхай, анагаах ухаан, дуу хөгжмийн түүчээ болсон тухай олон ном сударт өгүүлсэн байдаг бөгөөд түүний дотроос хурал номын ая дан, гүр дууны хөгжлөөрөө алдартай билээ. Тийм ч учраас Диваажин дацанд уртын дуу дуулуулдаг байснаас гадна нутгийн хүмүүс Шаргалжуутын рашаанд орохдоо ч магтаал залбирал, маань мэгзэм уншиж, рашаанаас гарахынхаа өмнө Цагаан Дар эхийн магтаал 21 удаа аялгуулан уншсаны дараа гардаг байсан тухай Гядар дацангийн харьяат Дамбын Санги хуучилсан байна. Мөн Шаргалжуутыг тахиж байсан тухай архивын баримтад: “Бүрэнт засагчийн есдүгээр оны цагаан сарын шинийн нэгнээ эрхэм дээд сайн өдрөөс эхэлж, Лаврин цамын аливаа хурал номын хэрэглэсэн ...” дансанд: “Шаргалзуутын түнглэхэ тахихад ... ламтан морилоход нэг дунд таваг идээ, гурван ширхэг улаан хүж, зай бүр бага бага ... тийз идээ, ...таван их боов, нэг зүсэм бурам жимстэй” орсон тухай тэмдэглэсэн байдаг.

Үндэсний төв архивт байгаа Ламын гэгээний баримтаас. 
Энэчлэн Ламын гэгээний дацан хийдүүдийн ая эгшигтэй холбоотой баримтууд олон байх бөгөөд урлаг судлалын ухааны доктор, Баянхонгор аймгийн харьяат С.Бадралын хувийн цуглуулгад байгаа Ламын гэгээний хийдэд хурж байсан хурал номын ая дантай холбоотой “Арван хангалын” эгшиг тэмдэглэгээ, Ламын гэгээний ном уншлага, гүр дууны ая эгшиглэгээний тэмдэглэгээний эх хувь, С.Юндэнбатын “Ламын гэгээний шавийн түүх” /2009/ зэрэг номонд орсон баримтууд гэрчилж байна. Ялангуяа Ламын гэгээний Тарган дүр -ийн үед дуу хөгжим эрчимтэй хөгжиж байсныг дээрх номонд өгүүлсэн байдаг. 
Социализмын үед бурханы шашны сүсэг бишрэлийг хязгаарласнаас шашны зан үйл, соёл, урлаг нь бүдгэрч мартагдсан. Гэвч 1990 оны ардчилсан хувьсгалын дараа сүсэг бишрэл чөлөөтэй болж, бурханы шашны сүм хийдүүд сэргэсэнтэй холбоотойгоор шашны хөгжим туурвих боломж гарч иржээ. Энэ үеийн хамгийн анхны бүтээл бол Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын аав Монголын улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Бирваагийн “Дамдинчойжилын дором” хэмээх симфони найраглал /”Алтан намар” хөгжмийн наадмаар, “Түмэн маани хөгжөөх” аялгуу 1998 онд Г.Бирваагийн уран бүтээлийн тайлан тоглолтоор эгшиглэсэн юм. 
Энэ нь Монголын бурханы шашны гурван зулын нэг хэмээн нэрлэгдсэн Ламын гэгээний анхдугаар дүр Эрдэнэ бандида хутагт Лувсанданзанжанцангийн /1639-1703/ Төвөдийн алдартай хийдүүдийн жишээ нь Дашлхүмбэ хийдийн шашны зан үйл, хурал номын дэглэм, ян дангийн зүйлийг боловсруулан авч, өөрийн хийд хүрээний эх суурь болох Их дацан ... зэрэг олон хийдэд буй болгосон нийтээр “Ханчин дэг” хэмээн нэрийдэх болсон дэглэм жаяг, зан үйлийн ая эгшгээр өрнийн симфони найрал хөгжимд зориулсан бүтээл юм. “Ламын гэгээний хурлын ая дан сангийн утаа суунаглах мэт аядуу тогтуун, сонссон хүмүүс хоргодож саатмаар яруу сонсголонтой бөгөөд хурал номын уншлага нь тогтоол усанд чулуу шидэхэд үүсэх олон үе цагариг мэт дуганын голоос хаяа руугаа тэлэх тэг, дэгтэй ажгуу... эхлэл, өрнөл, төгсгөл бүхий бие даасан өвөрмөц зохиомжтой байсан” уламжлалыг шинэчлэн хөгжүүлсэн анхны жишээ. 
