ФИЛИППИН ГЭЖ НЭРЛЭГДЭХ КИРГИЗ УЛСААР ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ

2019-06-27  

Нэг: ХӨЛ ТАВИНГУУТ "ИШГЭН ХӨЛ" НУУРЫН ЗҮГ ХӨДӨЛЛӨӨ  

 

Бидний Киргиз гэж нэрлэж сурсан энэ улсыг дэлхий дахинд Киргизстан гэдэг. Тэд манайхаас хүн амаар хоёр дахин том. Казахстан, Туркмэнстан, Таджикстан, Узбекстаны хамт " Таван Стан"-ы нэг. Энэ тав дотроо л Филиппин гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нөгөө хэдийгээ бодвол ардчилал арай илүү хөгжсөн. Хоёр ч удаа улсынхаа ерөнхийлөгчийг ард иргэдийн бослогоор хугацаанаас нь өмнө буулгаж чадсан Киргизээс өөр улсыг "Таван Стан" дундаас бүү хэл, хуучин Зөвлөлтийн харьяанд байсан холбооны бүх улсаас ч хайгаад олохгүй.

-Ерөнхийлөгчөө хоёр удаа огцруулж чадсан. Ард иргэд Иссыккуль далай шигээ хилэгнэн давалгаалж, дээр нь тогтон ядах хөлөг онгоцыг хэмхчисэн, зүйрлэвэл. Харамсалтай нь, дараачийнх нь өмнөхөөсөө арай дээр ч, үндсэндээ ялгаагүй. Улс орон маань нэг л хөгжиж өгөхгүй байна гэж бидэнд газарчилж явсан жолооч Фадим харуусангуй хэлж байлаа.
Эхнэр, зургаан охины хамт амьдардаг тэрбээр хувьдаа том оврын автобустай. Түүнийгээ 25,000 ам.доллараар авсан, үүгээрээ амьдралаа залгуулдаг гэж хуучиллаа. Эхнэр нь ч зүгээр суулгүй, оёдлын үйлдвэрт ажилладаг. Сургууль соёл, эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй тул амьдралд хүрэлцдэг гэж сонирхуулж явлаа.

Фадим биднийг Киргизийн нийслэл Бишкекээс алдарт Иссыккуль буюу монголчуудын нэрлэж заншсанаар Ишгэн хөл нуурын хөвөөн дэх Аврора амралтын курортод хүргэсэн юм. Учир нь ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор 18 улс орны төрийн тэргүүн, ерөнхий сайд Бишкек хотод ирсэн тул авто замын болон бусад харуул хамгаалалтаа чангатгаж, зарим замыг хаасан тул бид Манас онгоцны буудлаас шууд л Ишгэн хөл нуурын зүг хөлгийн жолоо залсан нь энэ.



Хоёр: " АВРОРА" АМРАЛТ СУВИЛАЛ

"Аврора" гэж хөлөг онгоц гэж бидний үеийнхэн мэднэ. 1917 оны Октябрийн хувьсгалыг "Аврора" хөлөг онгоцноос Их буугаар буудаж эхлүүлсэн гэдэг түүхийг бидний үеийнхэн багадаа үзсэн . Ийм нэрээр энэ амралт сувиллыг нэрлэсэн аж.
Киргизэд зорчиход нэг сонин сэтгэгдэл төрнө. Энэ бол цаг хугацаагаар ухарч аялаж буй мэт дүр зураг нүдний өмнүүр эрхгүй хөвөрнө. Байдал, төрх, үйлчилгээ. Зам нь социалист системийн үеийн энд тэндгүй хагарсан, түмэн нөхөөс бүхий асфальтан зам. Нөгөө л зам тавьж чаддаггүй технологийн ул мөр. Замд таарах машин унаа нь 1990 оны сүүлч, 2000 оны эхээр монголчуудын хөлөглөх дуртай байсан германы өвгөн бенз, аидио-80, фольксваген зэрэг он хуучин машин голлоно. Мэдээж Оросын "Лада " байр сууриа орхиогүй аж.

