"ТАЛХ ТАРИАТАЙ БОЛ ДУУ ХУУРТАЙ" АРДЫН ҮГ

2019-07-22  

Атрын 60 жил, “Дархан” сангийн аж ахуй үүсч хөгжсөний 60 жилийн ойд .... АЛТАН ТООС

Баруун Алтайн хөвгүүн Рэгзэнгийн Хашбаатар 1967 онд нутгаасаа гарч хангай нутгийг зорив. Эвлэлийн төв хорооноос залуусыг хаврын тариалалтанд ажиллуулахаар илгээхэд Сэлэнгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн Хүдэрийн тариа бригадад иржээ. Талбай дээр үрсэлгээ хийхэд сээлкэн дээр анх удаа сууж үзэв. Тариа тарихад хамгийн их шороо тоостой ажил нь энэ. Бүтэн сар хагас эндээ ажиллав. Үрсэлгээ дуусгаад буцаж ирсэн Хашаа хачирхалтай нь, битүү шороон дундах өнөөх сээлкээ зүүдэлж хоножээ. Сээлкэн дээр анх хуваарилагдаж ирсэн хүмүүс шороо тоосноос нь халшраад ахиж суух нь бүү хэл бүр зугтаадаг байв. Гэтэл Хашаа яагаад энэ ажлаа зүүдлэх нь энэ вэ.

Учир нь ойлгомжтой. Тэр тариачин аавын хөвүүн. Ховдын Булган сумынхан эрт дээр цагаас тариа тарьж ирсэн уламжлалтай. Булганчууд анжисанд морь, тэмээ, үхэр хөллөн газраа хагалж гар тээрмээр тариагаа тээрэмдэн арвай будаагаа боловсруулан хэргэлсээр ирсэн. Хашбаатарын гэрийнхэн ч адилхан. Анжисаа шар үхэр, тэмээнд хөллөн газар хагална. Хашаа дөрөв таван наснаасаа л аавыгаа даган модон анжисныхаа дээрээс булцгар жаахан хоёр гараараа хир чадлаараа дарж өгнө. Аль болох сайн дарж өгвөл модон анжисных нь төмөр хошуу газарт гүн шигдэнэ. Хөрс гүнзгий хагалагдах тусмаа тарианы үр доош сууж арвин ургац авна. Тариачны хөдөлмөрийн ур ухаан ийм буюу. Рэгзэн гуайнх таван га газарт тариа тарьж ам бүлийнхээ арвай гурилын хэрэгцээг өлхөн хангаад илүү гарсныг нь айлд арилждаг байв. Хадсан тариагаа нүдийг нь боосон мориор гишгүүлж цайруулна. Модон хударганд оруулсан илжигээ хөтлөн тээрмээ эргүүлж будаагаа тээрэмдэнэ. Шанаг будааг төлгөөр солино. Наймын хувин будааг байдсан гүүгээр өгөх жишээтэй. Тариачин удамтай хөвүүн тариагаа зүүдэлсний учир ийм.

ЭРЭГ ШУРАГ 

Хашбаатар модон анжисанд шар үхэр биш оньсон техник хөлөглөн тариа тарихаар мөрөөдөв. Хүсэлдээ хөтлөгдсөн хөвүүн 1968 онд Орос улсын Алтайн хязгаарын Барнаул хотыг зорьж трактор комбайны жолооч механикчийн сургуульд сурлаа. Төгсөөд шууд Дарханы Сангийн Аж Ахуйд хуваарилагдан иржээ. Энэ үед улс орон даяар өрнөсөн атрын анхдугаар аян ид хүчээ авч байлаа. Залуухан мэргэжилтэн Хашбаатар ч энэ их тариан түрлэгэнд татагдан оров. Атрын анхдагч трактор комбайнчид талбай дээрээ шууд орос ах нараар заалган техникээ жолоодож сурсан. Удалгүй ажлын шаардлагаар 45 хоногийн курсээр тэднийг бэлдэж жолооч болгож байв. Тэгвэл Хашбаатар механикжуулагчийн мэргэжлийг бүтэн жил зургаан сар сурч эзэмшсэн болохоор эрэг шургийг нь ч нэгд нэгэнгүй заалгаж авсан гэсэн үг. Ийм учраас л тэр анхнаасаа тариаланч нөхдөдөө техникээ яаж эзэмшихийг заан сургасаар өнөөг хүрлээ. Хонгорын аж ахуйдаа төдийгүй Увс, Завхан, Хөвсгөлд томилолтоор очиж тариа хураалцаж явснаа дурсах дуртай. Онгоцоор нисэж очоод л тэндхийн комбайныг нь жолоодоод талбайд гардаг байжээ. 