Г.Бирваа гуайн тус хийдэд таван жил шавилан сууж, хурал номын дэг жаягт суралцаж, шашны олон зан үйлийг нүдээр үзэж, чихээр сонсож явсан олон баримт байдаг. Жишээлбэл: Д.Цэрэнсодном: “... хөгжмийн зохиолч Г.Бирваагийн цуглуулгад байгаа Гүр дууны хулсан үзгийн бичмэл дэвтрийн хуулбарт буй “Цагаан дара эхийн залбирал” хэмээх дууны төгсгөлд гуравдугаар дүрийн гэгээнтэн үүнийг шашин номын үйлсэд зориулан зохиохдоо “Найман тахилын хөг шүлгээр дуулан үзмүй” хэмээн айлдсан гэжээ . Мөн “Хөгжмийн зохиолч Г.Бирваад хадгалагдаж байгаа Гүр дууны бичмэл дэвтэрт орсон “Шажны товч” хэмээх эл дууны төгсгөл үгэнд: “Бас гуравдугаар гэгээн –бэр миний дээд лам төрийн товч хэмээхийг номлосон үүнийг бодвол эдүгээ би шашны товчийг номловоос зохимой хэмээн айлдаж, Шашны товч хэмээн нэгнийг шүлэглэчүхүй” хэмээн бичсэн байна. Урлаг судлалын шинжлэх ухааны доктор Л.Эрдэнэчимэг “Гүр дууны бичиг” тавдугаар дэвтэрт: нилээд жижиг 13х11 см хэмжээтэй нийт 53 хуудастай, хар улаан өнгийн шунх холилдуулан гүр дууны шүлгийг бүтэн бус цөөн хэдэн бурхадын магтаал “Махагалын залбирал”, “Чойжилын залбирал”, “Лхамын залбирал” гэхчлэн нилээд хэдэн гүр дууллын шүлгийг төвөд үсгээр бичсэн ба түүний ая эгшгийн тэмлэгээнд ороогүй гар бичмэл эх байсан. Уг эхийг 1992 онд миний бие Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат лам хувраг О.Гэндэнгээс олж үзсэн бөгөөд лам ахайтан уг тавдугаар дэвтрийг хуулбарлан авахыг зөвшөөрөөгүй тул зургийг нь хальт авсан болно. Энэхүү жижиг дууны дэвтрийн хуулбарыг хөгжмийн зохиолч Г.Бирваагийн хувийн номын сангийн цуглуулгаас олз үзсэн бөгөөд зохиолчийн хувийн номын цуглуулгад байсан болно. “Үүнийг сайн судлах хэрэгтэй” хэмээн захиж, үзүүлэн таниулж байв. Зохиолч өөрөө Баянхонгор нутгийн хүн тул бага залуу наснаасаа “Жотлойн хүүхдийн дуу” гэдэг сүм хийдийн найрал дууны бүлгэмд оролцож явсан тухайгаа дэлгэрэнгүй ярьсан юм” хэмээн бичсэнээс тодорхой байна.
Г.Бирваа өрнийн симфони найрал хөгжимд бурхадыг урин залдаг их бүрээг, хонх, дамар, хэнгэрэгийн хамт хамсруулан дуугаргаснаараа шашинлаг шинж чанартай болжээ. 
Үүний зэрэгцээ шашин номын хуралд хэрэглэгддэг шашны гол зэмсэг болох бишгүүрийг өрнийн симфони найрал хөгжмийн зэмсэг гобой хөгжмөөр орлуулсан нь ялгарахын аргагүй сонсогдоно. 