Харин Иссыккуль хүртлэх 280 км уулын замыг Хятадын замын компани барьсан нь толь шиг. Нөгөө "социалист" замаас ялгаатай. Киргизүүд ч өөрсдөө ам сайтай. Манайхан зам барьж чаддаггүй, Хятадуудын барьсан зам гайхалтай гэнэ.
Ийм замаар, уулын түргэн урсгалтай Харбулаг голыг сөрөн явж " Аврора" сувилалд бид буудалласан. Сувилал гэх нэртэй ч, үнэндээ Хятад, Тайландад бол Курорт гэж нэрлэх нь илүү ононо. 1970 оны үед баригдсан, хуучин цагийн Улс Төрийн Товчооныхон ирж амардаг сувиллыг тордохдоо, ул мөрийг яг хэвээр нь өнөөг хүртэл хадгалжээ.

Өрөө нь тохилог, хоол унд нь шим тэжээлтэй, дотроо усан бассейнтэй, гаднаа хус болон шилмүүст ой, ширэнгэн зүлэг бүхий талбайтай нь амрахад ая тухыг бэлэглэнэ. Сувиллаас гарч, 200 метр замыг хусан болон мөнх ногоон шилмүүст модон ой дундуур туулахад л алдарт Иссыккуль нуурын хөвөөтэй залгана. Эргээрээ элстэй, нарлах газартай, тунгалаг энэ нуурыг Байгаль нуурын дараа орох хамгийн тунгалаг нуур гэж "Аврора " хөлөг онгоцны капитанаар 4 жил ажилласан Таман тодотголоо. Хөлөг онгоц хөлөглөн Иссыккуль нуурын давалгааг сөрөн нэг цаг аялахад нэг зорчигч 100 сом төлнө. Энэ бол 18 орчим ам.доллар буюу монгол төгрөгөөр 50,000 төг. Аялалын сонирхолтой нь, нуурын гүнд очоод, аврах хантааз өмсөн Иссыккуль нууранд шумбах, сэлэх боломжийг усан онгоцны багийнхан зорчигчдод олгодог. Энэ боломжийг хөлөг онгоцны тавцанг дүүргэсэн монголын 78 сэтгүүлч алдахыг огт хүсээгүй. НТВ-ийн мэдээний сурвалжлагчаар нэгэн цагт хамтдаа ажиллаж байсан Батхишиг дүү салхийг хагалж, хөлөг онгоцноос далай руу үсрэн бусдыгаа уруу татсан. Энэ бол аяллын оргил хэсэг байлаа. Усанд сэлж чадахгүй хоёр ч сэтгүүлч далай луу үсэрч, сандарсандаа бусдыгаа татаж харагдсан. Гэвч биеэ чангалахгүй л бол аврах хантааз эзнээ усны гадаргуун дээр тогтоох аж. Манайх шиг бүс нь тасарсан, нэр төдий аврах хантаазыг огт хэрэглэдэггүй байна.

"Аврора" сувиллын хувьд үнэ ханшийн хувьд маш боломжийн. Өдрийн 30 ам.доллар. Үүнд нь өдрийн 3 хоол багтана. Тиймээс амралтын улирал эхлэхээр энэ буудалд захиалж л ирэх хэрэгтэй гэж буудлын эзэн Расул зөвлөлөө.

Гурав: "БАНК" БУЮУ "ОБМЕНА ВАЛЮТЫ"-Г СЭТГҮҮЛЧДИЙН АРМИ ХООСОЛЛОО

Киргиз жимс, зөгийн бал, цэнгэг усаараа гайхагддаг. Тиймээс Киргиз улс дарс, архи, коньяакаар алдартай. Хүн амын дийлэнх нь ислам учир архи дарс хэрэглэх нь бага учир нутгийн коньяк, архи ердөө 7 ам.доллар. Амт маш сайтай. Дээр нь хоол, тэр дундаа шорлог нь арааны шүлс асгарам.

