МЕДИА ТУР-2019 ҮРГЭЛЖЛЭЛ - С.ЦЭЦЭНГУА: МИНИЙ ХАРИУЦСАН 3 ӨРХ ЯДУУРЛААС ГАРЧИХСАН

2019-07-23  

ӨМӨЗО-нд хийсэн Монголын сэтгүүлчдийн аялалын хөтөлбөрт Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах орны хэд хэдэн сонирхолтой газар багтсан байв. Тус орны  Засгийн Газрын Ухуулгын хэлтсийн дарга Лигийн хэлснээр Ниншя эртний түүх соёл бүхий  аялал жуулчлалын томоохон бүс нутаг. Хятадад нийт 30 муж бий. Эдгээрээс аялал жуулчлалын хамгийн сайхан хоёр бүс нутаг байдгийн нэг нь Ниншя аж. Хоёр дахь нь манай монголчуудад хэдийнэ танил болсон Хайнань. 
Иньчуаний Ниншя усан агуйн аялал жуулчлалын бааз, Хулан уулын Дүн Лү усан үзмийн дарсны үйлдвэрт хийсэн сонирхолтой аялалынхаа тухай бус Иньчуан орчмын зарим бүс нутаг ядуурлаас  хэрхэн ангижирч буй талаар цөөн үгээр ч болов бичих нь илүү чухал санагдав.
Ниншяд тарвас, бөөрөлзгөнө, усан үзэм их тарьдаг, сайн ч ургадаг гэнэ. 2016 онд байгуулагдсан бөөрөлзгөний аж ахуйд бид зочилсон юм. 

“Тариа ногоо тариад ургадаггүй  бүс нутгаас буюу Ниншягийн өмнөд хэсгийн Гү 
Ян хэмээх газраас хүмүүсийн амьдралыг сайжруулахын тулд энд нүүлгэж авчирсан. Тэдэнд газар олгосноор барахгүй орон сууц ч өгсөн. Энэ нь ядуурлыг бууруулах нэг арга хэлбэр. Манай компани энд нүүн ирж ажиллаж буй нэг ажилчинд сард 2000 юанийн цалин олгодог. Хүүхдүүд нь хүртэл сургуулийн амралтаар жимсний талбайд  хөнгөн ажил хийж цалин авдаг “ гэж компаниа бидэнд танилцуулсан ажилтан ярьж байсан.

Гурван жилийн өмнө эзгүй говь байсан газрыг улсаас нь үүрэг, даалгавар өгөөд жимсний тариалангийн талбай болгожээ. Компанийн ажилтан хятад залуугийн “ нэг өдөрт нийт талбайд маань ажиллах 1000 хүн хэрэгтэй болдог” гэж ярьснаас үзэхэд ажлын байрыг хялбархнаар  шийддэг юм байна гэж бодогдохоор. Эднийх бөөрөлзгөнөө (малина) жилд нэг удаа буюу 7-8 сард хураадаг. 1 кг хар бөөрөлзгөнө 300 юань буюу 115 мянган төгрөгөөр борлогддог. Үүнээс үзэхэд компани чамгүй ашиг олох боломжтой нь харагдаж байна.

ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн стратегийн  үзэл баримтлалд ядуурлыг бууруулах ажил чухал байр суурь эзэлдэг. 1 тэрбум 300 сая гаруй хүнтэй их гүрэн жил бүр хэдэн арван сая хүнийг ядуурлаас ангижруулдаг гэх. Тус улсад  ядуурлыг бууруулж буйг харуулсан үзэсгэлэн хүртэл байдаг аж. Ийм нэгэн үзэсгэлэнтэй биднийг танилцуулав. Үзэсгэлэнгээс Минь Нин суурингийн ядуурлыг бууруулсан тухай мэдээлэл, тоо баримт сонирхол татлаа. 
Инчуан хотын өмнөд хэсэгт орших Минь Нин суурин 66 мянган хүн амтай.  1996 онд Хятадын төр засгийн шийдвэрээр Фү Жянь мужаас Ниншяд туслан ядуурлыг бууруулахаар тогтжээ. Хятадын дарга Ши Жиньпин өөрөө Фү Жянь мужаас Ниншяд туслан ядуурлыг бууруулах ажлын хэсгийг ахалж Минь Нин сууринг ядуурлаас бууруулахад хамтран ажиллах урт хугацааны “аян”-ыг эхлүүлсэн байна. 