Гобой хөгжмийн хөг эгшиглэгээгээр Ламын гэгээний ая эгшгийг тухайн хөгжмийн зохиолч өөрийн уран сэтгэмжээр баяжуулж, Ламын гэгээний хүрээ хийдийн ая данг орчин үеийн хөгжимд оруулж ирснээрээ онцлогтой. Энэхүү симфони найраглалд шашны гол зэмсэг болох ганлин хэмээх хөжгмийн зэмсгийг кларнет хөгжмийн бурзан /оросоор/-аар орлуулан дуугаргасан /Шашны цээртэй хөгжим/” нь үнэмшилтэй болгож чадсан. Энэхүү хөгжим нь симфони найрал хөгжмийн оргил хэсэг болох сор залах хэсэгт хэрэглэгдсэн байна. 
Дээрх бүтээлд ая дангийн хөдлөхүй, дэлдэхүй, үлээхүй, чавхдастны хэмээх дөрвөн аймгийн хөгжмүүдээс сүүлд орж ирсэн хөдлөхүйн аймгийн хөгжим буюу баян хуураас бусдыг оруулсан байна. Үлээхүйн аймгаас бишгүүр, эвэр бүрээ, лимбэ орсон бөгөөд дунг угалзан бүрээ, дэлдэхүйн аймгаас хонх, очир, дамар, их хэнгэрэг, харанга, чавхдастны аймгаас /морин хуур, их хуур ордог түүнийг виланчил , хийл, дунд хуур оржээ. 
Бурхадыг дуудахад их бүрээ, хонх дамар, их хэнгэрэг хөгжмөөр урин дуудаж, бишгүүр болон бусад хөгжмөөр бурхадад ая эгшгээ өргөж тэднийг магтан дуулж, мөн шашны ая дангаар үдэн мордуулдаг зэрэг Ламын гэгээний ном уншлагын эртний уламжлалыг алдалгүй дагасан ажээ. 
Ая эгшгээр бурхад болоод тэнгэр дээдсийнхээ сүнсийг урин залдаг нь Юань гүрний үеэс уламжлалтай бөгөөд “Мөнх тэнгэрийн хүчин дор хэмээх төрийн үзэл санаагаа Их Монгол улсаас уламжлан авсан Хубилай Сэцэн хаан тухайн үеийн Хятадад төвлөн олон үндэстнийг нэгтгэхийн тулд Буддизм тэргүүтэй Христ, Исламын шашныг Их Юань улсдаа дэлгэрүүлж, тэнгэр шүтлэгт монголчуудын бэлгэдлийн соёлд ихээхэн өөрчлөлт хийсэн.” -тэй холбоотой аж. 
Ю.Н.Рерих: “Түүхэнд нэр алдаршсан Пагвалодойжалцан (‘phas-pa-blo-gros-rgyal-mtsan) Саж бандидын дүүгийн хүү байсан бөгөөд... 1253 онд 18 настайдаа Хубилай хааны өргөөнд уригдан залагдаж, хааны багшаар (bla-mchod) өргөмжлөгджээ. 1258 онд Хубилай хаан шашны чуулган хийж Буддын ба Даосын шашныг төлөөлсөн лам нарын хооронд мэтгэлцээн явуулсан бөгөөд Буддын шашинтнуудыг Пагва лам тэргүүлж байв. Тэрээр тус чуулган дээр Даосын шашинтныг мөхөөн шүүмжилж, ном судрыг нь галдан шатааж, тэдний булаан эзэлсэн сүм хийдийг эргүүлж өгөхийг удаа дараа зарлигдаж байжээ. Энэ цаг үеэс эхлэн Хубилай хаан бурханы шашныг үнэнчээр ивээх болсон ба энэ нь эзэнт улсад онцгой эрх дарх олгож байсан нь түүний зарлигаас тодорхой харагдана. хэмээн тэмдэглэсэн байна. 