Мөн замын дагуух, манайхны хуушуурын гуанз шиг газарт бин шиг, гар түлэм халуун талхаа өөрсдөө барьж, худалдаалах нь зорчигчдод нэн таатай. Талх нь 20 сом буюу, 800 төг юм билээ. Гэхдээ аливаа худалдааг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хууль Киргизийн газар нутагт бүрэн үйлчилнэ.

Бид Ишгэн хөл нуурыг зорих замдаа үдэлж, дэлгүүр орж, ганзагаа базаалаа. Киргизийн мөнгөн тэмдэгтийг нь "Сом" гэж нэрлэнэ. 70 сом нь 1 ам.доллар. Гэтэл 2600 монгол төгрөг 1 ам.доллар. Монголын 40 төг = 1 сом. Монгол төгрөгийг бодвол бас л ханш сайтай. Киргизэд дөнгөж газардсан бидний 78 сэтгүүлч " Обмен валюты" орж, тус бүр 200 ам.доллар солиуллаа. Дугаарын төгсгөлд зогссон МНС-телевизийн захирал, нэрт сэтгүүлч Л. Мөнхтөрийн ээлж иртэл, -Уучлаарай мөнгө дууссан гэж банкны ажилтан хэлэх нь тэр. Монголд бол ийм зүйл сонсохгүй гэдэгт үл эргэлзэнэ. Аз болоход, Мөнхтөрийн ард зогсох хоёр Киргиз иргэн хадгаламжиндаа мөнгө байршуулснаар Мөнхтөр цөөн хэдэн сомтой боллоо. Үүнийг дурсаж, Монголын сэтгүүлчид Киргизийн зам дагуух бяцхан " банк" буюу " Обмен валюты"-г хоосоллоо гэж нэрлэлээ.

Дөрөв: КИРГИЗЭД НИЙТДЭЭ 50 ХҮРЭХГҮЙ МОНГОЛ ХҮН СУРЧ, АМЬДАРДАГ

-Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад албан ёсны айлчлал хийж буй тул Бишкек дэх Монголын ерөнхий консулын газар бүгд дайчлагдсан. Сэтгүүлч та бүхэнд үйлчлэх даалгаврыг олгож, намайг дайчилсан гэж Мөнхбаатар өөрийгээ танилцуулсан. Тэр эхнэр, хоёр хүүхдийн хамт Киргизэд амьдраад 2 жил болж буй, Бишкекэд 4 өрөө байр түрээсэлдэг. Сарын 1,500,000 төгрөг тушаадаг. Нэг жил орос хэлний бэлтгэл ангид суралцсан. Цаашдаа Орос хэл- оросын утга зохиолоор Дээд сургуульд суралцах бодолтойг нь зэрэгцэж суухдаа мэдлээ. Түүнд Киргиз таалагддаг. Одоохондоо Киргизэд ажил төрөл эрхэлдэггүй. Гэхдээ нутагтаа эрхэлдэг бизнес нь санхүүгийн эрх чөлөө олгодог гэж тэр хошигнолоо. Цаг агаар зөөлөн дулаан. Агаар нь тунгалаг. Жимс, хоол хүнс нь натурал буюу ориг. Тэгээд хямдхан. Хүүхдийн сургалт төлбөргүй. Ердөө л эхний жил, нэгдүгээр ангид хүүхдээ оруулахдаа эцэг, эх нь 100 ам.долларын хэмжээний хандивыг сургуульд өргөдөг. Өөр төлбөр тооцоо гэж зүйл гардаггүй. Сургалт сайтай. Дунд сургууль төдийгүй, Их, Дээд сургууль нь Англи, Америкийн сургуулийн салбарууд. Энэ талаараа бусад "Стан"-аас тохой илүү гарсан. Тиймээс бид гэр бүлээрээ Бишкекэд амьдрахаар шийдсэн. Албан ёсны суурин амьдрах зөвшөөрлөө хараахан аваагүй байна гэж сонирхуулан хуучлав.



