ЦАРЦАА ИДҮҮЛЖ ГОЛИО СОРУУЛЖ АРЦААР УТНА ГЭДЭГ ХАРШЛЫН ГОЛ ЭМЧИЛГЭЭ БИШ

2019-07-14  

Даяаршиж буй өнөөгийн нийгэмд харшлын өвчин ихээр нэмэгдэж байна. Нас баралтын тоо цөөнтэй ч тухайн хүндээ зовиур шаналгаа ихтэй байдаг уг өвчлөлийн талаар арьс, харшил судлалын нарийн мэргэжлийн эмч, Анагаах ухааны магистр Б. Баяр-Өлзийтэй ярилцлаа. Мөн та энэхүү ярилцлагыг уншсанаар бантан хор мөн эсэх, харшлын эмчилгээ даатгалд хамрагддаг эсэх, харшлын вакцины талаар мэдэж авах боломжтой.

Сүүлийн үед харшил өвчин маш эрчимтэй ихсэж байна. Энийг юутай холбон тайлбарлах вэ?

Монгол улсад харшил ихэсч буй шалтгааныг  харуулах 2010 онд хийгдсэн нэг судалгаа л бий. Тэрнээс хойш шинэ судалгаа хийгдээгүй байгаа. Уг судалгааг ажиглахад хотжиж буй, нийгэмшиж буй суурин газарт байгаа хүмүүс хөдөө орон нутагт амьдарч буй нийт хүмүүсийг бодвол 3 дахин илүү өвчлөлтэй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэт их хотжих нийгэмших тусам харшил өвчин ихэснэ гэсэн үг. ДЭМБ-н судалгаагаар ч гэсэн бусад оронд яг л ийм үр дүн гарсан. Иймээс харшил өвчин ихэсч буй шалтгаан нь хэт их нийгэмшилт юм.

Тэгвэл хотжилт, соёлжилт нь яагаад харшил үүсэхэд ингэж нөлөөлж байгаа вэ?

Хүн нийгэмшиж соёлжих тусам өөртөө хэт их анхаардаг. Хэт их анхаараад ирэхээр халдварт өвчин тусахгүйгээр цэвэрхэн амьдарч эхэлнэ. Цэвэрхэн амьдрахаар хүний биед зарим нэг халдварын эсрэг тэмцэж байх ёстой бие организм нь идэвхгүй болдог. Ингэж идэвхгүй болж байгаа нь нэг талаараа сайн боловч нөгөө талаараа харшил өвчин үүсэх суурь болж байдаг. ДЭМБ-н судалгаагаар халдварт өвчин багасах тусам харшил өвчин ихэсдэг урвуу хамааралтай. Энэ онолын дагуу тайлбарлагддаг.

Монгол улсад зонхилон тохиолдох харшил юу байгаа талаар судалсан судалгаа хэр их байдаг вэ? Энэ нь улиралтай ямар хамааралтай байдаг бол?

Энэ талын судалгаа Монгол улсад их хийгдэж байна. Хамгийн сүүлийн судалгаа гэхэд 2014 онд хийгдсэн магистрын ажлын судалгаа байна. Уг судалгаагаар хог ургамлын харшил түгээмэл байна гэсэн үр дүн гарсан. Хог ургамал гэдэг нэршил дотроо маш олон төрлийн багц ургамал багтана. Үүн дотроо зонхилон тохиолдож байгаа нь шарилж юм. Нийт харшилтай хүмүүсийн талаас илүү хувь нь хог ургамлын харшилтай гэж гарсан байна. Энэ бол маш өндөр үзүүлэлт.

Харшил бүрэн эдгэрдэг өвчин үү? Гадаад орнуудад харшлыг бүрэн эдгээх эмчилгээг хэрэглэж байна уу?

Харшил өвчин эмгэг жамын хувьд хүний дархлааны зарим нэг эсүүдийн хэт идэвхжлээс болж үүсдэг тул тэр эсийг ямарваа нэгэн аргаар биеэс зайлуулах боломжгүй. Ийм ч учраас 100 хувь эмчилгээний гэж байхгүй. Хөгжингүй орнуудад тухайн хэт идэвхжилт эсүүдийг дарангуйлснаар тодорхой хугацаанд зовиургүй байлгаж чадаж байгаа. Дээд тал нь 15 жил зовиургүй байлгаж чадаж байна. Энэ нь дархлаа зүгшрүүлэх эмчилгээ буюу иммунотерапи. Үүнээс удаан хугацаанд барих эмчилгээ хараахан гараагүй байгаа.