Үүнээс улбаалан нэхэхүй, Юань улсын судрын 71-р ботид: “Өвгөдийн сүмийн хөгжим бүжиглэл” хэмээх хэсэгт “.... гуравдугаар оны дор найман гэрийн цагийн тахилга дор цэргээр тогтоон, бичгээр номхотгох...” хэмээн бичсэнээс гадна “Дээд тэнгэрийн хааны суурин дор архи өргөхүй дор эрдэм эрхэмлэх бичгийн бүжиглэл бүжиглэлээ. Гэгээн бүтээсэн аялгуу дунд хөг нэгэн бүтээсэн эхлэхүй дор сонсох гурван хэнгэрэг ину: нэгдүгээр хэнгэрэг дор баахан урагшаа болж, гар нээж зогсмой. Хоёрдугаар хэнгэрэг дор гар нийлүүлэн хойшоо ухармой. Гуравдугаар хэнгэрэг дор харилцан үзэж цомцоомой. Гурван хэнгэрэг дуусах хугацаанд дуун гаргамой...” гэх мэтээр бурхад болоод өвөг дээдсээ дуудан тахил тайлга өргөхөд хөгжим, бүжиг, дууг хэрхэн гаргах талаар нарийн зааж өгсөн байна. 


Ийнхүү дээдэс, бурхад, бичиг эрдмийг дээдлэн дуу хөгжмөөр аргадан урин залдаг нь эрт дээрээс улбаатайгаас гадна нарийн дэг ёс эдүгээ хүртэл уламжлагдан ирсэнийг нотлож байна.
Г.Бирваагийн бас нэг чухал бүтээл бол орчин үеийн “Түмэн маани хөгжөөх ая аялгуу” юм. Энэхүү ерөөл залбирлын дуу нь маани мэгзэм , тарни тогтоолыг хөгжөөн аялж, мааниа уншиж байгаа болон сонсож байгаа хүний сэтгэлд их тайтгарал, ухаарал, уянга, хайрын гүнзгий сэтгэлгээг төрүүлнэ. 
Энэ уламжлалыг Г.Бирваагийн хүү Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд залгамжлан авч Монгол улсын морин хуурын чуулга болон өрнийн цөөхүүл хөгжимд тохируулан хэд хэдэн бүтээл туурвисан билээ. 
Б.Мөнхболд доорхи бүтээлүүдийг туурвихдаа орчин үеийн хөгжмийн техник, технологи, найруулга, дуурьслаар энэ цагийн хэв загвараар бичсэн нь сонсогчдийн өнөөгийн сэтгэл зүйд нийцэж байгаа юм. Энэ тухай МУИС-ийн докторант, хөгжим судлаач М.Мөнгөнсүх тэрбээр: ”Ариусахуйн дуурьсал” хэмээх морин хуурын чуулгад зориулсан бүтээл нь ...ерөнхий нэг аялгын уншлага дор хэд хэдэн лам хуврагууд олон янзын динамик хөгжүүлгээр гаднаа нэгэн зэрэг монотон уншлага мэт сонсогдох авч үнэндээ хэмнэл, хурдын хувьд өөр өөрөөр гүйцэтгэдэг. Шашны ая дан нь ноот бичлэгийн тодорхой зохицсон тогтолцоо, уншлагын тодорхой тогтсон хэлбэрийг шаарддаг. Ерөнхийдөө шашны зан үйлд ихэвчлэн үлээвэр болон цохивор хөгжмийн зэмсгийг өргөн ашиглаж ирсэн. Гэхдээ “Ариусахуйн дуурьсал” хэмээх дан хөгжмийн бүтээл нь Ламын гэгээний дэгийн ая данг хамгаалах, сэргээн хөгжүүлэх, өвлүүлэх зэрэг хөгжмийн салбарын судлагдахуунд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар гаргах дэвшилтэт шатыг эхлүүлж буйгаараа онцлогтой” хэмээн өгүүлснээс тодорхой байна. Судлаач цааш нь энэхүү бүтээлийг хөгжмийн судалгааны талаас нь тайлбарлахдаа: “Уг бүтээлийн гол сэдэв аялгуу нь тухайлсан нэг аялгуу бус харин бясалгалын, туульсын, тарнийн, судрын