Тав: КИРГИЗ ОХИДЫГ ХЯТАД ЭРЧҮҮД ОЛНООР " ӨВӨРТӨЛЖЭЭ"

Киргизэд дүрэм, журмыг маш сайн мөрддөг, бас мөрдүүлдэг. Би анхандаа замын тэмдэглэлээ энэ тэрийг анзаарахгүй явж байгаад хэд хэдэн удаа торгуулсан. -Би монгол, ядуу оюутан гэж хэлээд ч нэмэргүй. -Гадаад хүн байна, сайн торго, торго гэж хамт яваа цагдаа хэлэхийг ч сонсож явсан. Торгууль нь 3000 сом. Манайхаар 120,000 төг. Чанга шүү. Түүнээс хойш би дүрмээ чанд барьдаг болсон. Киргизчүүд ер нь Монголчуудад талтай. Харин хятадуудад маш дургүй болсон. Ялангуяа , Киргизийн уламжлал, зан заншил ёсоор бэр буулгахын тулд эцэг,эхэд нь 5000 ам.долларын инж өгөөд л охиныг нь авдаг. Түүнийг нь мэдсэн Хятад эрчүүд Киргизийн охидыг үй олноор нь эхнэрээ болгосон нь Киргизийн нийт иргэдийн эсэргүүцлийг төрүүлсэн. Маш том эсэргүүцлийн цуглаан энэ хавар болсон. Тэгэж байж энэ асуудал бага зэрэг намжсан. Ер нь Киргиз охидууд гадаад эрчүүдтэй гэр болох хүсэлтэй нь бас нөлөөлсөн гэж миний найз хэлдэг. Ингэж Бишкекээс Иссыккуль нуур хүрэх зам зуур Мөнхбаатар хуучилж явав.



Зургаа: КИРГИЗ САЙХАН Ч, МОБИКОМЫН "DATA ON" ҮЙЛЧИЛГЭЭГ БҮҮ СОНГООРОЙ, ТАНЫ ХАЛААСЫГ ХООСОЛНО

Бишкек явах гэж буй бол ам.доллар, рублийн аль алиныг ч авч явж болно. Чөлөөтэй солино. Үлдвэл онгоцны буудал дээр буцаагаад ямар ч валют болгож болно. Энэ талаар асуудалгүй. Гагцхүү дийлэнх үйлчилгээ нь төрийнх учир яст мэлхийн хурдтай. Бид 78-уулаа цөөхөн доллар солиулах гэж бараг 2 цагийг барсан. Манай Найман шаргынх л бол сансрын хурдаар уралдан сольж чадна. Ингэж эрхгүй , өөрийн үйлчилгээг үгүйллээ. Гэхдээ Киргиз явах гэж буй бол Мобикомын нэг үйлчилгээнээс татгалзаарай гэж зөвлөе. Дэндүү үнэтэй. Энэ бол Мобикомын " Data on" үйлчилгээ. Би хэрэг болж магад гэж уг үйлчилгээг авсан хэрнээ гарахдаа өөр нэг үйлчилгээг устгах гэж байгаад " Data on" үйлчилгээгээ азаар хаалгасан байв. Харин Еагле -телевизийн захирал Сайнбилэг ; - Ямар аймшигтай үнэтэй юм бэ? Өнөө өглөө "Дата on" үйлчилгээг нь хоёрхон удаа ашигласан чинь 150,000 төгрөгийн төлбөр гарчээ. Арай ч дээ. Бушуухан хаалгалаа гэж өдрийн цайны үеэр дуу алдан хэллээ. Гэтэл өмнө нь Бишкекэд ажлаар ирсэн Монгол хүн "Data on" үйлчилгээг ашиглан хоёрхон майл хүлээж авсны төлөө Монголд ирээд мөн л 150,000 төгрөг тушааснаа толгой сэгсрэн хэлж байлаа. Тиймээс энэ үйлчилгээнээс хол явахыг монголчууддаа сануулья. Дэндүү үнэтэй, таны халаасыг хоослох үйлчилгээ.



