Бид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан сонгон шалгаруулалтанд тэнцсэн БГД-т байрлах “Болормаргад” эмнэлгийг зорив. Тус эмнэлгийн сувилагчаас нь “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт тодруулга авсан юм.
Сувилагч “Манай эмнэлэг сонгон шалгаруулалтад тэнцэн хүүхдүүдэд энэ чиглэлээр үйлчилж байгаа. Хүүхдүүдээ дагуулсан ээж аав нар их ирж байна. Дийлэнх нь шүд цоорлын өвчлөлтэй хүүхдүүд ирдэг" гэв.
“Болормаргад” эмнэлгийн захирал Б.Ямаахай “Манай эмнэлэг уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд 2 сар өнгөрч байна. Эхний 4-р сард 124 хүүхэд, 5-р сард 126 хүүхдэд эмчилгээ хийсэн. Мөн хот, дүүрэг харьяалал харгалзахгүй ирсэн бүх хүүхдүүдийн шүдийг үзэж байна. Шүдний цоорлын эмчилгээ, сүүн шүдний цоорлыг зогсоох түрхлэг эмчилгээгүүнүүдийг ихэвчлэн хийж байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх түрхлэг түрхүүлж байгаа хүүхэд тун ховор байна. Улсаас олгож буй 60 мянган төгрөгийн өртөг зөвхөн нэг сүүн шүдийг эмчлэхэд зарцуулагддаг. Гэтэл оношлуулж буй хүүхдүүдийн 70 хувь нь 3-4 шүдний цооролттой, сувгийн эмчилгээ заавал хийлгэх шаардлагатай байна. Эцэг эхчүүд хүүхдүүдийн шүдийг хэрхэн арчлах талаар мэдлэг тааруу байгаа нь өвчлөлийн гол шалтгаан болж байна. Эмчилгээ хийлгэх явцдаа тэдэнд нэмэлт зөвлөгөө, заавруудыг давхар өгч байна" гэлээ.
Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэн "Н" хэлэхдээ "4, 5 настай ач зээгээ үзүүлээд явж байна. Анх 4 сараас хэрэгжиж эхлэхийг нь сонсоод их баярласан. 8 нас хүртэл нь ээж аавууд шүдийг нь угаах хэрэгтэй гэдгийг эмчийн зөвлөсний дагуу мэдэж авлаа” гэв.
Санхүүжилт цагтаа ирэхгүйн улмаас үйлчилгээгээ зогсоожээ
Чингэлтэй Дүүргийн “Зонне” шүдний эмнэлгийн хүлээн авах үйлчилгээний ажилтнаас тодруулахад “Бид хөтөлбөрөөс нэрээ татаж авахаар яаманд хүсэлт илгээсэн. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ачаалал эрс нэмэгдсэн. Нэг хүүхдэд үзүүлэх үйлчилгээ 200 мянган төгрөгнөөс илүү гарч алдагдалд хүргээд байгаа. Дээрээс нь санхүүжилт цагтаа ирэхгүйн улмаас бид үйлчлэхээ зогсоосон байгаа" гэлээ.
Манай улсын хүүхдүүдийн 96.2 хувь нь шүд цооролтын өвчлөлтэй байна. Мөн 5-6 насны хүүхдийн 67.5 хувь нь буюу гурван хүүхэд тутмын хоёр нь эрүү, нүүр орчмын тунгалагийн булчирхайн үрэвсэлтэй байгаа нь дээрх үзлэгийн үеэр тогтоожээ. Иймд бага насны хүүхдүүдийн шүдний эмгэгт анхаарах шаардлага байна.
А.АРИУНЖАРГАЛ