гэх мэтчилэн эгшиглэгээний найруулгын хувьд “Гандирсын эгшиг” хэмээн нэрлэхээр хэсгүүд ч таарч байна. Бурхны шашны хөгжмийн ая дан, хөг эгшиглэгээний тогтолцоонд алсын үсрэлтээс зайлсхийсэн зарчмыг баримталдаг нь хөгжмийн хэмнэлийн зураглалд эсрэгээр бичигдсэн тохиолдол байна. Иймээс ч эгшиг аялгуу, хэмнэл хөдөлгөөн, зөрчил тэмцэл хэллэг, өнгийн ялгамж, хөгжмийн фактур , динамик дуугаралт зэрэг нь түүний хөгжмийн хэлний техник дэх “Уран тэнцвэр” яахын аргагүй мөн. ...Найрал хөгжмийн бичилтийн эгшиг-сэтгэлгээ нь Дорно дахины гүн ухааны гол тулгуур болсон “сэтгэл”-ийн тухай илэрхийлэхийг хүссэн” хэмээн өгүүлснээс тодорхой харагдаж байна. Б.Мөнхболдын шашны уншлагыг бүтээлчээр ашигласан нэг жишээ нь “Мял богд” /Цомнолыг Ц.Хулан/ жүжгийн хөгжмийг Нархажид сүмийн гэлэнмаа нарын лүйжингийн номын ая эгшгээс сэдэвлэн зохиожээ. Энд шашны хөгжмийн зэмсэг хонх, дамар, их хэнгэрэг оруулснаас гадна ганлинг калирнэтээр орлуулсан байна. Ээж нь урьдын үйлийн үрээр тамд унасан бөгөөд хүү нь түүнийг тамаас гаргаж буй үйл явдлыг өгүүлэхдээ Мял богд үүрийн дөрвөн цагт ертөнцийн муу муухайг орон орны гэгээнтэн бясалгагч нартай хамт зул барьж хөөн зайлуулдаг. Энэ үйл явдлыг сэтгэлдээ төсөөлөн бодож бичсэн ажээ. 
Янжинлхамын зүрхэн тарнид зориулсан дууг монгол ардын уртын дууны шуранхай элемент, ятга, морин хуур, утсан хөгжмүүдээр бүтээжээ. Энэ дуунд хөгтэй хонхыг оруулснаар зүрхэн тарни нь уянгат тарни тогтоол гэж ойлгогдохоор болсон юм. Мөн Монгол улсын консерваторийн урын санд зориулан Янжинлхам бурханыг урин залсан “Эгшигт эхийг урихуй” аялгуу эгшгийг тарнийн тооллоор 21 удаа давтдаг бөгөөд долоон минутын турш уянга бясалгалын аястай сонсогдоно. Энэ аялгуунд 21 ятганаас нэг нь гоцлоно, 21 Дарь эх бүжиглэнэ. Энд ятга хөгжмийг зүгээр нэг оруулаагүй ажээ. 
Ятга хөгжмийн тухай домогт: Эрт урьд цагт... нэгэн хан... төр барьж суух цагт түүний бага хатан Дэрэн хэмээх дор шулмас оршсон тул тэр үе, төрд сайн гавьж бүхий түшмэл нарыг элдэв аргаар цаазлан сөнөөх ажгуу. Тэр хааны хуучны сайн ван Чи Ян Цэрэний зээ хөвүүн Баянхүү ирж, эцгийг харан амийг нь аврахаар хаанд бараалхаж, ...ятга цохиж найр өргөсөн нь маш сайхан тул, хатан даруй заалгахаар тушаасанд, ...энэ хөгжим бол энгийн хөг лугаа адил бус, эртний хувилгаан хүний уламжлан гаргасан болой... хэмээн хэлжээ. Баянхүү... Энэ ятгыг сурахад... зургаан цээр буй. Ямар зургаа хэмээвээс: бороо орж салхи гарваас, санаа зовох цагт, хувцас дутуу өмсөх, архинд согтох, сэтгэл шантрах, өөр юм бодох...” үед “... хөгжмийг цохиж болохгүй” гэжээ. Ийнхүү хатанд ятга зааж өгснөөр эцгээ ялаас аварч, хатны сэтгэлийн шулмыг хөөн зайлуулж ариусгасан тухай өгүүлдэг билээ. 