Монгол улсад энэ эмчилгээг хийж байгаа юу?

Нэвтрээгүй байгаа.

Цаашид уг эмчилгээг нэвтрүүлэх хандлага бий юу?

Уг эмчилгээг нэвтрүүлэх хандлага бий боловч уг эмчилгээ нь их удаан явцтай байдаг. Жишээ нь 1 хүн уг эмчилгээнд хамрагдлаа гэхэд дор хаяж 36 сарын турш мэргэжлийн харшлын эмчийн хяналтанд явах ёстой байдаг. Гэтэл манайхан эхний 1 жил хийгээд л хаячхаад байдаг тул үр дүн гарахгүй. Хувь хүний эрүүл мэндийн боловсрол талаасаа тааруу болохоор манай улсад нэвтрүүлэхэд хэцүү.

Харшлын шалтгаант нас баралт хэр их тохиолддог вэ?

Ховор тохиолддог. Гуурсан хоолойн багтраа, хүнсний харшил зэрэг нь хүндэрвэл амь насанд аюул учруулж болно. Гэхдээ орчин үед харшлын салбар, харшлын эсрэг эмэн эмчилгээ сайжирсан учраас их ховор. Дээр үед их тохиолддог байсан.

Манай улсын харшил судлалын салбар дэлхий нийттэй зэрэгцэн алхаж байна уу? Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

Манай харшил судлалын нийгэмлэг үүсгэн байгуулагдаад 16 жилийн нүүрийг үзэж байна. Харшлын нийгэмлэг нь ДЭМБ-н гишүүн, Европын харшлын нийгэмлэгийн гишүүн, Ази номхон далайн орнуудын харшил судлалын нийгэмлэгийн гишүүн. Залуу судлаачдаа шинэ мэдээллээр хангахын тулд манай нийгэмлэг тасралтгүй ажилладаг. Хөгжлийн хувьд бол яг эн тэнцүү яваа гэж би хэлнэ. Яагаад гэвэл жил болгон олон улсын харшил судлалын чуулга уулзалт болдог. Энэ бүгдэд хамгийн багадаа л 10 хүн явж байна. Ингэх бүртээ үргэлж шинэ мэдээ мэдээллээр өөрийгөө цэнэглэж байна.

Удахгүй харшлын оргил үе эхлэх гэж байна. Тэгвэл ургамлын харшилтай хүмүүст харшлаас урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?

Сүүлийн 2 3 жилд урьдчилан сэргийлэх тарилга болон эм цацлаг манай улсад орж ирээд байна. Арьс харшил судлалын үндэсний төвд шарилжны эсрэг тарилга хийгдэж байгаа. Уг эмчилгээ 4 сард хийгддэг. Шарилжны харшлын хувьд 7 сард оргил үе нь болдог бөгөөд энэ үе дэх шинж тэмдэг тодорхой хэмжээгээр дарагддаг.

Харшил бол их өртөг өндөртэй өвчин. Улсаас ямар нэгэн хөнгөлөлт тусламж үзүүлдэг үү?

Яг харшлын эмчилгээнд улсаас үзүүлдэг хөнгөлөлт байдаггүй. Улсын эмнэлгүүд маань эрүүл мэндийн даатгалаар сорилыг тодорхой хэмжээгээр хөнгөлдөг. Багтраа өвчний зарим нэг эмүүд хөнгөлөлттэй байдаг. Өөр ямар нэгэн хөнгөлөлт байхгүй.

Харшлыг тухайн үед нь шинж тэмдгээ дараад эмчлэхгүй байгаад байвал хүндрэх үү?

Харшил бол архаг явцтай, цочмог илэрдэг зовиуртай өвчин. Манайхан сайн дураараа болох болохгүй олон янзын арга хэрэглэдэг. Үүнээс хамаараад хүндрэх боломж байдаг. Ер нь бол хүндэрнэ. Хүн хүнээсээ шалтгаалж хугацаа нь урт богино байдаг. Жишээ нь ургамлын тоосны харшил нь багтраа өвчнөөр хүндэрдэг. Хүнсний харшлын хувьд анафилаксын шокоор хүндэрч болно.

Ард иргэдийн дунд харшлын эсрэг өргөн хэрэглэдэг, буруу зан үйлүүдийг нэрлээч.

