Нийт бага насны хүүхдүүдийн 10 орчим хувь нь илүүдэл жинтэй буюу биеийн жингийн илүүдэлтэй байгаа талаар судалгаа гарсан байна. Эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол бага насны хүүхдэд илүүдэл жин гэж байдаггүй хэмээх ойлголт юм. Америкийн нэгдсэн улсад 6-аас 11 насны 5 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа гэх судалгааны үр дүн саяхан гаржээ. Манай монголчууд ч ялгаагүй унаган мах, мариа сайтай хүүхэд эрүүл байдаг гэх буруу ойлголттой байдаг. Тэгвэл эмч нарын зөвлөж байгаагаар бага насны хүүхэд илүүдэл жинтэй байх нь ирээдүйн олон өвчний үндэс суурь болдог тул хүүхдийнхээ хоол тэжээл болон амьдралын хэв маягт нь анхаарал хандуулж байх нь чухал юм.
Бага насны хүүхэд илүүдэл жинтэй байснаар бие махбодийн болон сэтгэл санааны хувьд ирээдүйд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг байна. Бие махбодийн хувьд авч үзвэл ирээдүйд зүрх судасны өвчтэй болох, чирхийн шижингээр өвчлөх, эмэгтэй бол төрөх үйл ажиллагаанд хүндрэл үүсэх, харшлын урвалд өртөмхий болох зэрэг олон асуудал тулгарч болно. Харин сэтгэл санааны хувьд тарган гэж бусдаас хэлүүлэхээс санаа зовон ажил амьдралын идэвхгүй болох, өөртөө итгэх итгэлгүй байх, хэн нэгэнд өөрийн бодол санааг илэрхийлэх нь бага байдаг байна. Энэ бүгдийг судлаачид олон жил судалсан бөгөөд таргалалт гэдэг нь олон жил үргэлжлэх тусам бусад өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.
Тэгвэл бага насны хүүхдийн таргалалтын шалтгааныг авч үзэхэд удамшлын болон олдмол гэж 2 төрөлд хуваадаг. Удамшлын гэдэг нь төрөлхийн ямар нэг өвчний улмаас эсвэл гэр бүлд нь өөх тосны солилцоог хариуцагч генийн дутмагшил байдаг хүүхдүүдийг хамруулж болно. Харин нийтлэг тохиолдож байгаа хэлбэр нь олдмол буюу хоол хүнсний илүүдлийн шалтгаант таргалалт байна. Хамгийн гол илүүдэл жин үүсгэгч хүнсний бүтээгдэхүүн нь энгийн нүүрс ус буюу чихэр юм. Чихрийн хэрэглээ ихсэх тусам таргалалт, илүүдэл жингээс эхлэн олон өвчний тохиолдол нэмэгддэг. Иймээс хүүхэддээ чихэр, шоколад зэрэг энгийн нүүрс-ус өгөхөөсөө аль болох зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа хоолны оронд чихрийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь хүүхдийн дархлааг муутгаж, халдварт өвчнөөр олон дахин өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Сахарын хэрэглээг бууруулж чадвал эрүүл мэнддээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт билээ.
ЭХ СУРВАЛЖ: HIDOCTOR.MN ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ПОРТАЛ САЙТ