Б.Мөнхболдын бүтээлд дун үлээлгэж, ятгын ая эгшгээр зөөлөн аргадаж, тэнгэрийн орноос Эгшигт эхийг газарт буулгаж ирнэ. Энэ нь Юань гүрний үеэс ихэс дээдсээ тэнгэрээс урин залахдаа ая эгшгээр аргадан буулгадаг уламжлалыг ч санагдуулж байна. “Их монгол улсын хаадууд “Дээдсийн найман цагаан эсгий гэр” шүтээнээ тогтсон өдрөө, уламжлалт тайлга тахилгаа үйлдэхдээ, өвөг дээдэсдээ сүслэн мөргөж явсан” бөгөөд С.Соронзонболд: “Юань гүрний судрын 71-р ботид өгүүлсэн “Тэнгэр газар таван эгшгийн тэнгэрийн хааны нийлүүлэн тахисан хөгжмийн бүлэг”-ийн нэр, ёслолоос энэ бүлэгт мөнх тэнгэрийг тахиж, эзэн Чингисийн сүнсийг дуудаж байгаа болон Тэнгэр бүтээсэн аялгууг бусад бүлэгт үүсгээгүй бөгөөд уг аялгуу нь “Тэнгэрийн агаар” зэрэг уртын дуунууд, Хар цагаан сүлд цэнгүүлэх хөгжим, тэрчлэн тэнгэрийн арван хоёр дуунд уламжлагдан үлдсэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм. Өвгөдийн сүмийн болон найман гэрийн зэрэг ...хөгжмийн гурван бүлэгт алтан ургийнхан, их хаадын тахилга тайлгын тухай өгүүлсэн байна. гэсэнтэй утга дүйцэж байгаа юм. 
Янжинлхам морилон ирсний дараа түүнтэй учирч буйдаа баясан хөгжиж, аз жаргал амсаж буй намбалаг боловч цоглогдуухан хөгжөөнтэй ая үргэлжилнэ. Янжинлхамаа буцааж үдэж мордуулахдаа утга уянгын аялгуугаараа дахин учрахын ерөөл тавьж бие сэтгэл гэгээрэн үлдэж буйг дүрслэн гаргажээ. Энэ бүх өгүүлэмжид хонх, дамар, их хэнгэрэг, бишгүүр зэрэг шашны хөгжмийн ая аялгуу, унзад хоолойгоор уншиж байгаа тарни зэргээр чимэглэн агуулгыг нь дэлгэрүүлэн шашинлаг утгы нь гүнзгийрүүлж буйгаараа үзэж, сонсож буй хүнд өөрийн эрхгүй сүсэг бишрэл төрүүлж, сэтгэлийн хир буртаг арилах мэт болно. Энэ нь Сажа Бандидын хөгжмийн шасдирын тайлбарт: “...номын ёсныхон ч, ертөнцийн ёсныхон ч, мэргэн тэнэг, эр, эм тэргүүтэн бүхэнд үзэсгэлэнтэй нь хөгжмийн эрдэмд мэргэн болсон тэр...” бөгөөд ”...алт, мөнгө, оюу, шүр сувдан чимэг зүүсэн тэргүүтэн, ертөнцийн хээмсэг ганган зарим нэгэн үзэсгэлэнтэй байвч, мэргэдэд үзэсгэлэнтэй нь тэнэгүүдэд үзэсгэлэнгүй, тэнэгүүдэд үзэсгэлэнтэй нь мэргэдэд үзэсгэлэнгүй тэргүүтэн олныг хэлж болох боловч бүхэнд үзэсгэлэнтэй, бүгдэд сайхан нь гагцхүү хөгжим мөн” гээд “...тэр мэт ... хутагтын бодгалуудыг тахих, эгэл төрөлхтний хэрэг тусыг бүтээх, улмаар шид бүтээлийг олох шалтгаан ч энэхүү хөгжим мөн хэмээжээ” гэсэнтэй утга дүйцэж байна.
