"ГҮХЭЭТ ХОНГОР" МОРЬ УЛСАД ЯАГААД ТҮРҮҮЛЭЭГҮЙ ВЭ?

2019-07-15  

Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Нямын Сэрээнэнгийн алдарт "Гүхээт хонгор" морь одоогоос 60 жилийн өмнө Арвайхээр хотноо зохиосон Монголын Бүх Ард Түмний баяр наадамд түрүүлсэн байдаг. Өмнөө нэг ч морийг гишгүүлж үзээгүй гэх энэ хурдан хүлэг Улсын баяр наадамд нэг л удаа тоосоо өргөхдөө, айргийн тавд ч багталгүй, дөнгөж 7-гоор бариулсныг нутгийн олон харамсангуй ярьдаг. -Сэрээнэн уяач тэр жилийн Улсын наадамд гүхээт хонгороо Өвөрхангай аймгаас уралдуулахаар авчирч, их сунгаанд тасархай түрүүлсэн байдаг. Гүхээт хонгорын нэр цуу нь уяачдын дунд талын түймэр мэт дэгдсэн тэр үдэш нэр сүртэй ахмад уяачид Сэрээнэнг гал дээрээ урьж, идээ будаа болжээ. Морь нь тасархай түрүүлсэн Сэрээнэний үг, хөдөлгөөн бүрийг хашир бурхинууд тал талаас нь шинжиж гэнэ. Түүнд тавагтай идээ барьтал, Сэрээнэн ёотонг аваад үмхэж гэнэ. Түүний дараа цай, хоол, идээ ундаа болж, үд хэвийлгэсэн хойно Сэрээнэн талархлаа илэрхийлээд, морь луугаа очно хэмээн өндийсэн байна. Түүнийг гэрээс гарч холдсоны дараа , - Ёс мэддэггүй хүү байна. Шүүрхий байна даа. Сүүдэр нь мориных нь амжилтанд тусдаг тал бий дээ гэж хамгийн ахмад настай уяач дүгнэсэн гэдэг. Үнэхээр ч, наадам эхэлж, Их сунгаанд тасархай түрүүлсэн Гүхээт хонгор дөнгөж 7-д оржээ. Учрыг нь тунгаавал, гараан дээр Гүхээт хонгор нарийн төмөр утастай орооцолдож, түүнээс салгах гэсээр байтал, морьдын бараа тасарч, тэр хойно гараанаас гарчээ. Нэхэн нэхсээр, урдахь морьдоо идсээр, хурд нь сааралгүй барианд орсон ч, дөнгөж долоод орсон гэсэн түүх, домог шиг зүйлийг Бүрд сумын уяач Сүхбаатар хуучиллаа. Энэхүү Гүхээт хонгорын удам сударыг нь хөөвөл, баруун аймгийн тууварчин нэгэн Өвөрхангайгаар дайрч явахдаа Сэрээнэнтэй таарч, холын замд сульдсан унаагаа юүлэхдээ гүхээт хонгорыг үлдээгээд одсон гэх. Тун номхон адуу учир Сэрээнэнгийн хүүхдүүд хонь хариулахдаа унадаг байж. Харин намар орой, хадлангаас буусан хүү нь гэр лүүгээ явахдаа гол усандаа гайгүй хурдалдаг морьд унасан хүүхдүүдтэй гэрийн зүг жолоо тавьтал хонины номхон хонгор ам даран хурдалсаар байж. Үүнийг хүүгээсээ сонссон аав нь Гүхээт хонгорыг ирэх зун нь наадамд уяснаас хойш нутаг усандаа нэг ч хүлэгийг урдаа гишгүүлээгүй гэдэг. Ийм нэгэн түүхийг уяач Сүхбаатар хуучиллаа. Улсын наадамд гаргасан зан үйл, ёс зүйн алдаагаа Сэрээнэн дахин давтсангүй. Гүхээт хонгор ч түрүү алдсангүй. Энэ түүхийг хуучилсан Сүхбаатар уяачийн хүрэн зүсмийн хүлэг нь Сэрээнэнгийн "Гүрэм Хонгор"-ын түрүүлсний 60 жилийн ойд зориулсан Их насны хурдан морины уралдаанд уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан байдаг. Буулгасан

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ss:цэндийн сэрээнэн 2019-07-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?