Уламжлалт, европ анагаах ухаан гэж 2 янзын анагаах ухаан бий. Энэ хоёр бие биентэйгээ эсрэг тэсрэг байр суурьтай байх нь элбэг байдаг. Монгол улс бол шарын шашин хөгжсөн орон тул уламжлалт анагаах ухаан маш өргөн тархацтай байдаг. Зарим уламжлалт анагаахын эмч нар дээр очсон хүмүүст царцаа идүүлнэ, голио соруулна, арцаар утна, шарилжаар нь утах зэрэг олон аргыг хэрэглэдэг. Энэ болгон маань харшлын гол эмчилгээ огт биш. Эсрэгээрээ өөрсдийгөө улам хүндрүүлж хордуулж буй хэрэг. Жишээ нь шарилжны харшилтай хүн өөрийгөө шарилжаар утахаар багтраа өвчтэй болж хувирдаг. Иймээс ард иргэдийг уриалахад бүрхэг тойм зүйлээр өөрийгөө битгий хорлоорой гэж хэлмээр байна. Анагаах ухаан өндөр хөгжсөн энэ үед оношилгоонд суурилсан эмчилгээг эрхэмлэх нь чухал.Эхлээд заавал оношлуулаад, нарийн мэргэжлийн эмчид хандах нь өөрийгөө аварч буй хэрэг юм.

Харшлын үед дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэх нь зөв үү?

Ард иргэд болон зарим эмч нарын дунд дархлаа сулрахаар харшил өвчтэй болдог гэдэг ойлголт яваад байдаг. Энэ бол маш том буруу ойлголт. Харшил өвчин бол дархлааны зарим эсүүд хэт идэвхэжсэний улмаас үүсдэг. Энэ үед нь дархлаа дэмжих бэлдмэл өгснөөр зовиур шаналгаа бүр л ихэсдэг. Ийм учраас дархлаа дэмжих ямар ч шаардлагагүй. Өрхийн эмнэлгүүдэд хүртэл ийм ойлголттой эмч нар олон байна. Эдгээр хүмүүс бол эмгэг жамаа сайн мэдэхгүй байгаа хэрэг.

Харшил өвчний үед хориглодог хүнсний талаар дурдвал?

Энэ бол их том өргөн цар хүрээтэй асуудал. Энэ бол ямар харшилтай байхаас их шалтгаална. Жишээ нь шарилжны харшилтай бол айраг ууж болохгүй. Хус модны харшилтай бол алим идэж болохгүй. Учир нь нэг төрөл зүйлийн хамааралтай тул харшлын урвалыг сэдрээдэг. Мөн түүхий лууван, улаан лооль идэхгүй байхыг зөвлөдөг. Хүн болгонд харилцан адилгүй байдаг.
Сүүлийн үед сошиалаар яригдаж буй бантан бол хор хэмээх нийтлэлийн талаар тайлбар өгөөч. Хүмүүс глютены хэт мэдрэгшлийг их андуурч байх шиг байгаа юм.

Хүнсний харшил дээр байдаг нэг том ойлголт нь intolerance буюу хүнсэнд тэвчилгүй байх. Монгол улсад энэ талаар хийсэн судалгаа, нарийн мэргэжлийн эмч байхгүй. Энэ талаар бол их бүрхэг орон. Глютены харшил бол сүүлийн 2 жилд их идэвхжиж байна. Өмнө нь бол их ховор байсан. Одоо бол их тохиолдож байна. Глютен гэдэг бол хүнсээр дамжин орж ирээд ходоодны салстыг цочроодог, цусанд орж ирээд харшлын урвалыг өдөөдөг уураг. Энэ уураг нь гуриланд их агуулагддаг тул дээрх мэдээлэл гарсан байх үндэслэлтэй. Зохих зохихгүй хоол гэж байдаг. Олон хоол хоорондоо холилдохоор дархлааны урвалыг өдөөдөг уургийг үүсгэж байдаг.

Харшил удамшдаг уу? Аав ээж нь хоёул харшилтай бол төрөх хүүхдийн харшилтай байх магадлал  хэд байдаг вэ?

Энэ бол тодорхой болсон асуудал. ДЭМБ-н судалгаагаар аав ээжийн хэн нэг нь харшилтай бол нийт төрөх хүүхдийн 25 хувь нь, хоёул харшилтай бол 75 хувь нь магадлалтай. Хэдэн хувь нь удамших вэ гэдэг нь азны асуудал гэсэн үг юм.

Цаг заваа гарган, бидэнд үнэтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

 

Эх сурвалж: www.hidoctor.mn Эрүүл мэндийн нэгдсэн портал сайт

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?