Хөгжмийн зохиолчийн “Өндөр гэгээн, Ногоон Дарь эх” хэмээх хөгжимт бүжиг нь найман минут үргэлжилнэ. Занабазарын өөрийн бүтээл Ногоон Дарь эхийг хөгжмийн хэлээр амьдчилан гаргахдаа Занабазар Ногоон Дар эх хоёрын хайр сэтгэлийн тухай домгийг үндэслэсэн байна. УАДБЧ-ын 60 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжим морин хуур, ятга, шанз, ёочин, хуучир, лимбэ, бишгүүр, эвэр бүрээ, цордон, их бүрээ болон их хэнгэрэг, дунд хэнгэрэг, бага хэнгэрэг, хонх, дамар зэрэг цохивор хөгжмүүд орсноороо шашны хурал номын үйлийг санагдуулсан бүтээл болжээ. Ногоон Дарь эх, Өндөр гэгээний хайр сэтгэлийг морин хуур, дунд хуур, лимбэ, эвэр бүрээгээр уянгын аялгуугаар илэрхийлсэн бол Занабазарын номын мөр хөөж, хайртай бүсгүйгээ орхин явж байгаа хэсгийг Төвөдийн маанийн аялгуу эгшгээс сэдэвлэн бичжээ. Учир нь Занабазар Төвөд рүү эрдэм ном сурахаар явсаны дараа бүсгүй нь төрөл арилжихад хайртай бүсгүйгээ Ногоон Дарь эх болгон урлаж буйг гаргажээ. Зураачийн дүр төрхийг гүр дууны ая эгшиг, тарни тогтоолын ая эгшгийн зохиомжоор илэрхийлсэн байна. Үүн дээр эвэр бүрээ, их бүрээ, хонх дамар оруулснаар Бурхан бүтээгээд дуусахад энэрэл нигүүлслийн гэрэл цацарсан Ногоон дарь эх бурхан амилж номын хурим үйлдэж буй төсөөллийг төрүүлнэ. Ингэснээрээ уянгын гэрэл гэгээтэй, тайтгарлыг авчирсан баяр баясгаланг хүнийг сэтгэлд төрүүлэх аялгуу болжээ. Төгсгөлд нь үндэсний их найрал хөгжмийн бүрэн бүтэн эгшгээр уянга бясалгалын аястай, гүн сэтгэлгээ оргилсон баяр баясгалант тайвшрал бүхий аялгууг өргөсөн байна. 
Мөн түүний шашны сэдэвтэй бүтээлүүд дотор магтаал залбирлын дуунууд ч бий. Охин тэнгэр Янжинлхам бурханы зүрхэн тарнид зориулан хийсэн дуу, Буриадын 21 дацанг шинээр сэргээн байгуулагдахад зориулж 21 дацангийн магтаал /Буриадын яруу найрагч Цырен-Ханда Дарибазарова шүлгийг бичсэн/, уянга бясалгалын аястай, ятга, морин хуур, хонх дамар, лимбэ, хөгтэй хонх, хөөмий, уртын дууны шуранхай орсон “Өндөр гэгээний магтаал залбирал”-ын дуу /Шүлгийг Ц.Түмэнбаяр/ зэрэг олон бүтээлүүдийг туурвисан байна.
