Олон жилийн эдэлгээнд гэмтсэн, мэргэжлийн бус хүн холбосон, шалбарсан, аюулгүй байдлыг нь бүрэн хангаагүй зэрэг асуудалтай цахилгааны утсыг шалгаж, засаагүйгээс болж бороо ороход богино холбоо үүсэх эрсдэл бий болдог.
Үүнийг нь мэдэхгүй хүүхдүүд тоглож байгаад санаандгүйгээр тогонд цохиулж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Осол болсон өдөр хүү нагац эгчийнх рүүгээ ээжийгээ дагаж явсан байна. Ингээд ээж нь гэрт байх зуур хүү айлын хүүхдүүдтэй тоглож байгаад цахилгаанд цохиулжээ.
Нэг айлаас нөгөөх рүү цахилгаан татаж, утсыг газраар явуулж, залгаа хэсэг дээр нь төмөр тавьж “хамгаалсан” байж. Улмаар бороо орж, газар норсны дараа тоглож явсан хүү бүдэрч унан төмөрт хүрснээр цахилгаанд цохиулсан бололтой. Тухайн үед хамт тоглож байсан хүүхдүүд болсон үйл явцыг харжээ.
Цагдаагийн байгууллагаас “УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбарт шалтгаан нөхцөлийг арилгуулах албан мэдэгдэл хүргүүлжээ. Хэрэг гарсны дараа тус салбарын ажилтнууд очиж цахилгааны гэмтлийг засварласан байна. Одоогийн байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж, үхэлд хүргэсэн шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж.
Шинжээчийн дүгнэлт гарч, хэргийн нөхцөл байдал тодорхой болсны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэний буруутай үйлдлээс болж цахилгааны гэмтэл үүссэнийг эцэслэн тогтоох процессоор явах гэнэ.
ИРГЭД АМЬДРАХ ОРЧИНЫХОО АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАЖ ХӨГШИД ХҮҮХДҮҮД АМАРЧ ТОГЛОХ АЯ ТУХТАЙ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХГҮЙ БОЛ ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСЭЭ АЛДСААР Л БАЙХ НЬ...
С.ШИНЭСАР