ДЭЛХИЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН, МОНГОЛД МАРКЕТИНГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БАЙНА

2019-07-24  

Дэлхийн нийтийн хэмжээнд мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөцийн асуудал нийгмийн бүхий л салбар нэгжүүдэд томоохон тулгамдсан асуудал байсаар ирсэн.

Монгол улсын хувьд мөн адил мэргэшсэн, чадварлаг боловсон хүчний асуудал нь бүхий л  салбарт тулгамдаж буй нь  сүүлийн жилүүдэд илүүтэй ажиглагдах болсон. Жил бүр шинээр мэргэжил сонгож буй хүүхэд залуус эрэлт ихтэй салбараас илүүтэй, илүүдэл ихтэй салбарын мэргэжлийг сонгож байгаа нь гол асуудал болж байгаа хэдий ч тэдгээр мэргэжлүүдээр боловсрол эзэмшсэн ч чанаргүй боловсон хүчин олон байгаа нь хоёр дахь томоохон асуудал нь болж байгаа юм.  

2018 оны туршид бүх дэлхийн хэмжээнд хамгийн эрэлттэй байсан мэргэжлийг “Форбес” сэтгүүл нэрлэсэн байна. Тэгвэл уг жагсаалтын талаас илүү хувьд нь эрүүл мэнд болон анагаах ухааны салбарын мэргэжлүүд багтсан байна. Сонирхолтой нарийн мэргэшсэн чиглэлүүд илүү эрэлттэй байгаа бөгөөд уг жагсаалтад нойрсуулагч эмчийн мэргэжил буюу анагаахын нарийн мэргэшсэн уг мэргэжил оржээ. Түүнчлэн хиймэл шүд хийдэг эмч, сувилагч, хүүхдийн эмч, эхо дуран оношлогооны эмч, мэс засалч зэрэг мэргэжил эрэлттэйд орж байна. Жагсаалтад мөн Монгол улсын хэмжээнд дутагдалтай байгаа компьютерын инженер, программ хангамжийн инженер зэрэг мэргэжил багтжээ.

“Форбес” сэтгүүлээс гаргасан судалгааны дараа АНУ-ын статистикийн хорооноос ирэх 2020 хүртэлх дэлхийн хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай байх мэргэжлийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтыг мөн л эрүүл мэнд, анагаахын салбарын мэргэжлүүд тэргүүлжээ.

Харин Монгол улсын хэмжээнд 2019 оны судалгаагаар хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтыг стартап компаниудын шинээр хүний нөөц бүрдүүлэх үеийн боловсон хүчин болон, өргөжиж буй хувийн хэвшлүүдэд түлхүү эрэлттэй байдаг боловсон хүчин тэдгээрт хамаарах мэргэжлүүд тэргүүлсэн байна. 

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх ЭРЭЛТТЭЙ мэргэжлийн жагсаалт:

  1. Маркетингийн менежер
  2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн 
  3. Өндөр зэрэглэлийн тогооч 
  4. Барилгын инженер
  5. Авто барилгын инженер 
  6. Гоо сайхны мэс засалч 
  7. Уул уурхайн инженер
  8. Архитектор
  9. Геологич
  10. Төслийн менежер

Харин Монгол улсын хэмжээнд илүүдэлтэй байгаа мэргэжлийг улсын болон хувийн бүхий л дээд сургуулиудад хамгийн элбэг байдаг мэргэжлүүд тэргүүлсэн байна.  

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх ИЛҮҮДЭЛТЭЙ мэргэжлийн жагсаалт:

  1. Хуульч
  2. Эдийн засагч
  3. Нягтлан бодогч, санхүү
  4. Түүхч, философич, улс төр судлаач
  5. Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага

Мөн түүнчлэн олон улсад ажиллаж амьдрах хүсэлтэй залуу иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой юм. 2025 хүртэл олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байх  мэргэжлийг дээр дурдсанчлан эрүүл мэндийн салбарын мэргэжил тэргүүлж байна.

Олон улсад эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт: 

  1. Шүдний эмч
  2. Сувилагч
  3. Эм зүйч 
  4. Статистикч 
  5. Хиймэл шүдний эмч 
  6. Нойрсуулагч эмч 
  7. Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн 
  8. Эх барих эмч 
  9. Эрүү, нүүрний гажиг заслын эмч 
  10. Хүүхдийн эмч 

“Ажилд орно” гэх зараас илүү “ажилд авна” гэх зарын тоо нэмэгдсэн уг хөдөлмөрийн зах зээлийн үед эрэлттэй мэргэжлийг түлхүү сонгож, хувь хүний хөгжилдөө илүүтэй анхаарахыг зөвлөж байна.

Хэрэв сонгон сурсан мэргэжлээрээ ажиллахгүй байгаа бол мэргэжил сонгохдоо хүсээгүй дургүй мэргэжлээ сонгосон, уг мэргэжилдээ хангалттай чадваржиж чадаагүй зэрэг нийтлэг алдааг гаргаж буй хэрэг юм. Мөн нөгөө талаас цаг алдаж, 2-3 жил сурчхаад, дахиад өөр мэргэжил сонгож, нэгдүгээр дамжаанаасаа суралцах, мэргэжлээ солих явдал ч хөдөлмөрийн зах зээлд боловсролдоо мэргэших байдлыг хойш татах бас нэг шалтгаан болж буй. Мөн мэдээж хэрэг хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэлтэй мэргэжил сонгох зэрэг олон шалтгаанууд ажилгүйдлийг бий болгож байгаа хэрэг.

2018 онд 4,000 гаруй төгсөгчдөөс хийсэн судалгаанд:  

Тэдний өөрсдийн тодорхойлсноор ажил эрхлэхэд дутагдаж буй ур чадварыг “багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ, тооцоолон бодох зэрэг хувь хүний хөгжлийн ур чадваруудыг” юуны түрүүнд нэрлэсэн нь  ажил олгогч нарын дээрх чадварууд дутмаг байна хэмээх судалгаатай ижил үр дүн гарсан юм.  

Нөгөөтээгүүр бүгдээрээ их, дээд сургууль төгсөх албагүй, бүгд дээд боловсрол эзэмших шаардлагагүй юм.

Жишээ дурдвал МСҮТ-д сурч, мэргэжил эзэмшсэн ур чадвартай сайтай тогооч сард 2-3 сая төгрөг, сайн гагнуурчин 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Хийн гагнуур хийдэг мэргэшсэн боловсон хүчний цалин цагаараа хэмжигддэг, цагийн хөлсөөр тооцоход сардаа 3-5 сая төгрөгийг бүтэн цагаар ажиллахад олох боломжтой.

Гэтэл ийм сайн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээл дээр хомс байдаг, ажлын байр нь байнгын эрэлттэй байдаг нь олон асуултын хариулт болж байгаа юм.

Мэргэжил сонгохдоо мэргэжлийн зөвлөхүүдтэй заавал уулзаж зөвлөгөө авч, эрэлттэй мэргэжлийн судалгааг харж, мөн өөрийн хүсч буй хамгийн сайн хийж чадах тэр мэргэжлийг сонгож, ирээдүйн идэвхтэй амьдралынхаа 40-50 жилийг аз жаргалтай, амжилт бүтээлтэй байх уу? гэдгийг шийдэх сонголтоо хийж байгаа тул маш их хариуцлагатай хандах хэрэгтэй. Монголдоо сайхан амьдрах ажиллах боломж нээлттэй байгаа гэдгийг залуус сайтар ойлгож, мэргэжлээ зөв сонгохыг уриалж байна.  

 

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?