Б.Мөнхболдын шашны сэдэвт бүтээлийн гол онцлог нь шашны хурал номын ая эгшгийг ашигласнаас гадна шашны хөгжмийн зэмсгийг орчин үеийн симфони найрал хөгжим болон үндэсний цөөхүүл хөгжимтэй хамсруулан эгшиглүүлсэн байна. Ингэснээр Буддын шашны хөгжмийн уламжлалыг хадгалсан орчин үеийн шинэлэг бүтээлүүдийг туурвижээ. 
Ийнхүү Ламын гэгээний “Гайхамшигт” Гончиг болон түүний үр хойч Монголын Бурханы шашны хөгжмийн хөгжилд гурван үеэрээ хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд Монгол улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Бирваа, Монгол улсын төрийн шагналт Б.Мөнхболд нар өрнийн болон дорнын хөгжмийг буддын шашны уламжлалт хөгжмийн зэмсэгтэй хамсруулан эгшиглүүлснээр Монгол дахь Буддын шашны хөгжмийн урлагт шинэчлэлт хийснээр барахгүй өрнийн хөгжмийн хөгжилд Буддын шашны ая эгшиглэгээг оруулж ирсэнээрээ ач холбогдолтой юм. 

НОМ ЗҮЙ

1. Г.Бирваа. Эх орон гэдэг эцэг эхээс улбаатай. III дэвтэр. УБ., 2016. 
2. Д.Цэрэнсодном. Монголын бурханы шашны уран зохиол. УБ., 1997.
3. Л.Хүрэлбаатар. Судар шашдирын билиг. УБ., 2002. 
4. Л.Эрдэнэчимэг. Монгол гүр дуу. УБ., 2015. 
5. Д.Дашбадрах. Дундад зууны үеийн Монголын түүхийн судалгаа. II боть. УБ., 2012.
6. С.Юндэнбат. Ламын гэгээний шавийн түүх. УБ., 2009. 
7. Н.Жанцанноров. Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь. УБ
8. С.Бадамхатан. БНМАУ-ын Угсаатны зүй. I боть. УБ., 1987.
9. Ч.Арвяасүрэн, Х.Нямбуу. Монгол ёс заншлын дунд тайлбар толь. УБ., 1991. 
10. Д.Дагвадорж. Монголын шашин суртахууны тайлбар толь. х60. 1995 УБ.
11. С.Соронзонболд: Монголын хөгжим. ХIII зуун УБ., 2008. 
12. О.Батсүх. Хубилай хаан. Монголын их Юань улс. Алдрын он дараалал 150 жил. УБ., 2014.
13. Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын Рерихийн нийгэмлэг, Санкт-Петербург хотын улсын рерихийн гэр бүлийн музей. Аав хүү Рерих ба Монгол. УБ., 2008.
14. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Монгол судлалын үндэсний зөвлөл, Монгол улсын үндэсний номын сан. Дандаа чансан хэмээх Дэмчигдоржийн орчуулга. Монгол сурвалж бичгийн өв. Юань улсын судар. LXX-LXXIX дэвтэр. 71-р дэвтэр. УБ., 2016.
15. “Британика” ширээний нэвтэрхий толь. YII боть. УБ., 2011. 
16. ТЕГ. Монголын сүм хийдийн түүхээс... Ламын гэгээний хийдийн дотоод журам. УБ.,2014.
17. М.Мөнгөнсүх. “Ариусахуйн дуурьсал”-аас Гандирсын эгшгийг мэдэрнэ”. “Opendoor” сонин. 2019.5 сар. №245.
18. ҮТА. Хөмрөг М76. Д-1, ХН-21. 
19. “Соёлын өвийн төвийн 2007-2008 онд хэрэгжүүлсэн ажлын тойм” “Соёлын өв” мэдээллийн сэтгүүл. 2008/1 32-р тал. 
20. Ц.Насанбалжир. Эрдэнэбандида хутагтын шавь. Түүхийн судлал. УБ.
21. О.Сүхбаатар. Монгол хэлний харь үгийн толь. УБ., 2014.
22. Хөгжим. Дэлгэрэнгүй зурагт түүх. УБ., 2013. DK-Монсудар. Монгол: “Адмон” ХХК

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?