Хашбаатарын хөдөлмөрийн амжилт эхнээсээ л арвин. Дархан хотын болон аймгийн ургацын аваргаар 2 удаа шалгарч, Сангийн аж ахуйнхаа шилдгээр 9 удаа тодорчээ. Энэ эрч нь улам чангарсаар Улсын аваргын болзлыг 7 удаа хангаж дөрвөн шагналыг нь авчээ. Жил бүр тогтмол 17-27 мянган центнер ургац хураасан. Энэ нь таван жилд хорин жилийн төлөвлөгөө биелүүлж байсан хэрэг. Ингэж тооцохоор 20 жилд 80 жилийн ажил хийсэн амжилттай. Ард түмэндээ арвин ургацын дээжээ өргөсөн бүтээлийг нь төр үнэлэн 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.

ИЛҮҮ АМТТАЙ ГУРИЛ

Анхны атарчин Хашаа баатрынх эцэг өвгөдөөсөө үе дамжин эх газрын хөрс шороонд өөрсдийн гараар тарьж ургуулсан арвай будааныхаа гурилаа эрхэмлэн дээдэлж хэргэлсээр иржээ. Хашаа хөвүүнийг бага байхад арвайн гурил, бор гурилаа иддэг байв. Одоо эдний гэр бүлийнхний тарьсан амуу буудайгаар хийсэн гурил нь цэвцийсэн цагаан өнгөтэй. Гэхдээ эднийх бор гурилаа илүүд үзнэ. Ийм гурил тэжээллэг чанараараа илүү. Хамгийн гол нь эцэг нь хөвүүдтэйгаа хамтран тарьсан буудайн гурил өөр ямар ч гурилаас илүү амттай. Хашаа баатар насан турш өөрөө тарьсан будааны гурилаар хийсэн талхаа идсээр явна. Бие сэтгэлийн эрч хүч дүүрэн яваагийн нууц ч энэ буюу. 

Хашаа баатар төрсөн нутаг Алтайгаасаа алсад хоёр мянга нэг зуун км-ын тэртээх Дархан хотод ирж гал голомтоо тулж идээшин дассан. Гэргий Бүрнээ нь ч тариаланч. Хаш-Эрдэнэ, Болор-Эрдэнэ хоёр хүү нь удам залган тариаланч болцгоож газар тариалангийн “Жаргалант Бөх” компанийг авч явна. Компаний нэрэнд Хашаа баатрын долоон хүүхэд ороод ам бүлийн есөн хүний нэр цөм багтсан утга учиртай. 

Баруун Алтайн мөнх цаст сүрлэг уулс Бүрэнхайрханы бэлд бага балчираасаа аав ээжээ даган бог будаа, арвай тарьж өссөн хөвүүн Бурхант нутгийн өгөөмөр хөндийд дүүрэн шижиртэх буудайн шаргал түрүүг тавь дахь жилдээ хураасаар явна. Тариан далайд сэлүүрдэх хөлгийн бүхээгтээ тэрбээр “Мичид шүргэх Алтай” дууг аялана. Тэгснээ “Ургацын далай” заавал эгшиглэнэ. Тариан түрлэг ийнхүү ямагт дуу хуур даллана. 

Рэгзэнгийн Хашбаатар таны эртний тахилгатай Буурал хайрханы хаа өвөрт суулгаж соёолуулсан амуу буудай тал дүүрэн халиурах болтугай! 

Алтан тариан түрлэгтэй нэгэн жарны бариан дээрээс, хөдөлмөр бүтээлдээ залуу насны эрч хүч, бадрангуй оргилуун сэтгэл зүрхээ зориулсан анхны атарчид та бүхэндээ баярын мэнд хүргэе!

Өвгөнхүүгийн Рагчаасүрэн- Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн. 

2019.07.21. Бурхантын хөндийн Дархан хотоос.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?