20 гаруй жилийн хамтын хүчин зүтгэлийн үр дүнд Шар мөрний сав газрыг ухаж суваг татан, үржил шимгүй газрыг боловсруулан сайжруулж, орон байр, зам барих, үйлдвэрлэл буй болгох, ядуурлыг бууруулахад  иргэдийг уриалан шаргуу ажиллан хамтдаа сайхан, шинэ орчныг бүрдүүлжээ.

Фү Жянь мужийнхан 20 жилийн турш Минь Нин сууринг хөгжүүлэх ажлыг өөрийн үндсэн ажил мэт үзэж , чин сэтгэлээсээ дэмжиж иржээ. Төр, засгаас нь ч үйлдвэрлэл, хөрөнгө мөнгө, технологи, хүний нөөцийн тусламжаа байнга нэмэгдүүлж ирсэн гэнэ. 1997 онд тус сууринд нэг хүний дундаж орлого 500 юань байсан бол 2018 онд 12988 юаньд хүрч 26 дахин өссөн. 1997 онд нүүж ирсэн бүх хүн 100 хувь ядуу байсан бол 2018 онд 0,97 хувь болсон. 2018 оны сүүлч гэхэд 6 багаас 5-ыг нь ядуурлаас ангижруулсан бөгөөд энэ онд 122 өрх буюу 551 хүнийг ядуурлаас бүрэн ангижруулах юм байна.

20 жилийн дотор зөвхөн Минь Нин суурин бус бүх Хятад даяараа ядуурлыг бууруулахад ихээхэн ахиц гаргажээ. Гэтэл бид ямар түвшинд яваа билээ ? ! Манай улс 30 жил шилжилт хийж байна. Ядуурлыг бууруулах талаар дорвитой ахиц өөрчлөлт гарсан уу гэх эмзэглэл төрж явлаа. Сар шахмын өмнө Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн ядуурлын түвшний судалгаагаар Монгол улсын 3,2 сая хүний 904,9 мянга нь ядуу гэх ангилалд багтсан. Хэдийгээр энэ нь 2016 оныхоос 1,2 пунктээр буурч 28,4 хувь болсон ч нийгэм, эдийн засагт цочрол үүсвэл дээрх ядуусын тоо 50 гаруй хувиар нэмэгдэх магадлалтай гэж  судлаачид үзжээ. (Тухайн хүний сарын нийт хэрэглээ 166,580 төгрөг болон түүнээс бага байвал ядуу гэсэн ангилалд багтдаг байна.) 
Анхаарал татсан хоёр баримтыг дурьдвал, нийт ядуу иргэдийн тэн хагас  шахам нь нийслэлд амьдардаг. Ядуу иргэдийн 39,1 хувь боловсролгүй, 29 хувь нь бага боловсролтой гэсэн дүн гарчээ. 

Бидэнд өмнөд хөршөөс суралцах зүйл багагүй байна. Ядуурлыг бууруулах талаар төр, засгийнхаа бодлого шийдвэрийг Хятад улсын төрийн албан хаагчид дэмжиж манлайлан ажилладаг нь Цэцэнгуагийн ярианаас мэдрэгдэж байлаа. Тэрбээр ӨМӨЗО-ны Баяннуур хотын Дэнкүши  Хошууны  Засгийн газрын ажилтан, Монголын сэтгүүлчдэд хэлмэрчилсэн Өвөр монголчуудын маань нэг. 
Би гурван өрхийг ядуурлаас гаргахаар хариуцаж авсан. Энэ бол төрөөс өгсөн 
даалгавар. Миний хариуцаж авсан гурван өрх гурвуулаа ядуурлаас гарчихсан гэж С.Цэцэнгуа бахархалтайгаар хэлж байсан. Чи яаж тусалдаг юм бэ гэхэд ; 
Хүлэмж ажиллуулахад нь зөвлөгөө өгөх, биеэр туслах, өрхийн хэн нэг нь өвдвөл эмнэлэгт хүргэх, эмнэлгээс гаргаж авах  гэж хариулсан. 
Дэлхийн топ 10 эдийн засагт дээрээсээ хоёрт ордог Хятад улсын төр засгийн байгууллагууд нь ядуу иргэдийнхээ үйлдвэрлэлийг тууштай дэмжиж, ядуурлаас гарах итгэлийг нь дээшлүүлж улмаар ядуурлаас ангижруулж чадаж буйг Минь Нин суурингийн жишээ харуулсан болов уу.

 

 

Б. Одсүрэн

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?