Долоо: НАРАНХҮҮ ГИШҮҮНИЙ АМЛАЛТ БА НЭГ МЯНГАН СЭТГҮҮЛЧ АЯН

УИХ-ын гишүүн, Мон-Уран компанийн захирал асан Наранхүү нэг мянган монгол сэтгүүлчийг гадаадад явахад нь дэмжинэ гэж хэлсэндээ хүрч эхэллээ. Тэрбээр 78 сэтгүүлчийн бүх зардлыг хувиасаа гаргасан гэж "Цензургүй яриа" -ны Мөнхбаясгалан дуулгалаа. Гэхдээ та бүхнээс энэ хүнийг дэмж гэж хэлээгүй шүү гэж тодотгохоо мартсангүй.
-Энэ аялалд Монголын үе үеийн сэтгүүлчид, салбар салбарын төлөөллийг багтаах, хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалахыг аль болохоор хичээсэн. Та нарыгаа цагтай уралдан ажилладаг гэдгийг мэднэ. Сэтгүүлч Та нарыгаа цөөн хоног боловч амраая гэсэн санааг би дэвшүүлсэн. Санаачилгаа ч ажил болголоо. Алдарт Иссыккульд нуурын хөвөөнд ирлээ. Та нараасаа би юу ч шаардахгүй. Зүгээр л сайхан амар. Хариад үзэг нийлүүлэхгүй, айлчлалын тухай нэг мөр мэдээ ч бичих хэрэггүй. Өөрсдийгээ мэдэрцгээ гэж "Иссыккуль" нуурыг зорьсон 78 сэтгүүлчдийн багийн аялалын санаачлагч Мөнхбаясгалан сэтгүүлчдэдээ амралтын товч хөтөлбөр танилцуулахдаа онцоллоо.

Мөн Иссыккуль нуурын хөвөөнд амарч байсан сэтгүүлчдийн баг дээр Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга З.Энхболд зочилж, - Ийм том аялал зохион байгуулж байгаа ч , биднийг магтаж өгөөж гэж бид огт гуйхгүй. Аялалын тухай ганц ч мөр тавихгүй байж болно. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Шударга үнэний талд л зогсоорой гэж сэтгүүлч Та бүхнээс хүсье гэлээ. Дараа нь түүнтэй зураг авахуулцгаалаа.

Энэ аялалд намайг Монголын Үндэсний телевизийн даргаар тушаал гарган ажилд авсан миний дарга, монголын хэвлэлийн магнат Б.Ганболд, Тв9 телевизэд миний бие захирлаар ажиллаж байхдаа тушаал гаргаж найруулагчаар ажилд авсан зохиолч найруулагч Д.Төрмөнх, ажлыг нь хүлээн авч байсан сэтгүүлч Мөнхтөр, миний удирдаж байсан Монголын хэвлэлийн хүрээлэнгийн " Дээд курсийн" анхны төгсөгч Мөнхбаясгалан, хамт ажиллаж байсан Отгон, Отгонбаатар, Батбилэг, Тэгшээ, хамтран ажиллагч, үзэг нэгт Үндэсний шуудан сонины эрхлэгч Даваа, орлогч эрхлэгч Отгонжаргал, " Болоош дээ Болиоч дээ" нэвтрүүлгийн хөтлөгч Санги гээд олон сэтгүүлчтэй давтагдашгүй, дурсамжит цөөн хоногийг өнгөрүүллээ.

Комментийн Батбилэгийн төрсөн өдөр Иссыккуль нуурын хөвөөнд, найруулагч Төрмөнхийн төрсөн өдөр тэнгэрт болж, шуугисаар нэг мэдэхэд Монголдоо газардлаа. Ерөнхийлөгч Баттулга онгоцонд хамт зорчсон хүн бүрийг ялгалгүй гар барьж, хамтдаа дурсгалын зураг даруулсан нь энэ аялалын бас нэг дурсгалт агшин.

