НУР-СУЛТАНЫГ ЗОРИХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД ТОДРОВ

2019-06-24  

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 21-23-нд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд боллоо. “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх Монголын баг тамирчдыг сонгох тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, Баянзүрх, Баянхонгор, “Говийн бөх”, “Даян”, “Женко”, “Ирээдүйн одод”, МУБИС, “Приус”, “Сүлд”, Сонгинохайрхан, “Төгс”, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хилчин”, “Хүч”, “Хангай хайрхан уул”, “Цастын барс”, “Эрч” спорт хороо гэсэн 26 байгууллагын 241 тамирчин (эрэгтэй 159, эмэгтэй 82) тамирчин 20 жинд өрсөлдөв. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 53, 59, 62, 65, 72 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаан шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Улсын аваргын сүүлийн өдрийн эргэн тойрон дахь мэдээллийг хүргэе. ТАВАН БӨХ ХОЁРООС ДЭЭШ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭВ Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ О.Үйтүмэн дөрвөн жил дараалж зургаа дахь түрүүгээ хүртэв. Тэгвэл хүнд жинд 2014 оны Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга гурван жилийн дараа улсын аваргаас дөрөв дэх алтан медалиа зүүлээ. Тэрбээр шигшээ барилдаанд энэ жингийн лидер ОУХМ Н.Золбоог оноогоор цэвэр (11:0) ялж олимпийн эрхийн төлөө дэлхийн аваргад зодоглоно. “Будапешт-2018” ДАШТ-ий медальтнууд болох ОУХМ Т.Түвшинтулга гурав, ОУХМ Б.Шоовдор тав дахиа аваргалснаар өнгөрсөн жилийн медалийнхаа өнгийг Нур-Султанд хувиргах боломж той болсон юм. 97 кг-д дэлхийн чансааны гуравдугаар бичигдэж буй ОУХМ Ө.Батзул улсын хошой аварга болсноор гурав дахь дэлхийн аваргадаа хүч үзэхээр болов. ЕСӨН ЖИЛИЙН ДАРААХ ХОЁР ДАХЬ ТҮРҮҮ “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 2011 онд “Монголиа Опен” ОУТ-д үзүүрлэснээс хойш хүнд бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Тэгвэл найман жилийн дараа дэвжээндээ эргэн ирэв. Зүгээр ч нэг эргэн ирсэнгүй, 72 кг-ын жинд түрүүлж насанд хүрэгчдийн ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглох эрхтэй боллоо. Тэрбээр улсын аваргын шигшээ барилдаанд “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, эмэгтэй бөхчүүдээс улсын аваргад хамгийн олон алтан медальтай (11 удаа) хашир туршлагатай ОУХМ Б.Одончимэгийг 7:6-гаар ялж есөн жилийн дараа улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртэв. ДАХИН ДӨРВӨН ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ Өчигдөр улсын аваргад гурван шинэ аварга мэндэлсэн бол сүүлийн өдөр дөрвөн аварга нэмэгдлээ. 74 кг-ын жинд 2018 оны улсын дэд аварга ОУХМ З.Сумъяабазар гавьяат тамирчин П.Өнөрбат, өсч яваа залуу тамирчид болох Б.Бат-Эрдэнэ, Э.Бямбадорж, М.Тэмүүжин нарыг ялж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж анх удаа түрүүлэв. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгорын М.Пүрэвтунгалаг, 62 кг-д “Хилчин”-ий Э.Гантуяа, 65 кг-д “Аврагч”-ын Х.Болортуяа нар анх удаагаа Монгол Улсын аварга болцгоолоо.

Э.СУМЪЯА ЖИНГЭЭР ХАСАГДАЖ ЖИНД НЬ ШИНЭ АВАРГА МЭНДЛЭВ 

“Будапешт -2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа хоёр дахь өдрийн жингээ үзүүлэхэд 50 граммаар илүү байснаар тэмцээнээс хасагдсан. Ингэснээр түүнд хагас шигшээд ялагдсан “Алдар”-ын Г.Мөнхцэцэг алтан медалийн төлөө барилдахаар болсон юм. Түүний жинд шинэ аварга төрөх нь тодорхой болж, энэхүү боломжийг энэ жилийн залуучуудын улсын аварга 18 настай тамирчин М.Пүрэвтунгалаг ашиглаж “давхар цохилт” хийлээ. 62 кг-д “Цастын барс” клубийн тамирчин М.Хишигмаа мөн жингээр хасагдаж “Женко”-гийн Ө.Пүрэвсүрэн барилдалгүйгээр ялалт авав. АХ ДҮҮ, ЭГЧ ДҮҮ БӨХЧҮҮД МЕДАЛЬ ЗҮҮВ Энэ удаагийн улсын аваргад ах дүү, эгч дүү бөхчүүд медаль хүртэв. 74 кг-ын жинд түрүүлж дэлхийн аваргад зодоглох болсон З.Сумъяабазарын төрсөн ах ОУХМ З.Занабазар 57 кг-д хүрэл медаль хүртсэн. З.Занабазарын эхнэр Г.Мөнхцэцэг 53 кг-д мөнгөн медаль хүртэж, гэрийнхээ хойморт хоёр өөр өнгийн медаль өлгөхөөр болсон юм. 53 кг-ын жинд “Алтайн барс”-ын Чука хэмээх П.Чулуунбаатарын шавь Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул гээд төрсөн эгч дүүс хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон нь ховорхон тохиолдол. Эгч нь өнгөрсөн жилийн Трнавад болсон залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн бол дүү нь “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпод зодоглож тавдугаар байрт орж байв.

“АЛДАР”, “ЖЕНКО” ӨНГӨРСӨН ЖИЛИЙН АМЖИЛТАА БАТАТГАЛАА

Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 125 оноогоор тэргүүлж, Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС 105 оноогоор удаалж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 96 оноогоор гутгаар байр оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 200 оноогоор нэг, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 163 оноогоор хоёр, ОУХМ Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 147 оноогоор гуравдугаар байрыг эзэллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?