ХЯТАД, БАС Л ХЯТАД, ХЯТАДЫН ТҮГШҮҮР

Хятадад тэр одооноос л дургүй болж эхэлж байна. Зах дээрх худалдаачин биднийг хараад; -Нихо ( Сайн байна уу?) гэж мэндлэхэд нь;- Би Монгол гэвэл; -Цээжээ дэлдэн "Киргизстан " гэж чангаар хариулж байв. Тэдний дийлэнх нь өөрийн эдлэн газар дээр жимс, ногоо тарьж, түүнийгээ борлуулан амь зогоодог нь анзаарагдана. -Залуучуудад ажиллах, хөдөлмөрлөх ажлын байр хомс тул зургаан сая киргиз иргэдийн гуравны нэг буюу 2 сая нь Казахстан, Узбекстан, Орос, Белорусь зэрэг оронд хар ажил эрхэлж амь зогоодог гэж сувилалд ажиллаж байсан киргиз эр дуулгасан. Тийм ч бололтой. Эрчүүд нь ажилгүй, орлогогүй учраас охидыг нь хятад эрчүүд олноор нь "уургалж" буйг өмнө дурдсан. Хятадын төрийн өмчит компанийнхан Киргизэд толь шиг толийсон зам тавьсан. Түүний адил тэд Киргизийг бүхий л талаар түрж эхэлжээ.

Зам тавьсны мөнгөө Киргиз улс Хятадад төлж чадахгүйд хүрчээ. Туркмен улс газар нутгаа Хятадад алдсан гашуун түүх давтагдахад тун ойртсоны бодит жишээ. Хятадын сонирхож буй газар нь Хятадтай хил залгаа суурин. Гэвч Киргизийн засгийн газар үүнд хүнийрхүү хандаж буй нь анхаарал татаж байна гэж сөрөг хүчнийхэн үздэг юм байна. Учир нь Хятадад алдахдаа хүрээд буй тэр газар нутаг нь Киргизийн ардчилагчид, босогчдоор дүүрэн тул Хятадын талд өгчихвөл өрөө ч дараад, босогчдыг ч гишгэх газаргүй болгочих өнөөгийн Киргизийн улс төр нуугдаж байхыг нэрээ нууцалсан этгээд дурдаад амжив.
Тэгэж байтал Шанхайн Хамтын Ажиллагааны Дээд Хэмжээний Уулзалтын " гол баатраар" БНХАУ-ын дарга Си Жин Пин тодорлоо. Түүнд Киргизийн төр, Киргиз түмний дээд шагнал болох Манас-1 одонг ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр гардууллаа.

Си Жин Пинг дагалдаж явсан Хятадын 100 гаруй томоохон компанийн захирлууд 7,5 тэрбум ам.долларын үнэ тусгасан нийт 19 гэрээнд гарын үсэг зурлаа. Киргизийн эко хүнсийг Хятад улс руу экспортолж, оронд нь өөрийн шимгүй хөрсөнд, технологийн аргаар ургуулсан банана, абрикос , шийгуа зэргийг нийлүүлэх болов.
Ийнхүү Хятад улс Киргизийн охид руу, эко хүнс рүү, газар нутаг луу нь өргөн фронтоор " давшилж " байна. -Том гүрэн нэг л юм хийдэг. Энэ бол газар нутгийн түрэмгийлэл гэж " Хятадын стратеги" номын зохиогч Эдуард Лутвардын хэлсэн үг ойнд бууж байв.

Киргиз улс Памир, ТяньШэн зэрэг мөнх цаст оргил бүхий л уултай. Түүний ам бүрээс буух цэнгэг уснаас залгилах хүсэл хэнд ч төрнө. Тэдний хөрс үржил шимтэй, газрын дороо баялагтай. Монгол шиг алттай. Монголын алтыг цөлмөөд зайлсан Сентерра гоулд Киргизийн алтан дээр хэдийнээ зайдлан сууж амжжээ.

Ийм нэг ижил төстэй зураг нүдний өмнө хөвөрнө. Энэ сайхан онгон байгалийг эвдрээгүй дээр нь Киргиз орноор дахин нэг амжиж тойрох шуналд хөтлөгдөв. Дараа удаа Бишкек орно оо гэж тэмдэглэлээ өндөрлөе. 
Киргизийн өмнөөс сэтгэл бага зэрэг эмзэглэж байна. Гэтэл Манайх. Бас ялгаагүй дээ..

 

 


Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?